| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2020/00100/И |
| Дугаар | 134/ШШ2020/00131 |
| Огноо | 2020-07-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 134/ШШ2020/00131
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Ц /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Т /РД:д холбогдох
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Д.Т, нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Тид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Ттой 2013 онд танилцан үерхэж байгаад хоёр талын аав, ээжийн гэрээр амьдарч байх хугацаандаа 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр охин Т.Эийг төрүүлсэн. Тухайн үед би оюутан суралцаж байсан учраас нэг гэрт орж хамт амьдраагүй нэгнийхээ гэрээр голдуу байдаг байсан. 2016 оноос Д.Т ааш зан нь хувирч таарч тохирохгүй бусадтай гэр бүлийн харьцаа үүсгэсэн учраас цаашид хамт амьдрах боломжгүй болж тус тусдаа амьдрах болсон. Хамт байхдаа тэр хүүхнээс болж хоорондоо байнга маргалдаж, муудалцаж хэрүүлтэй тайван бус байх болсон учир би охиноо өөрийнхөө асрамжинд авч түүнтэй дахин амьдраагүй. Д.Т нь тэр хүүхэнтэйгээ гэр бүлийн амьдрал зохиосон. Миний охин Т.Э ааваараа овоглодог бөгөөд Д.Т охинтойгоо уулздаггүй, уулзъя ч гэдэггүй. Тиймээс Д.Тоос хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна. Иймд Д.Тоос 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Т.Эд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Т миний бие Б.Цагаандарийн гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад охин Т.Эдээ тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна. Би хүүхдээ тоохгүй байсан юм байхгүй. Намайг охинтойгоо уулзъя гэхээр уулзуулдаггүй, яръя гэхээр яриулдаггүй. Нэхэмжлэгч зөвшөөрвөл би охиноо асрамжлах хүсэлтэй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Тид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Д.Т нарын дундаас 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр охин Т.Э төрсөн бөгөөд зохигчид албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэлгүй 2013-2016 оны хооронд хамтран амьдарч байсан болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 325 дугаартай “Б.Ц нь ам бүл-2, хүүхдийн хамт, ...оршин суудаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, өрхийн эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Т.Э нь 4 нас 10 сартай, эрүүл бойжиж байгаа” гэсэн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар Цэцэрлэгийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дугаартай “Т.Э нь тус цэцэрлэгт 2017 оны хичээлийн жилээс хойш тасралтгүй суралцаж байгаа” гэсэн тодорхойлолт, Т.Эийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, талуудын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Д.Т нь охин Т.Эийг өөрийн төрсөн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд улмаар хүүхэд эцгээрээ овоглож төрсний гэрчилгээ авснаар захиргааны журмаар эцэг тогтоогдсон, хүүхдүүдийн асрамжийн асуудлаар зохигчдын хэн аль нь шаардлага гаргаагүй, хүүхэд одоогоор эх Б.Цагаандарийн асрамжинд байгаа болох нь тогтоогдож байх тул бага насны хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчин, эцэг, эхийн хайр халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан охин Т.Эийг эхийнх нь асрамжинд үлдээлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2020 онд Говьсүмбэр аймагт тогтоогдсон хэмжээ 198 300 төгрөг/ тэтгэлэг тогтоож, эцэг Д.Тоор охин Т.Эийг сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.
Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь тусдаа амьдарч байсан ч хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Тоос нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 33 105 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар охин Т.Эийг эх Б.Цагаандарийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Од овогт Д.Тийн Т.Эийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Д.Тоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 33 105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эх хэн алиндаа саад учруулахгүй байхыг мэдэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Цд даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ