Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/01835

 

 2020          07            01                                                183/ШШ2020/01835

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч O.Чулуунчимэг  даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .......... тоотод оршин суух, А, Төрийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .........., “Ө” ХХК-д /РД: 0000000/-д холбогдох,

 

    Гэрээний үүрэг хангуулж газрын төлбөр төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Ө.С, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                          

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “2018 оны 03 дугаар сард ӨБ ХХК нь Ө ХХК-руу эрхээ шилжүүлсний дагуу 2018 оны 03 дугаар сард “Ө” ХХК-ийн газар эзэмшихийг хүссэн өргөдлийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А/90 дугаартай “Эрх шилжүүлэх тухай”, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/91 дугаартай захирамжаар 2га газрыг “Гадаад худалдаа, үйлдвэрлэлийн зориулалтаар” баталгаажуулсан захирамжуудыг гаргасан.

Энэхүү захирамжуудыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18/41 дугаартай “газар эзэмшүүлэх гэрээ”, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18/41 дугаартай “Алтанбулаг” чөлөөт бүсийн Хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан.

Гэвч “Ө” ХХК нь “Газар эзэмшүүлэх” гэрээний 4.2.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх” 4.2.4-д “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” зэрэг үүргээ биелүүлээгүй байна.

Гэвч 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр А/49 дугаартай захирамжаар “Газар эзэмшүүлэх” гэрээний 4.2.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх” 4.2.4-д “Газрын төлбөрийг ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх” зэрэг үүргээ биелүүлээгүй тул хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан.

Иймд “Ө” ХХК-иас Гэрээний үүргийг хангуулахын тулд газрын төлбөрийн зохих хуваарийн дагуу 2018 оны 1.859.175₮, 2019 оны 1.905.200₮ төгрөгийн газрын төлбөрийг төлөөгүй,  нийт 3.764.375 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээний үүрэг хангуулж газрын төлбөр төлүүлэх хүсэлтэй байна. Бид газрын төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж мэдэгдэж байсан.

“Ө” ХХК нь “Газрын тухай” хуулийн 7.1 “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” мөн 35.3.3 “Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх” 40.1.1 “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” мөн “Газрын төлбөрийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, “Татварын ерөнхий хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1 Монгол улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар” гэх/-өөс бүрдэнэ. 7.4.11 газрын төлбөр гэж тус тус заасны дагуу “Ө” ХХК нь газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй байна.

“Алтанбулаг” чөлөөт бүс нь төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.“ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр А/49 дугаартай захирамжаар гэрээг цуцалсан. 2018 оны 3 сарын 22 ны өдрөөс 2019.12.31 ны өдрийг хүртэлхи төлбөр нь 1.859.175 төгрөг, 2019.01.01 ний өдрөөс 2019.10 сарын 16 ныг хүртэлхи төлбөр 1905 200 төгрөг болж байгаа ба дэд бүтэц, цахилгаан зэрэг асуудлыг шийдчихсэн байхад ямар ч ажил эхлүүлээгүй тул хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх боломжгүй. Уг байгууллагатай холбоотой хувийн хэргийг шүүхэд бүхэлд нь гаргаж өгсөн, дахиж гаргах баримт байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд яагаад ажлын үе шатуудын хугацааг заагаагүйг мэдэхгүй байна, манай бусад гэрээнд бол тодорхой заасан байдаг, төлбөрөө гаргуулж авмаар байна “ гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмэлт тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөх болно.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх гадаад худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр газар эзэмших гэрээ хийсэн нь үнэн бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 т эхний 5 жилийн газрын төлбөрөөс чөлөөлөх зохицуулалттай тул төлбөр төлөхгүй. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус байгаа бөгөөд ажлыг хэзээ эхлүүлэх талаар хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаагүй тул 9 жил дотроо л ажлаа хийх байтал гэрээ цуцалчихсан, дэд бүтэц гээд олон төрлийн асуудыг шийдэж өгөхгүй байсан. Манайх гэрээ цуцлагдсантай бол маргахгүй, гаргаж өгөх нэмэлт баримт байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

     Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18/41 дугаартай Аэд газар эзэмшүүлэх гэрээ”, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18/41 дугаартай “Аийн Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу газрын төлбөр 3 764 375 төгрөг гаргуулахыг  хүссэн  шаардлага гаргажээ.

 

          Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэхээр 2020 оны 5 сарын 27 ны өдөр М.Н, Ө.С нарт итгэмжлэл нэг жилийн хугацаатай олгосон байна.

Хариуцагч нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг Б.Л-ид 2020 оны 05 дүгээр сарын 06-ны өдрийн 1/8 дугаартай  албан бичгээр гурван жилийн хугацаатай  олгожээ.

Улмаар нэхэмжлэгч нь газрын төлбөр 3764375 төгрөгийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18/41 дугаартай газар эзэмшүүлэх гэрээний 4.2.1-д “Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх”,  4.2.4-д “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх гэсэн заалтууд гэж тайлбарладаг. Харин хариуцагч Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 т эхний 5 жилийн газрын төлбөрөөс чөлөөлөх зохицуулалттай тул төлбөр төлөхгүй, ажлыг хэзээ эхлүүлэх талаар хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаагүй тул 9 жил дотроо л ажлаа хийх байтал гэрээ цуцалчихсан, дэд бүтэц гээд олон төрлийн асуудыг шийдэж өгөхгүй байсан гэж татгалздаг.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  2018 оны 03 сарын 14 ний өдрийн 1/257 дугаартай албан бичгээр “Ө” ХХК нь Аийн захирагчид хүсэлт гаргасны дагуу 2018 оны 03 сарын 15 ний А/90 дугаартай захирамжаар “Ө ХХК “д эрх шилжүүлжээ. Улмаар талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18/41 дугаартай “ А-эд газар эзэмшүүлэх гэрээ”, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18/41 дугаартай “А-ийн Хөрөнгө оруулалтын гэрээ “  тус тус байгуулсан болох нь тогтоогдож байна.

Гэвч 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18/41 дугаартай А-эд газар эзэмшүүлэх гэрээний Нэгдүгээр зүйлийн 1.1 т энэхүү гэрээнд , гэрээний салшгүй хэсэг болох дараах зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно “ гэж заагаад 5 дахь хэсэгт” Бүсэд хөрөнгө оруулах хэмжээ , үе шат зэргийг харуулсан тухайн хуулийн этгээдийн удирдлагын гарын үсэг, тамга тэмдэг бүхий хөрөнгө оруулалтын санал “  гэжээ. Уг санал хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагатай холбоотой хувийн хэргийг бүхэлд нь гаргасан тул дахин гаргах баримт байхгүй гэдэг. Энэхүү санал байхгүй тул  2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18/41 дугаартай А-ийн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.4 т уг хөрөнгө оруулалтын ажил хэзээ эхлэж хэзээ дуусах талаар тусгагдаагүй байгаа нь талууд энэ талаар тохиролцоогүй байна гэж шүүх дүгнэхэд хүргэж байна.

А бол хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспортыг дэмжих, аялал жуулчлал, үйлчилгээг хөгжүүлэх  зорилготой ба тийм ч учраас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18/41 дугаартай А-эд газар эзэмшүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 д Монгол улсын Чөлөөт бүсийн тухай хуулинд заасан газрын төлбөрийн хөнгөлөлтийн нийт хэмжээ нь 7 200 000 төгрөг байна гэж заасан байдаг. Цаашлаад Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 т “ худалдаа аялал жуулчлал зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжийг үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний 5 жилд 100 хувь, дараагийн 3 жилд 50 хувиар чөлөөлнө “гэжээ. Талуудын хувьд нэхэмжлэгч үйл ажиллагаа эхлээгүй учраас төлбөрөөс чөлөөлөхгүй гэсэн бол хариуцагч хэзээ үйл ажиллагаагаа эхлүүлэхийг гэрээгээр заагаагүй тул гэрээ хүчингүй гэж маргадаг. Хавтас хэрэгт авагдсан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18/41 дугаартай Аэд газар эзэмшүүлэх гэрээнд “Бүсэд хөрөнгө оруулах хэмжээ , үе шат зэргийг харуулсан тухайн хуулийн этгээдийн удирдлагын гарын үсэг, тамга тэмдэг бүхий хөрөнгө оруулалтын санал” ыг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болохоор заасан байх тул тус гэрээ хүчингүй гэрээ байна. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3 т зааснаар дээрхи стандарт нөхцөл нь талуудын байгуулсан гэрээний салшгүй хэсэг байна. Иймд нэгэнт нэхэмжлэлийн үндэслэл болсон 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18/41 дугаартай Аэд газар эзэмшүүлэх гэрээ хүчингүй байх тул тухайн гэрээний дагуу төлбөр шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18/41 дугаартай Аэд газар эзэмшүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 д “ Газрын төлбөрийг гэрээ хийсэн өдрөөс тооцон Чөлөөт бүсийн тухай хуулийн 23.1-23.2 д заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг хөрөнгө оруулагчид эдлүүлж, дараа жилүүдийн төлбөрийг улирал бүрийн сүүлийн сарын 25 ны дотор харилцах дансанд хийнэ” гэж заасан байгаа нь газрын төлбөрийг гэрээ хийсэн өдрөөс тооцох боловч хөнгөлөлт чөлөөлтийг энэ төлбөрөөс хасаж тооцох агуулгатай байгааг  дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

      

1. Монгол Улсын Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3, Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18/41 дугаартай А-эд газар эзэмшүүлэх гэрээний Нэгдүгээр зүйлийн 1.1 т зааснаар “Ө” ХХК д холбогдох А төрийн байгууллагын  газрын төлбөр 3.764.375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.14 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             О.ЧУЛУУНЧИМЭГ