Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/IШЦТ/190

 

                                         Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч Т.Нансалмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр

Нарийн бичгийн даргаар Т.Гантүшиг нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Боролзойн Адарсүрэнд холбогдох эрүүгийн 2031000000173 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд 1985 оны 02-р сарын 26-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн “Болд төмөр Ерөө гол” ХХК-д тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р баг, Тавин гудамжны 06-151 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Урианхай овогт Боролзойн Адарсүрэн, РД:*********** Шүүгдэгч Б.Адарсүрэн нь 2020 оны 08-р сарын 27-ны өдөр 07 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р багийн нутаг “Хужирт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 12 ширхэг 1.464м3 нойтон шинэс модыг бэлтгэж, 10-69 СЭА улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль экологид 696.038 төгрөгний бодит хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Шүүгдэгч Б.Адарсүрэн нь 2020 оны 09-р сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 08 дугаар сарын 27-ны үүрийн 05 цагийн үед өөрийн гэрээсээ мод бэлтгэх санаатай ганцаараа эхнэрийн эзэмшлийн 10-69 СЭА улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй Ерөө сумын 1-р багийн нутаг “Хужирт” гэх газар руу хөдөлсөн. Уг мод бэлтгэх газар нь сумын төвөөс 30 гаран километр зайтай байдаг юм. Ингээд 07 цаг болох гэж байхад мод бэлтгэх газар болох уулын модтой аманд очоод гурван ширхэг хар мод буюу шинэс модыг өөрийн эзэмшлийн цахилгаан машиныг сумын цагдаагийн хэсгийн журмын хашаанд хийсэн. Надад уг модыг бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. Би зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрч байна. Надад уг модыг бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59-р ху/, 2. Шүүгдэгч Б.Адарсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг болох “Хужирт” гэх газраас 10-69 СЭА улсын дугаартай, “портер” маркийн автомашинаар 12 ширхэг модыг 2м40см-аар тайрч автомашиндаа ачиж сумын төв рүү явах замдаа экологийн цагдаатай тааран Ерөө сумын цагдаагийн хэсгийн байранд автомашинаа журамлуулан баривчлагдсан...гэх мэдүүлэг. 3. Хохирогч Х.Дэлгэрмаагийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Байгаль орчинд учруулсан хохирол, мөнгийг төлж барагдуулах юм бол надад гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-р ху/, 4. Гэрч Б.Батбаатарын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.Адарсүрэн нь архи дарс хэрэглээд гэмт хэрэг, зөрчилд холбогдоод байдаггүй, амьдралаа авч яваа хүн юм. Б.Адарсүрэн нь энэ суманд нэг ах, нэг эгчтэй байдаг юм. Зан байдлын хувьд хүнтэй яриа хөөрөө сайн, ажилсаг, нийгмийн ажилд идэвхтэй, сумаас зохион байгуулсан ажилд оролцдог хүн юм. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 33-р ху/, 5. Гэрч Д.Алтантулга 2020 оны 09-р сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”Хужирт” гэх газарт мод бэлтгэх зөвшөөрөл иргэдийн зүгээс авч байгаа юм. Уг газарт мод бэлтгэх зөвшөөрөл авч байгаа. Б.Адарсүрэн гэх хүний хувьд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/, 6. Гэрч Я.Байгальмаа 2020 оны 09-р сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр миний нөхөр Б.Адарсүрэн нь миний эзэмшлийн 10-69 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр “Хужирт” гэх газраас мод бэлтгэж байгаад зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн гэдгээр цагдаагийн байгууллагад саатуулагдсан гэж байсан. Би нөхрийгөө мод бэлтгэхээр явсан талаар мэдээгүй. Би өөрөө Сэлэнгэ аймагт саяхан амаржсан болохоор хойно юу болж байгааг мэдээгүй. . ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/, 7. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №ТХҮ/518-125 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 10-69 СЭА улсын дугаартай 1998 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол улсад орж ирсэн Hyundai porter маркийн автомашин өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2020 оны 08 дугаар сарын байдлаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэтэй болно. ...гэх дүгнэлт, /хх-ийн 39-41-р ху/, 8. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ойн албаны дарга Г.Цэнгэлзаяагийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэн байгаль экологид учруулсан хохирлыг тооцоход Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу “ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр /696038 төг х 3 = 2088114 төгрөг/ 1.464м3 модны нөхөн төлбөр буюу экологи-эдийн засгийн хохирол 2.088.114 төгрөг болж байна. 2. Тухайн хууль бусаар зөвшөөрөлгүй бэлтгэсэн “шинэс” мод нь нарсны овгийн шилмүүст үүлдрийн мод. Тухайн үеийн шинж чанараараа нойтон шинэс мод байсан. Ерөө сумын “Хужирт” гэх газраас бэлтгэсэн байна. Хэзээ бэлтгэсэн цаг хугацааг тогтоох боломжгүй. 3. Иргэн Б.Адарсүрэнгийн бэлтгэсэн модонд ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй, ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй болох нь тухайн үеийн хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон. 4. Ерөө сумын “Хужирт, Шаазгайт, Нарийн хөндий” иргэдийн түлээний модыг ойн цэвэрлэгээний ажлаар хийж гүйцэтгүүлэх шийдвэр гарсан. 5. Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын “Төлбөрийн мужлал тогтоох” тухай 2013 оны 325 тоот тушаалд зааснаар “Сэлэнгэ аймгийн ойн сангийн талбай нь ашиглалтын бүсийн III мужлал”-д ордог. ...гэх дүгнэлт, /хх-ийн 48-49-р ху/, 9. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай, прокурорын тогтоол, /хх-ийн 01-02-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 05-р ху/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, /хх-ийн 06-р ху/ -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 07-12-р ху/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 13-14-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /ххийн 15-17-р ху/, хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 18, 20-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, /хх-ийн 19, 21-р ху/ эд мөрийн баримт хураан авах мөрдөгчийн санал, /хх-ийн 22-р ху/ мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын тогтоол,/ хх-ийн 23-р ху/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 24-25-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 26-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 37, 46-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 39-41, 48-49-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 51-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 44, 50-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 67-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, /хх-ийн 65-67, 70-75, 77-р ху/, хохирол төлсөн баримт, /хх-ийн 76-р ху/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх-ийн 79-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 81-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 80-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт, /хх-ийн 83-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай, прокурорын тогтоол, /хх-ийн 84-р ху/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын санал, /хх-ийн 91-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.Адарсүрэн нь 2020 оны 08-р сарын 27-ны өдөр 07 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р багийн нутаг “Хужирт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 12 ширхэг 1.464м3 нойтон шинэс модыг бэлтгэж, 10-69 СЭА улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн байгаль экологид 696.038 төгрөгний бодит хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай, прокурорын тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, хохирол төлсөн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хохирогч, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай, прокурорын тогтоол, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын санал, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Адарсүрэнг “Хууль бусаар мод бэлтгэх” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Адарсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 696.038 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгчийг 500 /таван зуун/ нэгжээр торгох санал ирүүлснийг хүлээн авч Прокурорын саналын хүрээнд шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Адарсүрэнгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт хуулинд заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэлээ. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг болон Ерөө сумын цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж байгаа 12 ширхэг буюу 1.464м3 шинэс модыг тус тус улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Б.Адарсүрэнгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, 10-69 СЭА улсын дугаартай “портер “маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, жинхэнэ эзэмшигч Я.Байгальмаад олгохоор шийдвэрлэлээ. Монгол Улсын ойн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1.2-д зааснаар “хууль бусаар мод бэлтгэж ойн санд учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж, зааснаар шүүгдэгч Б.Адарсүрэн нь учруулсан бодит хохирол болох 696.038 төгрөгийг төлж барагдуулсан байна. Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 3-д .”Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.” Мөн хуулийн 49-р зүйлийн 8-д “Нөхөн төлбөрийг ногдуулсан байгаль орчны хяналтын улсын байцаагч ажлын 14 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна.” гэж заасны дагуу нөхөн төлбөрийг ногдуулсан байгаль орчны хяналтын улсын байцаагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлж, нөхөн төлбөрийн хэрэгжилтийг хангуулах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, ойн санд учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Б.Адарсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт Боролзойн Адарсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Урианхай овогт Боролзойн Адарсүрэнг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Адарсүрэнгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуу/-н нэгжээр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Адарсүрэнд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Адарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, ойн санд учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

6. Нөхөн төлбөрийг ногдуулсан байгаль орчны хяналтын улсын байцаагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлж, нөхөн төлбөрийн хэрэгжилтийг хангуулсугай.

7. Шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг Ерөө сумын цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжлэгдэн хадгалагдаж байгаа 12 ширхэг 1.464м3 нойтон шинэс модыг тус тус улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Б.Адарсүрэнгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,10-69 СЭА улсын дугаартай “Портер” маркийн авто машиныг жинхэнэ эзэмшигч Я.Байгальмаад олгосугай.

9. Шүүгдэгч Б.Адарсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН