Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/131

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч В.Батдэлгэр

Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-ын О-т холбогдох 2031001260097 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дугаар баг * дугаар хэсэг **тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 06-ны өдрийн 23 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 1-д зааснаар 500 нэгжээр торгох ялаар шийтгүүлж байсан гэх, Х овогт Мын О РД: /******* / ,

Шүүгдэгч М.О нь 2019 оны 08-р сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн банк”-д иргэн А.А-гийн зээлийн иргэн төлөлтийн төлбөр болох 500.000 төгрөгийг “би таны зээлийн иргэн төлөлтийг хийе” гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, өөрийн “Хаан банк”-ны эзэмшлийн Х дансанд шилжүүлэн авч “залилах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч М.О-ын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Төрийн банкинд эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа хугацаа хэтэрсэн муу зээлийн ангилалтай зээлдэгч А.А-тай гар утсаар холбогдож зээлийг нь төлүүлж байсан юм. 2019 оны 08-р сарын 30-ны өдөр мөн зээлдэгч А.А-тай гар утсаар холбогдож тодорхой дүнгээр зээл хийхийг хүссэн чинь “би одоогоор нялх хүүхэдтэй учир гарах боломжгүй байна. Чи надад “Хаан банк”-ны данс явуулчих” гэхээр нь өөрийн дугаараас А.Агийн дугаар руу өөрийн “Хаан банк”-ны **** тоот дансыг захидал хэлбэрээр явуулсан. Удалгүй миний эзэмшлийн **** тоот дансанд А.Агаас 500.000 мянган төгрөг ороод ирсэн. Би иргэн А.Агаас зээлийн төлөлтөндөө явуулсан 500.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн СҮхбаатар сумын нутаг дэвсгэрт дэлгүүр, хоршоо орж хувийн хэрэглээндээ зарцуулж 2 бэлэн бусаар гүйлгээ хийж уг 500.000 төгрөгийг дуусгасан юм. ...Би иргэн 2020 оны 04-р сард 520.000 төгрөгийг иргэн А.Агийн эзэмшлийн данс руу хийж хохиролгүй болгосон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 50-51-р ху/,

2.Шүүгдэгч М.О-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...А.А гэдэг хүнээс 500,000 төгрөгийг “зээлийг нь төлнө” гэж дансаараа дамжуулж аваад өөрийн хувийн хэрэглээнд ашигласан. Зээлийг нь төлөөгүй удсан тул энэ асуудал үүссэн. Өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээж байна. ...Би Улаанбаатар хотод барилга дээр ажил хийж байгаа. Сая 10 хоног ажиллаад 500,000 төгрөг авч шийтгэлээ барагдуулсан юм. Одоо цаашид ажиллаж байгаад хохирол, төлбөрөө төлнө. ... Ямар ч байсан ажил хийж байж л барагдуулна. Тэрнээс биш надад мөнгөөр туслах хүн байхгүй. ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч А.Агийн 2020 оны 04-р сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгэхээр би 2019 оны 08-р сарын 30-ны өдөр би “хоёр сарын зээлийн төлбөр болох 500.000 төгрөгийг хийсэн ямар сонин юм бэ” гэж асуухад төрийн банкны ажилтан “тийм төлбөр огт ирээгүй байна” гэж надад хэлэхээр нь би “зээлийн эдийн засагч М.Оын данс руу би зээлийн мөнгөө шилжүүлсэн” гэж хэлэхэд “төрийн банк”-ны ажилтан “М.Оыг ажлаасаа гарсан” гэж хэлсэн. Тэгээд би М.О руу залгаад “чи миний шилжүүлсэн 500.000 төгрөгийг миний зээлийн дансанд хийгээгүй байна. Сая Төрийн банкнаас миний зээлийг төлөгдөөгүй байна гэж надад хэлсэн. Энэ одоо ямар учиртай юм бэ, чи надад тайлбарлаад өгөөч” гэхэд М.О “өө харин тийм ээ, би таны зээлийн мөнгийг андуураад өөр хүний зээлийн данс руу хийсэн байна лээ. Би удахгүй учрыг нь олоод өгнө өө, дүү нь ажлаасаа гарсан байгаа” гэж надад хэлсэн. Би 2019 оны 12-р сар хүртэл М.Оыг миний зээлийг хийх байх гэж хүлээсэн боловч хийгээгүй байсан. ...би 2020 оны 03-р сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагдаад өргөдөл гаргасан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р ху/,

4.Хохирогч А.А-гийн 2020 оны 05-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...М.О нь надад 520.000 мянган төгрөг өгсөн. Надад одоо нэхэмжлэх хохирол мөнгө байхгүй ч гэсэн тухайн үед надад их төвөг удсан болохоор хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,

5.Гэрч Ш.С-гийн 2020 оны 05-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өөрөөс нь саяхан энэ талаар асуусан бөгөөд одоо бол ямар нэг өөр зээл байхгүй, ямар ч асуудалгүй гэж хэлж ярьж байсан. Нөхөр бид хоёр санхүүгээ тус тусдаа барьж, тус тусдаа зарцуулдаг болохоор тэр болгон бие биенийхээ мөнгө төгрөг рүү ороод байдаггүй, бүүр тулсан хэрэг болсон үед нь нэг нэгэндээ тийм зүйлд мөнгө шаардлагатай байна. мөнгө байвал өгөөч гэх мэтчилэн ярилцаж байгаад бие биедээ өгч, авдаг юм. Би нөхрийгөө яг ямар шалтгаанаар хүнээс 500.000 төгрөг зээлсэн талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18-р ху/,

6.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, хохирогч А.Агийн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, /хх-ийн 02-03-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 04, 54-р ху/, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн санал, /хх-ийн 22, 23-р ху/, шүүгдэгч М.Оын “Хаан банк”-ны харилцагчийн дансны хуулга, /хх-ийн 24-26-р ху/, “Төрийн банк”-ны харилцагчийн дансны хуулга, /хх-ийн 29-35-р ху/, шүүгдэгч М.Оын Төрийн банкны Сэлэнгэ салбарын харилцааны менежер албан тушаалд ажиллаж байсан холбогдох материал, /хх-ийн 37-41- р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 44-46-р ху/, шүүгдэгч М.Оын хувийн байдлын талаарх баримтууд, /хх-ийн 57-62-р ху/, захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 63-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 64-р ху/, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 76-77-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 73-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 74-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч М.О нь Төрийн банкны Сэлэнгэ салбарт зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа 2019 оны 08-р сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төрийнм багкинд иргэн А.Агийн зээлийн 3 эргэн төлөлтийн төлбөр болох 500.000 төгрөгийг “би таны зээлийн иргэн төлөлтийг хийе” гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, өөрийн “Хаан банк”-ны эзэмшлийн **** дансанд шилжүүлэн авч “залилах” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.О нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 06-ны өдрийн 23 тоот шийтгэх тогтоолоор Төрийн банкны Сэлэнгэ салбарт зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа 2019 оны 08-р сарын 16-ны өдөр иргэн Г.Ааас 5.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориуд бий болгож, хуурч мэхлэн залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон хохирогчид үлдэгдэл 4.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, улмаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж, уг торгуулийг тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн төлөх, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн 15 нэгжийг хорих ялын нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг анхааруулсан шийдвэр гаргасан байна. Гэвч өмнөх гэмт хэргийн хохирол болон торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй байж байгаад өнөөдөр буюу 2020 оны 06-р сарын 9-ний өдөр торгуулийн ялыг төлж барагдуулсан болох нь банкны орлогын мэдүүлгээр батлагдаж байна. Мөн хохирогчид хохирлыг нь нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл хохирлыг нь төлөөгүй бөгөөд шүүгдэгч ямар нэгэн орлого олдоггүй, ямар нэгэн ажил эрхэлдэггүй болох нь хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Прокурорын санал болгосон торгуулийн ялыг оногдуулах боломжгүй тул хуульд заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй зэргийг дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөхөөр шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Мын Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах" гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х овогт Мын Оыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.От оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч М.О нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай. 5.Шүүгдэгч М.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 4 зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН