| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0098/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/121 |
| Огноо | 2020-05-22 |
| Зүйл хэсэг | 10.1.2.6., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/121
Монгол Улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэбат, шүүгч С.Нолхоосүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Иргэдийн төлөөлөгч Б.А
Улсын яллагч Г.Энхмаа
Хохирогч Я.Б
Хохирогч У.Э
Хохирогч Я.Б-гийн өмгөөлөгч М.Гансүх
Хохирогч У.Э-ын өмгөөлөгч Л.Даваасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай У.Түвшин
Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ийн Ж-д холбогдох 2031000730056 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин * дугаар баг, Ногоон довын *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2008 оны 01-р сарын 08-ны 12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Бийн Ж, /РД:********* /
Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны оройн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн байранд хамтран амьдарч байсан иргэн Я.Б-гийн цээжин тус газар нэг удаа хутгалж, улмаар тус эрүүл мэндийн төвийн хашаан дотор их эмч У.Э-ыг хамтран амьдрагч Я.Б-тай хардаж хэвлий тус газар нь нэг удаа хутгалж, 2 хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Б.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 03 дугаар сарын 18-нд яллагдагчаар өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөөний 07-08 цагийн орчимд манай найз Б гэрт ирээд надтай хамт “Хүдэр сум руу яваад ирье” гээд гуйгаад байхаар нь бид хоёр хамт гэрээс гараад Бн гэрт очтол Б намайг гэртээ үлдээгээд “ойрхон гараад ирье” гээд гарсан. Удалгүй гаднаас Б, манай сумын иргэн бүтэн нэрийг нь мэдэхгүй байна Даваа, Батуук аа нартай орж ирээд 0.75 литрийн “Хараа”, 0.75 литрийн “Соёрхол” архи гаргаж ирээд бид нар ууцгаасан. Ууж байхад гаднаас Жоохноо гэх залуу орж ирээд бид нар хувааж уусан. Ингээд орой тасраад босоод ирсэн чинь гэрт 0.75литрийн тал шил архи байсныг ганцаараа уугаад тасарчихсан. Тэрнээс хойш хэнтэй хаагуур явсан эсэхийг санахгүй байна. Нэг мэдсэн чинь Б “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэх үед би сэргэсэн. Гэтэл Б хана түшээд өмсөж явсан хувцас болон цээжин хэсэг нь цус болчихсон. Миний баруун гар бас цус болчихсон харагдсан. Миний ухаан санаа орж гараад байсан болохоор ямар хутгаар Бг хутгалсан эсэхийг мэдэхгүй байна. 2 Намайг сэргэх үед Бгийн хажууд манай эгчийн хүүхэд А хамт зогсож байгаа харагдсан. Би эрүүл мэндийн төвөөс яаж гарсан эсэхийг санахгүй байна. Би айж сандарсандаа хэргийн газраас оргож зайлсан юм. Хэрэг явдал гарсан өдрөөс хойш тус сумын “Хонгорын нуруу” гэх газарт ууланд орогнож байгаад өөрөө цагдаагийн байгууллагад ирсэн. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 10-16-р ху/,
2.Шүүгдэгч Б.Ж-ы шүүх хуралдааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байтал манай найз н.Б утсаар ярьж “Хамт Хүдэр сум яваад ирье” гэхэд нь гэртээ онц хийх зүйлгүй байсан тул очсон юм. Тэгээд н.Бн гэрт очиход “Би ойрхон гараад ирье” гэж хэлээд буцаж орж ирэхдээ н.Батухаа, н.Даваа гэсэн 2 найзтайгаа 2 шил архитай орж ирсэн юм. Бид 4 хоол идэнгээ, архи уусан тул Хүдэр сум явахаа больсон. н.Б согтсон тул гэрт нь үлдээгээд н.Батухаа, н.Даваа, н.Жооноо бид 4 төв рүү алхсан. Тэгтэл н.Батухаа “Би ийшлээд ирье” гэж хэлээд яваад буцаж ирэхдээ 2 шил архи авч ирсэн. Тэр архийг манай гэрт ирж уусан. Тэгээд хоол унд хийж идэж байгаад архиндаа согтсон байсан. Тэгээд нэг ухаан ортол нэг ч хүн байхгүй би ганцаараа байсан. Тэгээд хийсэн байсан хоолоо халааж идэж, гал түлж байсан. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр очиж ийм зүйл болсон байсан. Би архи ууж байснаа мэдэж байгаа боловч хутга, шөвөг болсноо сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг,
3.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Я.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: ...Би 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 17 цагт ээлжийн сувилагчийн ажлаа аваад ажил үүргийн хуваарийн дагуу ажпаа хийж байгаад орой 22 цагийн орчим өвчтөн Б.А-гийн хамт юм яриад тарианы өрөөнд сууж байхад хамтран амьдрагч Ж орж ирээд үгийн зөрүүгүй хутгатай гараа далайхад нь би баруун гараараа хутгыг нь барьж аваад гарыг нь дийлээгүй. Тэгээд миний цээжний зүүн талд 1 удаа хутгалсан. Тэр үед А “та хүн алчихлаа ш дээ” гээд хойш нь татсан чинь эргээд тэр чигтээ кордиороор гараад явсан. Би араас нь цусаа гоожуулаад хараад зогсож байсан. Тэр үед хэвтэж байсан өвчтөнгүүд цагдаа дуудсан. Тэр үед миний ухаан орж гараад байсан. Нэг мэдэхэд аймгийн төвөөс эмч нар ирсэн байсан. ...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрт согтуу орж ирээд “чи надтай амьдардаггүй, зөндөө гуйж байгаа шүү. Чи надаас хүүхэд салгах гэлээ” гээд агсраад ширээн дээр байсан хутгыг аваад гэдэс хэсэгт хутганы үзүүр хэсгээр хатгасан. Тэгээд цагдаад хэлээд 14 хоног баривчлагаанд явж ирээд буюу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр баривчлагаанаас гарч ирээд 02 дугаар сарын 06-ны орчим байх эрүүл мэндийн төвд ажлаа хийж байхад орой ирээд надаас уучлал гуйгаад “би хүүгээ санаад байна. Ганц удаа уучлалдаа” гээд байхад би нүүр өгөөгүй өөр платанд орсон хойгуур яваад өгсөн. Тэгээд энэ байдлаас болоод л шийдчихсэн орж ирсэн байх гэж бодож байна. ...Намайг хутгалсан хутганы иш нь ногоон өнгөтэй харагдсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 39-48-р ху/,
4.Хохирогч, иргэний нэхэмжпэгч У.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...Би 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 22-23 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын эрүүл мэндийн төвийн ертөнцийн зүгээр хойд зүгт байрлах бие засах зориулалттай модон жорлонгийн үүдэнд явж байхад Ж мөн адил ганцаараа явж байсан. Ж надаас гал асуухад нь өөрийн халааснаас гал гаргаж өгөх үед “та эмч мөн үү” гэж надаас асуусан. Тухайн үед би “тийм” гэж хариулсан чинь миний хэвлий хэсэгт ямар нэгэн зүйлээр хатгах шиг болсон. Ингээд би Жаас зугатааж Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн дарга Нын гэрт ортол хэвлийгээс цус гарч байсан юм. ...Ж гэх хүнийг танихгүй, ямар учраас намайг хутгалсан эсэхийг мэдэхгүй байна. Ж миний эрх чөлөөнд халдаж хүнд гэмтэл учруулсанд маш их гомдолтой байна Би эмчилгээний зардал 3.510.448 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 60-66-р ху/,
5.Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 12-ны орой яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна ямар ч байсан 00 цагийн тарианы өмнө л байсан байх миний дотор муухайрч тарианы өрөөнд ирж тухайн үед ажилтай сууж байсан ээлжийн 3 сувилагч Б эгчид даралтаа үзүүлээд сууж байхад ээлжийн сувилагч Бгийн нөхөр болох Ж тарианы өрөөний хаалгаар орж ирсэн. Тэгээд миний даралтыг үзэж дуусаад байж байхад Б эгч нөхрөө “яах гэж ирж байгаа юм бэ” гэж хэлээд дуусаагүй байхад Ж миний араар гарч Бг тарианы өрөөний урд талын хана руу шахаад гартаа барьж байсан хутгаар Б эгчийн цээжний зүүн талд хутгалчих шиг болсон. Тэгээд дахиад хутгатай гараараа түүн рүү далайх үед нь би Ж ахаас “та болиоч” гэж хэлээд татаж холдуулах үед Ж над руу нэг их муухай харчихаад буцаад гүйгээд эмнэлгээс гараад явсан. Тэгээд Б сувилагч гараараа цээжээ дараад цусаа гоожуулаад байхад нь би Б сувилагчаас “цус тогтоох марль хаана байгаа юм” гэж асуухад “тэнд байгаа” гэж хэлээд яаралтай тусламжийн өрөө рүү заасан. Би гүйж очиж цусыг нь тогтоох арга хэмжээ авсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 130-132-р ху/,
6.Гэрч Д.Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 21-22 цагийн орчим байсан санагдаж байна, би орондоо хэвтэж байхад гадаа “Ариунаа эгчээ” гэх эмэгтэй хүн намайг дуудсан. Тасгийн өрөөнөөс гарч тарианы өрөөнд ороход манай эмнэлгийн сувилагч Ч.Б гараараа цээжний хэсгээ дарчихсан доороос нь даралттай цус олгойдон гарч байсан. Тэгээд би Бгаас “юу болсон яасан” гэж асуухад “Ж ирээд намайг ийм болгочихлоо” гэж надад хэлсэн. Надад “хурдан цагдаа дуудаарай эгчээ, би эмч дуудсан” гэж хэлээд намайг тэвэрч аваад тавихгүй байсан. ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134-р ху/,
7.Гэрч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байсан гэртээ амарч байхад гэрийн гаднах хаалга хүн их хүчтэй нүдэж тухайн үед гэрт байсан манай хүргэн Дэлгэрбат хаалга онгойлгож өгтөл гаднаас манай эрүүл мэндийн төвийн эмч Э “эмчээ гадаа Б сувилагчийн нөхөр намайг хутгалчихлаа” гэж хэлээд үүдэнд гэдсээ тэвэрч шалан дээр явган суусан юм. Тэгээд сууж байхад нь манай хүргэн, хүү 2 Эыг өргөж гадуур хувцсыг тайлж орон дээр хэвтүүлж тухайн үед гэрт байсан анальгин, демьдрол судсаар хийж, тэр хооронд эмч, сувилагч нар ирж Эд дусал хийж байхад эрүүл мэндийн төвд хэвтэж байсан өвчтөнүүд ирж “эмнэлэг дээр Б сувилагчийг нөхөр нь хутгалсан байна” гэхээр нь эмч явуулсан. ...Э гаднаас орж ирэхдээ царай нь цонхигор гүйсэн бололтой амьсгаадсан шокийн байдалтай орж ирсэн. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 135-137-р ху/,
8.Гэрч А.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Б надад ярьж байхдаа “манай нөхөр Ж архи уусан үедээ их хэцүү агсам тавьж зоддог” гэж нэг удаа ярьж байсан. Тэгээд сүүлийн үед буюу 2020 оны 01 дүгээр сараас Б ярихдаа “Ж нь архи уухаараа хутга, буугаа авч айлган сүрдүүлдэг, одоогоор нөхрөөсөө салсан ахынхаа урд талд хашаа байшинд амьдарч байгаа” гэж ярьж байсан. гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 144-145-р ху/,
9.Гэрч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 12-ны орой амарч байхад “эмнэлэг дээр манай эмч Э, сувилагч Б нар хүнд хутгалуулсан, та яаралтай эмнэлэг дээр ирээрэй” гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирээд тарианы өрөөнд ороход манай ахлах сувилагч Өнөржаргал, Бгийн цээжнээс цус гарсан хэсгийг гараараа дараад зогсож байсан. Б маш их цус алдсан байдалтай байсан. Ингээд би Бд цус алдалт шокийн эсрэг эмчилгээг хийж цус алдаж байсан газрыг оёж эмчилгээ хийж эхэлсэн. Бгийн биед цээжний гол зүүн талд хөхний дээд талд хөндлөн байрлалтай хутгалагдсан шархтай байсан. Уг шарх нь 2 см гүн зүүн тал руугаа хавагдсан, шархны дотор судас тасарсан байдалтай байхаар нь эхлээд тасарсан судсыг нийлүүлж оёсон. Мөн долоовор хуруу, дунд хурууны голын салаа хэсэг зүсэгдсэн шархтай байсан. ...гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 146-147-р ху/,
10.Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед гэртээ унтаж байхад гаднаас Ж орж ирээд “ найзыгаа хөдөө гэр лүү 4 хүргээд өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрч өөрийн эзэмшлийн Бонго-2 маркийн тээврийн хэрэгслээр Жыг Ерөө сумаас зүүн урагш 30-аад км-ийн зайтай “Цагаан тохой” гэх газарт өвөлжиж байгаа найз Гантөгсийн гэрт нь хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 170-171-р ху/,
11.Гэрч Л.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нөхөр Я.Х-ын хамт Алтанбулаг самбар орчим явж байхад дүү Золзаяа залгаад “Б нөхөртөө хутгалуулчихлаа, хурдан ирээрэй” гэсэн. ...Ингээд бид хоёр 00 цаг өнгөрөөгөөд Ерөө сумын эмнэлэг дээр очиход эмч нар ирчихсэн байсан. Тэр цагаас хойш би Бгийн хажууд байгаа юм. ...Би 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчим гэмтлийн эмнэлэг дээр байж байхад миний ******* дугаар луу ******* гэсэн дугаараас дуудлага ирээд утсаа аваад ярихад эхлээд би таниагүй юм. Тэгэхэд “хүргэн Ж чинь байна” гэж ярьсан. Би “аан” гэхэд “наад хоёрын чинь тухай ярья Б, Э наад хоёр чинь намайг эмнэлэг дээр очиход жорлон дотор үнсэлцээд зогсож байсан. Тэгэхээр нь гэр лүүгээ очоод хутга аваад очиж хутгалсан юм” гэж хэлээд бас “Эын ах нь надад /галд ажилладаг/ манай дүү Ерөө сумын эмнэлэгт их эмчээр очсон. Тэгээд нягтлан эмэгтэй болон сувилагч Б-тай холбогдоод хэл үг болж байгаа шилжүүлж ажиллуулна гэж хэлсэн” гээд зөндөө уйлаад байсан. Тэгэхээр нь хэсэг байлгаж байгаад утсыг нь салгасан. Хэсэг байж байгаад дахиад тэр дугаараас залгаад “би өнгөрсөн аав руугаа явна, амиа хорлоно” гэх зэргээр ярьсан. Тэгээд “хүү Мандах-тай яриулаад өгөөч” гэхээр нь би утсыг нь салгаад дотор Хүчитбаатартай яриад, цагдаагийн дугаарууд асуусан, утаснууд нь холбогдоогүй. Тэгээд байж байхад Ж дахиад ******* дугаараасаа залгаад “Мандахтай яръя, Бтай яръя” гэсэн би “Бг цус сэлбэж байгаа” гээд яриулаагүй. Тэгэхэд би Жд “чи ийм хэрэг хийсэн юм чинь цагдаад яваад очооч ээ” гэж хэлсэн. Намайг “Мандахтай яриулаад өгөөч” гэхээр нь би охин “Болор гэрт очоогүй байна очихоор нь яриулъя, чи хүүгийнхээ ирээдүйг бодооч ээ чи ээжийгээ бодооч ээ” гэхэд “би Мандах болон бага дүүгээ бодож байна” гээд хэлж байсан. Тэгээд салгасан дахиад 4 дэх удаагаа залгахдаа “Мандах хүүтэйгээ яримаар байна, хүүтэй минь яриулж өгөхгүй юм уу” гэхээр нь “яриулна” гээд салгасан. 5 дахь удаагаа залгаад “та Мандахтай яриулаад өгөөч ээ” гээд нэлээн ширүүн ярьсан. Би “охин очоогүй байна” гээд салгасан. Тэрний дараа 3-4 удаа залгасан би утсыг нь аваагүй. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Ж өөрийнхөө ******* дугаараас залгаад “Мандахтай яриулаад өгөөч” гэхээр нь би “охиныхоо дугаарыг мэдэхгүй байна асууя” гэхэд “Бгийн бие яаж байна” гэхээр нь би “гайгүй байна, толгой нь эргэж байна” гэж хэлэхэд “та надад нэгж өгөөч” гэхээр нь би утсаа салгаад нөхөр лүүгээ залгаад болсон юмыг хэлсэн. Удалгүй Ганболд цагдаа яриад “нэгж өгч болохгүй, хүүхэдтэй нь яриулж болохгүй, Бтай яриулж болохгүй” гэсэн. Дахиад Ж залгаад “нэгжээ яасан” гэхээр нь “эгч нь нэгж явуулж чадахгүй байна, утсаа сайн мэддэггүй” гэсэн. Тэгэхэд “би хөлдөж үхэх гээд байна, хүүтэйгээ яръя” гэхээр нь утсаа салгачихсан юм. Тэрнээс хойш яриагүй. ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182- 185-р ху/,
12.Э.Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 03 дугаар сарын 21-ий өдөр өгсөн: ...намайг хадам ээж Н-ындаа байхад Ерөө сумын их эмч ажилтай Э нь гэдсээ дараад сандарсан байдалтай байсан ба “Б сувилагчийн нөхөр Ж нь хутгаар гэдэс рүү хатгачихлаа” гэж хэлсэн. Тэгээд хэвтүүлээд харахад гэдсэн тус газар нь 1 удаа хутгалуулсан шарх харагдаж байсан. Тэгээд эмнэлэг дуудаж өвчин намдаах тариа хийж байгаад эмнэлэг рүү өөрийнхөө Приус 30 маркийн машинаар хүргэж өгсөн. Э гэрт орж ирэхдээ сандарсан байдалтай гэдсээ дарсан байдалтай ирсэн юм. Тэгээд буйдан дээр хэвтүүлээд харахад хэвлий тус газар нь хутга орсон шархтай, эмнэлэг дуудаад гадагш эмнэлэг рүү хүргэж өгөхөд нилээн хөндүүр өөрөө явж чадахгүй, даавуун дээр хэвтүүлээд эмнэлэг рүү оруулсан. ...гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 186-р ху/, 13.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27- ны өдрийн 2757 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Я.Бгийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус, агаар хуралдалт, баруун гарын долоовор хурууны нугалагч шөрмөс, мэдрэлийг тасалсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11- д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...гэх дүгнэлт. /1-р хх-ийн 193-195-р ху/
14.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27- ны өдрийн 2756 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.У.Эын биед хэвлийд хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11- д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй . ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 201-203-р ху/
15.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 19- ний өдрийн 1015 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цамцанд гарсан 11.6 см, 6.4 см хэмжээтэй уранхайны утасны тасралтын зах ирмэг жигд бус, суналттай, оёдлоороо ханзарсан байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан уранхай байна. Цагаан өнгийн халааданд гарсан 3.4 см, 3.7 см, урт ханцуйтай саарал өнгийн цамцанд гарсан 2.5 см хэмжээтэй уранхайнуудын утасны тасралтын зах ирмэг нэгэн жигд, суналтгүй, бохирлогдоогүй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдсэн уранхай байна. ...гэх дүгнэлт /1-р хх-ийн 208-210-р ху/
16.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 20- ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд зүсэгдсэн, ханзарсан, цоорсон уранхай гарсан байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн хар цамцанд гарсан 17 мм, саарал цамцанд гарсан 18 мм, маканд гарсан 15 мм, 42 мм, 18 мм-н хэмжээтэй уранхайнууд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна. Саарал цамцанд гарсан 34мм-ийн хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзарсан уранхай байна. Маканд гарсан 16х2мм-ийн хэмжээтэй уранхай нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр гарсан шинэ цоорсон уранхай байна. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 220-222-р ху/
17.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27- ны өдрийн 1161 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Хохирогч Я.Бгийн өмсөж байсан гэх цагаан өнгийн 1 хос гутал, цагаан өнгийн маск, цэнхэр зузаан цамц, цайвар өнгийн левчик, саарал өнгийн урт ноосон цамц, цагаан өнгийн эмчийн халаад, ягаан өнгийн эмнэлгийн өмд дээр цус илэрсэн. Уг цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна. 2.Я.Бгийн гэх цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна. ...гэх дүгнэлт /1-р хх-ийн-233-р ху/
18.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27- ны өдрийн 1160 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Хохирогч У.Эын өмсөж байсан гэх цагаан өнгийн цамц, цагаан өнгийн майк, хөх өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур өмд дээр цус илэрсэн. Уг цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна. 2.У.Эын гэх цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна. ...гэх дүгнэлт, /1-р 6 хх-ийн 238-239-р ху/,
19.Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа 17/20 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Яллагдагч Б.Ж нь сэтгэцийн хувьд эрүүл учир болсон хэрэг асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. 2.Яллагдагч Б.Ж нь сэтгэцийн хувьд эрүүл удамшлын өвчингүй болно. 3.Яллагдагч Б.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлтэй эсэхийг тодорхойлох боломжгүй байна. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 247-р ху/, 14.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /2-р хх-ийн 05-07-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-12-р ху/, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 13-р хуудас/, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-24, 29-35-р ху/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р 25- 26-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгай тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 49-50, 67-68, 119-120, 2-р 146-147-р ху/, хохирогч У.Эын эмчилгээний зардлын баримт /1-р хх-ийн 69-118-р, 2-р хх-ийн 198-237-р ху/, хохирогч У.Эын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1-р хх-ийн 121-125-р ху/, хохирогч У.Эын өвчний түүх /1-р хх-ийн 51-56, 2-р ххийн 80-86-р ху/, хохирогч Я.Бгийн өвчний түүх /2-р хх-ийн 67-79-р ху/, хохирогч Я.Бгийн эмчилгээний зардлын баримтууд /2-р хх-ийн 197-237-р ху/, хэрэг бүртгэлтийн 203100073 дугаартай хэрэгт эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан материал /2-р хх-ийн 96-р ху, ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хашбатын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багт оршин суудаг айл өрхүүдээр биечилсэн сурвалжилга хийж ажилласан илтгэх хуудас, /2-р хх-ийн 109-138-р ху/, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 191,199,207 ,219,231 237,246-р ху/, шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 193-195, 201-203, 208-214, 220-226, 232-233, 238-239, 247-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /1-р хх-ийн 198, 206, 218, 236, 242, 250-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /1-р хх-ийн 196, 197, 204, 205, 216, 217, 228, 229, 234, 235, 240, 241, 248, 249-р ху/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1-р ххийн 215,227-р хуудас/, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 01-р хуудас/, шүүгдэгчид яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, /2-р хх-ийн 08-17-р ху/, түүхчлэн байцаасан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 18- 20-р ху/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын санал /2-р ххийн 23-25, 195-196-р ху/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж /2-р хх-ийн 26-27-р ху/, яаралтай тусламжийн хуудас /2-р хх-ийн 28-31-р хуудас/, эрүүлжүүлэгдсэн болон захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 33-р хуудас/, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн хувийн хэрэг /2-р хх-ийн 34-51-р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 52-р хуудас/, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 59-р хуудас/, шүүгдэгч Б.Жы дансны хуулга /2-р хх-ийн 61, 63, 64-р хуудас/, шүүгдэгч Б.Жы амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /2-р хх-ийн 149-168-р хуудас/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт /2-р хх-ийн 168-173-р хуудас/, гэрт бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /2-р хх-ийн 174-178-р хуудас/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 188-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 186,187-р ху/, хууль сануулан хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны оройн 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн байранд хамтран амьдарч байсан иргэн Я.Бгийн цээжин тус газар нэг удаа хутгалж, улмаар тус эрүүл мэндийн төвийн хашаан дотор их эмч У.Эыг хамтран амьдрагч Я.Бтай хардаж хэвлий тус газар нь нэг удаа хутгалж, 2 хүнийг алахыг завдсан 7 гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн гэм хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгай тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч У.Эын эмчилгээний зардлын баримт, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, өвчний түүх, хохирогч Я.Бгийн өвчний түүх, эмчилгээний зардлын баримтууд, хэрэг бүртгэлтийн 203100073 дугаартай хэрэгт эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан материал, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, шүүгдэгчийг түүхчлэн байцаасан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэрт бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, хууль сануулан хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгчийг “хоёр, түүнээс олон хүнийг”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс “...Б.Жы үйлдэл нь хүнийг санаатай алахаар завдсан санаа сэдэлт байхгүй, хэргийн сэдэлт зорилгыг нарийвчлан тогтоогоогүй тул зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.
Учир нь: Шүүгдэгч Б.Ж нь хохирогч Я.Бтай тухайн өдөр ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа үүсээгүй өөрөөр хэлбэл түүнийг ажил үүргээ гүйцэтгэж байхад ажлын байранд нь нэвтрэн орж үгийн солиогүй цээжин тус газарт нь хутгалж цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус, агаар хуралдалт, баруун гарын долоовор хурууны нугалагч шөрмөс, мэдрэлийг тасалсан шарх гэмтэл үүсгэж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан нь түүний амь насыг хохироохоор завдсан идэвхтэй үйлдэл гэж дүгнэв. Мөн тухайн өдрийн оройн 22 цагийн орчимд шүүгдэгч Б.Ж нь хохирогч У.Эыг сумын эрүүл мэндийн төвийн бие засах газраас гарч ирэх үед араас нь очиж “Э эмч мөн үү” гэж лавлан мөн болох талаар хариултаа авмагц ямар нэгэн хувийн харилцаа үүсгэлгүй хэвлийн тус газарт хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж, учрах үедээ амь насанд нь аюултай хүнд гэмтэл үүсгэн амь насыг нь хохироохоор завджээ. Хохирогч нарт учирсан гэмтлүүд нь учрах үедээ амь насанд нь аюултай шинжтэй бөгөөд харин Эрүүл мэндийн байгууллагын тусламжийг яаралтай цаг алдалгүй авч амь нас нь аврагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт болон бичгийн баримтуудаар нотлогдсон байна. Шүүгдэгч Б.Жы гэмт үйлдлийн улмаас хохирогч Я.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч эмчилгээний зардалд 2.969.308 төгрөг, хохирогч У.Эын биед хүнд хохирол учирч эмчилгээний зардалд 3.510.448 төгрөгийн гарсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон бөгөөд шүүхийн шатанд дээрхи хохирлын төлбөрүүдийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан болно. Хохирогч У.Э нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 4.241.600 төгрөгний нэхэмжлэл гаргаж өгснөөс өмгөөлөгчид төлсөн хөлс 3.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний төлбөр болон бензиний зардал 1.241.600 төгрөгийг Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Жаас гаргуулан хохирогч У.Эд олгож шийдвэрлэлээ. Учир нь: Хохирогч У.Э түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нарын хооронд 8 байгуулагдаж буй “эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх” гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдэж буй гэрээ бөгөөд энэ заавал хийгдэх шинжтэй, албадлагын зүйл биш тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулан тооцохгүй болно. Шүүгдэгч Б.Жы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх үндэслэлүүд нотлогдсон байна. Мөн шүүгдэгч Б.Ж нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан гэмт хэргийн улмаас эмчилгээний зардлуудыг нөхөн төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч талаас гаргаж өгсөн эмчилгээний болон бусад зардлуудыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.8-р зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д зааснаар шүүгдэгч Б.Жд 10/арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Жы энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 02 дугаар сарын 23-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 89 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов. Энэ гэмт хэргийн улмаас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8-р зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч Б овогт Бийн Жыг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” 2 хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Жаас 1.241.600 төгрөг гаргуулан хохирогч У.Эд олгож, 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-р зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д зааснаар шүүгдэгч Б овогт Бийн Жд 10 /арван/ жилийн хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Жы энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 02 дугаар сарын 23-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 89 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Хохирогч У.Э, Я.Б нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6.Ялтан Б.Жд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний 9 өмгөөлөгч, хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ: Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭБАТ
С.НОЛХООСҮРЭН