Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1082

 

 

                                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт С.Х т холбогдох эрүүгийн 2309021612045 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр хохирогч Э.Б ийн нуруун тус газарт хутгалж, биед нь баруун даланд хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд ...шүүгдэгч С.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр хохирогч Э.Б ийн нуруун тус газарт хутгалж, биед нь баруун даланд хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Э.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед байх, би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцэс рүү явдаг тойргийн хажуу талын 99 дүгээр худгийн хажууд шорон Х , Н, Э эгч, С.О , Д нарын хамт 0,75 литрийн Хараа нэртэй архи уусан ба дуусаад бүгд салаад Дамбын эцэс дээр ирсэн чинь Г гээд ах тэнд байсан. Тэгээд О д 10,000 төгрөг өгсөн. Нөгөө худаг дээр Н, шорон Х , мөн түүний дүү С.О , Г , эгч Э нарын хамт сууж байсан чинь О  гэнэт орилоод байхаар нь би О г боль л доо чи, хүн сэтгэлээрээ ирж байхад гээд хэлж байсан чинь манай эгч Э намайг П  миний дүү чамайг Х  шаачихлаа шүү дээ, чиний нуруунаас цус гараад байна гэсэн. Би эргээд харсан чинь миний нуруунаас цус гараад байсан ба нэг харахад Г ахын өмд, цамц нь цус болсон байсан. Тэгээд цагдаа нар ирээд Шорон Х г аваад явсан. ...Шорон Х  юу ч хэлэлгүй миний араас нуруу руу хутгалсан байсан. Би яг хутгалж байхад нь мэдээгүй. Гэхдээ эгчийг хэлсний дараа би мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/,

 

Гэрч Д.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...О  “шорон Х  Б ийг хутгалчихлаа” гээд орилохоор нь харахад Б ийн нуруунаас цус гарч байсан. Би Б ийн фудволкоор цус гарсан хэсэг дээр нь дарсан. Тэгээд жижиг М  буюу М  нь нэг мэдсэн чинь ирчихсэн шорон Х  дээр очоод хутгыг нь булааж аваад зүлэг рүү газар шидсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

Гэрч Н.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Г гаас ...яасан талаар нь асуусан чинь шорон Х  Б  бид хоёрыг 99 дүгээр худгийн тэнд хутгалчихлаа гээд байсан. Тэгсэн чинь Э нь 99 дүгээр худаг руу гүйгээд явсан. Би араас нь яваад очсон чинь шорон Х  Э руу хутга барьчихсан дайраад байсан. Тэгэхээр нь би 103 дуудаж байгаад яваад очсон чинь Х  хутгаа хантаазныхаа дотор талын халаасанд хийсэн байсан, тэр нь цухуйж харагдаад байсан. Би гараас нь барьж байгаад өчиж унагаагаад хутгыг нь хашааны ёроол ру шидсэн. Удалгүй цагдаа ирээд шорон Х г аваад явсан. Харин Б ийг 103 аваад явсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10069 дугаартай “...Э.Б ийн биед баруун даланд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар тал/,

 

2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар тал/,  

 

Шүүгдэгч С.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч С.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч С.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр хохирогч Э.Б ийн нуруун тус газарт хутгалж, биед нь баруун даланд хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Х нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10069 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Б ийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.Х ын хохирогч Э.Б ийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б ийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул шүүгдэгч С.Х ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч С.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.Х нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Х ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-85 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 91 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч С.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс шүүгдэгч С.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х ын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 338 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисс-т даалгаж;

Тус битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт С.Х ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х ыг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х ын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 112 /нэг зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 338 /гурван зуун гучин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисс-т даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Х т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТСАЙХАН