Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2020/ДШМ/484

 

 

 

 

                                                       

П.Г, Ц.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цэрэнжамц,

шүүгдэгч П.Г, Ц.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/332 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Гийн гаргасан давж заалдах гомдлоор П.Г, Ц.Б нарт холбогдох 1906069910047 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Ө овгийн Цийн Б, 1999 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд автомашины операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 5 дугаар гудамжны 52-а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            2. Б овгийн Пы Г, 1999 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарбаатар гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            П.Г нь Ц.Бтой бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 27-701 тоотод оршин суух иргэн О.Лхагвасүрэнгийн гражийн хаалгыг чулуугаар эвдэж ороод байшин руу хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын 49 инчийн зурагт, зурагтын удирдлага, цагаан өнгийн хаш хөөрөг, улаан өнгийн халтар манан хөөрөг, бор өнгийн чулуун хөөрөг, бор өнгийн их гарын дайлан, бор өнгийн хуучин дайлан, товчин чихэр 500 грамм, урт чихэр 2 кг, жигнэмэг 24 ширхэг, лапша гоймон, улаан тамхи 1 ширхэг, стек /жижиг бялуун бүтээгдэхүүн/ 10 ширхэг, цагаан өнгийн чихэвч, гаазын хошуу, “Алеон” ургамлын тос 5 ширхэг, “3D box” нүдний шил зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.392.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Г, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө овогт Цийн Б, Б овогт Пы Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ө овогт Цийн Б, Б овогт Пы Г нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б, П.Г нарт тус тус 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Г, Ц.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч П.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Миний бие бүтэн өнчин, найз охины хамт түрээсийн байранд хоёр талаас харж хандах хүнгүй гачигдалтай, хэцүү амьдарч ирсэн. Найз охин маань 4 сартай жирэмсэн учраас би ажил хийж амьдралаа залгуулдаг байсан. Би гэм буруугаа ойлгон ухамсарлаж, цаашид ажил хөдөлмөр хийж, эхнэр, хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлж амьдарна. Иймд миний ар гэрийн гачигдал, хувийн байдал, гэм буруугаа ухамсарлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзсан үзэж, бид хоёрт оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч П.Гтай санал нэг байна. Бид хоёрт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Цэрэнжамц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Г, Ц.Б нар хүн байнга оршин суух зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялын санкцтай. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг багасгаж, шүүгдэгч нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Мөн шүүгдэгч П.Г давж заалдах гомдолдоо гэм буруу дээрээ маргаагүй, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байна. Энэ нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал учраас прокуророос тусгайлан гаргах санал байхгүй. Анхан шатны шүүх хуульд заасан хамгийн бага ялыг оногдуулсан нь үндэслэлтэй байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            П.Г, Ц.Б нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 27-701 тоотод оршин суух хохирогч О.Лхагвасүрэнгийн гражийн хаалгыг чулуугаар эвдэн, байшин руу хууль бусаар нэвтэрч, “TCL” загварын, 49 инчийн зурагт, зурагтын удирдлага, цагаан өнгийн хаш хөөрөг, улаан өнгийн халтар манан хөөрөг, бор өнгийн чулуун хөөрөг, бор өнгийн их гарын дайлан, бор өнгийн хуучин дайлан, товчин чихэр 500 гр, урт чихэр 2 кг, жигнэмэг 24 ширхэг, лапша гоймон, улаан тамхи 1 ширхэг, стек /жижиг бялуун бүтээгдэхүүн/ 10 ширхэг, цагаан өнгийн чихэвч, гаазын хошуу, “Алеон” ургамлын тос 5 ширхэг, “3D box” нүдний шил зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.392.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч О.Лхагвасүрэнгийн “...Гал тогооны өрөөнд байсан “TCL” загварын 49 инчийн зурагт алга болсон. ...Гражийн хаалга хартал гаднаас нь цоожийг нь эвдсэн байсан. ...”TCL” загварын 49 инчийн хар өнгийн зурагт 1.500.000 төгрөгийн, зурагтын удирдлага 10.000 төгрөгийн, цагаан өнгийн хаш чулуун хөөрөг 50.000 төгрөгийн, улаан өнгийн халтар манан хөөрөг 150.000 төгрөгийн, бор өнгийн чулуун хөөрөг 150.000 төгрөгийн, бор хүрэн өнгийн их гарын дайлан 250.000 төгрөгийн, бор өнгийн хуучин дайлан 50.000 төгрөгийн, 500 гр товчин чихэр 5.500 төгрөгийн үнэтэй, 2 кг чихэр 22.000 төгрөгийн, 24 ширхэг жигнэмэг 11.000 төгрөгийн, 3 кг лапша гоймон 6.500 төгрөгийн, 1 боодол улаан тамхи 10.500 төгрөгийн, 10 ширхэг стек /жижиг бялуун бүтээгдэхүүн/ 10.000 төгрөгийн, цагаан өнгийн дуу сонсдог чихэвч 60.000 төгрөгийн, гаазын хошуу 10.000 төгрөгийн, 5 литрийн савтай “Алеон” ургамлын тос 18.500 төгрөгийн, 1 ширхэг “3D box” нүдний шил 20.000 төгрөгийн тус тус үнэтэй эд зүйл, идэж уух юм манай гэрээс алдагдсан. ...” /хх 22-23/,

            иргэний нэхэмжлэгч Д.Сүхээгийн “...20 орчим насны эрэгтэй хүн ломбардад орж ирсэн. Тэр эрэгтэй хүүхэд надад “Мөнгө хэрэгтэй байна ах, 3 ширхэг хөөрөг 2 дайлантай байна. 1 ширхэг хөөргийг 20.000 төгрөгөөр авах боломж байна уу, бүгдийг нь хамт авбал дайлантай нь хамт өгчих юм” гэж хэлсэн. ...Тус залуугаас улаан өнгийн халтар манан хөөрөг 1 ширхэг, цагаан өнгийн хаш хөөрөг 1 ширхэг, бор өнгийн хөөрөг 1 ширхэг, бор өнгийн хуучин дайлан 1 ширхэг, бор өнгийн их гарын дайлан 1 ширхгийг бэлэн 55.000 төгрөг өгөөд худалдан авсан. ...” /хх 25-26/,

            иргэний нэхэмжлэгч Б.Баяраагийн “...Манай ломбардад “TCL” загварын хар өнгийн зурагт болон тус зурагтын хар өнгийн удирдлага бариад 20 орчим насны 2 залуу орж ирсэн. ...Энэ зурагтыг 300.000 төгрөгөөр тавих гэж байгаа юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би 250.000 төгрөгөөр үнэлж барьцаанд тавих боломжтой гэж хэлсэн. Тэд зөвшөөрсөн. ...” /хх 28-29/,

            гэрч Д.Хосбаярын “...Тухайн үед Г надад “Зээлтэй байна, зээл нь одоо шүүхэд дуудагдаад, тэр мөнгийг өгөх гэж аниагаас загнуулан байж зурагтыг нь аваад ирлээ, чиний бичиг баримт хэрэгтэй байна. Би энэ зурагтыг өөрөө ирж авна” гэж надад хэлсэн. ...“Кроун” гэх нэртэй ломбардад 250.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...” /хх 34/,

            П.Гийн яллагдагчаар өгсөн “...Тэр үед мөнгөгүй байсны улмаас хулгай хийсэн. Урьд өмнө нь хулгай хийж байгаагүй, хулгай хийх санааг бид хоёр ярилцаж байгаад гаргасан. ...Би бусдын эд зүйл хулгайлсан үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ....” /хх 66-67/,

            Ц.Бын яллагдагчаар өгсөн “...Урьд өмнө нь хулгай хийж байгаагүй, хулгай хийх санааг бид хоёр ярилцаж байгаад гаргасан. ...Тухайн үед ажилгүй, мөнгөгүй байсан болохоор хулгай хийсэн. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 72-73/ гэх мэдүүлгүүд,

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-11/, “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 51/, эд зүйл хураан авсан тухайн тэмдэглэл /хх 79/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухайн тэмдэглэл /хх 87/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Г, Ц.Б нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч П.Г, Ц.Б нар хохирогч О.Лхагвасүрэнгийн гражийн хаалгыг чулуугаар эвдэн орж, байшин руу хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.392.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх, шүүгдэгч П.Г, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

            Анхан шатны шүүх шүүгдэгч П.Г, Ц.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Лхагвасүрэн, иргэний нэхэмжлэгч Д.Сүхээ, Б.Баяраа нарын өгсөн “шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэгт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч П.Гийн “...Би гэм буруугаа ойлгон ухамсарлаж, цаашид ажил хөдөлмөр хийж, эхнэр, хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлж амьдарна. Иймд миний ар гэрийн гачигдал, хувийн байдал, гэм буруугаа ухамсарлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзсан үзэж, хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/332 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ