Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1643

 

Л.Ж-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01143 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Ж-н нэхэмжлэлтэй, хариуцагч “Т...Б...” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болормаагийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс Т...Б...ны бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал болон захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд миний гаргасан төлөвлөгөөний дагуу Т...Б...ны 50 хувийн ашгийг манай салбараас бүрдүүлсэн байдаг. Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ТУЗ хуралдаад ямар ч тодорхой юм хэлэхгүйгээр 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүргэсэн. 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэх хуудас хүлээлгэж өгөөд, уг өдрөө ажлыг нь хүлээн авсан. Үүгээр нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Уг тушаалд Т...Б... ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулаад гүйцэтгэх захирал болон ерөнхий захирлын харьяаллын бүх газрын захирал, хариуцсан захирал, гүйцэтгэх захирал, орлогч захирал нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг хууль, журамд нийцүүлэн ажлаас чөлөөлөхийг зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэгчийг Бүтээгдэхүүн хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажлаас үндэслэлгүй халагдсан өдрөөс хойш ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, энэ үеийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т...Б...” ХХК-ийн төлөөлөгч Э.Жавхлан, Л.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т...Б...ны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсанаар өмнөх бүтцэд байсан Бүтээгдэхүүн хариуцсан захирал гэх албан тушаалын орон тоо хасагдсан. Албан тушаал нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдаж заасан эрх мэдлийн шатлал, ажлын байрны үндсэн зорилго, түүний гүйцэтгэх үүргээр тогтоодог. Л.Ж нь Т...Б...ны бүтцийг шинэчлэх батлах тухай 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн дагуу томилогдож, Тэргүүн орлогч захирлын харьяанд, ажлаа тайлагнан, Бүтээгдэхүүн хариуцсан захирал гэх албан тушаалтайгаар Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газар Цахим банкны газрыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байсан. Дээрх 118 тоот тогтоолоор батлагдсан бүтэц 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 132, 2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 18, 2017 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай тогтоолуудаар тус тус нэмэлт, өөрчлөлтүүд орсон ба 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн батлагдсан. Т...Б... нь 100 хувь төрийн өмчит банк бөгөөд хувьцаа эзэмшигчийн төлөөллийг хэрэгжүүлж буй Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 382 дугаартай тушаалаар Т...Б...ны ТУЗ-ын даргыг шинээр томилсон. Улмаар ТУЗ-ийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 тогтоолоор Т...Б...ны Гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилсон. Түүнчлэн ТУЗ-н 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 тоот тогтоолоор шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцээр үгүй болсон ажил, албан тушаалд ажиллаж байсан захирлуудыг ажлаас чөлөөлөх зөвшөөрлийг гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнд олгосон байдаг. Энэ нь Т...Б...ны дүрэм болон дотоод журамд зааснаар газрын захирлыг оролцуулаад түүнээс дээш албан тушаалтныг томилох чөлөөлөх асуудлыг ТУЗ-өөс зөвшөөрөл өгдөг процессын дагуу явагдсан. Дээрх тогтоол болон банкны шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу Гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд банкны орон тоог 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан. Дээрх баталсан бүтэц, орон тоогоор нэхэмжлэгч Л.Ж-н эрхэлж байсан Бүтээгдэхүүн хариуцсан захирал гэх ажил албан тушаалын ажлын байр үгүй болж орон тоо хасагдсан болно. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Бүтээгдэхүүн хариуцсан захирлаар ажиллаж байсан Л.Жд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэж, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Мэдэгдэл гардуулсан. Мэдэгдлийг гардан авч, гарын үсэг зурахаас татгалзсан тул тэмдэглэл үйлдэж, мөн өдрөөр Л.Ж-н оршин суух хаягийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар хуульд заасны дагуу мэдэгдэлд заасан 1 сарын хугацаа дуусгавар болсноор Т...Б...ны Хүний нөөцийн хорооны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 тоот хурлын шийдвэр болон Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Б/307 тоот тушаалаар Бүтээгдэхүүн хариуцсан захирал албан тушаалд ажиллаж байсан Л.Ж-тэй байгуулсан. Нэхэмжлэгчид 3 сарын үндсэн цалинтай тэнцэх 19.500.000 төгрөгийн тэтгэмжийг мэдэгдлийн хугацаан дахь цалингийн хамт тооцож олгосон болно. Иймд нэхэмжлэгч Л.Ж-н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар “Т...Б...” ХХК-нд холбогдох бүтээгдэхүүн хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Л.Ж-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Ж нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болормаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Т...Б...ны Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/307 тоот тушаалаар "Т...Б...ны удирдлага зохион байгуулалтын бүтэц" шинэчлэгдэн батлагдан Бүтээгдэхүүн хариуцсан захирлын орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болон ажлаас чөлөөлсөн. Т...Б...наас банкны хэмжээнд 30 гаруй хүний хөдөлмөрийн гэрээг цуцалж бөөнөөр халалт хийсэн атлаа нэхэмжлэгчид хуульд заасны дагуу 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөөгүйг шүүх зөв хэмээн шийдэрлэсэн нь үндэслэлгүй юм. Т...Б...наас нэхэмжлэгчид 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр А1/04 тоот мэдэгдлийг өгсөн бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан тушаал гараагүй байхад буюу шууд мэдэгдэл өгсөн өдөр болох 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр "Ажил хүлээлцсэн акт"-аар нэхэмжлэгчийн ажлыг хүлээн авч огт ажиллуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн байдаг. Т...Б...наас нэхэмжлэгчид 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр А1/04 тоот мэдэгдлийг өгсөн бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан тушаал гараагүй байхад буюу шууд мэдэгдэл өгсөн өдөр болох 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр "Ажил хүлээлцсэн акт"-аар нэхэмжлэгчийн ажлыг хүлээн авч ажиллах боломж нөхцлөөр хангаагүй, огт ажиллуулаагүй нь нэхэмжлэгчийг мэдэгдэл өгсөн өдрөөр ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 19-д "Хуулийн 43.2 т заасан "ажлаас халагдсан өдөр"-ийг ажил олгогчийн шийдвэрт заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж сүүлчийн өдрийг тогтооно" хэмээн тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Т...Б...ны Гүйцэтгэх захирлын тушаал нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан атлаа тушаалын нэгдүтээр заалтаар мөн өдрөөр буюу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцоогүй, ажил хүлээлцэхэд зориулж хоног тогтоогоогүй зэргээр хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л.Ж нь хариуцагч “Т...Б...” ХХК-д холбогдуулж тус банкны бүтээгдэхүүн хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

    Нэхэмжлэгч Л.Ж нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс “Т...Б...” ХХК-ийн бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал, захирлаар ажиллаж байгаад Т...Б... ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/307 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Т...Б...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/307 тоот тушаалаар “Т...Б...ны удирдлага, зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдаж бүтээгдэхүүн хариуцсан захирал гэх албан тушаалын орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Л.Ж-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар “... аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан... тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлахдаа хуульд заасан хугацааны өмнө урьдчилан мэдэгдэх, ажлаас халагдсны тэтгэмж олгох үүргээ биелүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх үүрэгтэй болно.

“Т...Б...” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын   12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Т...Б...ны удирдлага, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, уг шинэчилсэн бүтцээс бүтээгдэхүүн хариуцсан захирлын орон тоо хасагдаж, бүтээгдэхүүн хариуцсан захирлын чиг үүрэгт байсан бүтээгдэхүүн хөгжил судалгааны газар, цахим банкны газар нь харьяалах хэлтсийн хамт бизнес хариуцсан дэд захирал болон үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын чиг үүрэгт шилжсэн, өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 38 тоот тогтоолыг хүчингүй болгожээ.

Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирал болон ерөнхий захирлын харьяаны бүх газрын захирал, хариуцсан захирал, гүйцэтгэх захирлын орлогч захирал, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөрийн гэрээг хууль журамд нийцүүлэн цуцлахыг гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнд зөвшөөрсөн байна.

            Хариуцагч “Т...Б...” ХХК-иас Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсантай холбоотойгоор Л.Ж-д ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А1/04 дугаартай мэдэгдлийг түүний оршин суугаа хаягаар шууданд хүргүүлсэн,  нэхэмжлэгч энэ өдөр ажлаа хүлээлгэн өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн. /хх-ийн 47, 101-102/

Түүнчлэн хариуцагч “Т...Б...” ХХК-иас ажилчдыг бөөнөөр халсан үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна ажил олгогчоос хууль, дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй ба энэ эрхийг хязгаарлах хуулийн үндэслэлгүй тул бүтээгдэхүүн хариуцсан захирлын орон тоо тухайн байгууллагын бүтцээс хасагдсан гэж үзнэ. 

Хариуцагч “Т...Б...” ХХК-ийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/307 тушаалд ажил хүлээлгэн өгөх хугацааг зааж өгөөгүй нь ажлаас халсан тушаалын үндэслэлд хамааралгүй болохыг шүүх зөв дүгнэжээ.

Мөн “Т...Б...” ХХК нь нэхэмжлэгч Л.Ж-д 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр түүний дансаар 3 сарын тэтгэмжид 19 500 000 төгрөгийг шилжүүлсэн байна.

            Иймд хариуцагч “Т...Б...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/307 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтыг зөрчөөгүй тул Л.Ж-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.