Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1132

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Н.Энхбуян,

Шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныБ танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт С ийн А т холбогдох эрүүгийн 2209022261484 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А  нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... их сургуулийн орчимд хохирогч Г.Н гийн эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Lenovo” брэндийн зөөврийн компьютерийг өдрийн 50,000 төгрөгөөр түрээсэлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд ...шүүгдэгч С.А  нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... их сургуулийн орчимд хохирогч Г.Н гийн эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Lenovo” брэндийн зөөврийн компьютерийг өдрийн 50,000 төгрөгөөр түрээсэлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Г.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” их сургууль дээр хичээлдээ сууж байхад манай найз Б  Н нөүтбүүк түрээслэх хүн байна уу" гэж асууж байна гэж хэлсэн. Миний бие “Ленова брэндийн 2021 оны нотебүүкийг цүнх болон дагалдах бүх хэрэгсэлтэй нь өдрийн 50,000 төгрөгөөр түрээслэхээр Н д өгсөн. Н гэх хүнээс нөүтбүүкээ авахаар холбогдоход "Б гэх манай эгч нөүтбүүкийг чинь авчхаад өгөхгүй байна, чи өөрөө холбогдоод авчих" гээд ...  дугаарыг өгсөн. Би тухайн үедээ Б гэх хүн рүү нь холбогдоод “нотебүүкээ авъя” гэж хэлэхэд "өнөөдөр өгнө, маргааш өгнө" гэж хэлж явсаар миний нөүтбүүкийг өгөлгүйгээр сураггүй болсон. Тэр хүн нь Б биш С.А  гэх хүн байсныг бүр сүүлд олж мэдсэн. С.А  нь өөрийгөө "би сургуулийн багш, чиний нөүтбүүкийг ажилдаа хэрэглэж байна" гэж хэлж байсан.  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

 

Гэрч А.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 4 дүгээр сарын 10, 11-ны үед Хүннү 2222- т байрлах гэрээсээ гараад эгчийнхээ гэр рүү явах гээд таксинд суухдаа таксины жолооч Б /Б/ гэх эгчтэй танилцаж юм ярьж явсан. Тэр эгч “чи надад хэрэг болж магадгүй” гээд миний дугаарыг авсан. Намайг таксинаас буух үед "манай хүүхэд миний компьютер дээр кофе асгачихсан, чи надад нөүтбүүкээ өдрийн 40,000 төгрөгөөр түрээслэх үү" гэж асуусан. Надад нөүтбүүк байхгүй гэж хэлсэн. Энэ явдлаас хойш 2 өдрийн дараа намайг өөрийн сурдаг “...” их сургууль дээр хичээлдээ орж байхад залгаад "Б /Б/ эгч нь байна, надад хөдөө сургалтад явахад нөүтбүүк хэрэг болоод байна, түрээслэх нөүтбүүк олоод өг" гэж асуухад нь хүүхдүүдээс “нөүтбүүк түрээслэх үү” гэж асуухад Г.Н  зөвшөөрсөн. Би Б эгчид "нөүтбүүк түрээслэх хүн олчихлоо" гээд Г.Н гийн дугаарыг өгсөн. Нөүтбүүк өгч авахад нь би байгаагүй, нөүтбүүкийг нь би хараагүй. Б эгчид Г.Н гийн дугаарыг өгчхөөд ажилтай байсан болохоор өөр тийшээ явсан. ...Би энэ хүүхдүүдээс нөүтбүүк авсных нь 2 өдөр өнгөрснөөс хойш өдөр болгон Б /.../ гэх хүн рүү залгаж буцааж өгөхийг шаардаж байгаа. Б эгч "төвөг удаж байгаад уучлаарай, хөдөө явж байна, маргааш очоод өгнө” гэж хэлдэг. ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,

 

Гэрч Н.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Н г Говь-Алтай аймаг руу гэр лүү нь явуулах гээд хувцас болон эд зүйлийг нь бэлдэж байхад нөүтбүүк нь байгаагүй. Тэгээд хаана байгаа талаар асуухад өдрийн 50,000 төгрөгөөр хүнд түрээсэлсэн, ...энэ дугаар луу залгаад та авчих, маргааш авчирч өгнө гэж хэлсэн. Би ...залгаж ярихад эмэгтэй хүн дуудлага авч яриад маргааш өглөө таны хаана байгаа газар нөүтбүүкийг хүргэж өгье гэж хэлсэн. Үүнээс хойш намайг холбогдох болгонд хөдөө байна, би Тавантолгойд ажилладаг, маргааш, нөгөөдөр очно, очиж байхад машин эвдэрчихлээ гэх шалтгаануудыг хэлж явсаар өнөөдрийг хүрсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-44 дүгээр тал/,

 

Шүүгдэгч С.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Миний бие Н  гэх хүнээс нөүтбүүкийг нь ажилд хэрэглэнэ гэж хэлж авсан нь үнэн. ...Би Н д хохирлыг төлж барагдуулна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А ээс: ...Н гийн нөүтбүүкийг авсан нь үнэн. Өдрийн 50,000 төгрөгөөр түрээслэнэ гэж хэлээгүй. Товчлуурууд нь ажиллахгүй байсан гэдгийг Н  өөрөө мэдэж байсан... гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч С.А  нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... их сургуулийн орчимд хохирогч Г.Н гийн эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Lenovo” брэндийн зөөврийн компьютерийг өдрийн 50,000 төгрөгөөр түрээсэлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нар  нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар тус тус маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч С.А т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Тухайлбал шүүгдэгч С.А ийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд буцаан өгөхгүй байх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч С.А ийг Залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н д 1,500,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч С.А  нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч С.А ээс 1,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н д олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч С.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна… ” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Миний үйлчлүүлэгчийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Өмнө нь ял шийтгэл эдэлсэн ч гэсэн торгуулийн ял шийтгэлээ төлөөд дууссан байдаг. Ар гэрийн хувьд хүүхдүүдээ өөрөө хардаг, бас дүүгийндээ хамт амьдардаг. Өнөөдөр хохирол төлбөрөө төлнө гээд 400,000 төгрөгийг аваад ирсэн. Улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг бага хугацаагаар оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С.А ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч С.А ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 58-102 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 106 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 107 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 108 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч С.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч С.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу бага насны хүүхдүүдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаарр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

Шүүгдэгч С.А ийг дээрх хугацаанд байнга оршин суух болон ажил хөдөлмөр эрхлэх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А т шүүхээс оногдуулсан байнга оршин суух болон ажил хөдөлмөр эрхлэх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.А  нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт С ийн А ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А ийг 01 /нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А т шүүхээс оногдуулсан байнга оршин суух болон ажил хөдөлмөр эрхлэх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч С.А т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А ээс 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н д олгосугай.

6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.А  нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А т урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН