Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2020/01759

 

 2020          06            25                                               183/ШШ2020/01759

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг  даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Хан Уул дүүрэг, ................ тоотод оршин суух, О овогт Ж.Д /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..............., НШШГГ-т холбогдох ,

 

    2020 оны 03 сарын 23 ний өдрийн 141/01 дугаартай “Х” ХХК ийн үнэлгээг хүчингүй болгуулах хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                          

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “Э” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн .............. тоот үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу зах зээлийн үнийг үнэлгээчин 443,073,700 төгрөгөөр тогтоосон үнэлгээ тогтоосныг төлбөр төлөгчид Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4/10020 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэнийг төлбөр төлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь зээлийн гэрээний барьцаанд тавигдсан Хан-Уул дүүргийн .............. тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 640 м2 үл хөдлөх хөрөнгийн нэг метр квадратын зах зээлийн үнэлгээ нь 3,000,000 төгрөг байгаа бөгөөд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ дангаараа 1,920,000,000 төгрөг болно.  Мөн дээрх үйлдвэрийн барилга нь Нийслэлийн Засаг даргын захирамж бүхий 340 м2 газартай бөгөд үнэлгээ нь газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай хуулийн хавсралт 3-т зааснаар тооцож үзэхэд 485,000,000 төгрөг болно. Тиймээс барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээнчний 443,073,700 төгрөг гэсэн дүнг хүлээн зөвшөөрөх боложгүй байна. Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “Э” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ........... тоот үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу зах зээлийн үнийг үнэлгээчин 443,073,700 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ тогтоолгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж.Д-ийн нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.13-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр Ж.Дээс 281,877,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,637,000 төгрөг, нийт 283,514,535 төгрөгийг гаргуулж, Эк ХХК-д олгохоор, хэрэв төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, ............... тоот байрлалтай үйлдвэрийн зориулалттай  640 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ......... дугаар бүхий 360 мкв талбай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0000000 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ............ тоот байрлалтай үйлдвэрийн зориулалттай 640 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон Хан-Уул дүүрэг, ........... дугаар бүхий 360 мкв талбай газрын 2020.01.22-ны өдрийн 19290568/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 19290568/02 дугаар тогтоолоор тус тус хураасан. Талуудад төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч тал шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Х ХХК-г томилоход, Хан-Уул дүүрэг........... тоот байрлалтай үйлдвэрийн зориулалттай 640 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон Хан-Уул дүүрэг ............. дугаар бүхий 360 мкв талбай газрын үнэлгээний тайлан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гарсан бөгөөд үнэлгээгээр хөрөнгийг 443,073,700 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4/10020 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

     Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 141/01 дугаартай “Х” ХХК ийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

          Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр 2020 оны 4 сарын 15-ны өдөр Ш.Г-д итгэмжлэл олгосон байх ба Ш.Г нь өөрийгөө эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг С.Гд  2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/220 дугаартай  албан бичгээр нэг жилийн хугацаатай  олгожээ.

Улмаар нэхэмжлэгч нь  2020 оны 03 сарын 24-ний өдрийн 4/10020 дугаартай “Х” ХХК ийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагын хууль зүйн үндэслэлийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур байна гэж тайлбарладаг.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2019.04.12-ны өдрийн 04586 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 00409 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэж 2019.04.19-ний өдрийн 19290568 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарсан байдаг. Улмаар 2020.01.22-ны өдрийн 19290568/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол шинжээч томилж Х ХХК ийн хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан байна. Эдгээр ажиллагааг хуульд заасан журмын дагуу төлбөр авагчид тэмдэглэл үйлдэн мэдэгдэж, тогтоолуудын зохих хувийг шийдвэр гүйцэтгэгч гардуулан өгсөн байгаа нь хэрэгт авагдсан мэдэгдлүүдээр тогтоогдож байна.

Гэвч 2020 оны 03 сарын 23 ны өдрийн 141/01 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3, 9.3.8 д заасан шаардлагыг хангаагүй байна. Аливаа хөрөнгийн зүйлийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байхаас гадна тайлан нь хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, тооцоолол үндэслэлийг тусгасан байх учиртай. Маргаж буй үнэлгээ нь шинжээч томилсон тогтоолын агуулгатай тохирохгүй буюу эрх бүхий этгээд Хан-Уул дүүргийн .............. тоот эрхийн улсын бүртгэлийн 640 метр квадрат талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн ............  нэгж талбарын дугаартай 360 мерт квадрат талбай бүхий газрын үнэлгээг гаргуулахаар тогтоосон байхад үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 376,830,000 төгрөгөөр, сендвич барилгыг 66,243,000 төгрөг, нийлээд 443,073,700 төгрөгөөр үнэлжээ. Газрыг үнэлсэн эсэх, үнэлсэн бол хэдээр үнэлсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гарсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05253 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдав /хх-50/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3, 9.3.8 д заасныг тус тус баримтлан 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 141/01 дугаартай “Х” ХХК ийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.4-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2020 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн 05253 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               О.ЧУЛУУНЧИМЭГ