Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2026/0309

 

 

 

 

                                                                                    “Мо” ХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүн: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл   

Давж заалдах гомдол гаргасан:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У

Нэхэмжлэгч: “Мо” ХК

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл

Гуравдагч этгээд: “А” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:

“Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлт болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/156 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/0872/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Мо” ХК-иас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд тус тус холбогдуулан “Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлт болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/156 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.1, 603.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мо” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Мо” ХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 967 м.кв бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлт болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/156 дугаар тушаалыг тус тус 839 м.кв газрын хэмжээгээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 128 м.кв газарт холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагуудаас дахин шинэ акт гарах хүртэл 56 хоногийн хугацаагаар түдгэлзүүлжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

3.1. Төрийн өмчийн залгамж халаа болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 186 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 671 дүгээр тогтоолоор “Мо” ХК-ийн балансад байсан суурь сүлжээ, барилга байгууламжийг “А” ХХК- д шилжүүлсэн.

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар барилга байгууламж нь газрын үндсэн бүрдэл хэсэг юм. Уг газар дээрх АТС-35 барилга нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байхад шүүх газрын эрхийг салгаж ойлгосон нь үндэслэлгүй.

3.2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн тухайд:

Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2008 онд 99 дүгээр захирамж гаргахдаа тухайн газар дээр бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байгааг анхаараагүй, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшилтэй давхцаагүй байх шаардлагыг зөрчсөн.

Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь энэхүү хууль бус байдлыг илрүүлж, зөрчлийг арилгахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан “нийтийн ашиг сонирхолд нийцэх” зарчимд нийцсэн.

3.3. Хөөн хэлэлцэх хугацаа болон процессын тухайд:

Нэхэмжлэгч “Мо” ХК нь Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гардаж авсан атлаа хуульд заасан 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн.

Шүүх энэхүү хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг анхаарч үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

3.4. Захиргааны байгууллагын үзэмж болон эрх хэмжээний тухайд:

Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь өмнөх хүчин төгөлдөр захирамж болон нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн А/156 дугаар тушаалаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан.

Энэ нь төрийн байгууллагын залгамж чанар, хөрөнгийн бодит эзэмшигчийн эрхийг хамгаалсан хууль ёсны шийдвэр юм.

Дээрх үндэслэлийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”,

4. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

4.1. Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2008 онд “Мо” ХК-д шинээр газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа 1960 онд ашиглалтад орсон холбооны зориулалттай дэд станцын байршиж байгаа, бусдын эзэмшил газраас тусгаарлан хашаалсан газрыг олгосон.

Учир нь уг маргаж буй дэд станцтай ижил зориулалттай Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 6 станцыг Төрийн өмчийн хорооны 2006 оны “Хөрөнгө шилжүүлэх тухай” 671 дүгээр тогтоолоор манай компанид шилжүүлсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгээ сунгуулан зориулалтын дагуу ашиглаж байна. Үүнд:

Баянгол дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах АТС-36 станц, нэгж талбарын 1680............. дугаартай 4592 м.кв газар,

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд байрлах АТС 45 станц, нэгж талбарын 1330............ дугаартай, 1876 м.кв газар,

Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороонд байрлах Гачууртын станц, нэгж талбарын 1332................ дугаартай 444 м.кв газар,

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах АТС 34 станц, нэгж талбарын 1780................ дугаартай 28 м.кв газар,

Сонгинохайрхан дүүрэг, 18дугаар хороонд байрлах АТС 63 станц, нэгж талбарын 1800.............. дугаартай 1473 м.кв газар,

Манай компани Төрийн өмчийн хорооны 2006 оны 671 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, станц байршиж байсан хашаалсан газрыг нэр дээрээ шилжүүлэх хүсэлт гаргасныг нийслэлийн Засаг дарга 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 378 дугаар захирамжаар шийдвэрлэсэн.

4.2. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу түрүүлж үүссэн байна гэж дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэхгүй байх бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэснийг зөрчсөн байна.

Манай компани Монгол Улсын хэмжээнд харилцаа холбооны дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллахын зэрэгцээ 330 сум, суурин газар, радио релейны станцууд, “Мо” ХК болон оператор компаниудын тоног төхөөрөмжийг суурилуулан байр талбайн түрээсийн үйлчилгээг үзүүлдэг.

Үүнтэй адил маргаан бүхий станцад нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжийг байршуулан түрээсийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд шүүхээс хийсэн үзлэгээр тухайн барилга дотор кабель, шугам сүлжээний тоног төхөөрөмж суурилуулсан, уг тоног төхөөрөмжид “Мо” ХК үйлчилгээ, арчилгаа хийж хариуцаж байгаа нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь түрээсийн байранд айл өөрийн өмчлөлийн цахилгаан бараагаа байрлуулснаар тухайн байрны өмчлөгч болохгүйтэй адил байтал “нэхэмжлэгчийн үндсэн хөрөнгийн жагсаалтад бүртгэлтэй байна” гэж дүгнэсэн бөгөөд талууд үүн дээр маргаагүй билээ.

4.3. Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь ажиллах журмынхаа хүрээнд талуудаас тайлбар авч улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүдийг байлцуулан мэтгэлцэх зарчмыг ханган, нотлох баримтын хүрээнд гомдлыг хянан шийдвэрлээд “...2008 онд анх газар эзэмших захирамж гаргахдаа газар дээр судалгаа хийлгүйгээр бусдын эзэмшлийн барилга байршиж байгаа хашаалсан газрыг олгосон нь Газрын тухай хууль зөрчсөн байна” гэж дүгнэсэн дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Мо” ХК-иас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд тус тус холбогдуулан “Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлт болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/156 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 186 дугаар тогтоолоор холбооны үндсэн суурь сүлжээний төрийн өмчит компани байгуулахаар шийдвэрлэсний дагуу Төрийн өмчийн хорооны 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 491 дүгээр тогтоолоор “А” ТӨХХК-ийг үүсгэн байгуулж бүтцийн өөрчлөлт хийж, “Мо” ХК-ийг “Мо” ХК, “А” ХХК болгон хоёр хуваасантай холбогдуулан нэр бүхий эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг шинээр байгуулагдсан компани болох “А” ТӨХХК-д шилжүүлэхдээ маргаан бүхий газрыг шилжүүлээгүй байдаг ...  нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлт гарч байх үед “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон байхад нийслэлийн Засаг дарга нь манай компанийн хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ бүхий газартай давхцал бүхий, нэгэнт газар эзэмших эрхийн хугацаа нь дуусгавар болсон “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/156 дугаар захирамжаар сунгаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчиж байна” гэх агуулгаар тайлбарлаж маргасан.

3. Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлтээр “...бусдын ашиглаж байгаа эд хөрөнгө байршиж буй газрыг өөр хуулийн этгээдэд олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж байна ... Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нөхцөл байдлыг бүрэн судлалгүйгээр шийдвэр гаргасан нь тогтоогдож байна” гэж дүгнэн нэхэмжлэгч “Мо” ХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/02 дугаар захирамжийг хүчингүй болгож,

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/156 дугаар тушаалаар гуравдагч этгээд “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

“А” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 378 дугаар захирамжаар 967 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон бөгөөд уг эрхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/156 дугаар тушаалаар сунгасан байна.

5. Анхан шатны шүүх “...хариуцагч Газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор батлагдсан нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журамд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй атлаа тухайн дүгнэлтийг гаргасан нь хууль бус, уг хууль бус дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул хүчингүй болгох нь зүйтэй ... нэхэмжлэгч компанид газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу түрүүлж үүссэн, газрын төлбөрөө хугацаанд нь төлж гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байхад тус компанийн эзэмших эрх бүхий газрыг бүхэлд нь “А” ХХК-д эзэмшүүлэх эрх олгосон нь анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй, нэг газрын талаар нийслэлийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Засаг дарга аль аль нь шийдвэр гаргасан байхад энэ талаар огт судлаагүй, бодит байдлыг хангалттай тогтоогоогүй ... бусдын ашиглаж байгаа эд хөрөнгө байрлаж буй газрыг өөр хуулийн этгээдэд олгосон гэж үзэх боломжгүй ... шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг маргааны зүйл болох 967 м.кв газрын хэмжээгээр бүхэлд нь биш, харин “А” ХХК-д шилжүүлсэн барилгын суурийн талбай болох 128 м.кв газрыг хассан хэмжээгээр хангаж шийдвэрлэх ба харин 128 м.кв газрын тухайд, уг барилгыг аль байгууллага хариуцдаг, аль байгууллага нь аж ахуйн зориулалтаар ашигладаг болох, дээрх барилгын ашиглалт, түүний дотор буй шугам сүлжээний тоног төхөөрөмжийг аль байгууллага хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа зэргийг нарийвчлан тодруулсны үндсэн дээр 56 хоногийн дотор дахин шинэ захиргааны акт гаргах нь зүйтэй” гэж дүгнэн захиргааны байгууллагын сонгох эрхэд халдаж нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлт болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/156 дугаар тушаалыг 839 м.кв газрын хэмжээгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

6. Учир нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 99 дүгээр захирамжаар 967 м.кв газар эзэмших эрхийг аж ахуйн хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар “Мо” ХК-д олгож, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны А/02 дугаар тушаалаар уг эрхийг 15 жилийн хугацаатайгаар сунгасан, нөгөө талаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 378 дугаар захирамжаар 967 м.кв газар эзэмших эрхийг үйлчилгээний зориулалтаар “А” ХХК-д 15 жилийн хугацаатай олгосон буюу гуравдагч этгээдийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг захиргааны байгууллага бусдад эзэмшүүлсэн нь талуудын маргах үндэслэл болсон байна.

7. Тухайн дэд станцын барилгын өмчлөгч нь “А” ХХК биш гэж талууд маргадаггүй ба хэрэгт авагдсан баримтаар анх Засгийн газрын 2006 оны 186 дугаар тогтоолоор холбоо, сүлжээний төрийн өмчит компани байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлж Төрийн өмчийн хорооны 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлэх тухай” 671 дүгээр тогтоолоор “Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төв”-ийн дансанд бүртгэлтэй ............. төгрөгийн үнэлгээ бүхий үндсэн хөрөнгийг “Б” ТӨХХК-д балансаас балансад шилжүүлсэн буюу гуравдагч этгээд “А” ХХК нь маргаан бүхий газарт байрлах 126 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг дэд станцын зориулалтаар ашигладаг болох нь талуудын гаргасан тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

8. “А” ХХК анхнаасаа тус газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан ба хариуцагч маргаан бүхий газар дээрх уг үл хөдлөх хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй атлаа түүний доорх газрыг “Мо” ХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцээгүй байна.

9. Учир нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж тус тус заасны дагуу газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох тухайн барилгыг “А” ХХК зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахын тулд зайлшгүй түүний доорх газрыг ашиглах нөхцөл бодитоор үүссэн тухайн тохиолдол нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасанд хамаарах юм.

10. Нөгөөтэйгүүр, маргаан бүхий газар нь 2008 оны нийслэлийн болон дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй төдийгүй “А” ХХК-ийг тухайн агуулахын “өмчлөгч” болохыг үгүйсгээгүй энэ тохиолдолд Төрийн өмчийн хорооны 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөрөнгө шилжүүлэх тухай” 671 дүгээр тогтоолоор шилжүүлсэн хөрөнгийн жагсаалтад 126  м.кв үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй маргаан бүхий газрын эрх ороогүй нь уг газрыг бусдад олгох үндэслэл болохгүй юм.

11. Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"шугам" гэж мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах, хүлээн авах зорилгоор байгуулсан аливаа дамжуулагч орчин /утас, радио долгион, орон зай зэрэг/, тэдгээрийг хамгаалахад хэрэглэдэг тусгаарлагч, сувагчлал, багана, цамхаг, байр, талбай болон бусад зүйлсийн цогцолборыг;”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ. Хамгаалалтын зурвас газар нь дараахь хэмжээтэй байна:”, 28.1.2-т “кабелийн шугамаас тал бүртээ 5 метр;”, 29.1-д “Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар үйлчлэгчийн хяналтад байна” гэж, Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заажээ.

12. Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай холбогдуулан дүгнэвэл маргаан бүхий газар дээр холбоо, сүлжээний станц байрлаж байгаа эсэх, уг станц хэний өмчлөлд байгаа эсэх, мөн уг газар нь холбооны сүлжээнд зориулан олгосон газрын хамгаалалтын зурвас газарт хамаарч байгаа эсэхийг тодруулалгүйгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 99 дүгээр захирамжаар “Мо” ХК-д газар эзэмших эрх олгож, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А/02 дугаар тушаалаар уг эрхийг 15 жилийн хугацаатайгаар сунгасан шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцээгүй байна.

13. Түүнчлэн нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр хурлын тэмдэглэлд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...газрын  төлбөрийн тухайд “А” ХХК нь 2008-2023 онуудын хооронд 6.800.60 төгрөг тушааж байсан, 1.753.170 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Маргаан бүхий байршил дээр байдаг үл хөдлөх эд хөрөнгө нь “А” ХХК-ийн өмч ... маргаан бүхий газар дээр “А” ХХК-ийн станц байрлаж байгаа бөгөөд компанийн сахиул, гэрээт ажилтан хамгаалалтад гардаг, мөн тоног, төхөөрөмжид гэмтэл гарсан тохиолдолд компанийн ажилчид засвар үйлчилгээ хийгээд явдаг ... бид үл хөдлөх эд хөрөнгийн татвараа төлөөд явдаг” гэж, “Мо” ХК-ийн төлөөлөгчөөс “Ер нь тэр газар дээр “А” ХХК-ийн объект, тоног, төхөөрөмж байгаа учраас хөрөнгөө хариуцаад явдаг ... 2006, 2007 онд газрын төлбөрийг төлж байсан тооцоо нийлсэн актаар тус газар манай компанийн эзэмшилд байсан гэдэг нь нотлогдоно ...” гэж тус тус тайлбарлаж байгаагаас үзвэл газар эзэмших эрхтэй гэж маргаж буй “Мо” ХК газрын төлбөр төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

14. Дээрхээс үзэхэд, анхан шатны шүүх нь дээрх байдлаар нотлох баримтыг буруу үнэлж, Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2, Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Мо” ХК-иас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр дүгнэлт болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/156 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 2, 3 дахь заалтыг хасч, “4.” гэснийг “2” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хангасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                             Ц.САЙХАНТУЯА

                              ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА

                              ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ