Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2022/00812

 

 

А.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/00853 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1380 дугаар магадлалтай,

А.Бийн нэхэмжлэлтэй,

“Г” ХХК, “П” ХХК-д холбогдох,

Гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б, хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагч “П” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, хариуцагч нарын өмгөөлөгч П.Алтанчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Н” ХХК-ийн төлөөлөгч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч “Г” ХХК, “П” ХХК-д холбогдуулан “Г” ХХК, “П” ХХК-ийн хооронд 2015.12.09-ний өдөр байгуулагдсан “Геологи хайгуулын ажлын тайлан, мэдээ мэдээллийг худалдах, худалдан авах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/00853 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-ийг баримтлан “Г” ХХК, “П” ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ мэдээллийг худалдах, худалдан авах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 174,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч А.Бөд олгож, шийдвэр хүчин төгөлдөр болсноор шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн захирамжийн үйлчлэл зогсохыг дурдаж шийдвэрлэжээ.   

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1380 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/00853 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэдэндуламын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөг, хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулгын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч А.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Н” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.Б миний нэхэмжлэлтэй, “Г” ХХК, “П” ХХК-д тус тус холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны журмаар хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1380 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...гэрээ илт хууль зөрчиж хийгдсэн, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоно гэх агуулгаар тайлбарлаж байх боловч түүний эрх зүйн үр дагавар юу болох, хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргээгдэх нь тодорхойгүй..., өөрөөр хэлбэл дээрх хэлцэл нь нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг хохироосон, ямар эрх ашгийг хэрхэн сэргээх, хамгаалалтын ямар арга шаардаж байгаа нь ойлгомжгүй...” гэж дүгнэсэн. Уг дүгнэлт нь хэт нэг талыг барьсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн дүүрэн судлах талаар заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийг зөрчсөнөөс давж заалдах шатны шүүхийн магадлал “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаж чадсангүй. Тухайлбал, “нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй тохиолдолд” шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай зохицуулалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасан “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” хамгаалалтын аргыг хэрэглэн сэргээлгэхээр тодорхойлж, уг шаардлагаа хэд хэдэн үндэслэлээр тодорхойлсон, энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байхад “хариуцагчид тайлбар гаргах боломж олгоогүй...” гэсэн дүгнэлт хийж байгаа нь давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг гол шаардлага нь Г, П ХХК-иудын хооронд байгуулсан 2015.12.09-ний өдрийн “Геологи хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээллийг худалдах- худалдан авах гэрээ”-г илт хууль зөрчиж хийгдсэн, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-д заасан “хууль зөрчиж хийсэн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн” хэлцлийг хүчин төгөлдөр бус байхаар заасан, дээрх хэлцэл хуульд заасан эдгээр шинжийг бүрэн агуулсан хэлцэл болох нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэлцлийн талаар дүгнэлт өгөөгүй атлаа “зөвхөн үр дагаврын талаар нь дурдан” анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн тохиолдолд уг хэлцлийн үр дагаврыг арилгах нь дараагийн шатанд буюу төрийн захиргааны байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаанд хамаарах тусдаа маргаан, өөрөөр хэлбэл энэ нь нийтийн эрх зүйн маргаан буюу Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх асуудал юм. Гэтэл иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэлцлийн үр дагаврыг шууд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтад нь нэхэмжлэхийг шаардаж байгаа нь ойлгомжгүй, энэ нь өнөөгийн шүүхийн практикт нэгэнт тогтсон “захиргааны эрх зүй”-н асуудал бөгөөд иргэний хэргийн шүүхийн харьяалалд хамааралгүй асуудал.

4.3. Давж заалдах шатны шүүх, иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэж буй маргаанд хамааралгүй нотлох баримтуудыг хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэлт хийж шийдвэрийг хүчингүй болгосныг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2016 оны 524 дүгээр шийдвэрээр “Г” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэх шийдвэр гарсан, уг шийдвэрийг эс зөвшөөрч талуудын хооронд маргаан үүссэнээр уг тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон Шүүгчийн захирамж гарсан байхад үүнийг ч бүрэн судлалгүй “тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь тодорхой бус байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1380 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.16-ны өдрийн 182/ШШ2020/00853 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1380 дугаар магадлалыг эс зөвшөөрч, “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэснийг, ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгосныг эс зөвшөөрч, ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр буюу хуулийг буруу тайлбарлан хэргийн оролцогчийн эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Юуны өмнө Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хуульд заасан чиг үүрэг нь анхан шатны шүүхийн шүүх ажиллагааны болон шүүгчийн дүгнэлт шийдлийн алдааг засах, залруулах бөгөөд ийнхүү засаж залруулахдаа хууль шүүхийн өмнө хэргийн оролцогчид тэгш эрхтэй байх зарчмыг хангах ёстой.

Давж заалдах шатны шүүх зөвхөн анхан шатны шүүхийн алдааг засах боломжгүй тохиолдолд л дахин хэлэлцүүлэх эрхийг хуулиар олгосон гэж ойлгож байгаа. Гэтэл магадлалд дурдагдсан үндэслэлүүдийн хувьд анхан шатны шүүхийн алдааг засаж дүгнээд шийдвэрлэх боломжтой байсан. Тухайлбал, нэхэмжлэгч 2015 оны 12 сарын гэрээг хэрэгжүүлэхгүй шүүхээр маргаан үүсгэж, уг хэргийг 2018, 2019, 2020 онуудад хянан шийдвэрлэсэн хугацаанд нэхэмжлэгч нь шүүхээс хангах боломжгүй, үндэслэлгүй шаардлага гаргаж, үүгээрээ хэргийн бусад оролцогчдыг шантаачлан олон жил хохирол учруулж өдий хүрсэн.

Ийнхүү ойлгомжгүй, үндэслэлгүй шаардлагаа шүүхээр дэмжин хэлэлцүүлж шийдвэрлүүлж байгаа тохиолдолд анхан шатны шүүхийг шаардлагыг нь засуулах ёстой байсан гэж буруутгаж байгаа мэтээр ойлгогдож байх ба нэхэмжлэгчид давуу байдал үүсгэж, хэргийн бусад оролцогчийн тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх эрхийг үгүйсгэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй, ойлгомжгүй, үндэслэл нь тогтоогдоогүй, нотлогдоогүй нөхцөлд давж заалдах шатны шүүх хангагдах үндэслэлгүй байдлыг нь дүгнээд шийдвэрлэх ёстой байсан.

Учир нь энэ олон жилийн хугацаанд удаа дараагийн шүүх хуралдаан болон хэргийг хэлэлцсэн шүүх хуралдаан дээр бусад хэргийн оролцогчийн зүгээс нэхэмжлэгчээс тодруулж асууж, холбогдох тайлбаруудыг гаргаж мэтгэлцэж, нэхэмжлэгч шаардлагаа бүрэн дэмжиж, үндэслэлтэй гэж тайлбарлан баталгаажуулсаар ирсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянах нь шүүхийн хамгаалалт бөгөөд үүнийг бусад оролцогчийн тэгш эрхийг хангах хамгаалалт гэж ойлгоно.

Мөн магадлалын хянавал хэсэгт “Одоогоор уг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь тодорхой бус байна” гэж дүгнэсэн байх ба талууд энэ асуудалд маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй, нэхэмжлэгч өөрөө үгүйсгээгүй үйл баримтад дүгнэлт хийж үндэслэл болгосон. Тодруулбал, “зайлшгүй шаардлагатай нотлох баримт” биш байх бөгөөд үйл баримтыг нотлох баримт нь хэрэгт авагдсан.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг “Н” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигч, 2015.12 сараас хууран мэхлэгдсэн гэх тайлбар, 2018 онд нэхэмжлэл гаргах хүртэл энэ асуудлаар шаардлага гаргаагүй байдал, шүүхээр шийдвэрлэгдсэн маргаануудын үед нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр маргаж байгаагүйг, “Н” ХХК-ийг буруутгадаггүй зэрэг бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн бол нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл нь уялдаа холбоогүй, зөвхөн хариуцагч компаниудын хэвийн үйл ажиллагааг хясан боогдуулан маргаан үүсгэж байгааг ойлгох байсан. Дээрх үйл баримтуудтай холбогдох гомдлын үндэслэлд үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь ИХШХШТХ-ийн 161 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчээс “Нэхэмжлэгчийн хүсэл зориг яг юу вэ” гэж асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “Энэ тусгай зөвшөөрлийг “Н” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авах” гэж хариулсан бөгөөд мөн “Н” ХХК-иас ямар ч хөрөнгө оруулаагүй, дансандаа огт мөнгөгүй бодит байдалд их хэмжээний өр төлбөрт орж тусгай зөвшөөрлийг авах боломжгүй тухайгаа “Н” ХХК-ийн зүгээс тайлбарласан. Тодруулбал, “Н” ХХК холбогдох төлбөрийг төлж чадахгүй, сонгон шалгаруулалтын үр дүнд тусгай зөвшөөрлийн эрхийг баталгаажуулах бодит боломжгүй болсноо хүлээн зөвшөөрч, “П” ХХК-иас сонгон шалгаруулалтын үр дүнг хүлээн авах боломжгүй онцгой нөхцөл байдалд, алдахгүйн тулд “Г” ХХК-ийг хүлээн зөвшөөрч холбогдох төлбөрийг төлүүлсэн. Хэргийн оролцогчид тохиролцсоны үндсэн дээр “Г” ХХК-иас төлбөрийг төлөөгүй бол сонгон шалгаруулалтын эрх баталгаажихгүй байсан бөгөөд нэхэмжлэгч өнөөдөр “би авах ёстой, би хохирлоо гэж ярих ч тусгай зөвшөөрөл байхгүй байх байсан”. Энэ нөхцөл байдлыг нь хэн нь ч үгүйсгэдэггүй, энэ бол тухайн үеийн бодит байдал байсан. Энэ маргаан ч үүсэхгүй юм. 2015 оноос эхлэн сонгон шалгаруулалтын төлбөр болон тусгай зөвшөөрлийн 2015-2019 онуудын бүх төлбөрийг төлсөөр өнөөдөр тэрбум гаруй төгрөгийг зарцуулчихсны дараа шүүхээр далайлган “Н” ХХК авах эрхтэй гэж компанийнхаа өмнөөс шаардлагынхаа үндэслэлийг тайлбарладаг. Ийм нөхцөлийг шүүх дэмжих нь манай компанийг улам хохиролд оруулж байгаа учраас гомдолтой байна. Тусгай зөвшөөрлийн 2020 оны төлбөр, бусад зардлыг хуулийн хугацаанд нь төлөхгүй бол тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл байдал үүснэ. Энэ төлбөрийг А.Б ч тэр, “Н” ХХК ч тэр аль аль нь төлөхгүй, төлөх чадваргүйгээ ч хэлдэг.

Нэхэмжлэгч шүүхэд шаардлага гаргаж хэлэлцүүлж байгаа бол өөрөө л түүнийхээ үндэслэлийг шүүхэд эргэлзээгүй нотлох ёстой төдийгүй ийнхүү бодит байдлаас зөрүүтэй эргэлзээтэй, тогтоогдохгүй үндэслэл үйл баримтыг шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд л хэргийг шийдвэрлэх нь хуулиар тогтоосон нөхцөл юм.

“Н” ХХК-иас 2015.09.21-ний өдрийн “Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ”-ний дагуу нэг ч төгрөг төлөөгүй, төлсөн гэх нотлох баримт ч хавтаст хэрэгт байхгүй, хувьцааг шилжүүлэн авах эрхийг нотолсон баримт байхгүй, ийм шаардлага ч байхгүй болно. Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Дор дурдсан асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй”, 53.1.2-т “Компани энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах шаардлагатай их хэмжээний хэлцэл хийсэн” гэж тус тус заасныг гомдлын үндэслэлд тайлбарласан ч давж заалдах шатны шүүх энэ заалтыг харгалзсангүй, ямар ч дүгнэлт өгсөнгүй. Дээд шүүх анхааран үзнэ гэдэгт итгэж байна.

Дээрх байдлуудыг дүгнэн үзвэл нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байж гэрээний нөгөө талаас үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх үүсэх учиртай. Тухайн үедээ хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлж үр дүнг бий болгуулчихаад өнөөдөр үндэслэлгүйгээр шүүхэд худал тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч миний авах ёстой эрхийг авчихлаа, би хохирч байна гэх боловч тухайн үед түүнд оролцуулсан хөрөнгө мөнгө байхгүй, үүссэн тусгай зөвшөөрлийн эрх байгаагүй болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байхад ямар эрхийг сэргээх гэж шүүх дахин ажиллагаа хийхийг ойлгохгүй байна. Тусгай зөвшөөрлийн эрх анхнаасаа зөвхөн “П” ХХК-ийн нэр дээр л байсан.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.16-ны өдрийн 182/ШШ2020/00853 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1380 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч “П” ХХК-ийн төлөөлөгч М.Машбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.21-ний өдрийн 182/ШШ2020/00853 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1380 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэргийн оролцогчийн эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүх шийдвэр болон магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийн заалтуудыг хэрэглэсэнгүй. 182/ШШ2020/00853 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэт нэг талыг баримтлан үгүйсгэж дүгнэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг нэхэмжлэгчийн талд ашигтай байдлаар дүгнэж, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль зүйн үүднээс хянан үзэж хэргийг шударга ёсны зарчмыг баримтлан шийдвэрлэж чадсангүй. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй, үнэлээгүй учир дахин дэмжиж хяналтын гомдлын үндэслэлд дурдаж байна. Бодит үйл баримт болон холбогдох хуулийг хэрэглэсэнгүй.

“Н” ХХК, А.Б нь хамтран ажиллах санал тавьж, нийтэд зарлагдаж байгаа ашигт малтмалын сонгон шалгаруулалтад оролцож ажиллахаар тохиролцож, “Н” ХХК нь холбогдох зардал мөнгийг гаргаж оролцох ёстой байсан. Ингээд бид энэ тохиролцоогоор “Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ” байгуулсан бөгөөд тус тусын үүргээ биелүүлж үр дүнг бий болгосон ч болгоогүй ч манай компанийн хувьцааны эрх буцаж шилжих нөхцөлтэйгөөр бичгийн гэрээ байгуулсан. Цаашид ч хамтран ажиллахаар төлөвлөж гэрээнд тусгасан.

Гэтэл “Н” ХХК, А.Б нар нь гэрээний 3.2.3-д “Сонгон шалгаруулалтад оролцохтой холбогдон гарах бүхий л зардлыг шилжүүлэн авагч тал “Н” ХХК бүрэн хариуцна” гэсний дагуу үүргээ биелүүлээгүй байтал хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байхад шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан. Бидний тохиролцооны дагуу нийтэд зарлагдсан сонгон шалгаруулалтын үр дүнг Ашигт малтмалын газар шийдвэрлэх учир ямар ч нөхцөлд гэрээний 3.2.4-т “Шилжүүлэн авагч тал сонгон шалгаруулалт явагдаж дуусан дүн гарсан үед буюу 2015 оны 12 сарын 25-ны дотор шилжүүлэн авсан 50 хувийн хувьцаагаа үл маргах журмаар буцаан шилжүүлэн өгнө” гэсэн заалтаар хувьцааны эрх шүүхийн болон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрээр буцаж шилжсэн. Ийнхүү талуудын хооронд байгуулж эрх үүргээ тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл нь гэрээнд тусгагдсан байхад үүргээ биелүүлээгүй талыг төлөөлж оролцож байсан хүн нь хамтын ажиллагааны үр дүн шаардан авах эрхтэй гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрвээ “Н” ХХК болон “Г” ХХК-ийнхан уг үйл ажиллагааг цааш хэрхэн үргэлжлүүлэх асуудлыг тохиролцоонд хүрч шийдвэрлээгүй байсан бол, сонгон шалгаруулалтын үнэ болох 300,0 сая төгрөгийг “Г” ХХК төлөхөөр тохиролцоогүй бол, төлбөрийг манай компани руу шилжүүлээгүй бол бидний тохиролцоо хамтын үйл ажиллагаа ямар ч үр дүнгүй болох байсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр А.Б ямар тусгай зөвшөөрлийн эрхийн талаар ярих ч зүйлгүй байх байсан ба яг тухайн нөхцөл байдалд энэ нөхцөлийг А.Б болон “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар маш сайн мэдэж байсан учир хамтдаа ярилцаж бий болгосон үр дүнг алдахгүй байх үүднээс “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар, А.Б нар “Г” ХХК-иас хөрөнгө гаргуулахаар болсон. Хэн хөрөнгө гаргаж байна, тэр үр шимээ хүртэх нь бизнесийн зарчим бөгөөд шударга ёс учир тэдний тохиролцооны үндсэн дээр “Г” ХХК оролцооныхоо үр шимийг хүртсэн.

“Н” ХХК, А.Б гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн яаж биелүүлсэн бэ гэдгийг шүүх огт анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлээд байгааг юу гэж ойлгох вэ. Гэрээнд заасан үүргийнхээ дагуу “П” ХХК нь 2015 оны 10 сард ашигт малтмалын хайгуулын сонгон шалгаруулалтад орж ялалт байгуулсан. Энэ талаар А.Б маргаагүй хүлээн зөвшөөрсөн байхад шүүгч сонгон шалгаруулалтад орсон “П” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл гарсан эсэх нь тодорхойгүй гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Сонгон шалгаруулалтын ажиллагааны үр дүнг бий болгох санхүүг хариуцах гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэх ч боломжгүй нөхцөл байдал, манай ажлын үр дүн байхгүй болох сүүлийн мөчид “Н” ХХК болон А.Б нар нь өөрсдөө “Г” ХХК-ийг хамтрагчаа гэж оруулж ирэн, холбогдох төлбөрийг төлснөөр энэхүү тусгай зөвшөөрлийн эрх үүссэн юм. Энэ тохиролцоо хийгдээгүй байсан бол манай ажиллагаа ч үр дүнгүй болж, тусгай зөвшөөрлийн эрх өөр компанид очих байсан.

Манай компанийн хувьд үйл ажиллагаатай холбогдох үнэлгээ гаргасан, зах зээлийн шударга ёсны үндсэн дээр тухайн үед тохиролцсоны дагуу тусгай зөвшөөрлийн эрхийг үүсгэх хөрөнгө мөнгийг гаргасан нь эрхийг шилжүүлж авах ёстой байсан учир үүргээ биелүүлсэн. Тухайн үеийн бодит байдал, хүсэл зориг, хүчин чадал, санхүүгийн боломж зэрэгт үндэслэн тусгай зөвшөөрлийн эрх баталгаажиж бий болсон. Манай компани “Н” ХХК-иас болон Бөөс ямар нэг хөрөнгө мөнгө хүлээж аваагүй, тэднийг хохироогоогүй учир 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд энэ талаар маргаан үүсээгүй байсан.

Мөн давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа эрх зүйн үр дагавар юу болох, хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргээгдэх нь тодорхойгүй байна, нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг хохироосон нь ойлгомжгүй байна гэх мэтээр дүгнэж байсан атлаа анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 4, 5, 6, 25, 26, 40, 42, 166.4, 167.1.5, 168.1.1-д тус тус заасантай нийцэхгүй байна.

Дээрх хуулийн заалтын заримыг буруу тайлбарлан хэрэглэж, заримыг хэрэглэхгүйгээр дүгнэлт хийсэн учир шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч шүүхэд зөв буруу нэхэмжлэл гаргах нь түүний эрх бол Шүүх түүний зөв буруу гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх байтал шүүх энэ үүргээ биелүүлсэнгүй. Шүүхийн шийдвэр ойлгомжтой тодорхой биелэгдэх боломжтой байх ёстой байтал нөхцөл байдлыг улам хүндрүүлж ойлгомжгүй болгон, хэрэгжих боломжгүй тодорхойгүй нөхцөл байдалд хүргэж шийдвэрлэж байна.

Өнөөдрийн байдлаар “П” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь М.Машбат бөгөөд 2015 онд 50 хувийн хувьцаа эзэмшигч нь М.Өлзийбат, 50 хувийн хувьцаа эзэмшигч нь “Н” ХХК байсан. Нэхэмжлэгч А.Б “Н” ХХК-ийн 35 хувийн хувьцаа эзэмшигч юм. А.Бийн хүсэлтийн дагуу “Г” ХХК-ийн нэр дээр байгаа, тэрбум гаран төгрөг зарцуулагдсан тусгай зөвшөөрлийг 100 хувь хувьцаа эзэмшигч намайг ав гэж, их хөрөнгө зарцуулагдсан тусгай зөвшөөрлийг хүлээж авах боломжгүй гээд байгаа “Н” ХХК-д шилжүүлж өг гэж шийдвэрлээд байгааг ойлгохгүй байна.

Энэ байдлаас үзвэл Компанийн тухай хуулиар зохицуулагдан шийдвэрлэгдэх ёстой төдийгүй, А.Б болон “Н” ХХК-ийн хоорондын хувьцаа эзэмшигчийн хувьд компани дотроо асуудлаа шийдвэрлэх ёстой байсан.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүгдийг нь үгүйсгэж үзээд байгаа байдлыг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголгүй шаардлага, үндэслэлээ тодруулах боломжийг олгоод байгааг хяналтын шатны шүүх онцгойлон анхаарч шүүхийн шийдвэрт дурдагдсан хууль зөрчсөн бодит байдлыг үгүйсгэн буруу үнэлэлт дүгнэлтүүд хийснийг зөвтгөн хэргийг хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие С.Нагашыбай нь А.Бийн нэхэмжлэлтэй, “Г” ХХК, “П” ХХК-д холбогдох иргэний хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.16 (шүүх хуралдаан 21-ний өдөр хуралдсан)-ны өдрийн 182/ШШ2020/00853 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1380 дугаартай магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч, анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд шийдвэр, магадлал гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэл, журмын дагуу хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болоод байна.

7.1. Хариуцагч “П” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны үр дагавар нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Н” ХХК-ийн эрх, ашиг сонирхолд шууд болон шууд бусаар нөлөөлж, хохирол учруулаагүй, харин анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс гарсан шийдвэр, магадлалын улмаас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Н” ХХК их хэмжээний өр, төлбөрт орж, эрх зүйн байдал шууд дордож байна. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зардал болон бусад ажиллагаанд хамаарах санхүүгийн үйлдэлд “Н” ХХК нь мөнгө, хөрөнгийн боломжгүй гэдгээ аль эрт илэрхийлсэн бөгөөд дараа дараагийн үйлдлүүдэд маргаан үүсгээгүй, гомдол гаргаагүй.

7.2. Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд А.Б нь дураар аашилж, АМГТХЭГ-т хуулийн этгээдийг төлөөлж гомдол мэтийг гаргаж байсныг тухайн байгууллага болон шүүх бүрэн шалгалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн /өөрөөр хэлбэл А.Бийг АМГТХЭГ-т хандаж байх үеийн эрх байдлыг тодруулаагүй, шалгаагүй, учир нь тухайн үед А.Б нь “Н” ХХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээ, бланк зэргийг хууль бусаар ашиглаж байсан гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө хүлээн зөвшөөрч байсан. А.Бийн үйлдэл нь “Н” ХХК-ийн хүсэл зориг, түүний илэрхийлэл биш байсан, зөвшөөрөлгүй хийгдсэн үйлдэл/.

7.3. Аль ч шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг засахыг даалгадаг, заадаг, боломж олгодог, зөвлөх эрх, үүрэг хуулиар олгогдоогүй. Өнгөрсөн олон жилийн хугацаанд дээрх үр дагавраа нэхэмжлэгч өөрөө бий болгосон, засах, тодруулах эрх нь зөвхөн өөрт нь байсаар байтал ашиглаагүй нь өөрийнх нь, түүний өмгөөлөгчийн арчаагүй үйлдэл. Тэд хэргийг үнэн, зөв, бодитоор шийдэхийг хүсээгүй, зөвхөн цаг хожих, удаашруулах, түүгээрээ бусдыг дарамтлах, ашиг хонжоо олох, өөрийн хууль бус хүсэл зоригоо бусад хувьцаа эзэмшигчдээ хүчээр тулгах гэсэн увайгүй үйлдэл байсан.

7.4. Шүүх нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч “Н” ХХК-ийн хооронд маргаан үүсээгүй байхад үүссэн мэтээр дүгнэсэн, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнээс хэтрүүлж шийдвэрлэсэн.

7.5. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь А.Бийн өмч, эрх биш, төрийн эрх бүхий байгууллагаас нийтэд зарласан боломж, тиймээс ч шинээр үүссэн эрх, түүний төлөө А.Б нь нэг ч төгрөг, нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, иймд А.Б нь хохироогүй.

Дээрхээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч өөрийн буруутай үйлдлээс учирсан хохирлыг бусдаас нэхэмжлэх эрхгүй байх үндсэн зарчимтай. Иймд 2020.04.16-ны өдрийн 182/ШШ2020/00853 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1380 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Нэхэмжлэгч, хариуцагч нарын төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч “Г” ХХК, “П” ХХК-д холбогдуулан “Г” ХХК, “П” ХХК-ийн хооронд 2015.12.09-ний өдөр байгуулагдсан “Геологи хайгуулын ажлын тайлан, мэдээ мэдээллийг худалдах, худалдан авах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

10. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-д заасныг баримтлан “Г” ХХК, “П” ХХК-ийн хооронд 2015.12.09-ний өдөр байгуулагдсан “Геологи хайгуулын ажлын тайлан, мэдээ мэдээллийг худалдах, худалдан авах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

11. Давж заалдах шатны шүүхийн ...нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, шүүх маргаанд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасантай нийцсэн байна.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд “Н” ХХК нь “П” ХХК-тай 2015.09.18-ны өдөр “Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах тухай гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах 47,876.57 га бүхий “Улаан цохио” нэртэй талбайд ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтанд хамтран оролцох зорилгоор “П” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч, сонгон шалгаруулалтад оролцохтой холбогдон гарах бүхий л зардлыг хариуцахаар тохиролцсон байна. Гэрээний дагуу “П” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг авсан байх ба 2015.12.09-ний өдөр “П” ХХК нь “Г” ХХК-тай геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээлэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнийг 10,000,000 төгрөг гэж тодорхойлон, уг гэрээгээр тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д шилжүүлсэн үйл баримтууд тогтоогджээ.

13. Давж заалдах шатны шүүхийн ...нэхэмжлэгч А.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй гэсэн дүгнэлт үндэслэлтэй, учир нь “Гоби минериалс групп” ХХК, “П” ХХК-ийн хооронд байгуулагдсан, геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээлэл худалдах, худалдан авах хэлцлийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор түүний ямар эрх ашиг хэрхэн сэргээх, эрхийн хамгаалалтын ямар арга шаардаж буй нь тодорхойгүй, ойлгомжгүй байна, иймд шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

14. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...“Гоби минериалс групп” ХХК, “П” ХХК-ийн хооронд 2015.12.09-ний өдөр хийгдсэн геологи хайгуулын ажлын тайлан, мэдээ мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ илт хууль зөрчиж хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл, ...хэлцэл хийхдээ миний зөвшөөрлийг аваагүй, надад мэдэгдэлгүйгээр хууль бус шийдвэр гаргасан гэж маргасан, харин хариуцагч нар, гуравдагч этгээдээс ...сонгон шалгаруулалтад “П” ХХК шалгарч, тусгай зөвшөөрлийг эзэмших эрх нээгдсэн, улмаар ...санал болгосон 300,000,000 төгрөгөө Ашигт малтмалын газарт төлж эрхээ баталгаажуулах шаардлагатай болсон. ...Хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээний 3.2.6-д заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцохтой холбогдон гарах бүхий л зардлыг А.Б, “Н” ХХК хариуцан төлөх үүрэгтэй байсан боловч төлбөрийг төлөхгүй байсаар төлөх хугацаа дуусаж, ...сонгон шалгаруулалтад оролцсон хүч, хөдөлмөр үр дүнгүй болох нөхцөл байдал үүссэн. ...үүний улмаас дээрх төлбөрүүдийг “Г” ХХК бүгдийг гаргаж, ...тус компанитай “Геологи хайгуулын ажлын тайлан, мэдээ мэдээллийг худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулж, хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлсэн. ...үүссэн энэ бодит нөхцөл байдлын талаар тухайн үед А.Б бүгдийг мэдэж, хүлээн зөвшөөрч байсан... гэж тус тус маргажээ. Иймд шүүх зохигчийн маргаж буй үндэслэлд, өөрөөр хэлбэл гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийн талаар, эсхүл гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний агуулга, үүргийг биелүүлэх эрх зүйн үндэслэл, үр дагавар зэрэг эрх зүйн асуудлаар талуудыг мэтгэлцүүлж, нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх байжээ.

15. Иймд анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй юм.  

16. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Б, хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “П” ХХК-ийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1380 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Б, хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “П” ХХК-ийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.10-ны өдөр төлсөн 70200 төгрөг, хариуцагч “Г” ХХК-аас 2020.08.06-ны өдөр төлсөн 174,950 төгрөг, хариуцагч “П” ХХК-аас 2020.08.06-ны өдөр төлсөн 174,950 төгрөг, гуравдагч этгээдээс 2020.08.03-ны өдөр төлсөн 174,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ