Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1114

 

 

                                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч М.Э /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З  овогт М гийн Э т холбогдох эрүүгийн 2209000000652 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр согтуурсан үедээ ... тоотод хохирогч Э.Э ыг эхнэр О ийн орны хажуугаар гутал хувцастайгаа хэвтсэн гэх шалтгаанаар биед нь халдан зодож, хохирогчийн биед зүүн тахилзуур ясны сэлтэрхийд хугарал, зүүн чихний дэлбэн, дээд уруул, баруун шилбэнд няцарсан шарх, баруун өвдөг, шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд ...шүүгдэгч М.Э нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр согтуурсан үедээ ... тоотод хохирогч Э.Э ыг эхнэр О ийн орны хажуугаар гутал хувцастайгаа хэвтсэн гэх шалтгаанаар биед нь халдан зодож, хохирогчийн биед зүүн тахилзуур ясны сэлтэрхийд хугарал, зүүн чихний дэлбэн, дээд уруул, баруун шилбэнд няцарсан шарх, баруун өвдөг, шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед гэрээсээ гараад хүсний дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай Их Монгол гэх нэртэй архинаас худалдаж аваад ганцааараа ууж дуусгачхаад 7 буудлын автобусны буудал дээр алхаад явж байх үед хуучны танил болох О  гэх эмэгтэй нөхөр болох Э тай хамт явж байсан ба би тэр хоёртой уулзаад бид гурав нийлж ойр зуурын юм ярьж байгаад хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай Хараа гэх нэртэй архинаас 2 шилийг худалдаж аваад нэг шил архийг нь Э , О  бид гурав 7 буудлын гудманд хувааж ууж дуусгачхаад үлдсэн нэг шил архийг Э  манай гэр лүү очоод ууя гэхээр нь би зөвшөөрөөд Э , О  хоёрыг дагаж яваад ...  тоот гэр лүү нь очсон. Э ын гэрт нь очоод О , Э  бид гурав 0.75 литрийн савлагаатай Хараа гэх нэртэй архийг хувааж уугаад байж байтал Э  тухайн үед нэлээн согтчихсон байсан ба би юм ярьж байх үед Э  чи намайг пизда гэж хэлээд үг хэл амаар доромжиллоо гээд над руу уурлаад миний зүүн талын чих хэсэг рүү гараараа нэг удаа цохиод, дараа нь миний толгойны баруун тал руу гараараа олон удаа цохихоор нь би толгойгоо хоёр гараараа хамгаалаад газарт унатал Э  миний амыг хоёр гараараа барьж байгаад 2 тийш нь татаад уруул сэтэлсэн юм. Дараа нь Э  гал тогооны шүүгээнээс ногоон өнгийн иштэй заазуур гаргаж ирээд миний баруун талын хөлийн шилбэний урд талд заазуураар нэг удаа зүсээд, мөн төмөр иштэй зүйл барьж аваад миний зүүн талын шагай хэсэг рүү нэг удаа цохисон. Би айсандаа Э ын гэрээс зугтаж гарч ирээд өөрийнхөө ...  тоот гэртээ иртэл манай бэр дүү Ганди миний биед гэмтэл учирсан байсныг хараад түргэн тусламж болон цагдаа дуудсан. Би гомдолтой байгаа бөгөөд миний шарх эдгэрэхгүй байна. Би хөлөө өнөөдөр эмч дээр очиж үзүүлсэн чинь 45 хоногийн дараа хүрч ирж үзүүл, хөл чинь эдгэрээгүй байна гэж надад хэлсэн. Би учирсан хохирлоо болон бусад гаргасан зардлаа нөхөн төлүүлж авмаар байна. Би М.Э аас эрүүл мэнд эмчилгээний зардал гэж 1,000,000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Шөнө унтахаар зүүн хөл талын хөл янгинаж өвдөөд байна. Гэхдээ хугацаа өнгөрсөн ч гэсэн удаан эдгэж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18, 21 дүгээр тал/,

 

Гэрч М.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр манай хадам ээжийн дүүгийнх нь хүүхэд болох хамт амьдардаг ах Энхбат нь гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 19 цагийн үед хүнд зодуулчихсан, уруул нь сэтэрсэн, цус гарсан, 2 хөл нь цохиулж цус гарсан байдалтай ... тоот гэртээ ирсэн. Хамт архины эмчилгээнд байсан О  гэдэг хүний Дамбад байдаг гэрт нь нөхөрт нь хутгалуулчихсан гэж орж ирсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4120 дугаартай “....Э.Э ын биед зүүн тахилзуур ясны сэлтэрхийд хугарал, зүүн чихний дэлбэн, дээд уруул, баруун шилбэнд нь няцарсан шарх, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

Хохирогч Э.Э ын бусдад зодуулж гэмтсэн гэх нөхцөл байдлыг тогтоосон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11 дүгээр тал/,

 

Шүүгдэгч М.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би Э.Э ын нуруу, бөгсний хэсэг рүү гуталтай хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Өшиглөх үед Э.Э  орноос газарт унахаар нь би түүний хацар луу нэг удаа алгадаад, чихний ард шилэн хүзүүний хэсэг рүү нэг удаа алгадчихсан. Тэгээд өмсөж байсан цамцнаас нь зуурч бариад түүнийг гээсээ хөөж гаргахдаа үүдний амбаарын хаалга руу түлхсэн бөгөөд хаалга мөргөөд цааш үүдний цемент хэсэг рүү унасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч М.Э нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр согтуурсан үедээ ... тоотод хохирогч Э.Э ыг эхнэр О ийн орны хажуугаар гутал хувцастайгаа хэвтсэн гэх шалтгаанаар биед нь халдан зодож, хохирогчийн биед зүүн тахилзуур ясны сэлтэрхийд хугарал, зүүн чихний дэлбэн, дээд уруул, баруун шилбэнд няцарсан шарх, баруун өвдөг, шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, мөн шүүгдэгчээс 144,860 төгрөгийг хохирогчид олгуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Э нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4120 дугаар дүгнэлтээр хохирогч Э.Э ын биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч М.Э ын хохирогч Э.Э ын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Э ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э ын биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт 144,860 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна. /хх-62, 65/

Иймд шүүгдэгч М.Э аас 144,860 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э ад олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч М.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Э нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Э ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 72-76, 136-142 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч М.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч М.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу түүний биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүгдэгч М.Э нь ... а тоотод байнга оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч М.Э ыг дээрх хугацаанд байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шүүхээс оногдуулсан байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З  овогт М гийн Э ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э ыг 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э т шүүхээс оногдуулсан байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Э аас 144,860 /нэг зуун дөчин дөрвөн мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э ад олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН