| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2020/00404/и |
| Дугаар | 133/ШШ2020/00480 |
| Огноо | 2020-06-23 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 133/ШШ2020/00480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 0 тоотод оршин суух, Д овогтой Ш-ын Ч-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын 0 тоотод оршин суух, Х овогтой Х-н С-т холбогдох,
өмчлөх эрхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох, чингэлэг /контейнер/-ийн хохирол 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Ч, хариуцагч Х.С, түүний өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Ш.Ч миний бие 242 дугаартай чингэлэгийг анх хойд зах байгуулагдахад 1994 онд Улаанбаатар хотоос худалдан авч ирж наймаа хийж байгаад 2002 оноос шинэ зах дээр нүүж ирэхдээ авч ирж байрлуулан эзэмшиж ашиглаж байсан. С нь 239 дугаартай чингэлэгээ миний 242 дугаартай чингэлэгтэй түр сольж хэрэглэе гэхээр нь зөвшөөрөөд хэрэглэж байсан. Гэтэл С нь хэрэглэх явцдаа 242 дугаартай чингэлэгийг өөрийн 243 дугаартай чингэлэгтэй нийлүүлсэн байсан. Би чингэлэгээ буцаая гэтэл С нь би чингэлэгийн чинь түрээсийг төлсөн өгөхгүй гэж маргаж эхлэн улмаар С нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр 242 дугаартай чингэлэгийг миний өмчлөлийнх болох, мөн тус чингэлэг нь Хас банкны зээлийн гэрээний барьцаанд байсан болох нь тогтоогдож С бид хоёрын хооронд үүссэн хэлцэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэсэн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байгаа. Гэтэл С нь миний өмчлөлийн чингэлэгийг хуульд зааснаар өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй хэрэглэж маргалдан өмчлөх эрхэд саад учруулж байх тул өмчлөх эрхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү. Мөн С бид хоёрын хооронд үүссэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүхийн дүгнэлт гарсан байх тул хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн миний чингэлэгт учирсан хохирол болох 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өрийн Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр өмчлөгч нь Ш.Ч мөн болно мөн Хас банкны барьцаанд байдаг нь үнэн болно гэсэн шийдвэр гарсан. Энэ хүн суллаж өгөхгүй өдий хүрсэн. Миний өмчлөх эрхэд халдаад миний чингэлэгийг суллаж өгөхгүй байгаа. Мөн өөрийнх нь өмчлөлд шилжээгүй байхад өрөөсөн бөөрийг нь салгаж хаяад би авна гээд байдаг. Би хохирлоо албан ёсны үнэлгээний байгууллагаар тооцуулаад нэхэмжилж байгаа. Би өөрөө санаанаасаа тоо гаргаж ирээд хэлээд байгаа зүйл биш. Наад хүнд чинь ямар баримт байгаа юм бэ? Ямар ч баримт байхгүй. Надад 3 баримт байгаа. Худалдах эсхүл солих бол захын захиргаанд мэдэгддэг. Захын захиргааны журмын 5.7-д энэ тухай зааж өгсөн байгаа. Ийм үйл ажиллагаа явуулаагүй. Ийм үйл ажиллагаа явуулаагүй гэж захын захиргаа надад тодорхойлолт гаргаж өгсөн. 2008 оноос хойш Ш.Ч үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүн бол захын байцаагчтай тохироод газрын түрээсээ сольж төлж байсан юм байна. Дахин гэрээ хийгээгүй гэж захын захиргаа тодорхойлолт хийж өгсөн. Мөн бид 2 сольж хэрэглэж байсан нь батлагддаг. 239 дугаартай чингэлэгийг энэ Х.Сын чингэлэг гээд би газрын түрээсийг нь төлдөг, 242 дугаартай чингэлэгийг Ш.Чын чингэлэг гээд газрын түрээсийг нь төлдөг байсан. Үүнээс харахал би өгөөгүй түр сольж хэрэглэж байсан гэдэг нь батлагддаг. Хас банзны барьцаанд байгаа эд зүйлээ зарж болохгүй гэдгийг би мэднэ. Энэ тухайгаа би зөвшилцөх гэж үзсэн юм. Миний өрийг төлсөн болохоор би авна гээд надаас луйврын аргаар авах гээд намайг шүүхэд өгсөн. Би шүүхийн танхимд 4 дэх удаагаа зогсож байна. Энэ хүний буруутай үйл ажиллагаанаас болоод миний чингэлэг 3.000.000 төгрөгөөр хохиросон. Би хохирлоо гаргуулж байж чингэлэгээ засаж авна. 3.000.000 төгрөг бол би “Ашид Билгүүн” ХХК-р дүгнэлт гаргуулсан байгаа. Чингэлэг бол 4 тал байж үйл ажиллагаа явуулах боломжтой. Нэг тал нь байхгүй болохоор бараг 100 хувиар хохиросон байна гэж гарсан. 3.000.000 төгрөг бол миний чингэлэгийн өрөөсөн бөөрийг нь аваад хаалгыг нь салгаад ашиглах боломжгүй болгосон. Чингэлэгийн нэг тал, мөн тэр хаалга, түүнийг засах мөнгө. Миний чингэлэг эргэж хуучин байрандаа ороход ийм хохирол учирсан байна гэж гарсан гэв.
Хариуцагч Х.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ч-ын 242 дугаартай чингэлэг нь Хас банкны зээлийн гэрээний барьцаанд байгаа гэдгийг нь би мэдээгүй, ***-ын буруутайгаас байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Ш.Ч нь 3.000.000 төгрөгийг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Тийм учраас Ш.Ч-ын нэхэмжилсэн хүчин төгөлдөр бус хэлцэлээс учирсан 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би энэ хүнд нэхэмжлээд байгаа 3.000.000 төгрөгийг өгөхгүй. Шүүх мөн авч өгөхгүй нь тодорхой. Мөн иргэн Ш.Ч Хас банкинд чингэлэгээ 8.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан гээд байгаа юм. Хас банк 8.000.000 төгрөгөөр чингэлэг авахгүй. Чингэлэгээ 2.000.000 төгрөгөнд дэлгүүрээ 6.000.000 төгрөгөнд тавьсан байх магадлалтай. Банк 1.500.000 төгрөгөөс өндөр үнээр авдаггүй юм. Үүнийг энэ хүнд ойлгуулсан нь дээр байх. Би энэ хүнд хувиараа яриад 3 боломж олгосон. 2 чингэлэг тавиад нэгийг нь өгөх үү? гэхэд энэ хүн үгүй гэсэн. Банкинд тэр чингэлэгийн чинь үнийг төлье гэхэд энэ хүн үгүй гэсэн. Холбоотой нь гаргаад 2 чингэлэг тавиад нэгийг нь ав гэхээр заавал энэ тоотой чингэлэгээ авна гээд байгаа юм. Солилцоод 2 жил болсны дараа яагаад ингээд яваад байгааг би ойлгохгүй байгаа юм. Би энэ хүнээс луйвардаж аваагүй. Өөрийн чингэлэгээ цаг хугцаанд нь өгсөн. Би энэ хүнийг хохироосон зүйл байхгүй. Энэ чингэлэгийг чөлөөлж өгөх ямар ч боломжгүй болсон. Хажуугийн чингэлэгийг нь би 5.000.000 төгрөгөөр худалдаж аваад энэ хүн өөрөө намайг тайраад байж байхад чи боль гээд хэлсэн бол би тийм зүйл хийхгүй байсан. Би 2 чингэлэг тавиад нэгийг нь өгье гэхээр зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ хүн одоо нэг чингэлэгтэй дээрээс нь 3.000.000 төгрөгтэй болох гээд байгаа юм. Үүнийг ойлгохгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ш.Ч-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ш.Ч нь Х.С-т холбогдуулан өмчлөх эрхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох, чингэлэгийн хохирлын 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ш.Ч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Х.С-ын 239 дугаартай чингэлэгийг буцаан өгч, өөрийн 242 дугаартай чингэлэгийг авах, чингэлэгийн хохирлын 3.000.000 төгрөг гаргуулах гэж тайлбарлажээ.
Хариуцагч Х.С нь, би Ч-ын чингэлэгийг хажууд нь өөр чингэлэг худалдаж аваад хооронд нь нийлүүлсэн учир одоо салгаж өгөх ямар ч боломж байхгүй, өөр чингэлэг оронд өгье гэсэн боловч Чулуунбаатар хүлээн зөвшөөрөхгүй, заавал өөрийн чингэлэгийг авна гээд байгаа юм, үүнийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд зохигчдын тайлбар, урьд гарсан шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтаас үзэхэд тухайн чингэлэгийг Ш.Ч нь эзэмшин үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч Ш.Ч, хариуцагч Х.С нар нь Говь-Алтай аймгийн *** сумын төвд байрлах “Шинэ Алтай” ХХК-ийн нэгдсэн захын газар дээр чингэлэг байрлуулан ашиглаж бизнес эрхлэдэг бөгөөд өөрсдийн эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг 239 /Х.Сын/, 242 /Ш.Чын/ номерийн чингэлэгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан сольж үйл ажиллагаа явуулж байсан ба тус гэрээ нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2020/00162 дугаартай шийдвэрээр хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон, уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг Ш.Ч нь арилгуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хохирол гаргуулах, Иргэний хуулийн 92 дугаар зүйлд зааснаар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй байна.
Эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа саадыг арилгуулах шаардлагын тухайд:
Ш.Ч нь Шинэ-Алтай захын 242 дугаарын байршилд өөрийн өмчлөлийн чингэлэгийг байрлуулан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Х.С-тай хэлцлийн үндсэн дээр түүний 239 дугаартай байрлалд байх чингэлэгтэй сольсон бөгөөд улмаар маргаан үүсэж шүүхээр шийдвэрлүүлэхэд шүүх тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул талуудын хооронд үүссэн харилцааг худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж үзээд, уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон дээрх Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2020/00162 дугаартай шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй юм. Харин өмнөх хэргийг шийдвэрлэх үед хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлага гаргаагүй, энэ асуудал тус шийдвэрт хөндөгдөөгүй байна.
Ийнхүү үр дагаврын асуудал шийдвэрлэгдээгүй, тухайн чингэлэгийг Х.С нэг талыг нь задалж өөрийн эзэмшлийн өөр нэг чингэлэгтэй холбон нэгтгэж хэлбэр байдлыг нь өөрчилсөн байх ба хэлцлийг хүчин төгөлөдөр бус гэж үзсэнээр хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаахад Ш.Ч-ын хувьд чингэлэгээ авч хуучин байдлаар, өөрийн хэрэгцээг хангах зориулалтаар нь ашиглах боломгүй болсон байх тул эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг даалгах шаардлагыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд харин үр дагаврыг эхэлж шийдвэрлэснээр эзэмших боломж буюу зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжтой болох юм. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан зорилго нь тухайн байршилд, өөрийн чингэлэгийг аж ахуйн зорилгоор ашиглах боломжийг буй болгуулах зорилготой байгаа нь илэрхий тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж агуулгаар нь авч үзсэн болно.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заажээ. Үүнээс үзэхэд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгахдаа эхний ээлжинд өгсөн, авсан зүйлээ биет байдлаар нь буцаан өгөх, ийнхүү өгөх боломжгүй бол дараагийн ээлжинд үнийг төлөхөөр заасан ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хэлцлийн улмаас хохирол учирсан гэж үзвэл хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн бураатай этгээдээс нэхэмжлэхээр заажээ.
Нэхэмжлэгч Ш.Ч, хариуцагч Х.С нар нь хүчин төгөлдөр бус худалдах, худалдан авах гэрээгээр 239 /Х.С-ын/, 242 /Ш.Ч-ын/ номерийн чингэлэгийг байршлын хамт сольж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тухайн гэрээний зүйл болох чингэлэг нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл байх тул хэлцлээр шилжүүлсэн зүйл буюу чингэлэгийг адил чанар байдалтай чингэлэгээр буцааж өгөх боломжтой юм.
Шүүх урд шийдвэрлэсэн хэргийг шийдвэрлэхдээ С нь нэг чингэлэгийн цаана байгаа буюу зэргэлдээ байгаа гэж үзэж болохоор чингэлэгүүдийг хооронд нь солих санал гаргасан гол хүсэл зориг нь өөрийн чингэлэгийн хажууд байрлах чингэлэгийг авч өөрийн чингэлэгтэй холбож ашиглах зорилготой байсан гэдгээр тайлбарлаж шийдвэрлэсэн байх ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ш.Ч, хариуцагч Х.С нар нь тухайн хүчин төгөлдөр бус гэрээний зүйлийн нэг нь байршил байна. Өөрөөр хэлбэл гэрээний зүйл нь чингэлэг болон түүний байршил байжээ. Иймд энэ хэлцлийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагаварыг арилгахад хэлцлээр авсантай адил чанар байдлын чингэлэг болон тухайн байршлыг буцаан гаргуулахаар тогтоох нь үндэслэлтэй байна.
Чингэлэгийн хохирлын 3.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа С нь миний чингэлэгийг өөрчилж хажуу талыг нь зүсэж онгойлгосон тул хохиролд өмнөх хэрэгт дүгнэлтээр тогтоосон үнэлгээгээр тооцож 3000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
“Ашид Билгүүн” ХХК-ийн ТХҮ-119/16 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “иргэн Ш.Чын ирүүлсэн хүсэлтэд дурьдсан эд зүйлсийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тогтооход үнэлгээний ажлын зорилго оршино” гээд 1 ширхэг хуучин чанар байдлын 20 тонн контейнерийн нэгжийн үнэ 3.000.000 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд үүнийг 242 номерийн контейнерийн /чингэлэг гэх/ хохирлын үнэлгээ гэж үзэх үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хохирол нэхэмжлэх эрхтэй боловч ийнхүү нэхэмжлэхдээ нэхэмжлэгч нь чингэлэгийн хохирлыг үндэслэл бүхий тооцсон төсөвийг урьчилан гаргаж нэхэмжлэх, эсхүл эвдрэл гэмтлийг засварлуулсны дараа гарсан зардлыг мөнгөн хэлбэрээр шаардах бөгөөд нөгөө талаар тухайн эвдрэл гэмтэл нь хариуцагчийн буруугаас болсныг, уг эвдрэл нь анх байснаас ямар байдлаар гэмтсэн гэдгийг тус тус баримтаар нотолж чадахгүй байх тул хохирол 3000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
Иймд хариуцагч Х.С-аас ижил чанар байдлын чингэлэгийг Шинэ-Алтай захын 242 дугаар байршлыг чөлөөлж, 20 тоннын чингэлэгийн хамт нэхэмжлэгч Ш.Чад олгохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу чингэлэгийг өөрчилсний хохиролд 3.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талууд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, татгалзлаа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С-аас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Чад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Х овогтой Х-н С-аас Говь-Алтай аймгийн Шинэ-Алтай зах дахь 242 дугаарын байршлыг чөлөөлж, 20 тоннын чингэлэг /контейнэр/-ийн хамт нэхэмжлэгч Д овогтой Ш-ын Ч-д олгохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу чингэлэгийг өөрчилсний хохиролд 3.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С-аас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ч-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН