| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2020/00104/И |
| Дугаар | 134/ШШ2020/00132 |
| Огноо | 2020-06-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 134/ШШ2020/00132
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Б /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х.Д холбогдох
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Х.Д, нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х.Дт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие 2009 онд Х.Дтэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Б төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд хань болох Х.Д нь өөр хүнтэй сууж гэр бүл болсон шалтгааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2011 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин Б.Б миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Б.Бд тэтгэлэг тогтоож өгнө үү. Би Х.Дийг охиндоо ах гэж танилцуулсан болохоор төрсөн аавыгаа гэж мэдэхгүй гэв.
Хариуцагч Х.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр нэг жил гаран хамт амьдарч байгаад салсан. Хүүхдээ төрснөөс хойш хамт амьдраагүй. Би одоо гэр бүлтэй, нэг хүүхэдтэй. Иймд миний бие Б.Бийн шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х.Дт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Х.Д нарын дундаас 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Б төрсөн бөгөөд зохигчид албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэлгүй 2009-2011 оны хооронд хамтран амьдарч байсан болох нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 168 дугаартай “..Б.Б нь ам бүл-3, ...оршин суудаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний 74 дугаартай “...Б.Б 10 настай, ....эрүүл өсч бойжиж байгаа” гэсэн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 5 дугаар сургуулийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаартай “Б.Б нь М.Түвшинжаргал багштай 3в ангид суралцдаг нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, Б.Бын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, талуудын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Х.Д нь охин Б.Быг өөрийн төрсөн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчдын хэн аль нь маргаан гаргаагүй, хүүхэд одоогоор эх Б.Бийн асрамжинд байгаа, хүүхэд төрсөн эцгийнхээ талаар мэддэггүй, цаашид эхтэйгээ хамт амьдрах талаар санал гаргасан тул бага насны хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчин, эцэг, эхийн хайр халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2020 онд Говьсүмбэр аймагт тогтоогдсон хэмжээ 198 300 төгрөг/ тэтгэлэг тогтоож, эцэг Х.Дээр охин Б.Быг сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.
Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь тусдаа амьдарч байсан ч хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Дээс нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 33 105 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар охин Б.Быг эх Б.Бийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Боржигин овогт Б.Бийн Б.Быг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Х.Дээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 33 105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эх хэн алиндаа саад учруулахгүй байхыг мэдэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Бт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ