Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/219

 

2023       12          04                                       2023/ШЦТ/219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Орчуулагч: С.Ж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч: К.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Кны Тд холбогдох эрүүгийн 2335000000273 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 25-нд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Кны Т /РД:...................../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтад багийн Хотгорын уурхайн хажууд байрлах гэр гуанз дотор иргэн С.Еын бие рүү халуун ус цацаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч К.Тийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч К.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтад багийн Хотгорын уурхайн хажууд байрлах гэр гуанз дотор иргэн С.Еын бие рүү халуун ус цацсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хавтаст хэргийн 3-6 дахь тал),

Хохирогч С.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр манай уурхайн хажууд эсгий гэртээ цайны газар байдаг бөгөөд тухайн цайны газарт манай уурхайн жолооч нар орж цай уухаар орсон. Тэр үеэр миний таньдаг Н гэх ахтай тоглоод түүнийг түлхэх үед гэрийн хана түших үед гэрийн хоёр ширхэг унь газарт унасан, тэгээд тухайн гуанзны эзэн К.Т гэх залуу та нар гарцгаа, гэр нураалаа гэж хэлсэн, тэгээд би Нд за за болъё, хоёулаа гаръя гэж хэлээд тухайн гуанзнаас гарах гээд хаалгаар нь тонгойгоод гар байх үеэр миний араас К.Т нь шанагаар халуун цай хийсэн. Тэр үед миний хүзүү, ар дагз хэсгээр халуун цайнд түлэгдсэн. Би К.Тээс хохирлоо төлүүлж аваагүй. Яагаад гэвэл тухайн үйл явдал согтууруулах унданы зүйл хэрэглэсэн байсан бөгөөд миний буруутай үйлдэл байгаа. Мөн К.Т надад уучлалт гуйж надад учирсан хохирлыг төлж барагдуулан гэхэд нь би аваагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 55 дахь тал),

Гэрч С.Нны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн үед нөхөр Е надад хэлэхдээ өөрийн найз Нны хамт тоглоод хөөцөлдөж байхад гэрийн унь унасан гэсэн. Тэр үед гэрийн эд зүйл хугалж, хагаллаа, гэрээс гар гэж хэлээд тухайн гуанзны эзэн болох К.Т толгой руу нь халуун хар цай асгаж түлсэн гэсэн. Намайг уг гуанзанд явж очих үед нөхөр Е нь согтуу байсан тийм их ухаан алдатлаа согтсон зүйл байхгүй байсан. Нөхөр С.Е хэлэхдээ К.Т нь намайг халуун усаар түлчихлээ гэж хэлсэн. Нөхрийн толгойн ар хэсэг шилэн хүзүү хэсгээр түлэгдсэн шинжтэй улайсан байсангэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Гэрч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Е нь Х гэх залууг гараараа түлхэх үед нь гэрийн хажууд байсан мотоцикль түшээд унах үед гэрийн хана хөдөлж гэ дотроос гуанзны эзний хүү болох К.Т нь гартаа данх шиг зүйл барьсан байсан ба гарч ирээд Етай хэрэлдээд, тэр хоёр зодолдох гээд байхаар нь би Ховог бариад чи одоо харьж мар гээд түүнийг явуулаад эргээд ирэх үед Е, К.Т нар хоорондоо хэрэлдээд гуанз руу орж байсан ба энэ үеэр би К.Т хүч өгөхгүй тухайн хүмүүс рүү дайрч байсан ба энэ үеэр К.Тийн эхнэр Нуржан ирээд бид хоёр нийлээд Еыг аваад гэрт нь хүргэж амраасан юм. Сүүлд би Е гэр лүү нь авч явж байх үеэр Еын ар шил хэсэг, хувцас нь нойтон болсон байсан. Е хэлэхдээ К.Т над руу халуун ус цацаад намайг түлчихлээ гэж хэлж байсангэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

Шүүгдэгч К.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр би машиндаа тосолгоо хийчхээд 19 цагийн орчим гэр лүү орсон. Гэр лүү ороход Е нэг залуутай маргалдчихсан зодолдож байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад гэрээс гаргасан. Буцаж гэр лүү орж ирээд гал дээр буцалгаж байсан уснаас төмөр саванд хийгээд нар нүүрээ угаах гээд гэрээс гарах үед Е тэр залуутай маргалдчихсан гэрийн үүдэнд ноцолдож байсан. Тэгээд би уурлаад гартаа барьж байсан төмөр савтай буцалсан усыг Еын толгой хэсэг рүү асгачихсан. Тухайн үйл явдал хурдан болж өнгөрсөн. Би Еын толгой руу буцалсан ус асгасаа хүлээн зөвшөөрч байна. Би Ед учирсан хохирлыг төлөх гэж гэрт очиж уучлалт гуйсан бөгөөд С.Е надаас хохирол гэж мөнгө авахгүй, чамд ямар нэгэн гомдол байхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал)-үүдээр шүүгдэгч К.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтад багийн Хотгорын уурхайн хажууд байрлах гэр гуанз дотор иргэн С.Еын бие рүү халуун ус цацаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 622 дугаартай: “С.Еын биед баруун ба зүүн чихний дэлбэнгийн ар хэсгээр, хүзүүний ар дээд хэсэг, баруун ба зүүн хажуу талын доод эрүүний арын салаа, дагзны хуйхны хэсгийг зулайны арын хуйх хэсгийг бүхэлдээ хамаарсан, зүүн нүүрний хэсгийг, духны зүүн талд зүүн хацар завжийг хамарсан түлэгдэл, түлэгдэл 10% талбайг хамарсан, 2-р зэргийн түлэгдэлтэй гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд өндөр температурын үйлчлэлээр үүсгэгдэнэ. С.Еын дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтын хүснэгтийн 60-4 заалтыг агуулсан ерөнхий 25% нөлөөлөх. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар, ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтын хүснэгтийн 60-4 заалтыг агуулсан ерөнхий 25% нөлөөлөх гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал)-ээр хохирогч С.Еын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч К.Тнь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд халуун ус цацаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч С.Еын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч К.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол хор уршиг

Хохирогч С.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би К.Тээс хохирлоо төлүүлж аваагүй. Яагаад гэвэл тухайн үйл явдал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд миний буруутай үйлдэл байгаа. Мөн К.Т надад уучлалт гуйж надад учирсан хохирлыг төлж барагдуулан гэхэд нь би аваагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч К.Тнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч К.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч К.Тнь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч К.Т урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 82 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч К.Тийн хувийн зан байдлын талаар гэрч М.Кны өгсөн: “К.Т нь төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зүйл яриад байдаггүй, хэрүүл магаан үүсгээд байдаггүй, догшин зан авиргүй, уурладаггүй, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, зөөлөн дөлгөөн, хар бор ажилд сайн, тусч цайлган сэтгэлтэй, гэр бүлдээ халамжтай, тусархаг эелдэг зөөлөн хүн байга юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал) хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Тэд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800.000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч К.Тнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч К.Тэд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Кны Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Тэд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800.000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч К.Тнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч К.Тэд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ