| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2020/00105/И |
| Дугаар | 134/ШШ2020/00151 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 134/ШШ2020/00151
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Ө-ийн гаргасан
Хариуцагч: З.Тт холбогдох,
гахай устгасан нөхөн төлбөр 23 553 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Говьсүмбэр аймгийн З.Тт холбогдуулан гахай устгасан нөхөн төлбөр 23 553 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Ө миний бие нь 2005 оноос гахайн аж, ахуй эрхэлж, жилдээ хамгийн багаар бодоход 4 тонн гахайн мах борлуулдагаас гадна баяр ёслолын үеэр тоорой, гахайн толгой шарж иргэд байгууллагын захиалгын дагуу үйлчилдэг. Мөн бизнесээ өргөжүүлэх зорилгоор намар, өвлийн үзэсгэлэн худалдаанд гахайн махан бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлж байнгын мөнгөн орлоготой байдаг байсан. Гэтэл Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/04 дугаар Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А/03 дугаар Хорио цээрийн дэглэм тогтоох тухай захирамжуудаар, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3, 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар манай гахайн аж ахуй оршиж байсан Сүмбэр сумын 3 дугаар баг, эрчимжсэн мал, аж ахуйн бүс газарт хорио цээрийн дэглэмийг тогтоосон. Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/07 дугаар Устгалын ажлын хэсэг байгуулах тухай захирамж, Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторын шинжилгээний дүнгийн хуудсыг үндэслэн нэхэмжлэгч Г.Ө миний 44 гахайг Африкийн мялзан өвчний голомтод суурьшиж байсан гэсэн үндэслэлээр устгасан. Би нөхөн олговрын талаар тухайн үедээ аймаг, суманд аль алинд нь хандаж байсан. Тэгэхэд Онцгой комиссийн шийдвэр хотоос ирээгүй байна, таныг жижиг дунд үйлдвэрийн зээлд хамруулж өгнөө гэж л хэлж байсан. Нийт 9 өрхийн гахайг устгасан. Үүнээс манайх хамгийн их нь байгаа. Иймд миний өмчлөлийн 44 толгой гахайны үнэ 26 170 000 төгрөгний 90 хувь болох 23 553 000 төгрөгийн нөхөн төлбөрийг төрөөс буюу тухайн орон нутгийн хамгийн дээд эрх бүхий байгууллага болох Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжилж байна. Хариуцагчийг солих хүсэлт байхгүй гэв.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж, дарга Д.Содном шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Ө нь өөрийн өмчлөлийн 44 толгой гахайны үнэ 26 170 000 төгрөгийн 90 хувь болох 23 553 000 төгрөгийн нөхөн төлбөрийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасны дагуу Халдварт өвчний тархалт нэг сумын нутаг дэвсгэрийг хамарсан, эсхүл халдварт өвчний голомтыг нэгтгэх нөхцөл үүсээгүй бол мал эмнэлгийн тасгийн саналыг үндэслэн сумын засаг дарга хорио цээрийн дэглэм тогтоодог бөгөөд тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, 31.6-д зааснаар мал эмнэлгийн үйл ажиллагааны хяналтыг аймаг, нийслэлд тухайн шатны мал эмнэлгийн байгууллага, сум, дүүрэгт мал эмнэлгийн улсын байцаагч хэрэгжүүлж мал, амьтны халдварт өвчин тараах, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй мал, амьтныг зах зээлд нийлүүлэхийг хориглох, хорио цээрийн хяналтад оруулах, шаардлагатай тохиолдолд устгах эрхтэй байна. Мөн нэхэмжлэлд дурдсанчлан Сүмбэр сумын Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай, Хорио цээрийн дэглэм тогтоох тухай, Устгалын ажлын хэсэг байгуулах тухай, Хорио цээрийн дэглэм бууруулж хязгаарлалтын дэглэмд шилжих тухай захирамжуудыг хавсаргасан байна. Аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын зүгээс тус асуудалтай холбогдуулан аливаа шийдвэр гаргаагүй болно. Иймд аймгийн З.Т нь тус нэхэмжлэлийн хувьд хариуцагч болох үндэслэлгүй байна гэжээ.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Говьсүмбэр аймгийн З.Тт холбогдуулан гахай устгасан нөхөн төлбөр 23 553 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/04 дугаартай “Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай”, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай”, огноо нь харагдахгүй, 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/07 дугаартай “Устгалын ажлын хэсэг байгуулах тухай”, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/19 дугаартай “Хорио цээрийн дэглэмийг бууруулж, хязгаарлалтын дэглэмд шилжих тухай” захирамжууд, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/27 дугаартай “Албан мэдэгдэл хүргүүлэх тухай” иргэн Г.Өт хаягласан албан бичиг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын устгалын цэгийн газрын байршлын зураг, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас, полимеразын гинжин урвалын үр дүн, ПГУ-ын ерөнхий ген илрүүлэх үр дүн, устгалын акт зэрэг нотлох баримтуудаар 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Г.Өын өмчлөлийн 44 тооны гахайг “Гахайн Африкийн мялзан” гоц халдварт өвчин илэрсэн үндэслэлээр зайлшгүй шаардлагаар устгасан болох нь тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт”-ын 5-д “Гахайн африкийн мялзан” өвчинг гоц халдварт, халдварт өвчинд хамааруулсан байна.
Нэхэмжлэгч Г.Ө нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т заасныг үндэслэн төрөөс буюу тухайн орон нутгийн хамгийн дээд эрх бүхий байгууллага болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилж байна гэж тайлбарлана.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т ...гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөрийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж зохицуулсан учир нэхэмжлэгч нь хууль, журамд заасан үндэслэлийн дагуу устгуулсан гахайныхаа нөхөн төлбөрийг төрөөс шаардах эрхтэй. Гэхдээ уг шаардлагын дагуу нөхөн төлбөр олгох эсэхийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар ...мал амьтан өмчлөгч хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлсэн эсэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан нягталж, шалгасны эцэст шийдвэрлэх учиртай.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 9 дүгээр зүйлд Хорио цээр, хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилтийг зохицуулсан байх бөгөөд 9.2.-д Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцалснаас хойш 60 хоногт багтаан тухайн үед гарсан үйл ажиллагааны зардал, зориудаар устгасан малын нөхөн төлбөртэй холбогдох баримтыг зохих шатны З.Т эцэслэн бүрдүүлж Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцүүлэн Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.”
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Өын өмчлөлийн 44 тооны гахайг “Гахайн африкийн мялзан” өвчний учир устгах шийдвэрийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга хууль, журамд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргаж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд уг үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцсон болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д зааснаар хариуцагчийг өөр этгээдээр солих хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийн дурдсан Говьсүмбэр аймгийн З.Т нь энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш үндэслэлээр түүнд холбогдох нөхөн төлбөр 23 553 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн сонгосон хариуцагч нь хэргийн жинхэнэ хариуцагч биш тохиолдолд шүүх, маргааны үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлон шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.
Ийнхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 275 715 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.4-т зааснаар Г.Өын нэхэмжлэлтэй хариуцагч Говьсүмбэр аймгийн З6Т.с гахай устгасан нөхөн төлбөр 23 553 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275 715 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлон тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ