Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2020/00076/И |
Дугаар | 134/ШШ2020/00120 |
Огноо | 2020-05-28 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 134/ШШ2020/00120
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд багш ажилтай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 6-75 тоотод оршин суух, Чимэд овогт Ойдовын О.Н /РД:ЗМ86011208, утас: 88660633/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1988 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 3-02 тоотод оршин суух, Халх овогт Сарантуяагийн С.Н /РД:УХ88092795, утас:88540112/-д холбогдох
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н, хариуцагч С.Н, нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч С.Над холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Н миний бие С.Нтай 2012 онд гэр бүл болон хамтран амьдарсан. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Гэр бүл болсноосоо хойш 2014 оны 02 дугаар сарны 21-ний өдөр хүү Н.Г, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр охин Н.У нар төрсөн. С.Н нь өөр хүүхэнтэй сүүлэрч араар тавих, хуурах явдал нь олширч улмаар үл ойлголцол бий болж үргэлж хэрүүл хэрүүл маргаантай байх болсон тул бид хамтдаа хүүхдүүдээ зөв өсгөж хүмүүжүүлэхгүй гэж үзэн салах шийдвэр гаргаж, С.Н нь салж яваад хоёр жил болж байна. Хүүхдүүд миний асрамжинд байгаа бөгөөд цаашид би өөрөө хүүхдүүдээ асрамжилна. Иймд хоёр хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Н миний бие О.Нийн шүүхэд гаргасан хоёр хүүхдийн тэгэлгийг шүүхээр тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Салсан шалтгааныг О.Н нэг талыг барьж буруу бичсэнд санал нийлэхгүй байна. Салаад хоёр жилийн хугацаанд нэг ч удаа хоёр хүүхэдтэй минь уулзуулж, утсаар яриулаагүй. Хүүхдүүдтэй минь холбоотой байлгаж, уулзуулах эрхийг минь хангаж өгнө үү. Би хөдөө ажилтай, ёс төртэй хуримаа хийнэ гэсээр байгаад гэрлэлтээ албан ёсоор батлуулж чадаагүй. Ер нь бол би эхнэр, хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрахыг хүсэж байгаа. Өмнө нь энэ хүнийг гомдоож байсан, түүнийгээ ухаарч уучлалт гуйж байна. Энэ хүн одоохондоо надтай амьдрахгүй гэж байгаа боловч цаашдаа надад боломж олдоно гэдэгт би итгэж байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч С.Над холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч О.Н, хариуцагч С.Н нарын дундаас 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүү Н.Г, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр охин Н.У нар төрсөн бөгөөд зохигчид албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэлгүй 2012-2017 оны хооронд хамтран амьдарч байсан болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаартай “О.Н нь ам бүл-3, хүүхдүүдийн хамт, ... оршин суудаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, өрхийн эмчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Н.Г нь 6 настай, эрүүл бойжиж байгаа” “Н.У нь 3 настай, эрүүл бойжиж байгаа” гэсэн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, талуудын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Хариуцагч С.Н нь хүү Н.Г, охин Н.У нарыг өөрийн төрсөн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд улмаар хүүхдүүд эцгээрээ овоглож төрсний гэрчилгээ авснаар захиргааны журмаар эцэг тогтоогдсон, хүүхдүүдийн асрамжийн асуудлаар зохигчдын хэн аль нь маргаан гаргаагүй, хүүхдүүд одоогоор эх О.Нийн асрамжинд байгаа болох нь тогтоогдож байх тул бага насны хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчин, эцэг, эхийн хайр халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан хүү Н.Г, охин Н.У нарыг эхийнх нь асрамжинд үлдээлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2020 онд Говьсүмбэр аймагт тогтоогдсон хэмжээ 198 300 төгрөг/ тэтгэлэг тогтоож, эцэг С.Наар хүү Н.Г,охин Н.У нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.
Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь тусдаа амьдарч байсан ч хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66 210 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Наас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 66 210 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар хүү Н.Г, охин Н.У нарыг эх О.Нийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ........ оны ....... дугаар сарын ........... өдөр төрсөн хүү ..........овогт ..............., г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн тэднийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 33 105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эх хэн алиндаа саад учруулахгүй байхыг мэдэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.Н-д даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ