| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2020/00108/И |
| Дугаар | 134/ШШ2020/00140 |
| Огноо | 2020-06-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 134/ШШ2020/00140
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х.О-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: О.О холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, хариуцагч О.О, нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч О.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.О миний бие нөхөр болох О.Отэй 1996 онд гэр бүл болж, 1997 онд том хүү О.Д, 1999 онд дунд хүү О.С, 2013 онд бага хүү О.А нар төрсөн. Бид 2014 он хүртэл хамт амьдарсан. Нөхөр О.О нь гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, архи ууж агсам согтуу тавьж, санхүүгийн хараат байдал үүсгэж, үргэлж чиний, миний гэсэн хэрүүл үүсгэж, хардалттай байдаг, амьдралын идэвхигүй, өөрийн гэсэн орон гэр байхгүй байсан учраас би 2 хүүхдээ аваад том хүүгээ 2 дугаар ангиас нь 9 дүгээр анги хүртэл нь Улаанбаатар хотод очиж тусдаа амьдарсан. Тэгээд 2013 онд 2 эрэгтэй хүүхэдтэй эмзэг насан дээрээ байсан болохоор аавынх нь хажууд байлгая гэж бодоод, мөн Баянталд шинээр халуун усны газар нээгдсэн учраас үсчин хийе гэж эргэж ирсэн. Тэгээд ирсэн үедээ бага хүүхдээ төрүүлсэн. Гэтэл яг бахь байдгаараа, архи уудаг, хэрүүл зодоон хийдэг, байнга мөнгө төгрөгний тооцоотой, найз нар нь ирж архи уудаг, хүүхдүүдэд ямар ч тохь тухгүй байсан. Гэр бүлийн тооцоо тусдаа, өөрөө олсон мөнгөө өөртөө л зарцуулна гэдэг байсан. Би том хүүгээ оюутан болоход хоёулаа хамт хот явъя гэхэд явахгүй гэдэг байсан. Ийм нөхцөлд байдаг байсан учир 2 хүүхэд том болж хамт амьдрахгүй болсон тул би бага хүүхдээ аваад 2016 онд Чойрт шилжиж ирсэн. Тэгтэл очих газаргүй гээд над дээр хүрч ирээд бас л агсан согтуу тавиад байлгадаггүй. Сүүлдээ би хүүхдээ аваад найз нөхдийнхөөрөө байдаг болсон. Би цаашдаа энэ хүнтэй хүүхдээ уулзуулахгүй. Яагаад гэвэл өөрийнхөө хэлсэн үйлдлийг, хүний хэлсэн үгийг хүлээн авч засч залруулах ухамсар байхгүй. Иймд гэр бүлээ цуцлуулж, бага хүү О.Аыг өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч О.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О миний бие 1996 онд Х.Отай гэр бүл болж, О.Д, О.С, О.А гэх гурван хүүгийн аав, ээж болсон. Миний бие Говьсүмбэр аймгийн Баянтал суманд шугам сүлжээний цахилгаанчин хийж байх хугацаанд албаны байранд, ам бүлээрээ сайхан амьдарч байгаад 2017 оноос МАК-ийн Хөөтийн уурхайд цахилгаанчны ажилд ороод ажлаа хийх хугацаанд байнга хөдөө ажилласнаар гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ үргэлж хамт байх боломжгүй болж, амьдралын төлөө тусдаа амьдарч байна. Үүнээс болж эхнэр Х.Отай үл ойлголцох байдал үүсэж маргалдаж, муудалцах болсон. Х.Отай ярилцаад ойлголцохгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүү О.Ат тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Би архи уудаг байснаа хүлээн зөвшөөрч байна. Намайг сар гаран ажилтай яваад ирэхэд хамт унтахгүй, өөр хүнтэй уулзаж учраад байдаг байсан. Одоо нэхэмжлэгч өөр хүнтэй хамт амьдарч байгаа учраас салахаас өөр аргагүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч О.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:
Нэхэмжлэгч Х.О, хариуцагч О.О нар нь 1996 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн байх ба хамтын амьдралын хугацаанд 1997 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүү О.Д, 1999 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүү О.С, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү О.А нарыг төрүүлсэн нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаартай “Х.Отонжаргал нь ам бүл-2, хүү О.Аын хамт ...оршин суудаг нь үнэн” гэсэн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 46 дугаартай “О.А нь ...1б ангид суралцдаг” гэсэн тодорхойлолт, О.Д, О.С нарын иргэний үнэмлэхийн хуулбар, О.Аын төрсний гэрчилгээний хуулбар, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “О.А 7 настай, эрүүл бойжиж байгаа” гэсэн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Т.Энхтөрийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл”-ээр талууд цаашид эргэж эвлэрч хамтран амьдрах боломжгүй гэсэн хүсэлт гаргасан үндэслэлээр дуусгавар болгожээ.
Иймд дээрх нөхцөл байдал болон хариуцагч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, улмаар хамтын амьдралын хугацаанд нөхөр О.О нь байнга архидан согтуурдаг байсны улмаас тэд 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлсэн зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Хүү О.Аыг эх Х.О нь өөрийн асрамжинд байлгахаар шаардлага гаргасан бөгөөд хариуцагч асрамжийн асуудлаар маргаагүй учир шүүх бага насны хүүхдийн хамт амьдарч буй гэр бүлийн гишүүддээ ээнэгшин дассан байдал, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан, одоо амьдарч байгаа орчныг нь өөрчлөх шаардлагагүй гэж үзэж О.Аыг эх Х.Оын асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Хэдийгээр шүүхээс хүүхдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар ...эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар эцэг, эх харилцан тохиолцож гэрээ байгуулаагүй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2020 онд Говьсүмбэр аймагт тогтоогдсон хэмжээ 198 300 төгрөг/ эцэг О.Оээр хүү О.Аыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдлаа.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 305 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Оээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн дүнгээр тооцон 33 105 төгрөг, нийт 103 305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар Тариат овогт Ойдовын О.О, Дэлгэрэх овогт Хорхойн Х.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Тариат овогт О.Оийн О.Аыг эх Х.Оын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Тариат овогт О.Оийн О.Аыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг О.Оээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 305 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О-с улсын тэмдэгтийн хураамжид 103 305 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг мэдэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.Од даалгасугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Рэнцэндоржид даалгасугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ