Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1111

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Г.Ундрах,

Хохирогч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, түүний өмгөөлөгч О.Буянтөр,             Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овогт Б ын Н д холбогдох эрүүгийн 2309000941679 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 06-наас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, ... ХХК-д брэнд менежерээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эмэгтэй хүний дотуур хувцаснаас зарлагын падаан үйлдэх, тус компанийн “...” гэх фэйсбүүк пэйж дээр дотуур хувцасны захиалга авч, мөнгийг нь Б.Х ы ...  тоот данснаас өөрийн ...  тоот дансанд шилжүүлж авч хувьдаа завшиж 15,416,594 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд ...шүүгдэгч Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 06-наас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, ... ХХК-д брэнд менежерээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эмэгтэй хүний дотуур хувцаснаас зарлагын падаан үйлдэх, тус компанийн “...” гэх фэйсбүүк пэйж дээр дотуур хувцасны захиалга авч, мөнгийг нь Б.Х ы ...  тоот данснаас өөрийн ...  тоот дансанд шилжүүлж авч хувьдаа завшиж 15,416,594 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд бэлэн хувцас борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д миний бие ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг. 2013 оноос хойш худалдааны зөвлөх болон брэнд менежерээр ажиллаж байсан Б.Н гэх эмэгтэй нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн сарын эцсийн тооллогоор бараа материал дутаасан болох нь тогтоогдсон ба үүнд эмэгтэй дотуур хувцас буюу 15,000,000 төгрөгийн бараа материал дутсан байдаг. Ингээд Б.Н гэх хүнтэй манай компанийн удирдлагууд уулзахад өөрөө 15,000,000 төгрөгийн үнэ өртөг бүхий барааг авсан болохоо хэлдэг. Энэ тухай манай компани хурлын тэмдэглэл үйлдсэн байгаа. Тохиролцоонд хүрсний дараа Б.Н нь 15,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн. Үүнээс хойш төлөлт хийгдээгүй байгаа. Б.Н гэх менежерийн хариуцаж ажиллаж байсан худалдааны зөвлөхүүд энэ тухай ярьдаг ба падан дээр бичүүлээд Б.Н өөрөө гарын үсэг зураад авдаг болж таарсан. Худалдааны зөвлөхүүдийн чат болон падан дээр Б.Н н өөрийн гарын үсэг байдаг бөгөөд Б.Н нь манай ... гэх фейсбүүк дээр дотуур хувцасны захиалга аваад мөнгийг нь өөрийнхөө хувийн дансаар болон бэлнээр авсан байдаг. Уг фэйж хаяг руу нэвтрэх эрхийг брэнд менежертэй өгдөг байсан юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

-дахин өгсөн: ...Би “... ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор 2014 оноос хойш ажиллаж байна. Тухайн ажилтан нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа 15,416,899 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн учруулсан хохирлынхоо 9,000,000 төгрөгийг манай байгууллагын дансанд ...2 хувааж шилжүүлсэн. ...6,416,594 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байна. ...Уг мөнгийг нэхэмжилнэ. ... гэх мэдүүлэг /хх-ийн 183 дугаар тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Эцсийн тооллогоор бараа материал дутсан учраас дахин тооллого явуулахад бараа дутсан. Б.Н тэй уулзахад би авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Б.Н д он гарахаас өмнө төлөөрэй гэж хэлээд тохиролцоход 4,000,000 төгрөг төлсөн. Түүнээс хойш үлдэгдэл төлбөрөө төлөөгүй учраас шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шатанд 5,000,000 төгрөг өгсөн. Одоо 6,000,000 төгрөг дутуу. Хохирлоо барагдуулчихвал гомдол саналгүй... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Б.Х ы “Хаан банк” ХХК дахь ...  дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 147-149 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Б.Н н “Хаан банк” ХХК-д эзэмшдэг дансны хуулга /хх-ийн 192-216 дугаар тал/,

 

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ /хх-ийн 27-28 дугаар тал/,

 

Зарлагын баримтууд /хх-ийн 87-129 дүгээр тал/,

 

Бараа материалын үлдэгдлийн тайлан /хх-ийн 132-136 дугаар тал/,

 

Шүүгдэгч Б.Н н мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2021 оноос 2022 онд ажиллаж байх хугацаандаа ... дэлгүүрийн дотуур хувцасны тасгаас худалдан авагчид зарж, олсон орлогыг өөрийн хувийн дансаар болон бэлнээр аваад хувьдаа хэрэглэдэг байсан. Тус дэлгүүрт хосоороо 150,000 төгрөгийн дотуур хувцас борлуулагддаг байсан. ...Хүнд 6,000,000 төгрөгийн өртэй байсан учраас тийм үйлдэл гаргасан. Үлдэгдэл 8 сая гаруй төгрөгийг хувьдаа хэрэглэсэн байдаг. Мөн дэлгүүрийн бэлэн орлогыг Х  гэх худалдагчаасаа цалин дээрээсээ өгнө, туслаач гэх мэтээр гуйж авдаг байсан. ...Би байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсанаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 164 дүгээр тал/,

-дахин өгсөн: ...Тухайн хохирол болох 15,416,594 төгрөгөөс би 4,000,000 төгрөгөөр нэг удаа, 5,000,000 төгрөгөөр нэг удаа, нийт 9,000,000 төгрөгийн тухайн байгууллагад нөхөн төлсөн. Одоо 6,416,594 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх ёстой байгаа. ... гэх мэдүүлэг /хх-ийн 185 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

 Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н гээс: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 06-наас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, ... ХХК-д брэнд менежерээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эмэгтэй хүний дотуур хувцаснаас зарлагын падаан үйлдэх, тус компанийн “...” гэх фэйсбүүк пэйж дээр дотуур хувцасны захиалга авч, мөнгийг нь Б.Х ы ...  тоот данснаас өөрийн ...  тоот дансанд шилжүүлж авч хувьдаа завшиж 15,416,594 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс үлдэгдэл 6,416,594 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Н нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Нэргүүй нь нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-д брэнд менежерээр ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 15,416,594 төгрөгийн бараа материалыг хувьдаа завшин авсан үйлдэл нь “...Хөрөнгө завших...” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Дандарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ... ХХК-д 15,416,594 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Н нь 9,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнээс үлдэх хохирол болох 6,416,594 төгрөгийг гаргуулж ... ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:   

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Б.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Н нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Н н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 169 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 167 дугаар тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 168 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 170 дугаар тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 171 дүгээр тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 172 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 173 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Н нь ...  тоотод байнга оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Б.Н г дээрх хугацаанд байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлын талаар:

Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П  овогт Б ын Н г Үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д шүүхээс оногдуулсан байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н гээс 6,416,594 /зургаан сая дөрвөн зуун арван зургаан мянга таван зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж ... ХХК-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТСАЙХАН