Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 134/ШШ2020/00129

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х-Н гаргасан

Хариуцагч:  Ж.П холбогдох

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 8 дугаар байрны 4 дүгээр орц 48 тоот орон сууцнаас нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны  өдөр,

 

хариуцагч Ж.Пын нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Х.Нд холбогдох орон сууцны засварын зардал 8 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагч Ж.П, хариуцагчийн өмгөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Н миний бие нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 8 дугаар байрны 48 тоот орон сууцны албан ёсны өмчлөгч мөн. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Ж.Птай аман гэрээ хийсний дагуу уг орон сууцыг 16 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Бидний байгуулсан аман хэлцэл ёсоор 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд Ж.П нь тооцоогоо дуусгаж надад 16 500 000 төгрөгийг бүрэн төлсөн байх ёстой байсан боловч хугацаандаа төлж барагдуулаагүй. Хариуцагч Ж.П нь надаас худалдаж авсан орон сууцныхаа үнийг тохирсон хугацаандаа бүрэн төлөхгүй бага багаар цувуулж 2019 оны 05 дугаар сар гэхэд 11 784 000 төгрөг буюу төлбөрийн 70 хувийг л төлсөн. Хариуцагч Ж.Пын энэ байдал нь миний Улаанбаатар хотод орон сууцны урьдчилгаа төлөх боломжийг алдагдуулж надад мөнгө санхүүгийн бодит хохирол учруулсан тул миний бие Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар орон сууц зээлээр худалдах, худалдан авах аман хэлцлээ цуцалж, Ж.Пын шилжүүлсэн 11 784 000 төгрөгийг Ж.Пын Хаан банкны 5991001781 дугаар дансанд 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд буцаан шилжүүлсэн. Гэвч хариуцагч Ж.П нь өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн орон сууцнаас нүүж гарахгүй байгаагаас өөрийн өмчлөлийн орон сууцыг захиран зарцуулах эрхийг зөрчиж надад эдийн засаг, санхүүгийн бодит хохирол учруулж байна. Иймд хариуцагч Ж.Пын оршин сууж байгаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 8 дугаар байрны 48 тоотод байрлах орон сууцнаас Ж.Пыг нүүлгэн гаргуулж өгнө үү гэв.

  Хариуцагч Ж.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 8 дугаар байрны 48 тоот орон сууцыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 16 000 000 төгрөгөөр түүнээс худалдан авахаар ярилцаж, ингэхдээ төлбөрийг тус ондоо багтаан хэсэгчлэн төлж дуусгахаар тохиролцсон юм. Энэхүү тохиролцоог амаар хийсэн. Ийнхүү тус байрыг худалдан авахаар тохиролцсон учраас тухайн байрыг өөрийн болж байна гэсэн бүрэн итгэлтэйгээр 2018 оны 07 дугаар сардаа багтаан өвгөнийхөө группийг барьцаалан 5 сая төгрөгийн зээл авч, мөн дээр нь мөнгө нэмж байрандаа засвар хийсэн. Засварын ажил 7-10 дугаар сарын хооронд хийгдсэн. Тус нэг өрөө орон сууц нь анх авахад хуучин оросууд байх үеэсээ хойш огт засвар хийгдээгүй, цахилгааны утас нь ажилладаггүй, 00-ийн суултуургүй, сантехникийн шугам ажилладаггүй, хүйтэн, халуун усны шугам байхгүй, оросын үеийн модон раммтай цонхтой, жорлон нь паниаран модон хаалгатай, галын өрөөний хэсэг газар модон шал шатчихсан, агааржуулалтын хоолой зэвэрч, бөглөрсөн, гараар онгойдог бариул болон түгжээгүй хуучирсан төмөр хаалгатай, чийг бүхий үнэр ханхалсан байр байсан. Надад 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байраа суллаж өгсөн. Тэгэхэд Х.Н танайх одоо засвараа хийнэ биз гэж хэлсэн. Одоо нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын дагуу байрнаас гарахгүй татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Энэ гэрээ бичгээр хийгдэх ёстой. Гэтэл талуудын хувьд бичгээр хийгдсэн гэрээ байхгүй аман гэрээ байгаа.  Тэгэхээр талуудын хооронд хийсэн тохиролцоо бол одоогийн байдлаар маргахгүй байгаа хэдий ч хуулийн шаардлага хангасан гэрээ хийгээгүй учраас хугацаа болон үйл явдал үргэлжилж байгаа. Энэ асуудлыг Иргэний хуулиар зохицуулаагүй тул төсөөтэй хэм хэмжээг хэрэглэнэ. Бид нар өөрсдөө байраа зараад энэ байрыг авсан. Одоо бидэнд очих газар байхгүй. Иймд энэ байрыг худалдаж авах хүсэлттэй байна гэв.       

Хариуцагч Ж.П шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ байранд өөрийнхөө мөнгөний бололцоогоор засвараа хийсэн. Засвараа хийхдээ бүх зүйлийг шинэчлэн хийлгэсэн. Сангийн ажил хийдэг Б.Мөнхбаатар гэдэг залуугаар бүх сангийн ажлуудыг хийлгэсэн. 00-ын өрөө, гал тогооны өрөө оросоороо байсан. Мөн том өрөө нь 3 янзын обой наасан байсан. Хулдаас дэвсчихсэн байсныг оёдолчин гарахдаа аваад гарсан. Хуучин оросын байр учраас 00-ийн өрөө, коридор хоёрын голд том модоор илүү өрөө хийсэн байсан учраас буулгаж янзалсан. Би засвар хийхдээ эхний ээлжинд нөхрийнхөө тэтгэврийг тавьсан дараа нь хүүхдүүдээсээ мөнгө авсан. Мөн барилгын материалын дэлгүүрээс зээл аваад боломж бололцоогоороо өгсөн. 2018 оны 08 дугаар сарын 10-ны үед засвар хийж байхад Х.Н ирсэн. Тухайн үед Х.Нг ирэхэд обойгоо наачихсан гал тогооны цонхыг хийсэн байсан. Мөн тог болон сангийн ажлуудыг хийлгэсэн байсан. Би Х.Нд хаалганаасаа дуу чимээ ихтэй, хана, үүднээсээ сэрүүхэн юм байна гэж хэлэхэд юм хэлээгүй. 2018 оны 10 дугаар сарын дундуур байранд хэрэгтэй гэсэн бүх засварыг хийсэн байсныг Х.Н ирж харсан. Тэгээд та мөнгөө шилжүүл, их удаж байна гэж шаардаж байсан. Би өөрийнхөө байрны мөнгийг орж ирэх болгонд бага багаар шилжүүлж байсан. Тэгтэл би байраа зарахгүй, 25 000 000 төгрөгөөр авахгүй бол байраа зарахгүй гэсэн. Тэгэхээр нь би 25 000 000 төгрөгөөр авч чадахгүй, их мөнгөөр засвар хийсэн гэж хэлсэн. Өмнө нь засвар хийж байхад надаас хэдэн төгрөгийн засвар хийсэн бэ? гэж асуухад нь одоогоор 4 сая төгрөгийн засвар хийсэн гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сард ирэхэд нь бүрэн засварын мөнгө 7 сая гаран төгрөг болсон байсан. Одоо засварын зардал болох 8 000 000 төгрөг гаргуулах хүсэлттэй байгаа. Засвар хийх үедээ материал татах болгонд хүн хөлсөлдөг байсан. Яагаад гэвэл өөрийн унаа байхгүй, нөхөр хөл муутай, би өөрөө харвалт өгсөн учраас энэ бүгдийг өргөж дийлэхгүй. Одоо энэ байрнаас гарахад очих газар байхгүй. Хэрвээ энэ байрыг авах юм бол засвар хийсэн хөлстэйгөө нийлээд 30 гаран сая төгрөг болох гээд байгаа учраас 16 000 000 төгрөгөө өгөөд энэ байрыг авах хүсэлттэй байна. Анх засвар хийж байхад нэхэмжлэгч тал мэдсэн хэрнээ юм хэлээгүй учраас надад байраа зарж байгаа юм байна гэж ойлгосон. ...ОО-ын өрөөний хананд наахаар 30х60-ын хэмжээтэй 125 ширхэг плитаг 3500 төгрөгөөр худалдан авсан боловч 123 ширхэгийг нь нааж чадаагүй хэвээрээ байгаа. Анх 8 000 000 төгрөгийн засварын зардал нэхэмжилсэн, үүнээс дээрх плитаны үнэ 430 500 төгрөгийг хасаад хэрэгт байгаа баримтаар тооцоод нийт 7 013 300 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна  гэв.

 

Нэхэмжлэгч Х.Н нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байрыг засуулаад авах гээд байгаа зүйл байхгүй. Тохиролцсон хугацаа болох 2018 оны 11 дүгээр сарын 01-ний дотор мөнгөө өгсөн бол энэ асуудал үүсэхгүй байсан. Ж.П эгч би байраа засах гэж байгаа талаар хэлж байсан. Тэгэхээр нь би тэг тэг, та байраа засаад орно уу, засахгүй орно уу надад хамаагүй. Хамгийн гол нь тохирсон хугацаанд мөнгөө шилжүүлэх юм бол асуудал байхгүй гэж хэлж байсан.  Тэгээд байрыг авснаасаа хойш 11 сарын дараа төлбөрийнхөө 70 хувийг л цувуулж өгсөн. Тиймээс надаас засварын мөнгө нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Би засвар хийсэн баримтуудыг аваад 100 айл болон гурвалжингийн гүүрний хажууд байдаг барилгын дэлгүүрээр явж үнийг судлахад үнийн хувьд үйлдвэрлэсэн газраасаа хамаарч өөр өөр байсан. Мөн 06 дугаар байрны барилгын материалаас судалж үзэхэд харьцангуй өндөр үнэ харагдаж байсан. Би хариуцагчаас болоод Улаанбаатар хотод 500 000 төгрөгөөр байр түрээсэлж амьдардаг. Өмнө түрээсэлдэг байсан 2 оёдолчин эгчээс сард 150 000 төгрөг авдаг байсан. Тэр эрхийг маань 24 сараар хаасан байгаа. ...Үзлэгийн явцад цахилгааны утас 110 орчим метрийг хэрэглэсэн, лампир, лампирийн хүрээ, 125 ширхэг хананы плита зэргийг огт хэрэглээгүй, 2 ширхэг лед гэрэл дутуу, мөн 44 ширхэг плита авсан боловч 18 ширхэгийг хэрэглэсэн, цонхны тавцанд 12 ширхэг плита авсан боловч 6 ширхэгийг наасан, сангийн зарим материалууд огт хэрэглэгдээгүй, хуванцар хоолойг хэмжихэд 5 метр нь ашиглагдаагүй, цонх хийлгэхэд 490 000 төгрөг биш, 294 300 төгрөг төлсөн, плитаны цавуу 12 уутыг авсан боловч наасан байсан плитатай нь харьцуулахад ийм хэмжээтэй орохгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул нийт 1 114 700 төгрөгийн зардал нь огт үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч тал гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас энэ харилцаа үүссэн байгаа. Тиймээс засвар хийсэн мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Ж.Пд холбогдуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 8 дугаар байрны 4 дүгээр орц 48 тоот орон сууцнаас нүүлгэн гаргуулахаар,

хариуцагч Ж.П нь нэхэмжлэгч Х.Нд холбогдуулан засварын зардал 8 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 123 ширхэг плитаны үнэ 430 500 төгрөг болон бусад баримтыг тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа 7 013 300 төгрөг болгож багасгасан байна.

Талууд хэн алиныхаа шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэхэд:

Нэхэмжлэгч Х.Н, хариуцагч Ж.П нарын хооронд 2018 оны 06 дугаар сард Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 8 дугаар байрны 48 тоот 1 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах аман хэлцэл хийгдэж, өмчлөгч Х.Н нь тухайн орон сууцыг Ж.Пын эзэмшилд шилжүүлсэн байна.

Орон сууцны үнийг нэхэмжлэгч тал 16 500 000 төгрөг, хариуцагч тал 16 000 000 төгрөг гэж, мөн төлбөрийг нэхэмжлэгч тал 2018 оны 11 дүгээр сарын 01-ний дотор, хариуцагч тал 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр тохиролцсон хэмээн зөрүүтэй тайлбарладаг бөгөөд хэрэгт хэн алиных нь тайлбарыг нотлох баримт авагдаагүй.

Хэлцлийн дагуу хариуцагч Ж.П нь, нэхэмжлэгч Х.Нд орон сууцны үнэ нийт 11 784 000 төгрөгийг шилжүүлсэн ба уг мөнгийг Х.Н нь түүнд буцаан шилжүүлсэн гэх бөгөөд талууд энэ талаар маргаагүй. 

Талуудын тайлбарыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

Нэхэмжлэгч Х.Н нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 8 дугаар байрны 4 дүгээр орц 48 тоот 17 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 42.10-д зааснаар ...бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ. Хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана.

          Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх гэрээ, хэлцлийг талууд бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлж, улмаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсэх байтал ийнхүү хуульд заасан шаардлагыг хангаагүй аман хэлцэл хийгдсэн болох нь талуудын маргаангүй тайлбараар тогтоогдож байна.

 

          Тухайлбал Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан гэрээ, хэлцлийг байгуулсанд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

          Нэхэмжлэгч тал, зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр тохирсон хугацаандаа орон сууцны үнийг төлөөгүй учир гэрээнээс татгалзсан хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй.

 

          Учир нь хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцлийн харилцаанд гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах ойлголт яригдахгүй, зөвхөн өгсөн, авснаа буцаах үр дагавар л үүснэ.  

 

           Мөн хариуцагч талын, гэрээ хийх үйл явц үргэлжилж байгаа, энэ асуудлыг Иргэний хуулиар зохицуулаагүй тул төсөөтэй хэм хэмжээг хэрэглэнэ гэсэн үндэслэл нь дээрх хуулийн зохицуулалтуудаар үгүйсгэгдэж байна.

 

          Иймд уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 56.5-д зааснаар хариуцагч Ж.П нь уг хэлцлийн үндсэн дээр эзэмшиж байгаа орон сууцыг чөлөөлж өгөх үүрэгтэй.       

 

          Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэхэд:

 

          Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.

 

          Хариуцагч Ж.П нь, анхнаасаа нэхэмжлэгч Х.Нгийн зөвшөөрлийн дагуу орон сууцыг бүр мөсөн өөрийн болгох санаа зорилгоор эзэмшиж эхэлсэн байх тул түүнийг шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд энэ нь талуудын маргаангүй тайлбараар тогтоогддог.

 

          Шүүхээс талуудын хооронд хийгдсэн орон сууц худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоосноор, цаашид  хариуцагч Ж.П нь орон сууцыг шударгаар эзэмших эрхээ алдаж, уг эд хөрөнгийг буцааж өгөх үүргийг хүлээсэн.

 

          Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-д зааснаар өмчлөгч шаардлага гаргаснаар хариуцагч Ж.Пын эзэмшил дуусгавар болсон байна.  

 

          Иймд хариуцагч Ж.П нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээд буюу нэхэмжлэгч Х.Нгаас Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар шаардах эрхтэй.

 

          Учир нь хариуцагч Ж.П нь тухайн орон сууцыг эзэмшиж байхдаа засвар хийсэн, уг ажлыг ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлсэн, засварын материал худалдан авсан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтууд, фото зургууд, УС-ДУ ОНӨУҮГазрын зарлагын баримт, ОСО констракшн ХХК-ийн захиалгын бүртгэлийн хэсэг, Ж.П, Н.Энхбат нарын ХААН банкны депозит дансны хуулга, гэрч Б.Мөнгөнчимэг, Т.Ганхуяг, Б.Мөнхбаатар, Н.Энхбат, Г.Мөнхбат /засвар хийснийг тулгаж үзсэн тухай хэсэг/ нарын мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.     

 

          Мөн орон сууц, өмчлөгч Х.Нгийн эзэмшилд байхад төлөгдөөгүй байсан СӨХ-ийн төлбөр 150 000 төгрөгийг хариуцагч Х.Ж.П нь хариуцан төлсөн болох нь хх-ийн 38-д авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд түүнийг үгүйсгэх баримтыг нэхэмжлэгч гаргаагүй тул уг төлбөрийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хариуцагч шаардах эрхтэй гэж үзлээ.

 

          Тооцооллын хувьд нэхэмжлэгчийн шаардсан нийт 7 013 300 төгрөгийн баримтуудыг бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнээд:

 

  1.  Лампир 45 000 төгрөг –худалдан авсан боловч засварт ашиглаагүй болох нь үзлэгээр тогтоогдсон
  2. Лампирын хүрээ 25 000 төгрөг -худалдан авсан боловч засварт ашиглаагүй болох нь үзлэгээр тогтоогдсон
  3. Лед гэрэл 2х8000=16 000 төгрөг, нийт 12 гэрлээс үзлэгээр 10 гэрлийг суурилуулсан байсан нь тогтоогдсон
  4. Цонхны тавцангийн 60х27 хэмжээтэй плита 6х4000=24 000 төгрөг- нийт 12 ширхэгээс үзлэгээр 6 ширхэгийг ашигласан байсан нь тогтоогдсон   
  5. Шалны 30х30 хэмжээтэй плита 24х2200=52 800 төгрөг- нийт 44 ширхэг плитанаас 18 ширхэгийг ашигласан болох нь үзлэгээр тогтоогдсон, хариуцагчийн “...зүсэлтийн явцад хагарах магадлалтай” гэсэн тайлбарыг үндэслэн нийт 20 ширхэгээр тооцсон
  6. Цонхны үнийн зөрүү 195 700 төгрөг- Осо констракшн ХХК-ийн кассын орлогын ордероор  вакум цонх 490 000 төгрөгөөр хийлгэсэн гэх боловч хариуцагч, тухайн баримтыг нөхөж авсан гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчээс гаргаж өгсөн цонх захиалах үед бичигдсэн бүртгэлийн дэвтрийг үндэслэн 294 300 төгрөгөөр тооцсон
  7. 50-ын уян хоолой  5мх3000=15000 төгрөг-2 удаагийн худалдан авалтаар нийт 8 м хоолой худалдан авснаас үзлэгээр 2,3 метрийг ашигласан нь тогтоогдсон, үлдсэн нь байгаа гэж хариуцагч тайлбарласан учир 5 метрийг хассан
  8. Цахилгааны утас 50мх1800=90 000 төгрөг- нийт 2 боодол буюу 200 метр утас худалдан авснаас үзлэгээр 110 метр орчмыг хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд гэрч Г.Мөнхбатын “...40 метрийг хасахаар тохирсон” гэсэн мэдүүлгийг харьцуулан үзэж 150 метр утас ашигласан гэж үзсэн  
  9. 30х60 хэмжээтэй плита 2х3500= 7000 төгрөг- нийт 125 ширхэг плита худалдан авснаас 123 ширхэгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэдий ч 2 ширхэгийг хаана, ямар байдлаар хэрэглэсэн нь тодорхойгүй, үзлэгээр тогтоогдоогүй гэсэн үндэслэлүүдээр нийт 470 500 төгрөгийг хасч тооцон 6 542 800 төгрөгийг орон сууцыг засан сайжруулсан зардал болон хохиролд тооцон гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 470 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Нэхэмжлэгч талаас плитан цавуу, зарим сантехникийн материал зэргийг хасч тооцуулахаар тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь плитан цавууг гал тогоо болон ОО-ын өрөөнд плита наахад ашигласан болох нь үзлэгээр тогтоогдсон, наасан плитанаас илүү их хэмжээний цавуу ашигласан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн сантехникийн материалууд үзлэгийн явцад зарим нь ашиглагдаагүй болох нь тогтоогдсон хэдий ч зарим ашиглагдсан материалууд зарлагын баримтанд бичигдээгүй, өөр нэрээр бичигдсэн, ашигласан материалын нэр зарлагын баримтанд бичигдээгүй байсан зэрэг нөхцөл байдлууд тодорхойлогдсон тул дээрх үндэслэлүүдээр хасч тооцоогүй.     

 

          Түүнчлэн хэрэгт авагдсан, тухайн орон сууцанд 2016 онд засвар хийсэн гэх гэрч А.Мөнхцэцэгийн мэдүүлэг, Г.Мөнхбатын мэдүүлгийн 2016 онд засвар хийсэн гэсэнтэй холбоотой хэсгийг, хариуцагч Ж.П 2018 онд уг орон сууцыг засварласныг үгүйсгэх баримт болохгүй үндэслэлээр, мөн П.Ганбилэгийн мэдүүлгийг талууд уншиж танилцахдаа үнэн зөв тэмдэглээгүй үндэслэлээр гарын үсэг зурахаас татгалзсан тул хуулийн дагуу бэхжүүлэгдээгүй гэж үзэж, тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэлд хамааруулаагүй болно.   

 

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 255 450 төгрөгнөөс 240 450 /16 500 000 төгрөгт ноогдох/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ж.Паас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан учир улсын тэмдэгтийн хураамжинд 240 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид,

 

           хариуцагч Ж.Пын сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Нгаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 119 635 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгох нь хуульд нийцнэ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Н, хариуцагч Ж.П нарын хооронд 2018 оны 06 дугаар сард хийгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 8 дугаар байрны 4 дүгээр орц 48 тоот 1 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч  Ж.Пыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 8 дугаар байрны 4 дүгээр орц 48 тоот орон 1 өрөө орон сууцнаас нүүлгэн гаргасугай.

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Нгаас орон сууцыг засан сайжруулсны зардал 6 542 800 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Пд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 470 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 255 450 төгрөгнөөс 240 450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ж.Паас улсын тэмдэгтийн хураамжинд 240 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ж.Пын сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Нгаас улсын тэмдэгтийн хураамжинд 119 635 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Б.НАРАНЧИМЭГ