Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 300

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр магадлалтай, 201713010030 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн, Б.Алтангэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Г-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх Г.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б гаргасан гомдолдоо “Миний бие гэртээ амарч байхад өглөө 9 цагийн үед хохирогч гэх Б буюу Шооноо ах, манай ээж Ц-ын хамт мотоциклтой ирсэн. Тэгээд ээж маань надад өнөөдөр хонь хараарай гэж хэлчихээд явсан. Түүнээс хойш 10 цагийн үед Оторын гэрт очиход хохирогч гэх Б, мөн М, Б ах, ээж байсан. Тэр үед хохирогч Б ахын нүүргүй бүлцийж хамрын хажуу тал нь хөхөрсөн байсан. Та наад нүд нүүр чинь яасан юм бэ гэхэд дуугай дуугай гээд байхаар нь хонинд явлаа гээд явсан. Тэгээд хонь хариулж байгаад өдөр 1 цагийн үед ирэхэд 1 шил архи задлаад хувааж ууж байсан ба Б ахыг асуухад төв рүү явсан гэж хэлсэн. Би та нар наад архи дарсаа болиорой гэж хэлээд төв рүү явган яваад буцахдаа Моондоотой хамт түүний мотоциклээр ирсэн. Хонь малаа гэрлүүгээ дөхүүлчихээд 19 цаг 30 минутын үед оторын гэрт иртэл М, Б, ээж бүгд тасарчихсан байсан. Орой төвийн гэрт түлээ мод хагалж оруулчихаад 21 цаг өнгөрч байхад оторын гэрт очсон чинь хохирогч гэх Б ах ээжийн цаагуур унтаж байгаад цочиж сэрсэн юм уу яасан юм мэдэгдэхгүй, учир битүүлгээр доромжилж дайраад байхаар нь та яагаад байгаа юм бэ гэхэд намайг заамдаж аваад хатавч руу дараад унасан.

Намайг ална гэж дайраад байхаар нь 2-3 удаа түлхээд битгий гай болоод бай гэж хэлсэн чинь Б ах мотоциклоо асаагаад явахдаа мотоциклоор онхолдож унасан тул гэртээ ирээд унтаад өгсөн. Өглөө 08 цаг 30 минутын үед төв рүү явахдаа хохирогч гэх Б ахыг татсан чинь яасан бэ? гээд нойроо харамлаад байсан. Тэгж татахад зүгээр байсан. Харин өдөр 12 цагийн үед Цагдаа сэргийлэх болж байцаалт өгсөн. 2017 оны 05 сарын 14, 15-ны өдрүүдэд Б ахыг зодсон хүмүүсийг байцаасан бөгөөд зодсон хүмүүсийн нэг нь Э байсан юм. Мөн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б ах дэлгүүрийн гадаа сургуулийн нярав Г гэдэг ахтай маргалдаж, зодолдсон асуудлыг шалгаагүй орхигдуулсан. Шүүхийн шатанд өмгөөлөгчийн үгэнд орж хэргээ хүлээн зөвшөөрч, улмаар хохирогчид учирсан хохирлыг барагдуулахаар түүнтэй уулзах гэсэн боловч ар гэрийн зүгээс уулзуулаагүйгээс гадна банкны дансны дугаар өгөөгүй. Ийм учраас хохирлоо барагдуулж чадаагүй.

Миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж 2018 оны 04 сарын 21-ний өдөр цагдан хорих байрнаас хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч танилцуулахгүй гэсэн хариу ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх ял оногдуулахдаа анх удаа хэрэгт холбогдсон, хохирол төлбөр төлөх боломжтой байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Хохирогчийн биед учирсан гэмтэл өмнөх өдрүүдийн зодооноос эсхүл мотоциклоос унахдаа учирсан эсэхийг тогтоож өгөхийг хүсч байна. Улсын дээд шүүхээс намайг буруутай гэж тогтоосон тохиолдолд миний хувийн болон ар гэрийн байдал, төлбөр төлөх боломжтой зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх Г.Б-ийг С.Б-тай маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж унагаад, өшиглөж зодон биед нь хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 5 жил хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хоёр шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийгээгүй байна. Иймд шүүгдэгч Г.Б-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Г.Б нь 2017 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө иргэн М-ын гэрт хэрүүл маргаан үүсгэж улмаар зодолдож, хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 5 жил хорих ял оногдуулсан. Уг шийдвэрийг шүүгдэгч эс зөвшөөрч гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шүүгдэгчийн өгсөн мэдүүлэгт хохирогч нь 2-3 удаа мотоциклоос унасан, унаад тогтохгүй байсан, мөн хохирогч нь Э-тай зодолдсон гэх мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан олон шарх, гэмтлүүд дан ганц шүүгдэгчийн үйлдлээс болж үүссэн нь тодорхойгүй, мотоциклоос унахад ямар гэмтэл учирсан, Э-тай зодолдоход ямар ямар гэмтэл учирсан эсэхийг тогтоогоогүй нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэл тогтоол, магадлал нь хэргийн бодит байдалд тохирсон, үндэслэл бүхий нотлох баримтад тулгуурласан байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн цагдан хорих байрнаас хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлтийг анхан шатны шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичгээр гаргасан боловч шүүхээс хэргийн материалтай танилцуулах боломжгүй гэсэн хариу өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн, Б.Алтангэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутагт иргэн Б.М-ын гэрийн гадаа С.Б-тай маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж унагаад, өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ийн гэм бурууг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн атлаа ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуульд заасантай дүйцэхүйц хэмжээний ялыг оногдуулж хууль буцаан хэрэглэх журмыг зөрчжээ.

Иймд шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан 5 жил хорих ялыг 3 жил хорих ял болгон хөнгөрүүлж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Харин “хорих ялыг торгох ялаар солих” тухай шүүгдэгчийн гомдол, “холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 дүгээр магадлалд:

“Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                     

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН