Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2020/IШЦТ/65

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч Т.Нансалмаа

Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Мад холбогдох эрүүгийн 2031000680058 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1960 оны 10-р сарын 23-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум *-р баг, *-р хэсэг ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1979 оны 12-р сарын 19-ний өдрийн 134 тоот тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн В дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан,эрхэлсэн ажилгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Дын М /РД:**** / Шүүгдэгч Д.М нь 2020 оны 02-р сарын 06-ны өдөр 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг 2-р хэсэг 037 тоотод оршин суух Ч.Бийн хашаанаас түүний эзэмшлийн **** СЭА улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Д.М нь 2020 оны 02-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2020 оны 02-р сарын 06-ны өдөр 14 цагийн үед хуурай дүү Булгаатай тааралдаад хамт архи уухаар болж, би дэлгүүрээс жижиг шилтэй архи аваад, тэр архиа “Гурван мэргэд” захын тэнд уусан. Тэгсэн Булгаа “2-лаа хамт С.Эын гэрт очих уу?” гэхээр нь зөвшөөрөөд захын таксины зогсоолын тэндээс нэг шил архи аваад, тэндээсээ шууд таксинд суугаад Сүхбаатар сумын 1-р баг Гэрэлт цогцолборын тэнд С.Эын гэрт очсон. Би уг архинаас 2 хундага уучихаад тэр хоёрыг үлдээгээд гарч найз Ч.Бийн гэрлүү явганаар явсан. Тэдний гэрээс Ч.Бийнх ойрхон байдаг юм. Ч.Бийн хашаанд ороход байшин нь цоожтой байсан. Тэдний гадна Ч.Бийн эзэмшлийн хөх өнгийн портер маркийн машин байхаар нь би хаалгыг нь татахад онгорхой, түлхүүр нь зоолттой байхаар нь машиныг нь асаагаад хашааны хаалгыг нь нээж машиныг гаргаж зогсоод хаалгыг нь эргүүлж хаачиххаад шууд гэрийн гадна ирж, машинаа орхиод гэртээ орж унтсан. Унтаж байхад цагдаа нар ирээд намайг цагдаагийн газар руу дагуулж ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/, 2.Шүүгдэгч Д.Мын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Найзтайгаа хамт юманд явъя гэж бодоод очтол гэр нь цоожтой байсан юм. Тэгээд машиных нь хаалгыг татаж үзтэл онгорхой, түлхүүр нь зоолттой байсан. Тэгээд машиныг нь асаагаад гэрийнхээ гадна ирж зогсоод гэртээ ороод унтсан. Намайг унтаж байхад цагдаа нар ирээд дагуулаад явсан. Би өөрийнхөө хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. ...гэв 3.Хохирогч Ч.Бийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн: ...Би тухайн үед хэн авсан талаар мэдээгү. Мэддэг хүн авсан бол утсаар ярих ёстой гэж бодож байсан. Тэгээд олж авах үүднээс цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Д.М гэх хүн миний машиныг жолоодож байгаагүй. Мөн манай гэрт өнгөрсөн оны 07 сард ирж байсан. Тэрнээс хойш тааралдаагүй. Би өөрийн машинаа бүрэн бүтэн олж авсан тул одоо надад ямар нэг гомдол байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 08-09-р ху/, 4.Гэрч Р.Сарантуяагийн 2020 оны 2-р сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тухайн өдөр ажил дээрээ байж байгаад 19 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр хойд өрөөний орон дээр согтуу унтаж байсан. Тэгээд согтуу байсан болохоор нь ямар нэгэн юм ярилгүй унтуулж байтал 20 цаг өнгөрч байх үед цагдаагийн алба хаагч нар манай гэрт орж ирээд “танай гэрийн гадаа зогсож байгаа портер маркийн машиныг хэн жолоодож ирсэн бэ?” гэж асуусан тэр үед “би гэртээ дөнгөж орж ирсэн болохоор “мэдэхгүй” гэдгээ хэлсэн. Тэгээд удалгүй миний танил хүн Ч.Б манай гэрт орж ирээд “танай гадаа байгаа машин минийх байгаа юм” гэж хэлж байсан. Тэр үед би юу ч ойлгоогүй. Тэгээд цагдаагийн алба хаагч орж ирээд, манай нөхрийг сэрээгээд “гадаа байгаа машиныг хэн жолоодож ирсэн бэ?” гэж асуутал манай нөхөр “ах нь унаад ирсэн юм” гэж хэлээд дагаад гарсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/, 5.Гэрч С.Э 2020 оны 03-р сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2020 оны 02-р сарын 06-ны өдөр 14-15 цагийн үед өөрийн гэртээ байхад өмнө нь надтай хамт модны үйлдвэрт ажилладаг байсан Д.М, Б гэх залуугийн хамт манай гэрт нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд тус архиа задлаад уг архинаас 2-3 татаж байхад М би одоо ажилтай гэж хэлээд гараад явсан. Б бид хоёр үлдэж ойр зуурын юм ярингаа, үлдсэн архиа уусан. Би тэр өдөр гэрээс гаралгүйгээр амарсан. Тэр өдөр дахин Мтай тааралдаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р ху/, 6.Гэрч Р.Сгийн 2020 оны 3-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэр өдөр ажлын цаг дууссан байхад Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнээс над руу залгаж “Портер” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан дуудлага ирсэн. Ирж ажиллах шаардлага гарлаа” гэсний дагуу цагдаагийн газарт ирж, үүрэг чиглэл аваад алдагдсан тээврийн хэрэгсэл Сүхбаатар сумын 7-р багийн нутгаас олдсоноор хэргийн газар руу очсон. Очих үед хөх өнгийн “портер” маркийн тээврийн хэрэгсэл байсан. Эрүүгийн цагдаагийн алба хаагч нар хажуугийн байр руу орж 55 орчим насны хүнийг дагуулж гарч ирснээр тэр хүнийг надад хариуцуулан өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р ху/, 7.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-08-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 37-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 48-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 47-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 50-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Д.М нь 2020 оны 02-р сарын 06-ны өдөр 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг 2-р хэсэг 037 тоотод оршин суух Ч.Бийн хашаанаас түүний эзэмшлийн **** СЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Мын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Мад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгч Д.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох Прокурорын саналын дагуу шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч Д.Мын тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6/зургаан/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь энэ хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Дын Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.7-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Дын Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Мын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Мад мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч М нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүгдэгч Д.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН