Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/110

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

           Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэбат, шүүгч С.Нолхоосүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч В.Батдэлгэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү

Иргэдийн төлөөлөгч А.Мөнххуяг

Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

          Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярмандахын Энхболд-д холбогдох эрүүгийн 1931004910037 тоот хэргийг хянан хэлэлцэв.

       Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 1-р баг, 1-р хэсэг, 258 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03-р сарын 19-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98- р зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар тэнсэн харгалзсан, Дархан Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05-р сарын 30-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Баярмандахын Энхболд РД:********,

       Шүүгдэгч Б.Энхболд нь Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 1-р баг, 1-р хэсэг, 258 тоот өөрийн гэртээ 2019 оны 12-р сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Х.Отгончимэгийн хэвлий, зүүн гуяны тус газарт нь өшиглөж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас 3 сартай ураг амьгүй болж зулбан үр хөндүүлж Х.Отгончимэгийн эрүүл мэндэд “Хүнд” хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Б.Энхболд нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...2019 оны 12-р сарын 18-ны орой 22 цагийн үед байсан санагдаж байна, би гадуур ажил хийж яваад гэртээ иртэл Отгончимэг ганцаараа архи уусан байдалтай орон дээр хэвтээд гэртээ гал түлж хоол унд хийгээгүй байдалтай байсан. Би тухайн үед гадуур ажил хийгээд хоол ундгүй өлсөж даарч ядарч гэртээ ирсэн болохоор би Отгончимэгт уурлаж “хүн ажил хийгээд ядарч ирж байхад гэртээ гадаа түлж, хоолоо хийхгүй архи уулаа” гэж түүн рүү уурлаад тэгээд орон дээр хэвтэж байсан Отгончимэгийн баруун талын мөр рүү нь гараараа цохиж дараа нь хөлөөрөө түүний гэдэс хэвлийн тус газарт өшиглөсөн юм. Тэгээд Отгончимэг надад “уу члаарай миний буруу, чамайг ажил хийгээд ирж байхад нь архи уучихсан, юу ч хийлгүй хэвтэж байгаа намайг уучлаарай” гэхээр нь бид хоёр эвлэрч би тэр өдөр ажил хийж олсон 70.000 төгрөгөөрөө Отгончимэгийн хамт дэлгүүр орж дэлгүүрээс 0.75 литрийн мөн 0.5 литрийн “Монголстандарт” нэртэй архи, бас хоол ундны зүйлс авч буцаж гэртээ очиж хоол унд хийж идээд, авсан архиа хувааж уугаад хамт унтацгаасан юм. Тэгээд шөнө 04 цагийн үед байсан санагдаж байна. намайг унтаж байхад Отгончимэг сэрээж “би доошоо цус алдаад байна” гэж хэлэхээр нь би “түргэн дуудах уу? яах уу?” гэж хэлэхэд “зүгээрээ, гайгүй юм шиг байна, өглөө эрт түргэн дуудаж үзүүлье” гэж хэлэхээр нь тухайн үед түргэн дуудалгүй, Отгончимэг бид хоёр унтаж амарцгаасан. Ингээд өглөө босоход Отгончимэг шартсан байдалтай “ёо ёо би үхлээ” гэж уйлаад байхаар нь би гэрээс гарч хөрш Ганбаатар ахын гэрт орж түүний утсаар түүний утсаар түргэн дуудаж хэлчихээд гэрийнхээ галын түлээнд доошоо гол руу явчихаад ирэхэд манай гэрт түргэний эмч ирсэн Отгончимэгийг үзээд бөгс тариа хийж Отгончимэг бид хоёрыг ирсэн машиндаа суулгаж нэгдсэн эмнэлэгт хүргэж эмэгтэйчүүдийн тасаг руу “эмчилгээ хийнэ” гээд авч ирсэн эмч нь аваад орсон. Би эмнэлэг дотор сууж байхад гаднаас хоёр цагдаа ирж над руу “Энхболд мөн үү” гэж асуухаар нь “мөн байна” гэж хэлэхэд намайг Цагдаагийн газар руу аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43-р ху/,

2.Шүүгдэгч Б.Энхболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Хэрэг болдог өдрийн өмнөх өдөр нь Х.Отгончимэг намайг архи “олоод ирээч” гээд байсан. Тэгэхээр нь би “надад ямар ч мөнгө алга” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу хэрэг болдог өдрийн оройн 21 цагийн үед би ажлаа дуусгаад 70,000 төгрөгтэй гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд Х.Отгончимэг согтуурсан байдалтай унтаж байсан. Тэгэхээр нь би “чи ямар хаашаа юм бэ хүн ажил хийгээд ирж байхад согтуу хэвтэж байх юм. Хоосон ч гэсэн ядаж аяга цай чаначихгүй яасан юм бэ” гэхэд “намайг уучлаарай надад ганц шил архи аваад өгөөч” гэсэн. Тэгээд би дэлгүүр ороод 500 грамм болон 750 граммын шилтэй “Стандарт” нэртэй архи, нэг шуудай нүүрс, хоол хүнсний зүйл, өөртөө тамхи гэх мэт зүйл аваад надад 20,000 төгрөг л үлдсэн. Тэгээд уусан архиа эхнэр Х.Отгончимэг болон надтай хамт ажилд явсан Амараа гэх залуутай хамт ууж байтал Амараа яваад өгсөн. Тэгээд Х.Отгончимэгийг согтуу унтаж байхаар нь “чи эмэгтэй хүн юм байж архи уугаад ямар арчаагүй юм бэ” гэж хэлээд мөр лүү нь нэг удаа цээж рүү нь нэг удаа цохисон. Х.Отгончимэг нь хотод ажил хийж байхдаа “би жирэмсэн болсон байна” гээд жирэмсний тест харуулж байсан. Уг тестнийх нь нэг зураас нь тод нөгөө зураас нь бүдэгхэн өнгөтэй байсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ...гэх мэдүүлэг.

3.Хохирогч Х.Отгонцэцэгийн 2020 оны 01-р сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 3 сартай жирэмсэн байсан бөгөөд 2019 оны 12-р сарын 18-ны өдөр Энхболд найз Амраа бид 3-лаа манай гэрт 0.75 литрийн “Монголстандарт” нэртэй архи хувааж ууцгаасан. Ингээд Энхболд уусан архиндаа согтож надад агсам тавьж хэрэлдээд найз Амараатай хардаад байсан чинь Амараа манай гэрээс гараад явсан. Тэгээд Энхболд бид хоёр гэртээ хоёулаа үлдэж мөн л намайг Амараатай хардаж намайг орон дээр сууж байхад миний нүүр болон гэдэс рүү 2-с 3 удаа өшиглөөд над руу сүх барьж дайраад намайг зодсон. Энэ үед би гэрээсээ гарах гэхэд намайг гаргахгүй байсан. Ингээд орой болтол хэрүүл маргаан хийж байгаад бид хоёр унтсан. Ингээд 2019 оны 12-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө үүрийн 5 цагийн үед миний бэлэг эрхтэнээс цус гараад байхаар нь цусаа тогтоогоод салтаандаа даавуу хийгээд өглөө 10 цаг хүртэл гэртээ байсан. Тэгээд хажуу айлын Ганбаатар гэдэг хүний утсаар эмнэлэгт дуудлага өгсөн ба 30-40 минутын дараа эмч ирж үзээд надад нэг тариа хийгээд эмнэлэг авч явсан. Би өмнө нь 2019 оны 03-р сард жирэмсэн болоод 3 сар гаран байхад Энхболд мөн л архи ууж согтууран намайг зодсоны улмаас ураг амьгүй болж авахуулж байсан бөгөөд тухайн үед Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байсан. Тэгээд 2019 оны 12-р сарын 18-ны өдөр намайг зодож улмаар ураг амьгүй болсон Энхболдын энэ үйлдэл одоогоор 2 дахь удаагаа болж байна. ...Би Энхболдод ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид сайн дураараа эвлэрсэн. Одоо нэг гэрт хамт амьдарч байгаа, надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р ху/,

 4.Хохирогч Х.Отгонцэцэгийн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 13-р сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан цэргийн баяр өнгөрсөн байсан юм. Сүхбаатар сумын 1-р багт Энхболдын гэрт Энхболдын хамт архи ууж байгаад яг юунаас болж маргалдсан шалтгааныг одоо санахгүй, бид хоёр хоорондоо маргалдаж байгаад Энхболд миний гэдэс рүү хөлөөрөө өшиглөж, гараараа гэдэс рүү элэгдэж би газар элгээ дарж эвхэрч унаад байснаа санаж байна. Тэгээд гэрээс нь гарч гүйж Энхболдоос зугтаж явсаар хойшоо төв зам руу гарч захын таксинд сууж явсаар хуучин захын такси зогсоол дээр бууж хойшоо Салхитын аманд байдаг гэр лүүгээ явах гэж байхад Энхболд миний араас хуучин зах дээр намайг гүйцэж ирж дахин маргалдаж байгаад намайг хацар луу алгадаж зодож байхад тухайн үед тэнд байсан хүмүүс намайг Энхболдоос өмөөрч салгаж тэгээд би гэр лүүгээ алхаад явж байхад гэнэт миний доороос цус гараад эхлэхээр нь би шууд эмнэлэг орж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд “жирэмсэн байна, ураг зулбалт явагдаж байна” гэж хэлээд за ойролцоогоор 30 минут гаран болсон байх цэвэрлэгээ хийж дуусаад “болчихлоо” гэж хэлээд ямар нэгэн бүртгэлд авч эмчилгээ бичиж өгөөгүй шууд л эмнэлгээс гаргасан юм. ...Надад Б.Энхболдтой холбоотой ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй. Оросын холбооны улсад ажил хийхээр явах гэж байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 89-90-р ху/,

5.Гэрч Г.Ганбаатарын 2019 оны 12-р сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Өнөөдөр буюу 2019 оны 12-р сарын 19-ний өглөө 09 цагийн орчим эднийд ороход эхнэр болох Чимгээ нь орондоо хэвтэж байсан ба гэр орон нь хэрүүл зодоон болсон юм лав мэдэгдэхгүй байсан. Чимгээ надад “”та утсаа өгч байгаач эмнэлэг дуудаадахъя” гэсэн юм. Би утсаа өгтөл эмнэлэг рүү залгаад “Би гурван сартай жирэмсэн, өнөө өглөө доошоо юм гараад байна” гэж яриад байсан. Ингээд өдөр нь 96081414 дугаараас “эмнэлэгээс ярьж байна” гээд Чимгээг асуухаар нь “гэртэй байгаа” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг ирээд аваад явж байсан. ...Байнга л ууж хэрүүл маргаан хийж байдаг юм. Би хэрүүл маргаанд нь орохгүй яваад өгчихдөг юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-23-р ху/,

6.Гэрч Ц.Одончимэг-ийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Х.Отгончимэг нь 2019 оны 12-р саран 19-ний өдөр үтрээгээр цус гараад байна гэх зовиуртайгаар ирсэн. Тэгээд би иргэн Х.Отгончимэгийг үзэж холбогдох эмчилгээг цаг минутанд хийж явуулсан байгаа. ...эхлээд ЭХО-д харахад зулбасан байдалтай умайн хүзүү бүрэн нээгдсэн байдалтай эндомитр 2.5 ам позетив харагдаж байсан. Эх баригчийн үзлэгт үтрээнд толь тавьж харахад үтрээнд бөөн нөж, умайн хүзүүнээс эхсийн эд цухуйж байсан. гадна үзлэгээр умайн ёроол умдаг яснаас 2 хуруу дээш тэмтрэгдэнэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р ху/,,

7.Сэлэнгэ аймаг дахь шүүх шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Х.Отгончимэгийн биед жирэмсэн таслагдаж зулбасан, үр хөндүүлсэн, хэвлий, зүүн гуянд хөх өнгийн цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Х.Отгончимэгийн биед учирсан хохирол нь нэг цаг хугацаанд болсон байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-д зааснаар амь нас тэнссэн байдлын улмаас шалтгаалан үр хөндүүлсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна. ...гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р ху,

7.Гэрч Б.Алтанцэцэг-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгчээр ажилладаг. 2019 оны 03- р сарын бүртгэлд Хишигт овогтой Отгончимэг гэдэг хүн тасгийн бүртгэлд бүртгэгдэж ажилбар хийгдээгүй байна. Манайх ажилбар /умайн хөндий цэвэрлэж, зулбасан үр хөндөлт хийлгэсэн, цэвэрлэсэн/ гэх мэт Хишигт овогтой Отгончимэг нь 2019 оны 12-р сарын 19-ний өдөр бүртгэлд бүртгэгдсэн/ зулбаж ирээд цэвэрлүүлж бүртгэгдсэн байна. Эмэгтэйчүүдийн эмч Одончимэг ажилбар хийсэн байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 91-92-р ху/, 4

8.Гэрч Б.Ууганчимэг-ийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай дүү Х.Отгончимэг нь 2 жилийн өмнөөс Б.Энхболд гэдэг залуутай хамтран амьдрах болсон юм. Өнгөрсөн хугацаанд энэ хоёр суух гэж байгаа гээд л явж байдаг, би ажил хийгээд явдаг болохоор яг сайн мэдэхгүй л байна. Өнгөрсөн 2019 оны 12-р сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, манай дүү Отгончимэг нь хамт амьдарч байсан Энхболд нь “Отгончимэгийг зодож зулбуулчихлаа” гэж ярьж байсан. Тэгж л энэ тухай мэдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 91-92-р ху/, 9.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, аюулын зэргийн үнэлгээний маягт, /хх-ийн 03-04-р ху/, хохирогчид тусламж үзүүлэх хуудас, /хх-ийн 05-р ху/, гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээний маягт, /хх-ийн 06-16-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 28-р ху/, шинжээчийн дүгнэлт, /ххийн 29-30-р ху/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 31-34-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 35-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 36-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 38-40-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 47-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 48-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 78, 95-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 79, 94-р ху/, хохирогч Х.Отгончимэгийн Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт, /хх-ийн 80-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Энхболд нь Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 1-р баг, 1-р хэсэг, 258 тоот өөрийн гэртээ 2019 оны 12-р сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Х.Отгончимэгийн хэвлий, зүүн гуяны тус газарт нь өшиглөж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас 3 сартай ураг амьгүй болж зулбан үр хөндүүлж Х.Отгончимэгийн эрүүл мэндэд “Хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “миний үйлчлүүлэгч хохирогчийг жирэмсэн гэж мэдээгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөөч” гэсэн хүсэлт гаргасан боловч энэ нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаагаас гадна энэ үндэслэлийг Прокурорын газраас яллах үндэслэл болгоогүй, харин Прокурорын газраас шүүгдэгчийг “хамтран амьдрагч Х.Отгончимэгийн хэвлий, зүүн гуяны тус газарт нь өшиглөж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас Х.Отгончимэгийн эрүүл мэндэд “Хүнд хохирол учруулсан” гэж зүйлчилж ирүүлснийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Энхболдын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт хуулинд заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба хэргийн үйл баримтын талаар маргаангүй, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан шүүгдэгч Б.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж 3/гурав/ жил 5/таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Энхболдын гэмт үйлдлийн хохирогч Х.Отгончимэгийн биед “хүнд хохирол” учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. 5 Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь хохирлын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад бусдад төлөх төлбөргүй гэж үзэх боломжтой, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус дурьдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Баярмандахын Энхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баярмандахын Энхболдод 03/гурав/ жил 05/таван/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Энхболдод оногдуулсан 03 /гурван/ жил 05 /таван/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгуулллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б.Энхболд нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй буюу хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шүүгдэгч Б.Энхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭБАТ

С.НОЛХООСҮРЭН