| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0175/З |
| Дугаар | 221/МА2026/0284 |
| Огноо | 2026-04-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0284
2026 04 30 221/МА2026/0284
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүн: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А
Нэхэмжлэгч: Б.Б-
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Б.Д-
Нэхэмжлэлийн шаардлага:
“Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжуудын Б.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, орц гарц гаргахыг даалгах”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 211 дүгээр шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Ч.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0175/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б-иас Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжуудын Б.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, орц гарц гаргахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 211 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дүгээр захирамжийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжуудын Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орц гарц гаргахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн 4.4 дэх хэсэгт “Нэхэмжлэгч Б.Б- 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан үүнээс хойш өөрөө тухайн газраа амьдарч, ашиглаагүй боловч 2021 оны 09 дүгээр сард бусдад газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хүсэлт гаргасан, түүний газрыг бусад этгээд буюу гуравдагч этгээд Б.Д- ашиглаж байсны улмаас газраа бодит байдалд ашиглаагүй нь дээр дурдсанаар тогтоогдсон” мөн тус шийдвэрийн 4.8 дахь хэсэгт “Өөрөөр хэлбэл, бусдын хууль бус үйлдэл буюу нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газарт гуравдагч этгээд гэр барьж, хууль бусаар ашигласны улмаас нэхэмжлэгч газраа бодит байдалд ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай, энэ талаар 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тайлбар бичгээр гаргаснаар тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байна” гэж үзжээ.
3.2. Гэвч Б.Б-ийн хувьд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан тайлбартаа өөрийн эзэмшлийн газрыг Б.Д нь ашиглаж байгааг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр анх удаа мэдсэн хэмээн тайлбар гаргасан байдаг. Үүнээс үзвэл Б.Б-ийн хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсоноос хойш бүтэн хоёр жилийн хугацаанд газар дээрээ нэг ч удаа очиж үзэж байгаагүй, тухайн газрын нөхцөл байдлыг мэдэж байгаагүй эсэх нь тогтоогдож байгаа тул үүнийг Б.Д ашиглаж байсны улмаас газраа бодит байдалд ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
3.3. Өөрөөр хэлбэл, шүүх тухайн үндэслэлийг гаргахдаа Б.Б- нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.4-т “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх;” гэсэн үүргүүдээ тус тус биелүүлсэн эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй.
3.4. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас судлан үзвэл Б.Б- нь өөрийн газрын ашиглалттай холбоотой ямар ч үйлдэл, гомдлыг гаргаж байгаагүй нь тогтоогдож байхад хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хэмээн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчин илт нэг талыг харсан шийдвэр гаргасан хэмээн үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад анхан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.Б-иас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжуудын Б.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, орц гарц гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Орц, гарцыг хаасан үйлдлээ тухайн дүүргийн газрын алба хүлээн зөвшөөрсөн...хариуцагч хууль зөрчиж бусдын орц, гарцыг хааж газар олгочхоод газраа эзэмшээгүй гэх үндэслэлээр газрын эрхийг цуцалсан нь байж болохгүй асуудал...Газрын эрх цуцалсан үндэслэл нь тухайн дүүргийн Засаг дарга болон газрын албаны буруутай үйл ажиллагаанаас хамааралтай учраас гаргасан захирамж нь хууль зүйн үндэслэлгүй ... намайг өөрийн эзэмшил газартаа орох гарах нөхцөлгүй болгосон...бусдын эрх ашгийг хөндөж газар өмчлүүлж, эзэмшүүлж байгаа нь хууль зөрчсөн ... иймд орц, гарцын асуудлыг шийдүүлэхийг хүсэж байна” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...орц, гарцыг хааж Б.Д-д газар олгосон асуудлыг нэхэмжлэгч талаас ярьдаг. Үүнийг хариуцагч байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Анх батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн орц, гарц зүүн хойноосоо байдаг. 1-27А тоот нь орц, гарцыг хаагаагүй зүүн хойноосоо орж ирэх ёстой. Нэгж талбар нь 2024 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 1-27 тоотыг иргэн газраа давуу эрхээр үнийг нь төлж өмчилж авсан гээд 875 м.кв болж өөрчлөгдсөн. Үүнийг нягталж үзвэл 2018 онд давуу эрхээр өмчлүүлснээс биш 2014 онд анх ерөнхий байдлаар батлагдахдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар олгохдоо орц, гарцыг хаагаагүй” гэж тус тус тайлбарлан маргадаг.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон бөгөөд хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/3400 дүгээр албан бичгээр “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/376 дугаар захирамжаар иргэн Б.Б-д эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ЦИС ... гудамж, .... тоот хаягт байрлах нэгж талбарын 133..... дугаар бүхий газрын орц, гарцыг хэрхэн төлөвлөсөн талаарх баримт ирүүлэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас шаардсаны дагуу тус албаны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08-15/600 дугаар албан бичгийн хавсралтаар нэхэмжлэгч Б.Б-ь, гуравдагч этгээд Б.Д-, иргэн Т.Г- нарын газрын орц, гарцыг төлөвлөсөн зургийг ирүүлжээ.
5. Дээрх орц, гарч төлөвлөсөн төлөвлөлтийн зургаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б-ийн эзэмшил газрын орц, гарц зүүн хойд талд, гуравдагч этгээд Б.Д-гийн өмчлөл бүхий газрын орц, гарц баруун хойд талд тус тус байрлаж байх бөгөөд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ЦИС .. гудамж, .. тоот хаягт байрлах нэгж талбарын 133..... дугаар бүхий газрын орц, гарцыг хааж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/721 дүгээр захирамжаар иргэн Т.Г-ад 175 м.кв газрыг төлбөртэйгөөр газар өмчлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
6. Гэтэл анхан шатны шүүх “...тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь орц, гарц гаргахтай холбогдуулан даалгах шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэхдээ гуравдагч этгээд Б.Д-д газар эзэмшүүлж, өмчлүүлэхдээ орц, гарцыг хаасан, захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд гаргасан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тайлбарласан, захиргааны байгууллагад орц, гарц гаргуулахтай холбогдуулан хандаагүй тохиолдол даалгах шаардлагад шууд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй...” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжуудын Б.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, орц гарц гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.
7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан, үндэслэл нь “өөрийн эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаантайгаар эзэмшиж, ашиглах боломжгүй байсан бөгөөд үүнийг Баянзүрх дүүргийн Засаг дарга анхаарч үзээгүй, мөн миний эзэмшил газрын орц, гарцыг хааж бусдад газар олгосон хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас би газраа эзэмшиж, ашиглах боломжгүй байсан” гэж тайлбарлаж байх энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Т.Г-ыг гуравдагч этгээдээр татаж, үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, холбогдох хариуцагчийг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.
8. Тодруулбал, маргааны гол үндэслэл болох орц, гарц хаана байрлаж байгааг хөдөлбөргүй тогтоох замаар маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж тус тус заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.
9. Хэдийгээр анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/1129 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч орц, гарц гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч Б.Б- газар эзэмших эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй буюу шүүхийн шийдвэр бодит байдалд хэрэгжих боломжгүй байх тул энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
10. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар нотлох, үгүйсгэх зэргээр тайлбар баримтаа гаргаж, мэтгэлцэх боломж олгох шаардлагатай.
11. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 211 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ