Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2018/0331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд тус тус холбогдох

Гуравдагч этгээд: П.Б, Э.Б, Э.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолын Д.Дд холбогдох хэсгийн 3 өрөө гэснийг 2 жижиг өрөө буюу А, В өрөөг өмчлүүлэх гэж өөрчлөх, 0038177 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-15 тоот байрны 1 том өрөө болох Б өрөөг Д.Бт ордерыг олгож, өмчлүүлэхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн, гуравдагч этгээд Э.Б, Э.Ж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...иргэн Д.Б Д.Д нар гэр бүлийн гэрчилгээтэй хууль ёсны гэр бүл байсан боловч гэрлэлтээ цуцлуулсан.

Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 23 дугаар байрны 15 тоот орон сууцанд амьдарч байсан ба тус байрыг Д.Б өөрт нь олгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн шүүх 1997 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр 2 жижиг өрөө болох А,В-г Д.Дд, 1 том өрөө буюу Б өрөөг Д.Бт тус бүрт нь ордер олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Орон сууцны хэлтэст үүрэг болгон шийдвэрлэжээ.

Гэтэл Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай тогтоолоор Д.Дд хувьчилж 0038177 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг 4 ам бүлээр олгосон байна. Дээрх маргаантай байдал үүссэн тухай Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар бичгээр мэдэгдэхэд Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 290 дүгээр шүүхийн шийдвэрээ үндэслэн өөрт оногдсон том өрөөгөө эзэмших, өмчлөх талаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу албан бичгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 8/1605 тоотоор хүргүүлжээ. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...1997 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхээс 12 дугаар хорооллын 23 дугаар байрны 15 тоот 3 өрөө 38м2 сууцны 2 жижиг өрөө болох А, В өрөөг иргэн Д.Дд, 1 том буюу Б өрөөг иргэн Д.Бт тус тус олгохыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын орон сууцны хэлтэс болон манайд ирээгүй тул тухайн үед Орон сууц хувьчлах товчоо нь Д.Дгийн нэр дээрх 958452 тоот орон сууц эзэмших эрхийн бичгээр 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолоор 4 ам бүлтэй хувьчилсан байна.

Хувьчлагдсанаас хойш 18 жилийн дараа 2016 оноос өмчлөгчийн дундах маргаан дахин үүсэж байгаа тул энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд тухайн байгууллагын шийдвэр гарсны дараа асуудлыг дахин авч үзэж болно гэжээ.

Хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шийтэр шүүхэд гаргасан тайлбартаа: ...1997 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхээс 12 дугаар хорооллын 23 дугаар байрны 15 тоот 3 өрөө 38м2 орон сууцны 2 жижиг өрөө болох А, В өрөөг иргэн Д.Дд, 1 том өрөө буюу Б өрөөг иргэн Д.Бт тус тус олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Орон сууцны хэлтэст үүрэг болгосон шийдвэр гаргасан гэх боловч шийдвэр нь манайд ирээгүй тул тухайн үед Орон сууц хувьчлах товчоо нь Д.Дгийн нэр дээр 958452 тоот орон сууц эзэмших эрхийн бичгээр 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор 4 ам бүлд хувьчилсан байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь орон сууц хувьчлалын асуудлыг шийдвэрлэхгүй тул тухайн иргэний гаргасан нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Э.Б, Э.Ж, П.Б нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бидний ээж Д.Д нь нас барсан. Анхнаасаа энэ байрны гэрчилгээ дөрвөн хүний өмчлөлтэй байсан. Бид энэ байрны 0038177 дугаартай гэрчилгээ авч 20-оод жил амьдарч байна.Ээж нас бараад бид нар энэ шүүхийн шийдвэрийг мэдээгүй байсан. Д.Б нь манай ээжээс салснаас хойш нэг ч удаа ирж уулзаагүй. Тиймээс Д.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид хууль ёсны шударга өмчлөгчид юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд тус тус холбогдуулан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолын Д.Дд холбогдох хэсгийн 3 өрөө гэснийг 2 жижиг өрөө буюу А, В өрөөг өмчлүүлэх гэж өөрчлөх, 0038177 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-15 тоот байрны 1 том өрөө болох Б өрөөг Д.Бт ордерыг олгож, өмчлүүлэхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Б нь ...Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 290 дүгээр шүүхийн шийдвэрээр 2 жижиг буюу А, В өрөөг Д.Дд, том өрөө буюу Б өрөөг Д.Бт тус бүр ордер олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Орон сууцны хэлтэст үүрэг болгосон байхад Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг 4 ам бүл /Д.Д, Э.Б, Э.Ж, П.Б/-ээр олгосон ... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 290 дүгээр шүүхийн шийдвэр нь Нийслэлийн орон сууц хувьчлан товчоонд ирээгүй бөгөөд Д.Дгийн орон сууц хувьчлах тухай хүсэлтийг үндэслэн Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор хувьчилсан... гэж тус тус тайлбарлан маргажээ.

Д.Б нь 1997 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж Д.Дд холбогдох орон сууцнаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг 1997 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж, 290 дүгээр шүүхийн шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23 дугаар байр, 15 тоот хаягт орших орон сууцны А, В өрөөг Д.Дд, Б өрөө буюу том өрөөг Д.Бт эзэмшүүлэх-ээр шийдвэрлэж, байрны 913402 тоот ордерыг хүчингүй болгожээ.

Мөн Д.Б нь дахин Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ....30 сая төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж 875 дугаар шийдвэрээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий орон сууц нь тухайн үед /1997 онд/ төрийн өмч, хэн нэгэн этгээдэд хувьчлагдаагүй байсан бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 290 дүгээр шүүхийн шийдвэрээр орон сууцыг эзэмших эрхийн талаарх маргааныг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 1997 оны 290 дүгээр шийдвэр гарах үед Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23 дугаар байр, 15 тоот орон сууц нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн өмч байсан бөгөөд тус шүүхийн шийдвэрээр тухайн орон сууцыг Д.Б болон Д.Д нар өмчлөх бус хэн нь хэрхэн эзэмших эрхийн талаар шийдвэрийг гаргасан байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт сууц эзэмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц / нэг буюу нэгээс дээш өрөө/ -ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/ , орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг гэж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй гэж тус тус заажээ.

Д.Д нь 1998 онд Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд хандан орон сууцыг хувьчилж авах тухай хүсэлт гаргасны дагуу тус товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-15 тоот 3 өрөө орон сууцыг Д.Д, Э.Б, Э.Ж, П.Б нарын 4 хүнд өмчлүүлж, 0038177 тоот гэрчилгээг олгосон нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

Учир нь нэхэмжлэгч Д.Б нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 1997 оны 290 дүгээр шийдвэрийг гарснаас хойш тухайн орон сууцыг хувьчилж авах тухай хүсэлтийг гаргаагүй, эзэмших эрхээ бодитоор, хууль ёсоор хэрэгжүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Монгол улсад байгаагүй... гэх, гуравдагч этгээдүүдийн ...хамт амьдраагүй... гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

Түүнчлэн Орон сууц хувьчлах тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хууль ёсоор эзэмшиж байгаа сууц /өрөө/-аа хувьчлан авах иргэд дор дурдсан эрх эдэлнэ:1/ эзэмшиж байгаа сууц /өрөө/-аа хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргах гэж, 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Сууц хувьчлан авах тухай өргөдлийг дор дурдсан этгээд гаргаж болно: сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь өргөдөл гаргаагүй байхад Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-15 тоот 3 өрөө орон сууцыг Д.Д, Б.Б, Б.Ж, Б.Б нарт өмчлүүлсэн /хувьчилсан/ шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Д.Б эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.

Дүгнэвэл Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Д.Дд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Орон сууц хувьчлах тухай хууль зөрчөөгүй байх тул ...Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолын Д.Дд холбогдох хэсгийн 3 өрөө гэснийг 2 жижиг өрөө буюу А, В өрөөг өмчлүүлэх гэж өөрчлөх, 0038177 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-15 тоот байрны 1 том өрөө болох Б өрөөг Д.Бт ордерыг олгож, өмчлүүлэхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгах шаардлага бүхий Д.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 716 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг хүчингүй болгосон. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Д.Б нь 2017 он хүртэлх хугацаанд Монгол улсад оршин суугаагүй гэсэн болно.

Мөн хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Д.Шийтэр нар нь биечлэн оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийхэд татгалзах зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд холбогдуулан гаргасан ...Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолын Д.Дд холбогдох хэсгийн 3 өрөө гэснийг 2 жижиг өрөө буюу А, В өрөөг өмчлүүлэх гэж өөрчлөх, 0038177 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23-15 тоот байрны 1 том өрөө болох Б өрөөг Д.Бт ордерыг олгож, өмчлүүлэхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгах шаардлага бүхий Д.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийн дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА