Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 134/ШШ2020/00100

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1Д.А  нэхэмжлэлтэй

 

Хариуцагчийн төлөөлөгч: Б  холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Д.А нь Говьсүмбэр аймгийн Б.Эд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

          Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Б.Эийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн намайг ажлаас халсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт захиргааны актыг мэдэгдэх, ....баримт хуулах, ....хүчин төгөлдөр болох талаар тодорхой заасан байхад тус эрүүл мэндийн төвийн дарга надад ажлаас халах тухай мэдэгдэх хуудсыг өгөлгүйгээр ажлаас халсан нь дээрхи хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Мөн уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт заасан сануулах, сахилгын шийтгэл ногдуулах тухай гэсэн заалтыг баримталсан мөртлөө намайг ажлаас халах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд Говьсүмбэр аймгийн Б.Эийн даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. ...Би санхүүгийн тайлангаа нярав, жолооч нараас болж цаг хугацаандаа өгч чадаагүй. 1 дүгээр сард намайг ажил тасалсан гээд 5 хоногийн цалин хасан. Би ажил таслаагүй. Төрийн сан таныг ажлаас халсан гээд миний гарын үсэгтэй гүйлгээ хийхгүй байсан. Тэгээд 1 сард цалингаа тавьж чадаагүй. Намайг ажилдаа очиход чамайг ажлаас халсан, яах гэж ирсэн юм гэдэг байсан. Намайг ажилд ороход дарга нь шинээр орсон байсан. Тэгээд би бүх ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэж хэлж байсан боловч тэр дарга нь сар гаран болоод гарсан. Бямбасүрэн дарга бол 4 дэх дарга, түүнд ч бас хэлж байсан.    Гэвч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэжээ.

 

          Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Д.А нь Б.Эийн нягтлан байх хугацаанд өөрийн хийж буй ажилдаа хариуцлагагүй хандаж, тайлан мэдээгээ цаг хугацаандаа өгөхгүй, санхүүгийн болон аудитын заасан хугацаанд материалаа аваачиж өгөхгүй удаа дараа хоцроож байсан. Мөн шилэн дансны ил тод байдлыг алдагдуулж хугацаандаа байршуулаагүй. Мөн Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн хамтын гэрээг удаа дараа зөрчиж, ёс зүйн алдаа гаргаж байсан. Мөн дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, дуудсан цагт ажил дээрээ байдаггүй. Ажил дээрээ архи уух зэрэг ноцтой зөрчил гаргаж байсан. Хамтарч ажилладаг байгууллагууд бүгд хасах оноо өгсөн, энэ хүнтэй ажиллаж чадахгүй, өөрчил гэж хэлж байсан. Эдгээрийг үндэслэн ажлаас халахаас өөр аргагүй болсон. Энэ байдлыг нь өөрт нь би удаа дараа хэлж сануулж байсан. Архи уусан асуудал бол байнга байсан, долоо хоногийн 4,6 дахь өдөр бол согтуу байдаг байсан. Гэхдээ энэ асуудлыг нь ажилтны нэр төрийн асуудал гээд зохих байгууллагад нь мэдэгдээгүй, халсан тушаалдаа дурдаагүй. Нэг удаа цагдаагаар шалгуулахад 13,5-тай гарсан гэсэн баримт цагдаа дээр бүртгэлтэй байгаа. Д.Аг би урдны даргатайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж бодсон. Гэтэл сая материалд нь үзэхэд гэрээ байхгүй байсан.Байгууллагын дотоод журамд ажил тасалсан үйлдлийг ноцтой зөрчил гэж үзсэн байгаа гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Говьсүмбэр аймгийн Б.Эд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагчийн төлөөлөгч Б.Б нь ажлаас халсан тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарлана.

 

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Учир нь:

 

Говьсүмбэр аймгийн Б.Эийн даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/1 дугаартай тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.9, 20.2.12, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээлийн агуулга нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 2, 3 дугаар зүйл, Байгууллагын дотоод журмын 3.5.4 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Доржийн Д.А нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон эрх бүхий байгууллагуудаас өгсөн зөвлөмж, албан шаардлагуудыг удаа дараа биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 хоногийн ажил тасалж, сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халжээ.

 

Дээрх тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ажилтанд “сануулах” шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалт байна.

 

Харин тушаалын агуулгаас үзэхэд ажил олгогчийн зүгээс, нэхэмжлэгч Д.Аг  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж харагдаж байна.

 

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг хохиролд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна.

 

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

 

Сахилгын шийтгэлийг ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч, харин сахилгын зөрчил гаргасан этгээд нь тухайн ажил олгогчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтан байна.

 

Гэтэл дээр дурдсан нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой баримт болох талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчоос шүүхэд гаргаж өгөөгүй төдийгүй тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу ажил олгогч буюу албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Мөн ажил олгогчийн Б/1 дугаар тушаалд тэмдэглэсэн “...Хөдөлмөрийн дотоод журмын 3.5.4” гэсэн заалт нь сахилгын ноцтой зөрчил гэж тооцохоор тогтоосон зохицуулалт биш байна.

 

Хэдийгээр ажил олгогчоос гаргасан дотоод журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй бөгөөд журамд заасныг зөрчвөл “ноцтой зөрчил”-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байх учиртайг дээр дурдсан хуульд тодорхой тусгажээ.

 

Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь тушаалын үндэслэлийг нотлох үүрэгтэй.

         

          Ийнхүү хөдөлмөрийн харилцааны талууд болох ажил олгогч, ажилтны эрх, үүргийг тодорхойлох хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас халсантай холбоотой зөрчил гаргаж гэж үзэх, улмаар түүнд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй.

 

          Иймд нэхэмжлэгч Д.Аг Говьсүмбэр аймгийн Б.Эийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримтлан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн 2019 оны 11, 12, 2020 оны 01 дүгээр сарын цалингаас дундаж цалинг /869500+1151453+615177=2636130:3 сар=878710:21,5 нэг сарын ажлын өдөр=40870 нэг өдрийн цалин/ тооцож, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал ажлын 55 хоногийн /02 дугаар сард цагаан сарын 3 хоног хасагдана/ цалинтай тэнцэх олговор нийт 2 247 850 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг цалингаас түүний нийгмийн болон дэвтэрт суутгал хийж нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. 

 

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...даргын тушаалыг хүчингүй болгож, ... гэж бичсэн нь бие даасан шаардлага бус, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл болох тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй, улмаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд байгууллагын дарга өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгох үүрэгтэй.

 

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Б.Эөөс ажлаас үндэслэлгүй халсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжинд  50 916 төгрөг нийт 121 116 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Аг Говьсүмбэр аймгийн Баянтал  сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Говьсүмбэр аймгийн Б.Эөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 247 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

         

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Агийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Б.Эд даалгасугай.

 

3.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 121 116 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.НАРАНЧИМЭГ