Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00031

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч С.Батмөнх, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн С.Батмөнхөд холбогдох эрүүгийн 201706000046 дугаартай, 132/2017/0025/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 01 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, Д хэсгийн 12-04 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Жарантай овогт Сөдгийн Батмөнх /РД:ГЭ72011711/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Батмөнх нь /яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/ 2017 оны 01 дүгээр сарын 31-ний орой Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүн түрүү 45-01 тоотод оршин суух иргэн Г.Зоригтын гэрт орж мөнгөн хазаар, мөнгөн аяга, хаш аяга, эмээлийн 2 ширхэг мөнгөн даруулга зэрэг эд зүйлс хулгайлсан хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Батмөнх өгсөн: Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

201706000046 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Г.Зоригт өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 31-ний орой 22 цагийн орчим гэртэй байж байхад манай гэрийн хойно нилээн зайтай байдаг урьд өмнө нь танидаг С.Батмөнх морь уначихсан согтуу ирсэн юм. Батмөнх манайд орж ирчихээд ямаа зарж архи уунаа та цуг уух уу гээд утсаар яриад суугаад байсан. Тэр үед би гэртэй ганцаараа байсан ба манай эхнэр Дархан хот руу ажлаар явсан байсан. Тэр үед С.Батмөнх нь хий л утсаар ийш тийшээ яриад суугаад байсан би тэр зүйрмэглээд хэсэг унтаад өгсөн байсан намайг унтаж байх үед авдарны урьд суучихсан яваагүй байхаар нь чи одоо яваач ээ юу хийгээд суугаад байгаан би унтаж амарлаа ойрд адуу эрээд нойр муутай байна гээд Батмөнхийг гэрээсээ гаргаж явуулаад авдараа үзсэн чинь цоож нь зүүттэй онгорхой байсан. Тэгээд унтаад өгсөн өглөө босоод авдараа онгойлгож үзсэн чинь авдар дотор байсан 13 товруутай хуучны мөнгөн хазаар, жижиг гарын ногоон хаш аяга, дунд гарын мөнгөн аяга /доороо морьтой дүрстэй/ эмээлийн ганзагны хоёр сүвэгч баавар зэрэг эд зүйл юманд боогоод тавьсан байсан алга болсон байсан тул цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

Гэрч О.Уламбаярын өгсөн:…2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө намайг гэртэй байж байхад миний найз С.Батмөнх хөдөөнөөс орж ирлээ гээд морьтой ирсэн. Би тэр үед эмнэлгээс гараад удаагүй байсан тэгсэн С.Батмөнх таныг эмнэлэгт байхад чинь эргэж чадаагүй таньд нэг тамхи аваад ирнэ гээд гарсан тэгээд үдээс хойш оройхон манай гэрт ирсэн юм. Тэгээд С.Батмөнх хоёр шил ерөөл архи гаргаж ирсэнийг Сүхээ бид гурав хувааж уусан тэр үед Сүхээ ходоод өвдөөд байна гээд архи нэг их уухгүй байсан би болохоор тэр архинаас 3 удаа татсан үлдсэн архийг нь С.Батмөнх ярьж суусаар байгаад ганцаараа бараг ууж дууссан байх би тэр үед Сүхээ С.Батмөнх хоёрт хоол хийж өгсөн тэгээд орой болсон С.Батмөнх хонь мал эзгүй байгаа явлаа гээд гарсан тэр үед С.Батмөнх их согтсон байсан тул би моринд нь морьдуулж өгөөд явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

     Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 5 хуудас/,

     Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 19-27 хуудас/,

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Батмөнх нь 2017 оны 01 дүгээр сарын 31-ний орой Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүнтүрүү 45-01 тоотод оршин суух иргэн Г.Зоригтын гэрт орж мөнгөн хазаар, мөнгөн аяга, хаш аяга, эмээлийн 2 ширхэг мөнгөн даруулга зэрэг эд зүйлс хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.   

Хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгаан, нөхцөлийн талаар хоорондоо зөрүүгүй, эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн байх тул шүүх үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

     Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Батмөнхийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.   

     Шүүгдэгч С.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Батмөнх, хохирогч Г.Зоригт нарын "…бид сайн дураар эвлэрэн хэлэлцэж, цаашид ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэх хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жарантай овогт Сөдгийн Батмөнхийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч С.Батмөнхөд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, ирэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Батмөнхөд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6.Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.ДЭЛГЭРМӨРӨН