Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2020/00126

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Д.А  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  С.Б /-д  холбогдох

 

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч С.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

          Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А миний бие 2016 оны өвөл С.Бтай танилцаж, 2017 оны 03 дугаар сард Дундговь аймгийн Гурвансайхан суманд аав, ээжийнх нь хажууд очиж амьдарсан. Энэ хугацаанд хүү Б.Д 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. Би анх Дундговь аймагт очихдоо өөрийн 80 гаруй бог малаа тууж, өөрийн хоёр хүүгээ төрсөн эгчдээ орхиж, энэ хүнтэй сайхан амьдрахын төлөө зүтгэсэн. Гэтэл С.Б нь байнга архи ууж, айлган сүрдүүлж, олон хоногоор гэртээ ирэхгүй тэнээд явдаг. Архи уух болгондоо миний биед гэмтэл учруулж зоддог болсон.  Гэрлэлтээ батлуулж амжаагүй. Би хамт амьдаръя гэж гуйж үзсэн боловч надтай амьдрах сонирхол байхгүй. Өчигдөр манайд ирээд чи хуралд очоод хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж хэлээрэй гэж хэлээд явсан. Иймд цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

          Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг нэхэмжлэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин би Д.Аыг цохиж зодох асуудал гаргаж байгаагүй. Заримдаа харилцан зодолддог байсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөх маргааныг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч С.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч С.Бд шүүх хуралдааны товыг утсаар болон шуудангаар хүргүүлж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хнянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талаас түүнийг эзгүйд хуралдааныг явуулах хүсэлт гаргасан учир нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэлийг хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно. 

 

Нэхэмжлэгч Д.А, хариуцагч С.Б нарын дундаас 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү Б.Д төрсөн бөгөөд зохигчид албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэлгүй 2017-2019 оны хооронд хамтран амьдарч байсан болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 226 дугаартай “Д.А нь ам бүл-5, ах, хүүхдүүдийн хамт, ... оршин суудаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, өрхийн эмчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Б.Д нь 2 нас 6 сартай эрүүл бойжиж байгаа” гэсэн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, талуудын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагч С.Б нь хүү Б.Дыг өөрийн төрсөн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд улмаар хүүхэд эцгээрээ овоглож төрсний гэрчилгээ авснаар захиргааны журмаар эцэг тогтоогдсон, хүүхдүүдийн асрамжийн асуудлаар зохигчдын хэн аль нь маргаан гаргаагүй, хүүхдүүд одоогоор эх  Д.Аын асрамжинд байгаа болох нь тогтоогдож байх тул бага насны хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчин, эцэг,  эхийн хайр халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж, хүү Б.Дыг эхийнх нь асрамжинд үлдээлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2020 онд Говьсүмбэр аймагт тогтоогдсон хэмжээ 198 300 төгрөг/ тэтгэлэг тогтоож, эцэг С.Бгаар хүү Б.Дыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.   

 

Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй. 

 

          Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь тусдаа амьдарч байсан ч хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бгийн нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 33 105 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар хүү Б.Дыг эх Д.Аын асрамжинд үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017  оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Билгэх овогт Б.Дыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг С.Бгаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд      33 105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эх хэн алиндаа саад учруулахгүй байхыг мэдэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Ат даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хариуцагч С.Бд шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор гардуулахыг шүүгчийн туслах П.Рэнцэндоржид даалгасугай. 

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.НАРАНЧИМЭГ