Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 134/ШШ2020/00137

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Э.Ц -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Э.Э-д  холбогдох

 

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч Э.Э, нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Э.Эд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

          Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ц миний бие 2017 онд Э.Этай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин Ц.Ө төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Эцэг Э.Э нь өөр хүүхэнтэй болсон шалтгаанаар хүүхдээ сар гарантай байхад бид хоёрыг орхиод явсан учраас 2019 оноос салж тус тусдаа амьдрах болсон. 2019 оны 07 дугаар сараас охин Ц.Ө миний асрамжинд амьдарч өсч торниж байна. Хүүхэд анх төрөхөд нь Э.Эы Ундрах гэсэн овог нэрээр гэрчилгээ авсан. Тэгээд Э.Э бид хоёрыг орхиод явсан учраас өөрөөрөө овоглохыг хүсч, овог нэрийг Э.Цгийн Ц.Ө болгож өөрчлүүлсэн. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул            Ц.Өад тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

          Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Ө нь миний хүүхэд мөн, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна. Тухайн үед бид гэрлэлтээ батлуулъя гэж ярьдаггүй байсан. Уг нь би хот руу ажил хийхээр явсан боловч ажил бүтээгүй буцаж ирсэн гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Э.Эд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч Э.Э нарын дундаас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин Ц.Ө төрсөн бөгөөд зохигчид албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлэлгүй 2017-2019 оны хооронд хамтран амьдарч байсан болох нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Э.Цгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн  Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай “...Ц.Ө 8 сартай, ....эрүүл өсч бойжиж байгаа” гэсэн тодорхойлолт, Э.Ундрахын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, талуудын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Хүүхэд төрөхөд анх Боржигон овогт Э.Эы Ундрах нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Боржигон овогт Э.Цгийн Ц.Ө гэж овог, нэрийг өөрчилсөн болох нь иргэний улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоодож байна.

 

Хариуцагч Э.Э нь охин Ц.Өыг өөрийн төрсөн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчдын хэн аль нь маргаан гаргаагүй, хүүхэд одоогоор эх Э.Цгийн асрамжинд байгаа болох нь тогтоогдож байх тул бага насны хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчин, эцэг, эхийн хайр халамж, ёс суртахууны байдал зэргийг харгалзан хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2020 онд Говьсүмбэр аймагт тогтоогдсон хэмжээ 198 300 төгрөг/ тэтгэлэг тогтоож, эцэг Э.Эаар охин Ц.Өыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.   

 

Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

          Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь тусдаа амьдарч байсан ч хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эаас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 33 105 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар охин Ц.Өыг эх Э.Цгийн асрамжинд үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Боржигон овогт Э.Цгийн Ц.Өыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Э.Эаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 33 105 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд      33 105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эх хэн алиндаа саад учруулахгүй байхыг мэдэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Цд даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Б.НАРАНЧИМЭГ