Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00799

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01348 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1492 дугаар магадлалтай,

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох,

638,516,497 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

840,950,004 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Э.У, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Б.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан 2010.04.01-ний өдрийн СХГ-10/01 тоот гэрээний төлбөрийн үлдэгдэл 134,792.6 ам.доллар буюу 326,783,092 төгрөг, 2011.10.10-ны өдрийн 11/10 тоот ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 107,294,028 төгрөг, нэмэлт ажлын хөлс 100,528,247 төгрөг, алданги 103,911,130 төгрөг, нийт 638,516,497 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Наран молл төвийн барилгын ажлын доголдол арилгахтай холбоотой зардал 230,800,241 төгрөг, агуулахын барилгын доголдол арилгах зардалд 190,504,663 төгрөг, 2011.10.10-ны өдрийн гэрээний дагуу ажлаа хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тул алданги 412,370,100 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөд төлсөн 7,275,000 төгрөг, нийт 840,950,004 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01348 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч “Н” ХХК-аас 434,077,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 204,439,377 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч “Ж” ХХК-аас 262,175,703.5 төгрөгийг гаргуулан хариуцагч “Н” ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 578,774,300.5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 05 сарын 29-ний өдөр төлсөн 1,197,062 төгрөг, 2015 оны 08 сарын 20-ны өдөр төлсөн 78,980 төгрөг, мөн өдөр төлсөн 598,531 төгрөг, 2017 оны 07 сарын 26-ны өдөр төлсөн 1,855,000 төгрөг, нийт 3,729,573 төгрөгийн 3,729,556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 17 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Н” ХХК-аас 2,328,336 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, хариуцагч “Н” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 09 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 1,085,370 төгрөг, 2017 оны 07 сарын 26-ны өдөр төлсөн 2,379,620 төгрөг, 2020 оны 02 сарын 03-ны өдөр төлсөн 1,213,650 төгрөг, нийт 4,678,640 төгрөгийн 4,678,601 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 39 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэгч “Ж” ХХК-аас 1,468,829 төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч “Н” ХХК-д олгож, шинжээчийн зардалд 3,788,200 төгрөгийг “Ж” ХХК-аас гаргуулж “Н” ХХК-д, 2,800,000 төгрөгийг “Н” ХХК-аас гаргуулж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус олгож шийдвэрлэжээ.   

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1492 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “262,175,703.5” гэснийг “305,904,783” гэж, “578,774,300” гэснийг “535,045,221” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1,468,829” гэснийг “1,687,474” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын бусад хэсгийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,491,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,222,210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Баатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ж ХХК нь “Н” ХХК-д холбогдуулан 2010.04.01-ний өдрийн СХГ-10/01 тоот гэрээний төлбөрийн үлдэгдэлд 326,783,092 төгрөг, 2011.10.10-ны өдрийн гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 107,528,247 төгрөг, уг гэрээний дагуу нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажилд 100,528,247 төгрөг, уг гэрээнд заасны дагуу төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алдангид 103,911,130 төгрөг, нийт 638,516,497 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

“Н ХХК нь 2010.04.01-ний өдрийн СХГ-10/01 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдол гэж нэрлэн 230,800,241 төгрөг, 2011.10.10-ны өдрийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдол гэж нэрлэн 190,504,663 төгрөг, 2011.10.10-ны өдрийн гэрээний алдангид гэж нэрлэн 412,370,100 /энэхүү шаардлагын дүнгээс 4,807,016 төгрөгөөс 2018.05.30-ны өдөр шүүх хурал дээр татгалзсан/ төгрөг, шинжээчид төлсөн ажлын хөлсөнд 7,275,000 төгрөг нийт 836,142,988 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагынхаа хэрэгсэхгүй болсон хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нотлох баримтаар тогтоогдож байгаа гэж давж заалдах журмаар гомдол гаргасан.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийн зарим зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Гомдлоо үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тус бүрт дараах үндэслэлээр гаргаж байна.

4.1. “Ж” ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас шүүх 2011.10.10-ны өдрийн гэрээний дагуу нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажилд 100,528,247 төгрөг, уг гэрээнд заасны дагуу төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн алдангид 103,911,130 төгрөг нийт 204,439,377 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. “Ж” ХХК нь барилга угсралтын ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэж дуусаж байх үед “Н” ХХК-ийн зүгээс 3 дугаар давхрын зохион байгуулалтыг өөрчлөн өрөө тасалгаа нэмүүлж ажлын хэмжээг өөрчилсөн бөгөөд өөрчлөгдсөн зураг төсөл дээр “Н” ХХК-ийн инженер техникийн албаны дарга Т.Туяацэцэг гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд энэ тухайгаа шүүхэд тайлбарлан “Ж ХХК-ийн хийсэн нэмэлт ажлыг хүлээн зөвшөөрдөг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гарган 3 давхрыг хэрхэн өөрчилсөн талаар үзлэгийг хийж тэмдэглэл болон фото зургаар баталгаажуулсан болно. Анхны батлагдсан зургаар 5 өрөө байсныг 18 өрөө болгон өөрчилж дотор засал, хана, хаалга суулгах зэргээр нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотой нэмэлтээр хийсэн ажлын төсвийг мэргэжлийн эрх бүхий этгээд гаргасан бөгөөд 3 давхарт хийсэн ажил нь 100,528,247 төгрөг болж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа болно. Нэгэнт нэмэлтээр хийсэн ажлыг захиалагч хүлээн авч өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа бөгөөд үүнийгээ бүрэн хүлээн зөвшөөрдөг. Иймд энэхүү хийж гүйцэтгэсэн ажил нь албан ёсны барилгын төсвийн программд үндэслэн хийгдсэн нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасантай бүрэн нийцэж байх тул хуулийн уг үндэслэлээр бүрэн хангагдах ёстой гэж үзэж байна. Шүүхээс мөн алданги шаардсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний хавсралтаар 5 хувийн төлбөрийг тусгаагүй гэх үндэслэлийг дурдаж хэрэгсэхгүй болгосон. Гэрээний хавсралтад 5 хувийн төлбөрийг тухай бүрт ажлыг төлбөр төлөхдөө дүн тус бүрээс суутган авч үлдсэн бөгөөд гэрээнд хэрхэн төлөх талаар маш тодорхой тусгагдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тохиролцсон алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасантай нийцэж байгаа бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн хангасан. Гэтэл шүүхээс хавсралтын талаар дурдаж байгаа хэдий ч уг хавсралт дотор 5 хувийг суутган захиалагч авч үлдэж байгаад огт ач холбогдол өгөөгүй болно. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох 103,911,130 төгрөгийн алданги шаардсан хэсэг хангагдах бүрэн үндэслэлтэй болно.

4.2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Наран молл худалдааны төвийн барилгын шилэн фасад ажлын доголдол гэж нэрлэсэн хэсгээс доголдол арилгах ажлын төсөв 143,342,081 төгрөг байна гэж дүгнэн талууд аль аль нь буруутай гэж дүгнэн 50, 50 хувиар хариуцах ёстой гэж анхан шатны шүүхээс дүгнэн 71,671,040.50 төгрөгийг Ж” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхээс хэрэглэсэн шинжээчийн дүгнэлт нь анх 2017.11.30-ны өдөр гарсан бөгөөд уг дүгнэлтийг гаргасан шинжээч нь 2019 оны 12 дугаар сард нэмэлтээр төсөвтэй холбоотой тооцоог гаргасан. Өөрөөр хэлбэл үндсэн маргаан бүхий фасадын талаар шинжээчийн хувьд 2017 онд дүгнэлтээ гаргасан бөгөөд уг дүгнэлтэд шилэн фасадын хувьд сүүлд засвар хийсэн байгууллага хариуцах бөгөөд анхны гүйцэтгэгчид хамааралгүй гэдгийг маш тодорхой дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл ашиглалтаас үүдэлтэй фасадны доголдол байсныг Н ХХК нь өөр бусад этгээдээр засвар үйлчилгээ хийлгэсэн болохыг шинжээчид тодорхойлсон юм. Энэхүү дүгнэлтийн дагуу “Ж” ХХК нь ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэлгүй бөгөөд доголдол гэх төлбөрийг төлөх үндэслэл үүсэхгүй байгаа болно. Шүүхээс хэрэглэсэн гэх дүгнэлт нь зөвхөн ажлын тоо хэмжээ өгөх замаар гаргасан төсөв гаргасныг хэрэглэсэн учраас шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нөгөө талаар учирсан хохирол гэх зүйл нь бодит байдал дээр бүрэн хэмжээгээр нотлогдох ёстой байтал “Н ХХК-ийн зүгээс хохирлын хэмжээгээ тодорхойлж нотолж чадаагүй юм. Шинжээчийн төсвөө гаргахдаа ашигласан баримт нь “Мон вакум цонх ХХК болон “Хос Ур” ХХК-ийн “Н ХХК-тай байгуулсан гэрээ байх бөгөөд энэ нь хохирлын хэмжээг тогтоох боломжгүй баримт болно. Мөн уг төсөвт анхнаасаа зураг төсөлд байхгүй даравч гэх зүйлийг нэмэлтээр хийлгэж байгаа болон урсгал засвартай холбоотой хийгдсэн үйлчилгээний гэрээ байгааг шүүхээс анхаарч үзээгүй. Шүүх мөн шинжээчийн хийсэн төсөвт “Мон вакум цонх” ХХК болон “Хос Ур ХХК-ийн хийсэн ажлын үнэлгээ нь эрс ялгаатай байхад ямар үндэслэлээр өндөр үнийн дүн бүхий төсвийг нотлох баримтаар үнэлсэн үндэслэл нь тодорхойгүй байгааг энд дурдах нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхээс уг хэсэгт өөрчлөлт оруулж шинжээч нийт төсвийг 230,800,241 төгрөг гэж тогтоосон байна гэх дүгнэлтийг хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 43,729,079.5 төгрөгийг нэмж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлт болоод хэрэгт авагдсан баримтыг бүхэлд нь нягтлан тулгаж үзээгүй бөгөөд баримтад тулгуурлан зөв шийдвэрлээгүй болно. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Наран агуулахын барилгын 2, 3 дугаар давхрын шалны доголдол арилгуулахтай холбоотой гэх үндэслэлээр шаардсан 190,504,663 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий нотлох баримтыг зөв дүгнэн үзээгүйг энд дурдах нь зүйтэй. Шинжээч нь 2017 онд гаргасан доголтой холбоотой дүгнэлтэд зарим нэг өртгийг хасаж тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. Харин 2019 онд ирүүлсэн төсөвтөө уг хасах ёстой дүгнэлтээс өөрчлөгдөж хасах ёстой өртгөө оруулан тооцсон нь төсөв үндэслэл бүхий гэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 онд хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр барилгын 1 болон 8 дугаар давхрын шаланд асуудал байхгүй гэж дүгнэгдэж байсан. Мөн нөгөө талаар “Н” ХХК нь барилгын 3 дугаар давхартай холбоотой шаардлагыг 2020 онд анх шүүхэд гаргасан бөгөөд энэ нь барилгыг улсын комисс хүлээн авч баталгаат хугацаа дууссанаас хойш 5 жилийн дараа гаргаж байгаа болно. Иймд уг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан болохыг шүүх анхаарч шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болно.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.19-ний өдрийн 181/ШШ2020/01348 тоот шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 204,439,377 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 305,904,783.50 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Туяацэцэг, С.Түвшинбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1492 дугаар магадлалын зарим хэсгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Туяацэцэг, С.Түвшинбаяр бид эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1. Наран Моллын барилгын барьцааны 5 хувьтай холбоотой гомдол. Наран Моллын Барилга угсралтын ажил гүйцэтгэх СХГ-10/01 тоот гэрээт ажил болох барилга угсралтын ажлын 2014.11.17-ны өдрийн тооцоо нийлсэн акт нь барилгын ажлын гүйцэтгэл болон төлбөр, баталгаат хугацааны барьцааны эцсийн тооцоо нийлсэн акт биш бөгөөд барьцааны 5 хувиас бусад 95 хувийн санхүүжилт буюу 2,660,000 ам.доллараас хийгдсэн санхүүжилт нь 2,665,207.40 ам.долларын санхүүжилт хийгдэж 5,207.40 ам.долларын илүү төлөгдсөн болохыг нотолсон тооцоо нийлсэн акт юм. Уг баталгаат хугацааны барьцаа 5% болох 140,000 ам доллар нь Захиалагч талд барилгыг доголдолгүй актаар хүлээлгэн өгмөгц олгогдох, зөрчил дутагдал, буруу дутуу хийсэн ажлаа Гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр засч өгөх үүргийг гэрээний 6.2.2-т тодорхой заасан байтал Ж ХХК-ийн хүсэлтээр барьцааны 5%-иас Гүйцэтгэгчийн чанаргүй хийсэн ажлууд засах, бараа материалын төлбөрийг санхүүжүүлж байсан болно. Үүнд: Шатны ирмэгний үнэ /6-р хавтаст хэргийн сүүлд өгсөн нотлох баримтын 52, 53, 54хуудас/ 189,420 төгрөг бараа материалын төлбөр. Наран Моллын төв хаалганы цоож сольсон /6-р хавтаст хэргийн сүүлд өгсөн нотлох баримтын 68, 69, 70, 71 хуудас/ 81,400 төгрөг /чанаргүй/ Сендвичин дээвэр давхарлаж хийсэн зардалд “Ган-Эрдэнэ Констракшн” ХХК болон “Ж ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний төлбөр /5-р хавтаст хэргийн 103-109 хуудас, 6-р хавтаст хэргийн сүүлд өгсөн нотлох баримтын 73, 74 хуудас/-18,180,000 төгрөг /чанаргүй хийгдсэн ажил/ 2011.09.21-ний өдрийн №37/11 тоот автомашины санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 103,690,600 төгрөгийг Ж ХХК-иас ирсэн /6-р хавтаст хэргийн сүүлд өгсөн нотлох баримтын 61-67 хуудас/ 2015.04.10-ны өдрийн 76 тоот албан бичгээр “Монгол Глобал ХХК-д шилжүүлж бартерийн тооцоогоор хааж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн 103,690,600 төгрөгийг барьцааны 5%-иас суутгаж тооцсон. Энэ албан тоот нь 2014.11.17-ны тооцоо нийлсэн актнаас хойш ирсэн албан хүсэлт юм. Дээрх төлбөрүүдийн нийлбэр дүн нь 122,141,420 төгрөгийн нотлох баримтууд нь хавтаст хэрэгт байгаа бөгөөд Захиалагч талаас тодорхой тайлбарласаар байхад нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлт өгөхгүй 5%-ийн барьцааны үлдэгдэл болох 134,792.6 ам.доллараас хасч тооцоогүйд гомдолтой байна. Дээрх зардлууд нь Ж ХХК-ийн хүсэлтээр барьцааны 5%-иас олгогдсон учир хасагдах ёстой зардлууд байсныг шүүх үнэлж дүгнээгүй орхигдуулсан нь шүүх нэхэмжлэгч талын эрх ашигт нийцсэн шийдвэрийг зориудаар гаргаж, хэт нэг талд үйлчилж байгаа мэт хардлагыг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл гомдол тайлбарт дурдаад байгаа “Н” ХХК-аас бодитойгоор, баримттайгаар гарсан зардлуудыг яагаад тооцохгүй байгаа талаараа дүгнэлт өгөхгүй байгаа юм бэ гэж л шүүхээс асуумаар байна. Хэрэв ямар нэгэн байдлаар дүгнэлт өгсөн бол бид нарын хувьд гомдолдоо шүүхээс хариу авчихлаа гэж л ойлгохоор байна. Мөн Ж ХХК нь барьцааны 5%-ийн үлдэгдэл ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017.07.25-ны өдрийн Монгол банкны ханшаар /1-р хавтаст хэргийн 250 хуудас/ 1 ам доллар= 2,424.34 төгрөгөөр тооцсон нь буруу бөгөөд зүй ёс нь манай төлбөр тооцоо хийгдэж байх үе буюу 2015.03.31-ний өдрийн Монгол банкны албан ханш болох 1984.69 төгрөгөөр тооцох ёстой байсан.

5.2. Наран Моллын барилгын шилэн фасадны доголдолтой холбоотой гомдол: “Наран Молл” ХТ-ийн барилга угсралтын №СХГ-10/01 тоот гэрээний ажлын хувьд гүйцэтгэгчийн чанаргүй хийгдсэн хаалга, цонх, шилэн дээвэр, шилэн фасад нь чанарын шаардлага хангахгүй байгаа талаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж шаардлага гаргасан болно. Уг чанаргүй ажлуудыг Захиалагчийн зүгээс аваар осол гарахаас сэргийлж, Мон-Вакум” ХХК, “Алтан-Ус ХХК, “Хос-Ур” ХХК-иудтай гэрээ байгуулан үе шатчилан засвар хийж аюулгүй болгосон бөгөөд шүүх шилэн фасадтай ямap ч холбоогүй тусдаа парпедний ажлыг хольж хутган нэг хийцлэл мэтээр ойлгож, хоёр тал хоёулаа буруутай гэж үзэж хариуцлагыг 50%-иар тогтоосонд гомдолтой байна. Зөвхөн шилэн фасад чанаргүй хийгдсэнийг Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн дүгнэлт дээр тодорхой зааж /1-р хавтаст хэргийн 120 хуудас/ өгсөн ба уг дүгнэлтэд парпедний талаар юу ч дурдаагүй бөгөөд Захиалагчийн зүгээс ч гомдол гаргаагүй болно. Байцаагчийн дүгнэлтэнд шилэн фасадны алдааг барилга байгуулалтын зурагт тусгагдсан хучилтын гадагш илүү гарч буй хэсгийн төмөр бетон хийц болон нүүрлэгээний шиллэгээ /шилэн фасад/ хоорондын чигжээс муу уснаас хамгаалах хаялга төмөргүйгээс нүүрлэгээг дагаж доош урссан ус, хучилтын замаска эмульс болон дүүжин таазны элементүүдийг норгож халтартуулан хөгц мөөгөнцөр үүссэн. Шилэн нүүрлэгээний жижиг хэмжээтэй хэсгүүдийг Монголд багцлахдаа шилний наалтуудыг барьцалдалт муутай, найрлага тохироогүй цавуугаар хийлгэснээс нийт 5 ширхэг жижиг багцын гадна талын шил унасан. Уг барилгын бүх шилэн багцуудын хоорондох чигжээс цавуунд хагарал гарсан, багцуудаасаа хөндийрсөн зөрчил тус тус илэрлээ гэж тодорхой зааж өгсөн байдаг.

Мөн 1-р хавтаст хэргийн 122-р хуудас 2014.04.07-ны өдөр гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагад: Барилгын тухай хуулийн “Барилгын ажил гүйцэтгэгчийн эрх үүрэг”-ийг тогтоосон 16-р зүйлийн 16.1.3-т барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр Захиалагч талыг: хугацаандаа санхүүжилтийг хийсэн байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж алданги нэхэмжилснийг хангаагүйд гомдолтой байна. Үүнийг тайлбарлах нь: 1. Гэрээний: 3.2-т Захиалагч нь барилга угсралтын ажил гүйцэтгэх график, хэрэглэгдэж байгаа материалын чанар, орцонд хяналт тавьж шаардлага хангахгүй ажлын үр дүн доголдолтой гэж үзвэл гүйцэтгэгчийн зардлаар уг доголдлыг арилгуулах эсвэл шинээр гүйцэтгэхийг шаардах эрхтэй. 3.3-т: Гэрээний дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг барилгын норм ба дүрэм технологийн дагуу шалгах /хавсралт №2/ заасан хуваарийн дагуу барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх бөгөөд зураг төсөл зөрчиж, буруу дутуу чанаргүй хийсэн ажлыг засах, гүйцээж хийхийг шаардах, уг шаардлагыг биелүүлэх хүртэл санхүүжилтийг зогсоож графикийн дагуу хийгдэх ёстой ямар ажил байсан түүнд оногдох өртөг үнийн 0,5-р торгууль оногдуулах эрхтэй гэж заасан байдаг.

Дээрх заалтыг баримтлан санхүүжилтийг цаг хугацаанд нь хийж байсан боловч доор дурдсан шалтгаануудын улмаас барилга хугацаандаа ашиглалтанд ороогүй юм. Үүнд: Зургийн дагуу В1 давхрын ханын зузаан 40 см байх ёстойг Захиалагч талд мэдэгдэлгүйгээр дур мэдэн 30 см болгон 10 см-ээр хасч хийсэн байсныг Захиалагчийн Хяналтын инженер мэдэж /2-р хавтаст хэргийн 16-р хуудас буюу талбайн улаан журналын 35-р хуудас/: 2012.04.19-ний өдөр ажлыг зогсоосон. Талбайн улаан журналд: Барилгын зураг төсөлд Захиалагч болон Гүйцэтгэгчийн хооронд зураг төслийн талаар үл ойлголцох байдал үүсч ажлыг түр зогсоолоо гэж “Ж” ХХК-ийн талбайн инженер Батгэрэл тэмдэглэсэн байдаг. Тухайн ажил зогсоосон өдөр буюу 2012.04.19-ний өдөр Захиалагч талаас ИТА-ны дарга Туяацэдэг, Хяналтын инженер Энхээ, Барилгын зураг төсөл зохиогч “Амайзэ” ХХК-иас хийцийн инженер Чинзориг, Гүйцэтгэгч Ж ХХК-ийн инженер Намхайнямбуу, Мөнхбаатар /2-р хавтаст хэргийн 158-р хуудас хурлын тэмдэглэл/ нар хуралдаж Ж ХХК-ийн гүйцэтгэлийн алдааг засах шийдэл гаргаж, нэмэлт хүчитгэл хийх зураг шинээр хийж, барилга угсралтын ажил 2012.05.10-нд цааш үргэлжилсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 17-р хуудас буюу талбайн улаан журналын 36-р хуудас, 5-р хавтаст хэргийн 112 хуудас/ байдаг. Энэ буруу хийсэн ажлын алдааг засч нэмэлт зургийн дагуу засаад, 2012.06.04-нд /2-р хавтаст хэргийн 157 хуудасны ар тал буюу талбайн улаан журналын 137-р хуудас/ Зохиогчийн Хяналтын инженер Баясгалан ирж шалгасан тэмдэглэл байдаг. Ийнхүү барилгын ханын ажлыг зураг төслийн дагуу хийгээгүйгээс болж төлөвлөгөөт хугацаа 40 орчим хоногоор хойшилсон байдаг. Мөн барилгын 2 болон 3-р давхрын шалны хучилтын М200 бетоны ажлыг үйлдвэрийн бэлэн зуурмагаар бус гараар зуурч хийсэн нь ажлын гүйцэтгэл удааширч олон хоног хугацаа алдсанаас гадна чанарын шаардлага хангахгүй байгааг албан бичгээр мэдэгдсэн /6-р хавтаст хэргийн сүүлд өгсөн материалын 1-р хуудас/ боловч “Ж ХХК-ийн Гүйцэтгэх захирал Мөнх-Эрдэнэ, Ерөнхий инженер Зоригт, Бригадын ахлагч Отгонбаяр нарын гарын үсэгтэй шалны ажилд баталгаа гарган өгснөөр /1-р хавтаст хэргийн 127-р хуудаст/ уг ажлыг цааш үргэлжлүүлэн хийж дуусгасан боловч уг шалны ажил нь барилга хүлээж аваагүй байхад эхний чанарын үнэлгээгээр Бетоны марк нь зураг төсөлд заасан М200 шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон нь 2013.03.26-ны өдрийн БАК-ийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгүүд /1-р хавтаст хэргийн 87-91 хуудсууд/ батална. Энэ хугацаанд гүйцэтгэгч нь технологийн бус аргаар шалны ажил хийснээс болж олон хоног алдсан нь талбайн улаан журнал болон барилга угсралтын ажлын актуудаас хангалттай харагдаж нотлогдоно. Гэрээний 1.4-т 2012.08.20-нд барилга бүрэн дуусахаар заасан боловч 2-р хавтаст хэргийн 60-р хуудас буюу талбайн улаан журналын 119-р хуудаст/ техникийн давхрын дам нурууны арматур зангидсан тухай тэмдэглэл нь төлөвлөгөөт хугацаанаасаа хоцорч байсныг гэрчилж байна. Барилга угсралтын ажил удаашралттай, Захиалагчийн хяналтын инженерийн өгсөн үүрэг даалгавар биелэгдэхгүй, ажиллах хүч дутмаг, графикт хугацаанаас хоцорч, угсралтын ажлууд чанаргүй хийж байгаа / 2-р хавтаст хэргийн 68, 69, 129, 130-132 буюу талбайн улаан журналын 141-143, 147-150 хуудас/ талаар Захиалагчаас удаа дараа албан бичиг /5-р хавтаст хэргийн 101 хуудас, 6-р хавтаст хэргийн 95, 98, 102, 103, 112, / өгч, анхааруулж, графикт хугацааг нь шахах арга хэмжээ авдаг байсан боловч Гүйцэтгэгч нь барилга хүлээлгэн өгөх хугацаанаас 263 хоног хоцорсон нь Захиалагчийн төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүйгээс биш ажлын гүйцэтгэлийн алдаа болон хоцрогдолтой холбоотой байсан юм. Гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс барилгыг ашиглалтанд өгөх хугацаа олон хоногоор саатаж удааширсан тул Захиалагч талаас дотор заслын ажлын явцад оролцож туслан гүйцэтгэгч нэмэлтээр олж өгч байж ажлыг дуусгасан талаар Ж ХХК-ийн Гүйцэтгэх захирал Мөнх-Эрдэнэ шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн болно. 2013.12.31-нд Улсын комисс барилгыг хүлээж авсан. Тэгэхэд Захиалагчаас 2012 оны 12-р сард багтааж барилга угсралтад шаардлагатай санхүүжилт болох 95%-ийг бүрэн төлж дуусгасан байсан болно. Үүнийг батлах 2013.02.08-нд Гүйцэтгэх захирал П.Мөнх-Эрдэнийн хүсэлтээр /1-р хавтаст хэргийн 95-р хуудас/ баталгааны 5%-иас 2012 оны 12-р сарын цалинд 7,947,077 төгрөг олгосон нь санхүүжилтийг цаг хугацаанд буюу барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулаад зогсохгүй түрүүлж санхүүжилт хийж байсныг нотолж байна. 2012 оны 12-р сараас 2013 оны 5-р cap хүртэлх хугацаанд “Ж ХХК нь дотор засал болон барилгын цахилгааны газардуулга, инженерийн шугам сүлжээний зарим нэг дутуу ажлуудыг хийж дуусгасан. 2013 оны 5-р сараас 7-р cap хүртэл хугацаанд чанаргүй хийгдсэн шалны ажлыг дахин хийх байсан боловч хийгээгүй. Захиалагч болон гүйцэтгэгч Улсын комиссыг 2013 оны 7-р сард ажиллуулсан боловч, Гүйцэтгэгч комиссын үүрэг даалгаврыг биелүүлэхгүй орхиж явсан, Захиалагч биелүүлэгдээгүй үүрэг даалгаврыг “Ж” ХХК-ийн өмнөөс хийж мөн захиалагч өөрөө аргагүйн эрхэнд 2013 оны 12-р сард дахин комисс ажиллуулж барилгыг хүлээлгэн өгсөн юм. Ийнхүү барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөөс бүтэн жилийн өмнө санхүүжилтийг 100 хувь хийж дууссан байхад хугацаандаа санхүүжилт хийж байсан нь баримтаар нотлогдохгүй байна гэдэг үндэслэлээр 412,370,100 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймээс уг шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

5.3. Наран агуулахын барилгын гэрээний барьцаа 5 хувьтай холбоотой гомдол: Гүйцэтгэгчийн баталгааны барьцаа болох 5% нь 128,175,900 төгрөгөөс 7,947,077 төгрөгийг цалинд олгож, 2013.02.08-ны өдрийн тооцоогоор 120,228,823 төгрөг үлдсэн байснаас хойш “Ж ХХК-ийн хүсэлтээр доорх төлбөрүүдийг захиалагчаар төлүүлсэн. Үүнд: 2013.10.13-ны өдрийн 238 тоот албан бичгээр 8,600,000 төгрөг, 2013.09.23-н өдрийн 223 тоот албан бичгээр 5,000,000 төгрөг, 2013.11.11-ний өдрийн 289 тоот албан бичгээр 17,600,000 төгрөг, 2013.02.08-ны өдрийн Гүйцэтгэх захирал П.Мөнх-Эрдэнийн хүсэлтээр 25,000,000 төгрөг, нийт 56,200,000 төгрөгийг 5%-иар санхүүжүүлж өгнө үү гэсэн албан хүсэлтийн дагуу төлбөрийг төлсөн. /1-р хавтаст хэргийн 92-95 хуудас/ Гэтэл шүүх Ж” ХХК-ийн нягтлан бодогч Дэлгэрэхжаргалын гаргасан захиалагч талтай тооцоо нийлээгүй, хоёр тал гарын үсэг зурж баталгаажаагүй тооцоогоор 107,294,028 /3-р хавтаст хэргийн 188 хуудас/ төгрөгийн үлдэгдэлтэйгээр хангасанд гомдолтой байна. Хариуцагчийн хувьд хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудыг үнэлж дүгнэж шийдвэр гаргана гэсэн хүлээлттэй байсан учраас санхүүгийн шинжээч томилуулах хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.19-ний өдрийн 181/ШШ2020/01348 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1492 дугаар магадлалд “Ж ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Н” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Б.Отгонжаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1492 дугаар магадлалын зарим хэсгийг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, Б.Отгонжаргал бид эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

6.1. “Н” ХХК-иас 434,077,120 төгрөгийг гаргуулж “Ж” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээснийг эс зөвшөөрч байгаа тухай.

6.1.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Нэгэнт нэхэмжлэгч нь барилгын ажлыг гүйцэтгээд улсын комисст хүлээлгэж өгсөн тул 5 хувийн барьцааг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосныг нь агуулгын хувьд зөв бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ. гэж дүгнэж энэ дүгнэлтийн дагуу 434,077,120 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд ингэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдэд огтхон ч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Тодруулбал, “Н” ХХК нь “Ж ХХК-ийн хүсэлтийн дагуу барьцааны 5 хувиас санхүүжилтийг “Ж ХХК-д олгож байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан атал эдгээр баримтуудад анхан болон давж заалдах шатны шүүхээс огтхон ч дүгнэлт хийсэнгүй. авж заалдах журмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдолд хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг нэг бүрчлэн зааж тусгасан байгаа болно./ Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас уг баримтуудад үндэслэн тайлбар, татгалзлаа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх Наран Моллын СХГ-10/01 тоот гэрээний тухайд 2014.11.17-ны өдрийн барьцааны 5 хувийг оролцуулалгүй хийсэн “Тооцоо нийлсэн акт”-г, Агуулахын барилгын 11/10, 12/03/29 дугаартай гэрээнүүдийн тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, Ж ХХК-ийн нягтлан бодогчийн тайлбар, 2013.02.08-ны өдрийн Агуулахын барилгын тооцоо нийлсэн акт”-ыг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд өөрөөр хэлбэл зөвхөн Ж ХХК-ийн гаргаж өгсөн баримтуудыг үндэслэж хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудад бүхэлд үндэслэлтэй дүгнэлт хийх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасан атал давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж шийдвэрлэсэнгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ барьцааны 5 хувийн төлбөрөөс Н ХХК нь Ж ХХК-ийн хүсэлтээр олон удаагийн төлбөрийг ажлаа явуулахын тулд урьдчилан олгож байсан баримтууд хэргийн материалд байсаар атал тооцоонд оруулж шийдвэрлэлгүйгээр орхигдуулсанд гомдолтой байна. Иймд хэрэгт авагдсан бүхий л баримтуудад үндэслэн барьцааны 5 хувиасЖ ХХК-ийн албан бичиг болон хүсэлтээр олгосон төлбөрүүд буюу Наран моллын шатны ирмэгний материалын үнэ 189,420 төгрөг, Наран моллын төв хаалганы цоожны үнэ 81,400 төгрөг, Ган Эрдэнэ констракшн ХХК-иар гүйцэтгүүлсэн дээврийн ажлын үнэ 18,180,000 төгрөг, 2011.09.21-ний өдрийн №37/11 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 103,690,600 төгрөг, 7,947,077 төгрөгийг цалинд олгож, 2013.10.13-ны өдрийн 238 тоот албан бичгээр 8,600,000 төгрөг, 2013.09.23-ны өдрийн 223 тоот албан бичгээр 5,000,000 төгрөг, 2013.11.11-ний өдрийн 289 тоот албан бичгээр 17,600,000 төгрөг, 2013.02.8-ний өдрийн Гүйцэтгэх захирал П.Мөнх-Эрдэнийн хүсэлтээр 25,000,000 төгрөг, нийт 178,341,420 төгрөгийн баримтыг үнэлэн дүгнэж тооцоонд оруулан хасаж шийдвэрлэж өгнө үү.

6.1.2. Анхан шатны шүүх СХГ-10/01 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан атал ...гүйцэтгэсэн ажлын үр дүнд 2013.06.05-ны өдөр биет байдлын доголдол илэрсний улмаас чанаргүй хийсэн ажлыг засуулах үндэслэлээр нэхэмжлэгчид төлөх ёстой ажлын хөлсийг хариуцагч нь саатуулан барьсан тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасны дагуу СХГ-10/01 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг зогссон гэж үзэх үндэслэлтэй. гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн атал давж заалдах шатны шүүхээс дээрх хууль хэрэглээний алдааг засалгүй, энэ талаар давж заалдах гомдолд дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тодруулбал, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт долоон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох талаар зохицуулсан бөгөөд СХГ-10/01 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох ямар ч тохиолдол бий болоогүй. Гэтэл шүүхээс хуульд заасан тохиолдол болсон мэтээр дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас СХГ-10/01 тоот гэрээний барьцааны 5 хувийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийн аль заалтыг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэдгээ тодорхой заагаагүй бөгөөд энэ талаар дүгнэлт хийгээгүй. Иймд СХГ-10/01 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул уг гэрээг үндэслэн нэхэмжлэгчийн шаардсан 134,792.6 ам.долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6.2. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Н” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 535,045,221 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа тухай.

6.2.1. Давж заалдах шатны шүүх “...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд ажлын үр дүнд доголдол илэрсэн гэх үйл баримтыг нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхээс аль аль тал эрсдлээ 50:50 хувийн харьцаатайгаар даах ёстой гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд гомдолтой байна. Тодруулбал, “Н” ХХК-ийн хувьд шилэн фасад нь чанарын шаардлага хангахгүй байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан атал шилэн фасад болон дээврийн парпетыг нэг хийцлэл гэж ойлгож хоёр тал хоёулаа буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл барилгын хийцийн хувьд шилэн фасад болон дээврийн парпет нь тус тусдаа өөр хийцлэлүүд юм.Н ХХК нь парпетны гүйцэтгэл дээр огтхон ч гомдол гаргаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэнд ч тусгагдаагүй болно.Ж ХХК нь шилэн фасадны ажлыг чанаргүй доголдолтой гүйцэтгэсэн, уг доголдлоо өөрөө хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсоор атал энэ асуудалтай холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувь болгон багасгасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлээ тодорхойлолгүй аль аль тал эрсдлээ даах ёстой гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Дээрх үндэслэлүүдээр шилэн фасадны ажлын доголдлыг арилгахтай холбоотой зардал гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 115,400,120 төгрөгийг Н” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү.

6.2.2. Давж заалдах шатны шүүх ...Сөрөг нэхэмжлэлээр шаардсан анзын хувьд хариуцагч санхүүжилтээ цаг тухайд нь хийж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй, өөрөөс хамааралтай хийх ёстой үйлдлийг хийгээгүй үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг. Хариуцагч нь мөнгөн төлбөр төлөх үүргийн хувьд үүрэг гүйцэтгэгч, ажлын үр дүнг хүлээн авах үүргийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгч болох юм. Өөрөө хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана. Шүүх аль аль талыг гэрээний үүрэг зөрчсөн, харилцан уялдаатай нөхцөлдсөн үүргийн хувьд анз шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.” гэж дүгнэж алданги шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй. Учир нь 2011.10.10-ны өдрийн 11/10 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”- ний 2.1-д “Энэхүү гэрээний дагуу барилгын ажлыг бүрэн хэмжээгээр дуусах хугацаа нь гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс буюу 2011.10.10-ны өдрөөс эхлэн 2012.07.10-ны өдрийг хүртэл нийт 9 сарын хугацаанд үргэлжилнэ. гэж, 3.1-д “Энэхүү гэрээний дагуу нийт өртөг 2,000,000,000 төгрөг байна... гэж, 5.1.3-т “Гэрээний дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг барилгын норм ба дүрэм, технологийн дагуу шалгаж Хавсралт №2-т заасан хуваарийн дагуу барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх бөгөөд зураг төсөл зөрчиж буруу, дутуу, чанаргүй хийсэн ажлыг засах, гүйцээн хийхийг шаардах, уг шаардлагыг биелүүлэх хүртэл санхүүжилтийг зогсоох эрхтэй. гэж, 5.2.1-д “Барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг тогтмол шалгаж, хангалттай гэж актаар тогтоосон тохиолдолд санхүүжилтийг Хавсралт №2-т заасны дагуу цаг тухайд нь хийнэ” гэж, 6.1.2-т “Барилга угсралтын ажлыг календарчилсан графикийн дагуу шаардлагын түвшинд гүйцэтгэсэн тохиолдолд Захиалагчаас гэрээгээр тохиролцсон санхүүжилтийг хугацаанд нь хийхийг шаардах эрхтэй гэж, 6.2.2-т “Барилгын ажлуудыг Захиалагч тал, зохиогчийн хяналт болон хөндлөнгийн байгууллагуудын хяналтын дор гүйцэтгэж зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд буруу дутуу хийсэн ажлаа тухай бүр өөрийн хөрөнгөөр засч гүйцээн, ажлын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг шуурхай залруулан арилгаж ажиллана. гэж, 9.2-т “Гүйцэтгэгч нь графикт ажлыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн бол хийгдээгүй дутуу ажлын үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө” гэж заасан. Мөн 2012.03.29-ний өдрийн 12/03/29 тоот “Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2011 оны 11/10 тоот гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ-ний 1.3-т “Барилгын ажлын гүйцэтгэх графикт хугацаа болон гүйцэтгэлтэй уялдуулж, санхүүжилтийн графикийг гаргана. Хавсралт-2-р” гэж, 1.4-т “Энэхүү гэрээний дагуу барилгын ажлыг бүрэн дуусгах хугацаа нь гэрээнд гарын үсэг зурсан өдөр буюу 2012.04.02-ны өдрөөс эхлэн 2012.08.20 хүртэл нийт 4, 5 сарын хугацаанд үргэлжилнэ. гэж, 2.1-д Энэхүү нэмэлт гэрээний дагуу нийт өртөг 2,403,518,000 төгрөг. ...Энэхүү нийт өртөг үнэнд өөрчлөлт хийхгүй эцсийн үнэ болно.” гэж, 3.2-т “Захиалагч нь барилга угсралтын ажил гүйцэтгэх график, хэрэглэгдэж байгаа материалын чанар, орцонд хяналт тавьж шаардлага хангахгүй, ажлын үр дүн доголдолтой гэж үзвэл гүйцэтгэгчийн зардлаар уг доголдлыг арилгуулах, эсвэл ажлыг шинээр гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж, 3.3-т “Гэрээний дагуу барилгын ажлын гүйцэтгэлийг барилгын норм ба дүрэм, технологийн дагуу шалгаж Хавсралт №2-т заасан хуваарийн дагуу барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх бөгөөд зураг төсөл зөрчиж буруу, дутуу, чанаргүй хийсэн ажлыг засах, гүйцээн хийхийг шаардах, уг шаардлагыг биелүүлэх хүртэл санхүүжилтийг зогсоож, графикийн дагуу хийгдэх ёстой байсан ямар ажил саатсан байна түүнд оногдох өртөг үнийн 0,5-р торгууль оногдуулах эрхтэй” гэж, 3.4-т “Барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг тогтмол шалгаж, хангалттай гэж актаар тогтоосон тохиолдолд санхүүжилтийг /Хавсралт №2-т/ цаг тухайд нь хийх үүрэг хүлээнэ гэж, 4.2-т “Барилга угсралтын ажлыг календарчилсан графикийн дагуу шаардлагын түвшинд гүйцэтгэсэн тохиолдолд Захиалагчаас гэрээгээр тохиролцсон санхүүжилтийг хугацаанд нь хийхийг шаардах эрхтэй” гэж, 5.2-т “Гүйцэтгэгч нь агуулахын барилгыг хүлээлгэн өгөх графикт хугацааг гүйцэтгэгчийн буруугаас хэтрүүлсэн тохиолдолд барилгын тухайн графикт ажлын санхүүжилтийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө. гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл гэрээний дээрх заалтуудаас үзэхэд гүйцэтгэгч нь барилга, угсралтын ажлыг календарчилсан графикийн дагуу шаардлагын түвшинд гүйцэтгэсэн тохиолдолд захиалагч санхүүжилтийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу олгохоор талууд тохиролцсон.

Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гүйцэтгэгч гэрээний заалтаа зөрчсөнөөс санхүүжилт хойшилж байсан талаар болон санхүүжилтийг бүрэн олгосон /нэхэмжлэгчээс энэ талаар маргаагүй/ талаар бичгийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн тайлбартаа тодорхой тайлбарлаж, үүнийгээ нотлох баримтуудаар нотолсоор атал анхан болон давж заалдах шатны шүүх “Н ХХК нь санхүүжилтийг графикийн дагуу хийсэн байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна, барилгын ажил гүйцэтгэх хугацаа хэтэрсэн шалтгаан нь Ж ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2013.02.08-ны өдөр “Ж ХХК-ийн захирал П.Мөнх-Эрдэнийн хүсэлтээр барьцааны 5 хувиас 2012 оны 12 дугаар сарын цалинд 7,947,077 төгрөгийг олгосон баримтаас дүгнэхэд барилга угсралтын ажилд олгогдох ёстой санхүүжилт 100 хувь хийгдэж дуусаад барьцааны 5 хувь руугаа орсон, санхүүжилт цаг хугацаандаа хийгдэж дууссан болох нь нотлогдож тогтоогдсоор байхад санхүүжилтийг графикийн дагуу олгоогүй гэж дүгнэж алданги шаардсан нэхэмжлэлийн шaapдлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2011.10.10-ны өдрийн 11/10 тоот гэрээ, түүнд нэмэлт оруулсан 2012.03.29-ний өдрийн 12/03/29 тоот гэрээгээр “гүйцэтгэгч нь агуулахын барилгыг хүлээлгэн өгөх графикт хугацааг гүйцэтгэгчийн буруугаас хэтрүүлсэн тохиолдолд тухайн графикт ажлын санхүүжилтийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө” гэж тохиролцсон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг бичгээр байгуулах болон алданги нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцсэн бөгөөд “Ж” ХХК-ийн буруугаас агуулахын барилгыг хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн тул “Н” ХХК нь алданги шаардах эрхтэй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн алдангид 412,370,100 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.19-ний өдрийн 181/ШШ2020/01348 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1492 дугаар магадлалд “Ж ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, “Н ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, хариуцагч талын аль алиных нь гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан 2010.04.01-ний өдрийн СХГ-10/01 тоот гэрээний төлбөрийн үлдэгдэл 134,792.6 ам.доллар буюу 326,783,092 төгрөг, 2011.10.10-ны өдрийн 11/10 тоот ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 107,294,028 төгрөг, нэмэлт ажлын хөлс 100,528,247 төгрөг, алданги 103,911,130 төгрөг, нийт 638,516,497 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Наран молл төвийн барилгын ажлын доголдол арилгахтай холбоотой зардал 230,800,241 төгрөг, агуулахын барилгын доголдол арилгах зардалд 190,504,663 төгрөг, 2011.10.10-ны өдрийн гэрээний дагуу ажлаа хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тул алданги 412,370,100 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөд төлсөн 7,275,000 төгрөг, нийт 840,950,004 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

9. Анхан шатны шүүх хариуцагчаас 434,077,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 262,175,703 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг нэмж ханган “262,175,703” гэснийг 305,904,783” гэж шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “үндсэн нэхэмжлэлийг хангасан хэмжээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж, харин талууд аль аль нь буруутай тул эрсдэлээ 50:50 хувийн харьцаагаар даах ёстой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзээд 230,800,241 төгрөгийн 50 хувь нь 115,400,121 төгрөг болох тул энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хангана” гэж дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. 

10. Гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд нөгөө талын биелүүлэх үүрэг тодорхой, үндэслэлтэй байх нь урьдчилсан нөхцөлийн нэг бөгөөд хоёр шатны шүүх хууль хэрэглээний энэ асуудлаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн дагуу талуудын биелүүлэх үүргийг үндэслэлтэй тогтоож чадаагүйг залруулах боломжтой байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

11. Нэхэмжлэгч нь шаардлага хангасан ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж 2 гэрээний дагуу үлдэгдэл хөлс 434,077,120 төгрөгийг, мөн Наран бөөний төвийн оффис агуулахын зориулалттай барилгын батлагдсан зургийг өөрчлүүлэн уг барилгын 3 дугаар давхрын өрөөнүүдийн тоог нэмж нэмэлт ажил хийлгэсэн тул хөлс 100,528,247 төгрөгийг тус тус шаардсаныг хариуцагч “Н” ХХК нь маргаж, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсны улмаас илүү зардал гарсан тул чанарын баталгаат хугацаанд үлдээсэн үлдэгдэл мөнгийг өгөхгүй, харин доголдлыг арилгахад гаргасан зардлаа нэхэмжилнэ, түүнчлэн нэхэмжлэгчийн нэрлэж буй нэмэлт ажлыг маргаагүй боловч 2012.03.29-ний өдрийн 2011 оны 11/10 тоот гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээний 2.1-д “Энэхүү гэрээний дагуу нийт өртөг 2,403,518,000 төгрөг. Уг үнэд НӨАТ, цалин, хэв хашмалын материал зэрэг энэхүү барилга угсралтын ажлын бүхий л ажлын зардлууд багтсан болно. Энэхүү нийт өртөг үнэд дахин өөрчлөлт хийхгүй эцсийн үнэ болно” гэж заасан, хэрэв захиалагч талаас зургийг өөрчлөх, нэмэлт ажил хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нэмэлт ажлын төсвөө гүйцэтгэгч тал зохион, захиалагчаар батлуулах ёстой байсан бөгөөд ингэж төсөв батлуулаагүй тохиолдолд энэхүү нэмэлт ажлын хөлс нь гэрээний 2.1-д заасан үнэд шингэсэн гэж үзнэ гэсэн тул нэмэлт ажлын хөлсийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр үндсэн үүргийн талаар мэтгэлцжээ. 

12. “Ж” ХХК болон “Н” ХХК нарын хооронд 2010.04.01-ний өдөр СХГ-10/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2011.10.10-ны өдөр 11/10 дугаартай Оффис, агуулахын барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ,  2012.03.29-ний өдөр 2011 оны 11/10 тоот гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ тус тус байгуулагдсан байна.

2010.04.01-ний өдрийн гэрээгээр “Ж” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороололд байрлах Наран молл худалдаа үйлчилгээний төвийн А, Б, В, Г дөрвөн блок барилгын зоорийн давхар, 1, 2, 3, 4 давхрын цутгамал төмөр бетон каркасан барилгын угсралтын ажлыг гадна тохижилтын хамт иж бүрэн түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр 8 сарын хугацаанд гүйцэтгэх, “Н” ХХК ажлын хөлс 2,800,000 ам.долларыг төлөх үүргийг, 2011.10.10-ны гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2012.03.29-ний өдрийн гэрээгээр “Ж” ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутагт Наран бөөний төвийн доод давхартаа авто машины гаражтай, зоорийн давхар бүхий 4 давхар оффис, агуулахын зориулалттай барилга угсралтын ажлыг 2012.08.20-ны дотор гүйцэтгэх, “Н” ХХК  2,554,580,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус харилцан хүлээсэн, гэрээний төрлийг ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

13. Хэрэгт байгаа баримтаар 2010.04.01-ний өдрийн гэрээний дагуу “Ж” ХХК барилгын ажлыг 2011.12.05-ны өдөр дуусгаж, “Н” ХХК нь 2012.03.09-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн, ажлын хөлсөд 2,665,207.4 ам.долларыг төлсөн, 2011.10.10-ны өдрийн гэрээний дагуу барилгын ажлыг 2013.05.13-ны өдөр дуусгаж, 2013.12.31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн, “Н” ХХК нь ажлын хөлсөд  2,435,342,100 төгрөгийг төлсөн үйл баримтыг талууд маргаагүй.

Талуудын байгуулсан 2010 оны гэрээний 3.2-т “захиалагч нь улсын комисст барилга хүлээлгэн өгсний дараа гэрээт ажлын санхүүжилтийн 5 хувийг гүйцэтгэгч талд шилжүүлэх үүрэгтэй” гэж, 2011 оны 11/10 тоот гэрээний 3.2-т “...нийт үнийн дүнгийн 5 хувийг барилгын чанарын баталгаа болгон 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр барьцаална” гэж тохирсон нөхцөл тус тус тусгагдсан байна. Тэрээр энэ тохиролцооны дагуу захиалагч “Н” ХХК нь ажлын хөлсийг шилжүүлэх бүрт 5 хувийн төлбөрийг ажлын чанарын баталгаанд суутган үлдээсэн, 2010.04.01-ний өдрийн гэрээний дагуу 134,792.6 ам.доллар, 2011.10.10-ны өдрийн гэрээний дагуу 128, 175,900 төгрөгийг тус тус үлдээсэн болохыг талууд маргаагүй ба харин ажлын доголдол илэрсэн учраас уг мөнгийг буцааж өгөх эсэх асуудал талуудын хоорондох маргааны зүйл болсон байна.

14. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

14.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

“Ж” ХХК ажил гүйцэтгэх 2 гэрээний дагуу ажлын дүнг бий болгосон, барилгыг тус тус Улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримтаас үзвэл гэрээний дагуу үүргээ биелүүлсэн,  ажлын хөлсийг шаардах эрхтэй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлын хөлсөө бүрэн аваагүй, гүйцэтгэсэн ажлын чанарын баталгаанд 5 хувийн төлбөртэй тэнцэх мөнгөн хөрөнгийг харилцан тохирсон ёсоор үлдээсэн ба агуулгын хувьд барьцааны зүйлийг бус ажлын хөлсний дутууг шаардсан байна. 

14.2. Нэхэмжлэгч нь 2010.04.01-ний өдрийн гэрээний дагуу ажлын хөлсний дутуу 134,792.6 ам.доллар, 2011.10.10-ны өдрийн гэрээний дагуу 107,294,028 төгрөг, нэмэлтээр хийсэн ажлын хөлс 100,528,247 төгрөг, алданги 103,911,130 төгрөг, нийт 638,516,497 төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон. Үүнээс 2011.10.10-ны өдрийн гэрээний дагуу  128,175,900 төгрөг үлдсэн боловч нэхэмжлэгч нь доголдолтой холбоотой зардлыг хасаад 107,294,028 төгрөгийг шаарджээ.

Хоёр шатны шүүх ажлын хөлсний дутуу 134,792.6 ам.доллар буюу 326,783,092 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, харин нэмэлт ажил хийсэн нь тогтоогдоогүй гэж үзэж ажлын хөлс 100,528,247 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл 5 хувийн мөнгөн үүрэгт алданги тохироогүй гэж нэхэмжлэлээс алданги 103,911,130 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон.

Харин нэхэмжлэгч нь доголдлын зардлыг 20,881,872 төгрөг гэж үзэж, 2011.10.10-ны өдрийн гэрээний дагуу авах үлдэгдэл 128,175,900 төгрөгөөс хасч, 107,294,028 төгрөгийг шаардсан боловч уг доголдол нь 2017.11.30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 63,966,371 төгрөгийн төсөвт өртөгтэй байх тул хасч тооцоход нэхэмжлэгч нь 64,209,529 төгрөг шаардах эрхтэй, 2 гэрээний дагуу нийт 390,992,621 төгрөгийн хөлсийг шаардах эрхтэй гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

15. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

15.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн  352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар ажил гүйцэтгэгч доголдлыг арилгах арга хэмжээг аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй. Эдгээр хуулийн зохицуулалт сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон байна.

Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв сонгосон боловч шаардах эрхийн урьдчилсан нөхцөл болох захиалагчаас гаргасан зардал үндэслэлтэй эсэх талаар хэрэгт байгаа баримтыг бүрэн дүгнэж чадаагүй, энэ талаар залруулах боломжтой байна.

15.2. Хариуцагч “Н” ХХК нь Наран молл худалдааны төвийн барилгын шилэн фасадны ажлын доголдолтой холбогдуулан 230,800,241 төгрөгийг, Наран бөөний төвийн оффис агуулахын зориулалттай барилгын агуулахын шалны доголдолтой холбогдуулан 190,504,663 төгрөгийг, 2011 оны гэрээний дагуу ажлаа хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тул алданги 412,370,100 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөд төлсөн 7,275,000 төгрөг, нийт 840,950,004 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлээ тодорхойлсон.

15.3. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно.гэж заасан тул захиалагч “Н” ХХК нь доголдлыг хэзээ илрүүлж, энэ талаар “Ж” ХХК-д хэрхэн мэдэгдсэн, “Ж” ХХК хэрхэн хариу өгсөн үйл баримт ач холбогдолтой.

15.3.1. Хэрэгт байгаа баримтаас үзвэл “Н” ХХК нь “Ж” ХХК-д хандаж, шилэн фасад, вакум цонх болон барилгын заслын үлдэгдэл ажлыг дуусгах тухай 2011.12.27-ны өдрийн 250 тоот албан бичиг, 2012.01.23-ны өдрийн 18 тоот мэдэгдэл, 2012.02.14-ний өдрийн 27 тоот шаардлага, 2012.02.21-ний өдрийн 31 тоот шаардлага, 2012.03.01-ний өдрийн 32 тоот мэдэгдэл, 2012.04.30-ны өдрийн “Наран моллын тухай” 72 тоот албан бичиг, 2012.05.02-ны өдрийн 74 тоот албан бичиг, 2012.05.18-ны өдрийн 88 тоот албан бичиг, 2012.05.28-ны өдрийн “Шилэн фасад солиулах тухай” 93 тоот албан бичиг, 2012.05.29-ний өдрийн “Барилгын ажлын тухай” 97 тоот албан бичиг, 2012.06.04-ний өдрийн “Дусаал гоожсон тухай” 101 тоот албан бичиг, 2012.06.04-ний өдрийн “Лифт, экскалаторын тухай” 102 тоот албан бичиг, 2012.06.20-ны өдрийн “Наран моллд хийгдэх ажлын тухай” 112 тоот албан бичиг, 2013.02.19-ний өдрийн 40 тоот албан бичиг, 2013.03.01-ний өдрийн 45 тоот мэдэгдэл, 2013.04.15-ны өдрийн “Дусаал гоожсон тухай” 58 тоот албан бичиг, 2013.04.15-ны өдрийн 59 тоот Агуулахын барилгын тухай албан шаардлага, 2013.04.23-ны 66 тоот албан шаардлага, 2013.04.23-ны өдрийн “Агуулахын барилгын шалны ажлын тухай” 67 тоот албан бичиг, 2013.05.20-ны өдрийн “Шилэн фасадны тухай” 88 тоот албан бичиг, 2013.09.10-ны өдрийн 213 тоот мэдэгдэл зэрэг баримтууд /6хх-115-156/, шилэн фасадны доголдлыг шалгуулахаар 2013.04.29-ний өдөр 76 тоот албан бичгийг Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж байсан баримтууд хэрэгт авагдсан байна.

15.3.2. “Ж” ХХК 2013.09.23-2014.04.02 хүртэл хугацаанд “Н” ХХК-д хандаж, Улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд шаардагдах 17,600,000 төгрөгийн зардлыг 5 хувийн үлдэгдлээс санхүүжүүлэх, гадна шилэн фасадны ажил чанаргүй хийгдсэнийг зөвшөөрч 114,239,250 төгрөгийн засварын ажил хийх тул өглөгөөс тооцуулах, шал будагны ажлын үнэ 4,380,000 төгрөг, хулдаасны үнэ 5,000,000 төгрөг, хашааны төлбөр 3,600,000 төгрөг, дохиоллын ажилд 5,000,000 төгрөгийг санхүүжилтээс хасуулах агуулгатай хүсэлтүүдийг гаргаж байсан, /3хх-24-30/, Наран молл худалдааны төвийн барилгын гадна нүүрний шиллэгээний ажлыг “Ж” ХХК нь “Измнэг” ХХК-тай гэрээ байгуулан хийлгэсэн бөгөөд туслан гүйцэтгэгч компани чанарын шаардлага хангахгүй ажил гүйцэтгэсэн гэдгийг “Ж” ХХК хүлээн зөвшөөрч, чанаргүй ажлуудыг засахаар Хятадаас багцалсан шил захиалах, таг даравч захиалах, салхивчийн онгойлтыг өөрчлөхөд шаардагдах материал буюу шил, нугас, төмөр бэлдэц зэргийг захиалах, гааль, тээврийн зардал, ажлын хөлс зэрэгт нийт 48,200 ам.долларын санхүүжилтийг гэрээний баталгаа 5 хувийн санхүүжилтээс гаргуулах агуулга бүхий /хэргийн 3-р хавтас 24-30, 6-р хавтас 129/ баримтуудаар “Ж” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд доголдол байсан үйл баримт тогтоогдож байх боловч үүнээс хойш талууд 2014.11.17-ны өдөр 2010 оны 10/01 тоот гэрээг дүгнэж, тооцоо нийлээд 140,000 ам.долларын үлдэгдэл /үүнийг 134,792 ам.доллар гэснийг нэхэмжлэгч маргаагүй/ байгааг баталгаажуулсан байх тул талуудын хооронд эцсийн байдлаар тооцоо нийлсэн уг баримтыг үндэслэж  хариуцагч 134,792 ам. долларыг төлөх үүрэгтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Харин нэгэнт доголдол байгаа нь тогтоогдож байгаа учир хариуцагч “Н” ХХК сөрөг нэхэмжлэлээ нотолсон хэмжээнд доголдлыг арилгахтай  холбоотой зардлыг гаргуулах үндэслэлтэй байна.

16. “Ж” ХХК нь дээрх байдлаар /15.3.2-т зааснаар/ санхүүжилтээс засварын зардлыг хасуулах хүсэлт гаргасан боловч талууд засварын хэмжээ, зардлыг маргаж, шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Иймд шинжээчийн дүгнэлт, Улсын комиссын акт, тухайн үед барилгыг үзэж Мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн гаргасан албан шаардлага гэх баримтуудыг үндэслэж, доголдлын талаар дүгнэх үндэслэлтэй.

Хэрэгт ажил гүйцэтгэгч “Ж” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2013.06.05-ны өдрийн 02-07-78/429 тоот албан шаардлага /1хх-120-121/, Мэргэжлийн хяналтын газрын 2014.04.07-ны өдрийн “Албан шаардлагын биелэлтийн тухай” 02-02/1005 тоот албан бичиг /1хх-122-123/, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Барилга, архитектурын сургууль, Барилгын инженерийн салбарын профессор Ж.Гэрэлхүү, дэд профессор Р.Хишгээ, ахлах багш С.Нямдорж, багш Ж.Дуламжав нарын хамтран гаргасан 2015 оны шинжээчийн дүгнэлт /1хх-146-156/,”Н”компани оффис, агуулахын барилгын зарим ажлын төсөв /1хх-157-165/, “Наран агуулах” Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, тавдугаар хороололд байрлалтай “Наран молл” худалдаа, үйлчилгээний төвийн барилгад шинжээчээр Монгол улсын зөвлөх инженер Ж.Цээлээ, тэргүүлэх төсөвчин Г.Пэлээсүрэн нарын ажилласан 2017.11.30-ны өдрийн 04 тоот дүгнэлт /3хх-87-90/, “Ж” ХХК-иас “Н” ХХК-д хандсан 2013.05.17-ны өдрийн 105 тоот мэдэгдэл зэрэг баримтууд цугларчээ. 

2010.04.01-ний өдрийн гэрээний дагуу хийгдсэн барилгын ажлыг 2012.03.09-ний өдөр, 2011.10.10-ны өдрийн гэрээний дагуу хийгдсэн барилгын ажлыг  2013.12.31-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн ба үүнээс өмнө тодорхой хэмжээний дутуу ажлыг гүйцээсний дараа Улсын комисс хүлээн авахыг шаардсан дараах баримт хэрэгт авагджээ.

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн “Ж” ХХК-д хандсан 2013.06.05-ны өдрийн 01-07-78/429 тоот албан шаардлагад “...“Ж” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан “Наран молл” их дэлгүүрийн барилгын шилэн хийц бүтээцийн одоогийн төлөв байдлыг Барилгын тухай хуулийн хүрээнд барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав 2013.05.27-ны өдөр “Н” ХХК-ийн техникийн ажилтнуудыг байлцуулан шалгахад барилгыг 2012.03.13-нд баталгаажсан 128/2012 дугаартай улсын комиссын актаар ашиглалтад оруулсан, ...шалгахад:

1. Барилгын байгуулалтын зурагт тусгагдсан, хучилтын гадагш илүү гарч буй хэсгийн төмөр бетон хийц болон нүүрлэгээний шиллэгээ хоорондын чигжээс муу, уснаас хамгаалах хаялга төмөргүйгээс нүүрлэгээг дагаж доош урссан ус хучилтын замазка, эмульс болон дүүжин таазны элементүүдийг норгож халтардуулсан, хөгц мөөгөнцөр үүссэн,

2. Шилэн нүүрлэгээний жижиг хэмжээтэй хэсгүүдийг Монголд багцлуулахдаа шилний наалтуудыг барьцалдалт муутай, найрлага тохироогүй цавуугаар хийлгэснээс нийтдээ 5 ширхэг жижиг багцын гадна талын шил унасан,

3. Уг барилгын бүх шилэн багцуудын хоорондох чигжээс цавуунд хагарал гарсан, багцуудаасаа хөндийрсөн зөрчил тус тус илэрлээ, 2013.06.15-ны дотор зөрчлийг арилгаж Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын “хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан” байх шаардлагад нийцүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Барилгыг Улсын комисст хүлээлгэн өгсөн хэдий ч дээрх баримтаар /1хх-120/ “Ж” ХХК-ийн ажлын гүйцэтгэлд эдгээр доголдол байсан гэж үзэх үндэслэлтэй.

16.1. Шинжээч Монгол улсын зөвлөх инженер Ж.Цээлээ, тэргүүлэх төсөвчин Г.Пэлээсүрэн нар 2017.11.30-ны өдрийн дүгнэлтээр агуулахын барилгын 4 өрөөний бетон шал доголдолтой үүнд 35,117,242 төгрөгийн зардал, пандусны хашлага хийхэд 7,660,469 төгрөг, ханын цууралтыг засахад 5,017,038 төгрөг, дээврийн ус зайлуулагчийг засахад 13,171,622 төгрөг, нийт 63,966,371 төгрөгийн зардал шаардлагатай, хариуцагч “Н” ХХК энэ зардлыг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч нь эдгээр доголдлыг арилгахад гарсан зардлыг 20,881,872 төгрөг гэж үзэж, үлдэгдэл 128,175,900 төгрөгөөс хасч, 107,294,028 төгрөгийг шаардсан тул нэхэмжлэлээс харилцан тооцож, нэхэмжлэлээс 64,209,529 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн буюу сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлага харилцан тооцогдсон болно.

16.2. Хэрэгт байгаа баримтаар /энэ хэсгийн 16-д заасан баримтаар/ “Ж” ХХК шилэн фасадны ажлыг доголдолтой гүйцэтгэсэн нь тогтоогдсон.

Шүүхээс томилогдсон шинжээч Г.Пэлээсүрэнгийн дүгнэлтээр /6хх-43-76/ “Н” ХХК нь “Ж” ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын ажилтай холбогдуулан “Мон вакум цонх” ХХК-аар барилгын шилэн фасадны гадна силикон, шилний чигжээс хийх, металл хаалга, шилэн фасадны порчик хийх ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд уг ажлын төсөвт өртөг нь 85,330,956 төгрөг, “Хос ур” ХХК-аар шилэн фасадны резин таг даравч хийх, даравчинд силикон хийх, шилэн факет солих ажлыг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг ажлын төсөвт өртөг нь 140,708,485 төгрөг, “Алтан ус” ХХК-аар шилэн дээврийн засварын ажлыг 4,760,800 төгрөгөөр нийт 230,800,241 төгрөгөөр гүйцэтгүүлсэн болохыг тогтоосон байна. /6хх-71-84/

Гэвч  үүнээс  “Мон вакум цонх” ХХК,  “Алтан ус” ХХК нь 2012 онд гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагад дурдсан зөрчил, засч, сайжруулах ажилтай холбоотой, улмаар уг зардлыг нэхэмжлэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Харин 2017 онд “Хос ур” ХХК-аар шилэн фасадны резин таг даравч хийх, даравчинд силикон хийх, шилэн факет солих ажлыг хийж гүйцэтгүүлсэн байх ба энэ ажил нь 2012.03.09-ний өдөр барилгыг Улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 5 жилийн дараа  хийгдсэн, энэ доголдлыг ажил гүйцэтгэгчид мэдэгдсэн баримт байхгүй, ажил гүйцэтгэгч үүргээ зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй учир энэ зардлыг хангах боломжгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлээс “Мон вакум цонх” ХХК-иар гүйцэтгүүлсэн 85,330,956 төгрөгийн,  “Алтан ус” ХХК-аар шилэн дээврийн засварын ажлыг гүйцэтгүүлсэн 4,760,800 төгрөгийн зардал нийт 90,091,756 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

16.3. “Ж” ХХК нь Наран бөөний төвийн оффис агуулахын зориулалттай барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ 2 давхрын 207, 208 тоот агуулахын бетон шалыг гэрээгээр тохирсон М150 марканд хүрэхгүй, шалны цутгамал бетон тэгшилгээний ажлыг батлагдсан зураг, технологийн дагуу гүйцэтгээгүйг засах ажилд 35,117,242 төгрөгийн төсөвт өртөг шаардлагатай гэж шинжээч Барилгын төсөвчдийн холбооны 2017.11.30-ны өдрийн 4 тоот дүгнэлт /хэргийн 3 хавтас 75-78 тал/-ээр, 3 дугаар давхрын шалны бетоны бат бэхийг шалгасан дүгнэлтээр шалны бетоны бат бэх 7.51-9.23 МПа гарсан тул шалыг буулгаж шинээр хийх, үүнд 160,468,629 төгрөгийн төсөвт өртөг шаардлагатай гэж Барилгын төсөвчдийн холбооны 2019.12.13-ны өдрийн дүгнэлт /хэргийн 6 хавтас 43-47 тал/-ээр  тогтоосон байх боловч тухайн үед ажил гүйцэтгэгч нь ...захиалагчийн заасан этгээд авсан гэсэн, 2012 оноос хойш ашиглаж буй барилгын материалын чанарын талаар 2019 онд дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй, ...4 өрөөний шалны доголдлыг тухайн үед илрүүлсэн байхад  барилгын  3 дугаар давхрын шалыг бүхэлд нь доголдолтой гэж зөрүүтэй тодорхойлсон байдлаас үзэхэд эдгээр зардлыг гаргуулах хангалттай үндэслэл тогтоогдоогүй 2017.11.30-ны өдрийн шинжээчийн төсөв, 2019.12.13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзнэ. “Ж” ХХК-аас Наран бөөний төвийн оффис агуулахын зориулалттай барилгын 2, 3 дугаар давхрын шалны доголдолтой холбогдох 190,504,663 төгрөгийг гаргуулан “Н” ХХК-д олгож шийдвэрлэсэн  шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг зөрчсөн байна. Тухайн үед буюу барилгыг хүлээлгэн өгөх үед доголдлын талаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013.06.08-ны өдрийн албан шаардлага, Улсын комиссын төлөвлөгөөт шалгалт гэх баримтууд илүү нотолсон, бодитой байна. 

16.4. 2011 оны гэрээнд нэмэлт оруулсан 2012.03.29-ний өдрийн 12/03/29 тоот гэрээгээр талууд Наран агуулах, оффис, бөөний төвийн барилгын ажлыг 2012.08.20-ны өдрийн дотор гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч нь 2013.05.13-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн, 2012 оны нэмэлт гэрээний 5.2-т гүйцэтгэгч нь агуулахын барилгыг хүлээлгэн өгөх графикт хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн графикт ажлын санхүүжилтийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө гэж заасан боловч захиалагч “Н” ХХК нь  санхүүжилтийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу хийж үүргээ биелүүлээгүй тул алдангид 407,563,084 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангахгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т нийцжээ. Үүрэг гүйцэтгүүлэгч буюу “Н” ХХК санхүүжилт хийх үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн тул үүрэг гүйцэтгэгч буюу “Ж” ХХК-иас  анз авах эрхээ алдсан, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.  

17. Анхан шатны шүүх шинжээчийн ажлын хөлсийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1492 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01348 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК-иас 390,992,621 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Ж” ХХК-иас 90,091,756 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Н” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 247,523,876 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлээс 750,858,248 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...2,328,336” гэснийг “2,112,913” гэж,  “...1,468,829” гэснийг “608,408” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.12-ны өдөр төлсөн 2,709,700 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.11-ний өдөр төлсөн 5,003,565 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ЗОЛЗАЯА

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Х.ЭРДЭНЭСУВД