Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/02014

 

  2020            07           22                                                       183/ШШ2020/02014

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ........ тоот хаягт байрлах “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ....... тоот хаягт оршин суух Ж овогт Б.Б /0000000/-д холбогдох

9.625.275 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С ХХК-н Б овогтой Бтэй 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардлагатай эд материалыг түрээслүүлсэн. Б.Б нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 164 ширхэг бараа материалын түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 3.442.200 төгрөг болон дутаасан 91 ширхэг барааны үнэ 4.144.000 төгрөг, нийт 7.586.200 төгрөг төлөхөөс төлсөн түрээсийн төлбөр 869.350 төгрөг, төлсөн барьцаа 300.000 төгрөгийг тус тус хасч нийт түрээс болон дутаасан барааны үнэ 6.416.850 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулж байна. Дээрх төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алдангийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 267 хоногийн хугацаанд хоногийн 0,5 хувиар алданги тооцоход 8.566.495 төгрөг гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүрэг 6.416.850 төгрөгний 50 хувиар тооцож, 3.208.425 төгрөгийн алдангийг нэмж гаргуулна. Иймд Б.Бгээс түрээсийн төлбөр болон дутаасан барааны үнэ нийт 6.416.850 төгрөг, алданги 3.208.425 төгрөг, нийт 9.625.275 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргав. Хариуцагч нь хамгийн сүүлд 2019 оны 7 сарын 08 ний өдөр бараа буцаан өгсөн ба одоог хүртэл дутаасан 91 ширхэг бараа материал хаачсан нь мэдэгдэхгүй байгаа ба манайх 7 хоног дотроо 400 төгрөгөөр, 10 хоногт 250 төгрөгөөр, 20 иос дээш хоногт 220, 200 гэх мэтээр түрээслэх нэг хоногийн үнэ буураад явдаг ч гэрээндээ энэ талаар заагаагүй юм байна. Бид 91 ширхэг дутаасан барааны үнийг гэрээний хавсралтаар дутаавал хэдээр тооцож эргүүлэн төлөх талаар зааж, 2 дахин нугалуулж төлүүлэхээр байгаа ч энэ удаа нугалсан байдлаар нэхэмжлэхгүй байгаа гэдгийг хариуцагч анхаараасай. Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийн тухайд ч мөн 2019 оны 12 сарын 15 хүртэлхи байдлаар нэхэмжилж байгаа тул манайд ч бас хохиролтой, угтаа одоо ч бараагаа хүлээж аваагүй хохирсоор бусдад түрээслүүлж чадаагүй л байна гэсэн үг. Алдангийн хувьд тал хувиар бууруулах санал гаргасан ч хариуцагч зөвшөөрөөгүй тул эвлэрэх боломжгүй, хуулийн дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Өмгөөлөгч авна гэж өмнөх хуралдааныг хойшлуулсан ч зөвлөгөө аваад өөрөө орохоор болсон. 91 ширхэг барааг дутаасан талаар хүлээн зөвшөөрөх ч үнийн дүн нь зах зээл дээрхи үнээс 20 хувиар илүү үнэтэй байх тул энэ хувиар бууруулан  3315 200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин түрээсийн төлбөрийн үлдэгдлийг 560 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа ба яригдаж буй пум нь Талх чихрийн хашаанд зам дээр худгийн гадуур хучаастай байсан ба 2019 оны 7 сарын 6,7 ний орчим газарт тэнд нь булчихсан ба гаргах гэхээр зам сэтэрчих гээд байсан. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байна. Үүнийг гэрчлэх гэрч дуудмаар байгаа ч энд байхгүй болохоор болохгүй байна, утсан дээр он сар өдөртэйгээ зураг нь байгаа тул миний бие Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 т зааснаар гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй гэж гэрээнээс татгалзаж байна” гэв.

 

        Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч  С ХХК ийн  гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг  хангаж  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 91 ширхэг бараа материал дутаасан төлбөр 4 144 000 төгрөг, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 2 272 850 төгрөгийг, алдангид 3208425 төгрөгйиг нийт 9 625 275 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн болох нь 2019 оны 06 сарын 14-ний өдөр байгуулагдсан t335  дугаартай гэрээний агуулгаар нотлогдож байна. Тус гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээний хавсралтанд заагдсан төрөл, хэмжээ, тоо ширхэгийн эд хөрөнгийг түрээслэгчид тодорхой хугацаанд ашиглуулахаар түрээслүүлж, түрээсийн төлбөрийг түрээслэгч хугацаанд нь төлөх талаар тохиролцжээ. Уг гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийллээ гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээ хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангасан байна.

 Улмаар гэрээний дагуу анх 164 ширхэг бараа материал түрээслүүлж, тус бараанаас 91 ширхэг бараа материал дутсан тул одоог хүртэл хүлээлцээгүй байгаа талаар талууд маргахгүй байна. Харин 91 ширхэг бараа материалын үнэ болох 4 144 000 төгрөгийг нэхэмжлэгч тал гэрээний хавсралтанд дурьдагдсан дутагдсан эд хөрөнгийг төлөх үнийн жагсаалтыг үндэслэн гаргасан / хх ийн 5 дугаар тал/ гэдэг бол хариуцагч нь уг үнэ нь зах зээлийн үнээс 20 хувиар илүү тул 3 315 200 төгрөгийг л төлнө гэж мэтгэлцдэг. Шүүх 91 ширхэг бараа материалын үнэд 4 144 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн ба талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д “Түрээсийн эд хөрөнгийг дутагдуулсан нөхцөлд түрээслүүлэгчид үнийг 2 дахин нэмэгдүүлсэн үнээр төлж хохирлыг барагдуулна” гэж заасан байна. Мөн тус гэрээний хавсралтанд заагдсан үнээр буюу 2 дахин нэмэгдүүлэлгүйгээр  тооцсон байх тул хариуцагч уг үнийг төлөх үүрэгтэй байна.

Түрээсийн үлдэгдэл төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй ба талуудын хооронд байгуулсан гэрээний Нэгдүгээр зүйлийн 1.3 т “Энэхүү гэрээг 2019 оны 6 сарын 14-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 20 хоногийн хугацаатайгаар байгуулав. Гэрээг цуцлах талаар аль нэг тал нь бичгээр санал гаргаагүй нөхцөлд гэрээний хугацаа тодорхойгүй хугацаагаар сунгагдана. Түрээслэгч түрээсийн эд хөрөнгийг хүлээж авсан өдрөөс түрээсийн хугацаа эхэлж, буцааж хүлээлгэн өгсөн өдрөөр түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болно” гэж заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй талаар заасан байна. Хариуцагч хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйлйин нөлөөгөөр түрээсийн зүйлийн нэг болох хэв хашмалыг газарт булсан, тэр талаараа нэхэмжлэгч талд утсаар мэдэгдэж гэрээнээс татгалзсан тул нэг сарын түрээсийн төлбөр 560 000 төгрөгийг л төлнө гэж тайлбарладаг боловч 91 ширхэг дутаасан гэх барааг одоо хүртэл түрээслүүлэгчид хүлээлгэн өгөөгүй, хариуцагч нь барааг  газарт булсан тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, гэрээ цуцлах санал гаргаж байсан нь баримтаар тогтоогдоогүй болно. Гэхдээ шүүх түрээсийн төлбөрийн хэмжээг гаргахдаа талуудын байгуулсан гэрээний хавсралтанд заагдсан хамгийн доод үнэ буюу 200 төгрөгөөр тооцоход нийт түрээсийн тооцоо   3 442 200 /хх ийн 7 дугаар тал/  төгрөг бус 3 398 470 төгрөг болж байна. Уг үнийн дүнгээс барьцаанд төлөгдсөн 300 000 төгрөг болон урьд төлөгдсөн 869 350 төгрөгийг тус тус  хасахад түрээсийн төлбөрийн үлдэгдэлд хариуцагч нь 2 229 120 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д “ түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар нэг сарын өмнө урьдчилсан хэлбэрээр төлнө. Хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө” гэж заасан байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан нийт төлөгдөөгүй үнийн дүн болох / 2 229 120 + 4 144 000/ 6 373 120 төгрөгний тал хувь болох 3 186 560 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 292 дугаар зүйлийн 292.2, 292.4, 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Б.Б-гээс 9 559 680 /есөн сая таван зуун тавин есөн мянга зургаан зуун наян/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65 595 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гээс 167 904  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг, шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ                                     О.ЧУЛУУНЧИМЭГ