Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2020/00125

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Р.Ц  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Д.С /РД: холбогдох

 

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Ц, хариуцагч Д.С, нарийн бичгийн дарга П.Энхбат  нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Р.Ц нь хариуцагч Д.Сд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

          Нэхэмжлэгч Р.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Ц миний бие 2012 онд Д.Стэй танилцсан. Бидний дундаас 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин Ц.Ц төрсөн. Танилцсаныхаа дараа гэр бүлтэй гэдгийг нь мэдсэн. Тийм учраас би хүүхэд гарснаас хойш ирээд хэрэггүй гэж хэлсэн. Тухайн үедээ би боломжийн амьдралтай байсан учраас ээж, 2 хүүхдээ тэжээн тэтгээд байж чадна гэж өөртөө итгэлтэй байсан. Гэвч сая энэ өвчнөөс болоод хувиараа хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Тиймээс хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Ноднин шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч бид хоёр тохиролцож, Д.С надад 4 500 000 төгрөг өгч, би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан. Тэр мөнгийг амьдрал ахуйдаа, хүүхдийнхээ хэрэгцээнд зарцуулсан. Одоо төлөх боломжгүй гэв.  

 

          Хариуцагч Д.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Р.Ц надаас 4 500 000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ мөнгийг банкны зээл нь шахагдаад авсан учир залилангийн хэрэг гэж үзэж байна. 2019 онд шүүхээр ороод, тохиролцоод мөнгө авсан байж одоо дахин тэтгэлэг тогтоолгоно гэж байгаа нь үндэслэлгүй байна. Би эхнэр, 3 хүүхэдтэй, элэгний хатуурал өвчний учир эмнэлгийн хяналтанд байдаг. 4 500 000 төгрөгийг өр зээлж хийж өгч байсан. Жилийн дараа зээл хаагдчихлаа гэсэн шиг ингэж хандаж болохгүй. Цаашид би хүүхдээ өөрөө асрамжиндаа авах хүсэлтэй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Р.Ц нь хариуцагч Д.Сд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

          Шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

Нэхэмжлэгч Р.Ц, хариуцагч Д.С нарын дундаас 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин Ц.Ц төрсөн бөгөөд зохигчид албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэлгүй, нэг гэрт хамтран амьдарч байгаагүй болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 167 дугаартай “Р.Ц нь ам бүл-4, 2 охин, ээжийн хамт, ... оршин суудаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, өрхийн эмчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Ц.Ц нь 7 настай, эрүүл бойжиж байгаа” гэсэн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Р.Ц нь өөр бусадтай гэр болохыг тодорхойлсон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, талуудын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.С нь охин Ц.Цг өөрийн төрсөн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд улмаар хүүхдийг өөрийн асрамжинд авахаар шүүх хуралдааны явцад санал гаргасан хэдий ч, хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эх Р.Цгийн асрамжинд байгаа, талууд нэг гэрт хамтран амьдарч байгаагүй, бага насны хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчин, эцэг, эхийн хайр халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан, хүүхдийн одоо өсөж торниж байгаа орчныг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж, охин Ц.Цг эхийнх нь асрамжинд үлдээлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2020 онд Говьсүмбэр аймагт тогтоогдсон хэмжээ 198 300 төгрөг/ тэтгэлэг тогтоож, эцэг Д.Сгээр охин Ц.Цг сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.   

 

Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

          Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь тусдаа амьдарч байсан ч хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

          Хариуцагч Д.С нь, ...нэхэмжлэгч Р.Ц нь 2019 онд шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, бид харилцан тохиролцож, 5 сая гаруй төгрөгийг өгсөн, одоо тэтгэлэг төлөх боломжгүй хэмээн маргаж байх боловч шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй, талууд энэ талаар шүүхийн шийдвэртэй холбоотой бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй, улмаар хүүхдийн тэтгэлгийн асуудлаар бичгээр гэрээ байгуулаагүй, харин амаар тохиролцож, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсан гэсэн тайлбарыг гаргасан тул энэ асуудлаар шүүхээс өмнө нь шийдвэр гараагүй гэж үзэж, хүүхдийн тэтгэлгийн асуудлыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

          Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар талууд тэжээн тэтгэх гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байх ёстой бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй тохиролцоог хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.

 

          Иймд хариуцагч Д.С нь 5 сая төгрөгийн асуудлаа тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж байна.  

 

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сгээс нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 33 105 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар охин Ц.Цг эх Р.Цгийн асрамжинд үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин Хиад овогт Ц.Ц-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Д.Сгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд      33 105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эх хэн алиндаа саад учруулахгүй байхыг мэдэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Р.Цд даалгасугай.

 

6.Хариуцагч Д.Содноцэрэн нь 5 сая төгрөгийн асуудлаа тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.НАРАНЧИМЭГ