Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/113

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч В.Батдэлгэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил

Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэсүд овогт Чулуунбаатар Билгүүн-д холбогдох 2031000990104 тоот хэргийг хянан хэлэлцэв.

    Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1983 оны 03-р сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Сэлэнгэ Алтанбулаг сум Цөх 3-р баг “Их овоо” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Бэсүд овогт Чулуунбаатар Билгүүн, РД:*******

Шүүгдэгч Ч.Билгүүн нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Алтанбулаг сумын 3-р багт оршин суух иргэн Б.Долгорсүрэн-гийн алдуул мал болох хар зүсмийн даагыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 2019 оны 11-р сарын 08-ны өдөр бусдад зарж борлуулан завших гэх гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

1.Шүүгдэгч Ч.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 05-р сарын 04-нд яллагдагчаар өгсөн: ...Би уг нь тухайн даагыг худалдах талаар дааганы эзэн Долгорсүрэн гэх хүн рүү нэг удаа утсаар ярьж мэдэгдсэн байгаа. Гэхдээ тэр Долгорсүрэн гэх хүн “худалдаж болно. чи ярихгүй юу” гэж хэлж байсан. Яг хэдэн төгрөгөөр худалдана гэж бол надад хэлээгүй. Хаашид тэр даагыг би худалдаж авах юм чинь дараа нь учир зүйгээ олчихно гэж бодоод 0243-р ангийн 4-р заставын Түвшинтөр гэж албан хаагчид худалдсан юм. ...Би өөрийн хайхрамжгүй үйлдлээс болж гэмт хэрэгт хэрэгт холбогдчихлоо. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44-р ху/,

2.Шүүгдэгч Ч.Билгүүний шүүх хуралдааны шатанд өгсөн: Зарж борлуулсан даага бусдын эзэмшлийнх болохыг мэдэж байсан. Гэхдээ эзэнтэй нь утсаар ярьсан болохоор болно байх гэж бодоод зарчихсан юм Өөрийн хийсэн энэ үйлдэлдээ гэм буруугаа ойлгож байна. Улсын яллагчтай 450,000 төгрөгөөр торгохоор тохиролцсон. Улсын яллагчтай тохиролцсон ялын саналаа хүлээн зөвшөөрч байна Өөрийн гэм буруугаа хүлээж байгаа болохоор хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж байгаа гэдгээ ойлгож байна. Хөнгөн ял оноож өгнө үү....гэх мэдүүлэг,

3.Хохирогч Б.Долгорсүрэн-гийн 2020 оны 03-р сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Нэг удаа Билгүүн гэх нөхөр “та даагаа зарж борлуулах уу” гэж асуухаар нь “үнэ тохирч байвал өгнө” гэж хэлсэн. Түүнээс биш би зарж борлуулах гэсэн явдал байхгүй. Сая надад хар зүсмийн ор гэж хээр зүсмийн даагыг авчирч өгсөн. Тэр үед “миний хар зүсмийн даагыг яасан бэ” гэхэд “өвчтэй болж үхсэн” гэж хэлсэн. ...Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 05-07-р ху/,

4.Хохирогч Б.Долгорсүрэнгийн 2020 оны 04-р сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: ...Би энэ Билгүүн гэх залууг огт танихгүй. Урьд өмнө 2 огт танихгүй. Надад “хар даага адуунд байна” гэхээр нь “харж байгаарай” гэж хэлсэн. Тиймээс зарж борлуулах талаар юу ч хэлж байгаагүй. Сая даага авч ирж өгөхөд л анх харж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 09- рух/,

5.Гэрч О.Нарансугар-ын 2020 оны 03-р сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ....2019 оны 12-р сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харъяат Ч.Билгүүн гэх нөхрөөс манай салбарын харуулын дарга ажилтай Төвшин гэх залуу 450.000 төгрөгөөр даага авсан сурагтай байсан. Тэгээд тэр даагаа ангийн хүнс бэлтгэх үеэр хүнсэнд хэрэглэсэн байх. Төвшинтөр ангид нэг морины өртэй болсон гэсэн, тэгээд авсан байх.Сайн нарийн учрыг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р ху/,

6.Гэрч О.Нарансугар-ын 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: ...Билгүүн-ий хоёр гүү нь манай ангийн шуурхай жижүүрийн офицер хошууч Э.Нарангэрэл-ийн адуунд байдаг юм. Мөн Нарангэрэл-ийн адуу манай заставын адуутай хамт байдаг юм. Тийм болохоор манай заставын адуунд байсан юм. Хүчээр дунд зэрэг л байсан. Тэр хар зүсмийн даага нь дэлтэй байсан. 108 кг мах гарсан гэдэг 12 кг гарсан махыг 4500 төгрөгөөр бодож орлогод авсан. Мөн гэдэс 1500 төгрөгөөр бодож авсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р ху/,

7.Гэрч С.Наранчимэг-ийн 2020 оны 03-р сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Улаан бургас” гэх газар тэр даага хонгор азаргатай адуунд бэлчээрт байсан юм. Түүнээс хойш л алга болсон юм. Сая л энэ нөхөр авсан гэдгийг нь мэдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р ху/,

8.Гэрч Г.Сайнбаяр-ын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Манай ангийн мал нядалгааны цэг дээр хар зүсмийн даагыг алж цэргийн хүнсэнд авсан. Тэр нядалгааны акт дээр гарын үсэг зурсан. Хаанаас яаж авч ирсэн талаар мэдэхгүй. Харин манай харуулын дарга ажилтай дэд ахлагч А.Төвшинтөр унааны морио үхүүлсэн талаар сонссон. Тухайн үед хэлж ярьж байсан. Энэ морь дээр акт тавьсан эсэхийг мэдэхгүй ямар ч байсан А.Төвшинтөр төлнө гэж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р ху/,

9.Гэрч А.Төвшинтөр ийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2019 оны 12-р сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Билгүүн гэх ах руу 99068304 гэсэн дугаар руу өөрийн 95549892 дугаараас залгаж “зарж борлуулах адуу байна уу” гэж асуусан юм. Тэгтэл Билгүүн ах надад “нэг охин даага байна” үүнийг зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь “та хэд гэж байгаа юм бэ” гэхэд “550.000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “наад даагыг чинь дүү нь авъя 450.000 төгрөг өгье, дараа 100.000 төгрөгийг нь өгье” гэж хэлсэн чинь “за” гэж хэлсэн. Тэгэхээр нь “та данс байвал над руу явуулчих” гэж хэлсэн. Миний утас 5675299391 гэсэн данс руу явуулсан. Би тэр өдөр энэ данс руу 450.000 төгрөг хийсэн. Энэ 2019 оны 11-р сарын 08- ны өдөр байсан. Дараа нь 100.000 төгрөгийг 2019 оны 11-р сарын 21-ний 18 цаг 40 минутанд “5676972317 тоот данс руу хийчих” гэхээр нь би хийсэн. Би заставын жагсаалын дарга Нарансугар т “Билгүүн ахаас даага авахаар боллоо” гэж тухайн үед хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р ху/,

10.Гэрч М.Номин-Эрдэнэ-ийн 2020 оны 03-р сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Манай ангийн харуулын дарга ажилтай Төвшинтөрийн төлбөрт өгсөн гэх хар даагыг, манай заставын нядалгааны цэг дээр алж янзлах үед би гэдэс цэвэрлэсэн юм. Уг даагыг алж махыг нь цэргийн хүнсэнд оруулсан байх, өөр тодорхой зүйлийг би мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,

11.Гэрч Т.Баттөгс-ийн 2020 оны 04-р сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2019 оны 10-р сарын 29, 30-ны үеэр Лхагва ах адуугаа тууж хорооллын хашаанд ирсэн. Энэ үед нөгөө хар даага адуунд байхгүй болохоор нь асуусан чинь Билгүүн авч үлдсэн гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 11 сарын дундуур би Билгүүн рүү ярьсан чинь би “нөгөө хар зүсмийн даага байна уу” гэж асуухад “байхгүй, эзэн нь ирээд аваад явсан” гэж хэлсэн. Яагаад гэвэл тэр хар дааганы эзэн Лхагваа ахтай ойрын хамаатан байсан. Тэр хар даагыг асууж ярьсан тул би Билгүүн рүү залгаж асуухад Билгүүн “эзэн нь ирээд аваад явсан” гэж хэлсэн. Ингэж байгаад 2019 оны 12-р сарын дундуур би Гантогтох гэх залуутай ярьсан чинь “нөгөөх хар зүсмийн даага чинь цэргийн ангийн адуунд байна” гэхээр нь би Билгүүнийг өгсөн гэж худал ярьсан байна гэж мэдсэн юм. Тэгээд би дахин 3 асуухад Билгүүн ах нөгөөх хар зүсмийн даагыг чинь зарсан уу эсвэл цэргийн ангийн хүнсэнд өгчих шиг боллоо гэж хэлсэн юм. Тэгээд 2020 оны 03-р сарын дундуур хотоос ирээд байж байхад Гантогтох нөгөөх хар дааганы чинь хэрэг илэрсэн гэж ярьж байсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р ху/,

12.Гэрч Б.Хосшагай-гийн 2020 оны 04-р сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Миний 5-6 тооны үхэр Билгүүн дээр байдаг юм. Тэгээд л ойр зуурын юм авч өгдөг юм. Тэгээд л хүнээс мөнгө авах хэрэгтэй боллоо данс руу чинь хийлгэх үү гэхээр нь “за” гэж хэлсэн. Чухам юун мөнгө болохыг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/,

13.Гэрч О.Гантогтох-ын 2020 оны 04-р сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Лхагваа, Улаанаа хоёр л сайн мэдэх байх Энэ хар зүсмийн даага чинь энэ хоёрын хариулж байсан адууны захад байхыг хэд хэдэн удаа харсан. Өөр мэдэх зүйл алга. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,

14.Гэрч Т.Лхагвасүрэн-гийн 2020 оны 04-р сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2019 оны зун 06-р сарын 20-нд Алтанбулаг сумын урд Их овоо гэх газарт очиж зусланд гарсан. Ингээд очих үед энэ хар зүсмийн даага Билгүүний адуунд байсан. Ингээд намар 11 сард манайх Арангатын даваа руу өвөлжөөнд буухаар нүүх үед энэ хар зүсмийн даагыг авч үлдсэн юм. Би энэ тухайгаа Ганболд мөн малчин Улаанаа д хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,

15.Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 03-р сарын 13-ны өдрийн №ТХҮ/518-033 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Хар зүсмийн, 2 настай, эр даага, 1 ширхэг 400000 төгрөг. ...гэх дүгнэлт. .../хх-ийн 31-32-р ху/,

16.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 03-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 30-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 31-32-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 35-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 34-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 40-42-р ху/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 45, 50-р ху/,хилийн 0295-р салбарын захирагч ахмад Б.Түдэвдорж-ийн 2019 оны 11-р сарын 30-ны өдөр гаргасан нядалгааны акт, /ххийн 49-р ху/, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 55, 56-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 84-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 85-р ху/, хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 99-р ху/, шүүгдэгч хохирогчийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Ч.Билгүүн нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Алтанбулаг сумын 3-р багт оршин суух иргэн Б.Долгорсүрэнгийн алдуул мал болох хар зүсмийн даагыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 2019 оны 11-р сарын 08-ны өдөр бусдад зарж борлуулан “...гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших“ гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Ч.Билгүүний гэмт үйлдлийн хохирогч Б.Долгорсүрэнгийн хар зүсмийн даагыг завшиж 400.000 төгрөгний хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон болно.

Шүүгдэгч Ч.Билгүүний гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Ч.Билгүүн нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан мөн Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж 450 нэгжтэй 4 тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал ирүүлснийг хүлээн авч Прокурорыг саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Билгүүнийг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.Билгүүний тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ч.Билгүүнд анхааруулав. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Билгүүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бэсүд овогт Чулуунбаатар Билгүүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Чулуунбаатар Билгүүнийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Билгүүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар, тэнцүү хэмжээгээр, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Билгүүнд мэдэгдсүгэй. 5.Шүүгдэгч Ч.Билгүүн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүгдэгч Ч.Билгүүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, 5 шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН