Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00030

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч П.Идэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Пүрэвсүрэнгийн Идэрчулуунд холбогдох 132/2017/0024/Э индекстэй, эрүүгийн 201706000052 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчу овгийн Пүрэвсүрэнгийн Идэрчулуун /РД:ГИ83042015/

Холбогдсон хэргийн талаар:

П.Идэрчулуун нь /яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/ 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт иргэн Х.Даваанямын гэрийн гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Энхмөрөнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зүүн гар руу нь хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Идэрчулуун мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

201706000052 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Энхмөрөн өгсөн: 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед найз Зоригт, Жаргалбаяр, Батух нарын хамт хойд Арал руу орж гал түлж суунгаа 0.75 литрийн Ерөөл архи 2 шилийг ууу салцгаасан. Тэгээд гэртээ орох гэтэл манай урд талын Дамбынх гэрэлтэй байхаар нь ортол Дамба тасраад унасан, эхнэр Заяа нь байсан мөн Эрдэнээ, Идэрээ эхнэрийн хамт архи уугаад дуусч байгаа бололтой сууж байсан. Тэнд 0,75 литрийн Ерөөл архи задалж Эрдэнээ, Идэрээ бид 3 нэг татсан, тэгтэл Заяа одоо гэрт архи уухгүй шүү гэтэл за за хойшоо явж ууя гээд тэднийхээс Идэрээ, түүний эхнэр Оюунаа бид 3 гарч Очмаагийнд очсон. Очмаагийнд авч очсон архинаасаа 2-3 удаа татсан тэгээд л би ухаан санаа орж гараад тасарсан. Тэгээд нэг мэдэхэд миний зүүн шууны орчмоос цус гараад байсан, нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

Гэрч Л.Оюунчимэгийн өгсөн: Манай нөхөр болон П.Энхмөрөнг гэр руугаа явж амраач гэхэд тэрээр мөн л дуугарахгүй суугаад байсан. Тэгтэл тэр залуу миний хажуугаар хөнжил руу хувцастайгаа ороод ирсэн. Тэгэхээр нь би түүнийг цохиж хөнжилөөс гаргасан, тэгтэл тэр залуу юм дуугарахгүй байсан. Энэ үед манай нөхөр уурлаж, " чамайг яв гээд байхад яах гээд байгаа юм, чи хүн доромжилоод байна уу" гээд гараараа цохисон. Тэгтэл нөгөө залуу би яасан юм бэ гээд уурлаж хашгираад байсан. Энэ үед манай эгч Отгончимэг манай нөхөрт хандан "чи дандаа архи ууж байх юм битгий хэрүүл хийгээд байгаад бай гарцгаа гэсэн тэгэхэд тэр 2 гадагш зууралдаж" гарсан. Удаа ч үгүй манай эгч Отгончимэг "Идэрчулуун нөгөө залууг хутгалчихлаа" гэж хэлсэн тэгэхээр нь очтол нөгөө залуугийн зүүн гарын тохойн хэсгээс цус гарсан байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч Х.Давааням өгсөн:...манай амбаарын довжоон дээр П.Энхмөрөн зүүн гараа сойсон байдалтай цус гарч байсан. Түүний цаана манай баз П.Идэрчулуун зогсож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ¹56 тоот дүгнэлтэнд: П.Энхмөрөнгийн биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…гэх дүгнэлт /хх-ийн 31-32 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч П.Идэрчулуун нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутагт иргэн Х.Даваанямын гэрийн гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Энхмөрөнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зүүн гар руу нь хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ¹56 тоот дүгнэлтээр…П.Энхмөрөнгийн биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнн гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон, шалгавал зохих асуудлыг шалгасан байх тул шүүгдэгч П.Идэрчулуун бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Идэрчулуун нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөр төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгахаар тус тус дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 418.5, 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчу овгийн Пүрэвсүрэнгийн Идэрчулуунг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Идэрчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч П.Идэрчулуун нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг сануулсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.    

5. Шүүгдэгч П.Идэрчулуун нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Идэрчулуун авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН