Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 00028

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Ц.Энхбат,

шүүгдэгч Г.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Гүрбадамын Баярмагнайд холбогдох эрүүгийн 201706000041 дугаартай, 132/2017/0023/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр  сумын 5 дугаар багт оршин суух, Хишиг-Өндөр сумын сургуулийн галч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чавдартай Боржигон овогт Гүрбадамын Баярмагнай /РД:ГЮ73120975/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Баярмангай нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг -Өндөр сумын төвд иргэн Ц.Энхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас чихэн тус газарт нь өшиглөн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Г.Баярмагнайгийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэ зөв мэдүүлэг өгсөн гэв. 

Хохирогч Ц.Энхбатын өгсөн: Бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

201706000041 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Шүүгдэгч Г.Баярмагнайн сэжигтнээр өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө хамт ажилладаг Гөлгөө гэх залуутай 1 шил Ерөөл нэртэй архи хувааж уучихаад түүнийг гэрт нь хүргэж өгчихөөд Санжаамижид гэх хүнтэй дахиад нэг шил архи хувааж уусан. Тэгээд Болдоо гэх найзыгаа дуудаад гэртээ хүргүүлэх гээд явж байгаад сургуулийн уурын зуухаар ортол Энхбат, Дашням, Гончиг нар байсан. Би Энхбат ахтай 1 шил архи хувааж ууж байгаад талийгаач Цогтбаяр ахаас болж маргалдаад байж байхад эхнэр орж ирсэн. Тэгээд Болд, Энхбат ах бид гуравыг салгаад явуулсан. Би гэрлүүгээ явж байгаад уурын зууханд архи үлдсэнийг санаад эргээд очтол Энхбат ах байж байсан. Тэгээд яваач гээд өшиглөсөн чинь манай найз Болд араас татаад авсан гэх мэдүүлэг /хх 29,30 тал/,

Хохирогч Ц.Энхбатын өгсөн: Би 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сумын төвд орж ирээд сургуулийн уурын зууханд очиход Гончиг, Дашням нар ажлаа хийгээд байж байсан. Тэгээд байж байтал гаднаас цэцэрлэгийн галч Баярмагнай найз Болдын хамт орж ирсэн. Тэгээд зодоон болох шиг болсон. Би ухаан орсон чинь манай дүү Бурмаа таны чихнээс цус гараад байхаар нь эмнэлэгээс утас авч ирээд оёчихлоо гэсэн гэх мэдүүлэг /хх 10, 11 тал/,

Гэрч Ц.Болдбаатарын өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай найз Баярмагнай намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь очиж аваад гэрлүү нь явах замдаа сургуулийн уурын зууханд ортол Энхбат, Гончиг нар байсан. Тэгээд Энхбат, Баярмагнай нэг ахыг яриад маргалдаад байсан. Удалгүй гаднаас Баярмагнайн эхнэр орж ирээд тэднийг салгаад Баярмагнай бид 2 гэрлүү нь явж байгаад уурын зууханд нэг шил архи үлдсэнийг санаад авахаар очсон. Тэнд очиход Энхбат байсан ба тэр хоёр ахиж маргалдаад Баярмагнай Энхбатыг өшиглөх шиг болохоор нь би араас нь татсан  гэх мэдүүлэг /хх 13 тал/,

Гэрч М.Билгүүний өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн үед Энхбат гэх хүн хүнд зодуулсан байдалтай эмнэлэг дээр ирсэн. Үзлэг хийхэд зүүн чихнээс нь цус гарч байсан. Цус тогтоох эмчилгээ, өвдөлт намдаах эмичлгээ, шингэн сэлбэх эмчилгээ хийлгээд оёдол тавих гэтэл Бурмаа эмч оёдлын зүү багажтай авч явж оёдол тавихаар явсан. Маргааш өглөө нь үзэхэд гадна чихний дотор талын гадна 3/1 орчим урагдалттай байсан. Ийм гэмтэлтэй болохоор чих хамар хоолойн мэс заслын эмчид яаралтай үзүүлэхийг мэдэгдээд 13а маягт хийж явуулсан  гэх мэдүүлэг /хх 15 тал/,

Гэрч Т.Дашнямын өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би жижүүртэй байсан ба 19 цагийн үед хоолондоо явчихаад 20 цагийн үед ирэхэд Энхбат, Баярмагнай нар хоорондоо маргалдсан Энхбатын чихнээс цус гарсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хх 17, 18 тал/,

Гэрч Д.Гончигийн өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дашнямтай ээлжинд гарч байтал 18 цагийн үед Энхбат согтуу ирээд хүргээд өг гэсэн. Би Дашнямыг цайндаа явчихаад ирэхээр нь хүргэж өгье гээд байж байтал гаднаа Баярмагнай, Болдоо нар орж ирсэн. Би галаа түлчихээд амрах өрөө рүү ортол Болдоо Энхбат, Баярмагнай нарыг салгачихсан зогсож байсан. Юу болсон талаар тэднээс асуухад нэг ахынхаа талаар ярьж байгаад маргалдсан гэсэн. Энхбатын чихнээс цус гарч байсан гэх мэдүүлэг /хх 19, 20 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 50 тоот:

1. Магадлуулагч Ц.Энхбатын биед хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.    

4.  Цаашид    энгийн    хөдөлмөрийн    чадварын    тогтонги    алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 22, 23 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5 тал/, сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол /хх 31 тал/ болон хувийн байдлын талаархи  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд Шүүгдэгч Г.Баярмангай нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг -Өндөр сумын төвд иргэн Ц.Энхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас чихэн тус газарт нь өшиглөн чихний хэнгэрэг нь цоорч түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ц.Энхбат, гэрч Ц.Болдбаатар, М.Билгүүн, Т.Дашням, Д.Гончиг нарын өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 50 тоот дүгнэлт, шүүгдэгч Г.Баярмагнай холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Баярмагнайгийн дээрхи үйлдэл нь хүний эрх, эрх чөлөөнд халдаж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх боловч хохирогч Ц.Энхбат нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй хэн нэгний дарамт шахалтгүйгээр, сайн дурын үндсэн дээр эвлэрч байгаа талаараа хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэжээ. 

Шүүгдэгч Г.Баярмагнай нь Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгэгдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялаа эдэлж дууссанаас хойш 1 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй ба ялтай байдал арилсан байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Баярмагнай нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч байх тул шүүгдэгч Г.Баярмагнайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Гүрбадамын Баярмагнайг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Г.Баярмагнайд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Г.Баярмагнай нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Баярмагнайд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг  баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.                            

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНДУЛАМ