Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1109

 

  

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

улсын яллагч Н.Энхтулга,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д гийн Э т холбогдох эрүүгийн 2209013541088 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Номин супермаркетын урд талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.З тай маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд ...шүүгдэгч Д.Э нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Номин супермаркетын урд талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.З тай маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Д.З ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Тухайн өдөр ажилдаа 08 цагийн үед гараад явсан. Уг нь би амарч байсан юм. Тэгэхэд хурал зарлаад бүх ажилчдыг дуудсан ба хуралдаа сууж тараад байж байтал манай ажилчид бөөндөө сууцгаах уу гээд ажил дээрээ ажлынхантайгаа ганц нэг шил архи уусан. Манай нөхөр Э  залгаад, чат бичээд байхаар нь би учир байдлаа бүгдийг нь хэлж байсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад Э  ажил дээр ирэхээр нь гараад очиход бага охинтой хамт намайг машинд суу гэхээр нь би машин тойрч очоод арай болоогүй байна гэхэд тэр чинь ямар хамаатай юм гээд гарнаас чирч машинд суулгаад хаалгаа цоожлоод миний нүд орчимд гараараа цохиход хамраас цус гарсан. Тэр чигээрээ гэрийн үүдэнд очоод намайг гэр лүү ор гэхээр нь би орохгүй гэхэд намайг чирээд гэр лүү орсон. Тэгээд намайг ална шүү гэж хэлээд ажил хийх гэж явсан хүн ингэж гангалж явахгүй гэх мэтээр уурлаад байсан. ...Манай нөхөр Э  байнга зодож цохидог зүйл бол байхгүй. Муудалцахаараа би салъя гэхээр чи надаас салах юм бол би амиа хорлоно эсвэл чамайг ална, нэг бол чиний нүүрийг хэн ч харж чадахгүй болтол сэглээд хаячихъя гэх зэргээр хэлдэг ч тийм үйлдэл бол гаргадаггүй. Гэхдээ л би айдастай байна. Ер нь бол намайг хардаад байдаг юм. Архи уусан үедээ зодож цохиод байхгүй ч гэсэн агсам тавиад байдаг байсан. Тэгээд архины эмчилгээ хийлгээд огт архи уухгүй байгаа юм. Ер нь бол арга хэмжээ авагдаж байсан. Тоог нь бол холж мэдэхгүй байна. Манай ажлын гадаа буюу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын Номин супермаркетын урд талын байрны голд байхад миний нүүр хэсэгт 2 нүдний гол хамрын дээд хэсэгт 1 удаа цохисон. Манай нөхөр Э  нь нэлээд том гартай юм. Тэгэхэд миний хамраас цус гарсан. Хавдар нь буугаад ирэхэд миний хамар далийсан байсан. Энэ чигээрээ шууд салчихвал гомдол санал алга. Эргэлдээд байвал хэцүү л байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 7541 дугаартай “...Д.З ын биед баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, зовхи, хамрын нуруу, зүүн хацар, баруун шуу, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/,

 

Шүүгдэгч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би гарын ар хэсгээрээ нэг удаа түүний нүүр хэсэгт цохисон. Гэтэл хамраас нь цус гараад доошоо тонгойгоод машинд цусаа гоожуулаад суугаад байсан. ...Нүүрний гэмтлийг бол нэг удаа цохисон. Тэгээд гараас нь чирч оруулж байхад хөлд нь гэмтэл учирсан байж магадгүй. ...Эдгээр гэмтлүүдийг учруулсан гэдгээ би хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э аас: ...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Номин супермаркетын урд талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.З тай маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Э нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 7541 дугаартай дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Э ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тайлбар хэсэгт: “...Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа ...хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно...” гэж заажээ.

Хохирогч Д.З , шүүгдэгч Д.Э нар нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” буюу хамтран амьдрагч нар болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.З  нь хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, мөн хохирогчоор нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.З ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч Д.З  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Э аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Д.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Э нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Э ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнгэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 58-64 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Д.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт удаа дараа холбогдож байгаа, засарч хүмүүжээгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаа зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э ын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 272 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцон, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д гийн Э ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э ыг 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э ын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 272 /хоёр зуун далан хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай. 

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.З  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Э аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Э т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТСАЙХАН