| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 123/2025/0077/З |
| Дугаар | 221/МА2026/0326 |
| Огноо | 2026-05-14 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2026/0326
2026 05 14 221/МА2026/0326
“Ө” байгууллагын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүн: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Б, Г.Д нар
Нэхэмжлэгч: “Ө” байгууллага
Хариуцагч: Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хяналтын улсын байцаагч Г.Ундармаа
Гуравдагч этгээд: К, П.А, П.Н
Нэхэмжлэлийн шаардлага:
“Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 2302 дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах, Г.П агсныг “Ө”байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус бүртгэлийг үндэслэн К, П.А, П.Н нарыг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болгохыг тогтоолгох”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 29 дүгээр шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Б, Г.Д, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 123/2025/0077/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ө” байгууллагаас Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хяналтын улсын байцаагч нарт холбогдуулан “Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 2302 дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах, Г.П агсныг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус бүртгэлийг үндэслэн К, П.А, П.Н нарыг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болгохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.7.1, 19 дүгээр зүйлийн 19.4.3 дэх заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.14, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 22.1.19 дэх заалт, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” байгууллага, иргэн Л.О нарын Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 2302 дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах, Г.П агсныг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.12, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Ө” байгууллага, иргэн Л.О нарын хууль бус бүртгэлийг үндэслэн К, П.А, П.Н нарыг "Ө" байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 сарын 23-ны өдрийн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1.1. Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох "хяналтын улсын байцаагчийн Бүртгэл хүчингүй болгох тухай 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2302 дугаартай дүгнэлтийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлыг талаар,
“Ө” байгууллагыг анх 2001 онд Төв аймгийн Борнуур сумын ахмадын хороо санаачилж, уг санаачилгыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал дэмжсэнээр эхэлсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Үүнд:
“Сүм байгуулах тухай” Төв аймгийн Борнуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар тогтоолд тухайн тогтоолыг гаргах болсон үндэслэлийг “...Сумын ахмадын хороо, түүний гишүүд дэмжигчид, сүсэгтэн олны хүсэлтийг хүлээн авч сүм байгуулах хөдөлгөөн өрнүүлж байгаа нутгийн уугуул иргэн бурханч лам Г.П-ын үйл ажиллагааг сайшааж ТОГТООХ НЬ:...” гэж заагаад, тогтоолын 2 дугаар заалтаар сүмийн барилгын засвар тохижуулалтад нэмэр болох хандивын хөрөнгө цуглуулах ажиллагааг сумын нийт иргэдэд сурталчлан танилцуулж хандив цуглуулах үйл ажиллагааг үргэлжлүүлэх, цугласан хандивын хөрөнгийг сар бүр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж байхыг сумын Засаг даргад үүрэг болгон шийдвэрлэж байсан.
“Өлзийбадруулагч сүм”-ийг үүсгэн байгуулагчдын анхдугаар хурал Төв аймгийн Борнуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлын өрөөнд 2005 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, сүм байгуулах, Удирдах зөвлөлийг сонгох, сүсэгтний холбоо байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тус хуралд Г.П, Ц.М, Р.Т, Ш.Ч, П.Г, М.А, Б.Г, З.Я, Б.Б, Ю.Г, Ц.Б, К.Н, Л.Л, М.А, Ц.Ц, Л.Ич, С.С, Д.Ш, Д.Ч, Ш.Д, Я.Э, Ч.Ц нарын нийт 22 хүн оролцсон бөгөөд тэд “Ө”- ийг үүсгэн байгуулсан болох нь тогтоогдож байгаа.
“Ө”-ийг үүсгэн байгуулах дээрх шийдвэр, дүрэм, тус сүмийн хүсэлтийг үндэслэн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааны 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 10 дугаар тогтоолоор “Ө” байгууллагыг байгуулах зөвшөөрлийг олгосон байдаг.
Гэтэл шүүх “...”Ө” байгууллагын 2016 оны 03 дугаар сарын 24-ний 03/01 дугаар тогтоолоор баталсан дүрмийн 4 дүгээрт “....Үүсгэн байгуулагч: Г.П” гэж, “Хуулийн этгээдийн улсын лавлагаа” /регистр дугаар: .........../-нд “Үүсгэн байгуулагчийн мэдээлэл: Г.П, бүртгэсэн он,сар, өдөр. 2010.03.09, 2016.04.01” гэж бүртгэгдсэн үүнээс өөр иргэн бүртгэгдээгүй байна. Үүнээс үзвэл, “Ө” байгууллагын зөвхөн 1 иргэн, тодруулбал “Г.П” үүсгэн байгуулсан...” гэх дүгнэлт хийсэн нь дээрх нотлох баримтуудад нийцээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ““шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцээгүй байна.
3.1.2. Бурханч лам Г.П таалал болсноос хойш нэг жилийн хугацаанд “Ө” байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн маргаан гаргаагүй.
“Ө” байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, уг зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагын улмаас тус байгууллагын эрх барих дээд байгууллага болох Удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж, Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Тэргүүнийг солих асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Тус хурлаас Д.Э, Л.О-, Ө.Т, Б.С, Б.Г (бурханч лам Г.П-ын аав) нарыг Удирдах зөвлөлийн гишүүнээр баталж, Л.О-ьн тэргүүнээр томилсон шийдвэрийг гаргаж, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэл хийлгэхтэй холбоотой хүсэлт, баримт материалуудаа өгч, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэл хийгдсэн шинэ гэрчилгээгээ авсан.
Улмаар тамгаа шинэчлэн авах гэтэл гуравдагч этгээдүүдийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан гэх асуудал үүсэж, 04 дүгээр сарын 28-ны бүртгэлийг түдгэлзүүлсэн бөгөөд үүнээс болоод тамгаа хийлгэж авахад саад болсон.
3.1.3. Төв аймгийн Улсын бүртгэлийн газрын хяналтын улсын байцаагч нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Бүртгэл хүчингүй болгох тухай” 2302 дугаар дүгнэлт гаргасан байдаг.
Тус дүгнэлтийн “ДҮГНЭХ” хэсгийн 2 дахь заалтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд хувийн хэргийн .............. дугаарт бүртгэлтэй .................. регистрийн дугаартай “Ө” байгууллагын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн, Тэргүүнийг томилсон, бүртгэлийн ................. дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгосон.
Шүүхээс “...Маргаан бүхий 2302 дугаар дүгнэлт хууль зөрчөөгүй...” гэж үзээд Төв аймгийн Улсын бүртгэлийн газрын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 2302 дугаар дүгнэлтийн “ДҮГНЭХ” хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Улсын байцаагч дээрх шийдвэрийнхээ үндэслэлийг “...улсын бүртгэгч Б.Цэндсүрэн нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ... 1044567 регистрийн дугаартай “Ө” байгууллагын Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан улсын бүртгэл хөтлөхдөө анхны үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэлд тэргүүнээр бүртгэлтэй Г.П агсны хууль ёсны өв залгамжлагч нарт мэдэгдээгүй, ... улсын бүртгэлд бүртгүүлж байгаа эрхийн талаар үнэн зөвийг холбогдох хуулийн этгээдээс тодруулж, тайлбар мэдээлэл аваагүй, өмнө нь хувийн хэрэгт авагдсан “Ө” байгууллагын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг нягтлан шалгаагүй улсын бүртгэл хөтөлсөн” гэж тайлбарласан нь Монгол Улсын холбогдох хуулийн зохицуулалтад нийцээгүй, хууль бус дүгнэлтийг хийсэн байгааг хэрэгт цугларсан нотлох баримт, холбогдох хуульд нийцээгүй дүгнэлт хийжээ.
Тухайлбал, аливаа хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нь тухай хуулийн этгээдийг төлөөлөх эрх хууль зүйн үндэслэл байдаггүй. Тодруулбал үүсгэн байгуулагч нь тухай хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичигт заасан байгууллагыг удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийг сонгох, томилох журмыг холбогдох хууль болон дүрэмд зааснаар тодорхойлдог бөгөөд ямар нэгэн албан тушаалд сонгогдсон, эсхүл шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүн”-ийг ойлгодог Тэгвэл шашны байгууллага нь Монгол Улсын Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.6, 33 дугаар зүйлийн 33.2, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6 дахь хэсэг, Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд тус тус зааснаар ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд шашны байгууллагын өмч, хөрөнгөтэй холбоотой харилцааг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд тодорхой зохицуулсан. Хуулийн энэ зохицуулалтаар шашны байгууллагын өмч, хөрөнгө нь хэн нэгэн хувь хүнд өмчлөгддөггүй. Гэтэл улсын байцаагч манай байгууллагын тэргүүн асан Г.П-ыг эцсийн өмчлөгч гэж дүгнэсэн нь хууль бус юм.
Шүүх дээр дурдсан шашны байгууллагын зорилго, эрх барих дээд байгууллага тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, шийдвэр гаргах эрх хэмжээтэй, өмч, түүнийг захиран зарцуулах эрхтэй холбоотой үйл баримтуудыг бодитоор үнэлж, дүгнэж чадаагүй.
Тухайлбал, шашны байгууллагатай холбоотой харилцаа нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.6, 33 дугаар зүйлийн 33.2, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйлүүдээр туйлын тодорхой тодорхойлон зохицуулагдсан байх бөгөөд эдгээр хуулийн заалтаас харахад ашгийн төлөө бус, хэн нэгэн этгээдийн хувийн өмч биш, хувийн өмч биш учраас өвлөгдөх тухай ямар ч хууль зүйн үндэслэлгүй тул “... Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан улсын бүртгэл хөтлөхдөө анхны үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэлд тэргүүнээр бүртгэлтэй Г.П агсны хууль ёсны өв залгамжлагч нарт мэдэгдээгүй...” гэх үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгосон маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт илт хууль бус юм.
Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д “Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна", 99.2-т “Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна”, 99.3-т “Хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байна”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа би болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, 25.2-т “Хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно”, 25.3-т “Хуулийн этгээд нь нийтийн, хувийн, холимог өмчийн байна”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна”, 33.2-т “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ”, 36.6-д “Сүм, хийд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо сангийн эрх зүйн байдлын талаарх хуулийн заалтыг мөрдөнө”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Сангийн эрх барих байгууллага бүх удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ”, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд Иргэний хуулийн 36.2 заасны дагуу чиг үүрэг бүхий сан хамаарах ... ”, 11 дүгээр зүйлийн 1-д “Гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 1-д “дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;”, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд “Сүсэгтэн олны шашин-номын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдаж, шашны зан үйл, хурал ном, боловсролын ажлыг эрхлэн гүйцэтгэж буй, албан ёсны зөвшөөрөл бүхий хийд, сүм, дацан, төв болон тэдгээрийн удирдлага байгууллагыг шашны байгууллага гэнэ” гэж тус тус заасны дагуу шашны байгууллага нь нийтийн өмчид хамаарах бөгөөд ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрх эдэлж, үүр хүлээдэг болно.
Шүүх маргаан бүхий улсын байцаагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо дээр дурдсан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, тэдгээрт нийцээгүй дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны байх” гэж заасантай нийцээгүй байна.
3.1.4. Анхан шатны шүүх “...”Ө” байгууллагын ... дүрмийн 9.1 дэх хэсэгт “Удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр сонгож батална” гэж, мөн 9.3 дахь хэсэг хэсэгт “удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна” гэж заасан бүрэн эрхийн хугацаа дууссан байхад улсын бүртгэл хөтөлсөн нь хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн санд “Ө” байгууллагын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн, Тэргүүнийг томилсон бүртгэлийн 000329631 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна...” хэмээн дор дурдсан хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.
Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсгийн “...Сүм хийд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо сангийн эрх зүйн байдлын талаарх хуулийн заалтыг мөрдөнө”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Сангийн эрх барих байгууллага буюу удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ”, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна... Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 1-д “дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;”, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд Иргэний хуулийн 36.2-т заасны дагуу чиг үүрэг бүхий сан хамаарах бөгөөд...” гэсэн зохицуулалтаар шашны байгууллагын эрх барих байгууллага нь “Үүсгэн байгуулагч” биш “Удирдах зөвлөл" байхаар хуульчлагдсан байна.
“Ө” байгууллагын дүрмийн 9.3-ын “...удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна...” гэсэн зохицуулалт нь “Ө” байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн 2016 оноос 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан гишүүд Удирдах зөвлөлийн хурал зарлаж, дүрэм, хуульд заасан асуудлаар шийдвэр гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Учир нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, “Ө” байгууллагын 2016 оны дүрмийн 7.2-т зааснаар тус байгууллагын эрх барих дээд байгууллага нь “Удирдах зөвлөл” байна.
Аливаа хуулийн этгээд /байгууллага/-ын эрх барих байгууллага нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалттай холбоотой бүхий л шийдвэрийг гаргах эрхтэй дээд эрх мэдэл бүхийн субьект юм.
“Ө” байгууллагын дүрмийн 9.3-т “Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна” гэсэн заасан боловч энэ зохицуулалт огт хэрэгжиж байгаагүй байна.
Байгууллагын дээд эрх мэдлийг хэрэгжүүлж буй субьект энэ хэргийн тухайд Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа нь түүнийг сонгосон, эсхүл томилсноор эхэлж, дараагийн гишүүд сонгосон, эсхүл томилсноор дуусгавар болдог.
Иймээс “Ө” байгууллагын дүрэмд заасан Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн 2 жилийн хугацаа дууссан нь тухайн байгууллагын дээд эрх мэдлийг хэрэгжүүлэх Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зогсоох, гишүүдийн бүрэн эрхийг хязгаарлах, хурал зарлаж шийдвэр гаргах хориглох хууль зүйн үндэслэл болохгүй.
3.1.5. Хариуцагч улсын байцаагч маргаан бүхий дүгнэлтийнхээ 5.5-д “...баримтуудаас узэхэд тус хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.Ц 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ... бүртгэл хөтлөхдөө анхны үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий мэдээлэлд тэргүүнээр бүртгэлтэй Г.П агсны хууль ёсны өв залгамжлагч нарт мэдэгдээгүй” гэсэн үндэслэлийг тусгасан байдаг.
Энэ үндэслэлийг тусгах болсон шалтгаан нь дүгнэлтийн 5.3-т “...хуульч, өмгөөлөгч нар 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25/76 дугаартай албан бичигт Нийслэлийн тойргийн нотариатчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0.., 0..., 0... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийн хуулбарыг хавсарган ирүүлсэн байна. Өвлөх эрхийн гэрчилгээнд “Ө” байгууллага, өөрийн хөрөнгийн хэмжээ 6,255,995,400 төгрөг, өвлүүлэгчид оногдох хэсэг 100%, өвлөгч К, П.А, П.Н нар тус бүр 1/3 хувь гэсэн байна...” гэснээс үзэхэд энэ хэрэгт оролцож байгаа гуравдагч этгээд нарыг шашны байгууллагын үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй тэргүүний эрхийг өв залгамжлан авсан гэж ойлгосонтой холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч улсын байцаагч энэ хэрэгт оролцож байгаа гуравдагч этгээд К, П.А, П.Н нарын гомдлоор хяналт шалгалт явуулсан болох нь дүгнэлтийн 5.2-т “...гомдол гаргагч хуульч, өмгөөлөгч Б.Г, О.Б, өвлөгч К, П.А, П.Н нартай 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр биечлэн уулзаж, сонсох ажиллагаа хийхэд...” гэсэн хэсгээр нотлогдож байгаа.
Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой харилцаанд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гарсан бусад хууль тогтоомжид заасан журмыг баримтлах ёстой.
Нийслэлийн тойргийн нотариатчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0..., 0..., 0... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдээр “Ө” байгууллагын эрхийг өвлүүлсэн агуулга илэрхийлэгдэж байгаа болох нь маш тодорхой байгаа.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар “байгууллагын эрх” өвлөгдөх, Төрийн бус байгууллагын тухай хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар “шашны байгууллагын эрх” өвлөгдөх, өвлөгдсөн асуудлаар бүртгэл хийх зохицуулалт, хууль зүйн үндэслэл огтоос байхгүй.
Тодруулбал, хариуцагч хяналт шалгалт явуулахдаа гомдол гаргагч маргаж буй бүртгэлтэй холбоотой асуудлаар гомдол, шаардлага гаргах эрхтэй эсэхийг тодруулсны үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой байсан.
К, П.А, П.Н нарт “Ө шашны байгууллагын эрхийг өвлүүлж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон хууль ёсны эсэхээс үл хамаарч улсын байцаагч дүгнэлт гаргахдаа тухайн өвлөх эрхийн гэрчилгээ нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Ө” байгууллагын хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан асуудлаар гомдол гаргах эрхтэй эсэхийг үнэлж, дүгнэх, боломжтой байсан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлоор бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байсан.
3.2. “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр Г.П-ыг бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн, К, П.А, П.Н нарыг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын талаар,
3.2.1. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч гэх ойлголтыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д тайлбарласан ба тус заалтын а-д “харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;...” гэж тайлбарласнаас харахад “эцсийн өмчлөгч” гэх хууль зүйн нэр томьёо нь зөвхөн ашгийн төлөө хуулийн этгээдэд хамаарахаар байна.
Хуулийн этгээд нь байгуулагдсан зорилго болон өмчийн хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “...ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна”, 33.2-т “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна”, 99 дүгээр зүйлийн 99.1-д “Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна”, 99.2-т “Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй”, 99.3-т “Хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байна" гэж тус тус хуульчлагдсан.
Бүтэц зохион байгуулалт болон эрх зүйн харилцаанд оролцох онцлогийн хувьд Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.6-д “Сүм хийд нь иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо сангийн эрх зүйн байдлын талаарх хуулийн заалтыг мөрдөнө”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Сангийн эрх барих байгууллага буюу удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ” гэж тус тус зааснаар шашны байгууллага нь ашгийн төлөө бус хуулийн этгээдэд хамаарч байна.
Ийм учраас шашны байгууллагын хувьд эцсийн өмчлөгчийн бүртгэл хийгдэх болон хэн нэгний хувийн өмч байх ямар ч хууль зүйн үндэслэлгүй, удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл байхаар, Удирдах зөвлөлийг хэн нэгэн эцсийн өмчлөгч томилох хууль зүйн үндэслэлгүй, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 25 дугаар зүйлд сантай холбоотой нарийвчилсан зохицуулалтууд байдаг зэргээс дүгнэхэд эрх зүйн байдлыг нь төрийн бус байгууллагатай адилтган ойлгох, энэ нь шашны байгууллагын эрх зүйн байдалтай холбоотой харилцаанд төрийн бус байгууллагын хууль мөн адил үйлчлэхээр байна.
3.2.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “...Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна:...” гэж, тус хэсгийн 10.1.14 дэх заалтад хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл...” гэж тус тус зааснаар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Г.П-ыг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн баримтуудыг тус байгууллагын хуулийн этгээдийн хэрэгт хадгалсан байх ёстой.
Түүнчлэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүргүүлэхэд ямар баримт бичиг бүрдүүлэхийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 хэсэгт тодорхой хуульчилсан.
Хариуцагч байгууллагаас 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Г.П-ыг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн баримтуудыг гарган өгөөгүй ба энэ баримтыг гаргуулахаар Төв аймгийн улсын бүртгэлийн газарт шүүхээс шаардсан боловч ийм баримт байхгүй гэдэг хариу өгсөн.
Шүүх өөрийн санаачилгаар тухайн баримтуудыг татварын байгууллагаас гаргуулахаар хандаж тус байгууллагаас нэг хүснэгт бүхий баримтыг хавсаргасан хариу албан бичиг ирүүлсэн байдаг.
Шүүх хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой чиг үүрэг хэрэгжүүлдэггүй байгууллагаас авсан мэдээлэлд үндэслэн “... “Ө” байгууллагаас 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээлэл” бүртгүүлэх хүсэлтээ “УБ-12 маягт”-аар Татварын ерөнхий газрын цахим татварын системээр гаргаснаар, тухайн байгууллагын мэдээлэлд Г.П-ыг 6,255,995,400 төгрөгийн хөрөнгийн “эцсийн өмчлөгч”-өөр 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдсэн зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо...” гэх хууль бус дүгнэлт хийсэн.
Тус дүгнэлт нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалт, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам -д нийцээгүй байна.
3.2.3. Төв аймгийн улсын бүртгэлийн газар К, П.А, П.Н нарыг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг хийхдээ өвлөгч нарын хурлын тогтоол, өвлөгч нарын хурлын тэмдэглэл гэх зэрэг баримтыг үндэслэл болгожээ.
Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг бүртгэхдээ хууль болон дүрэмд заасан тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх барих байгууллагын шийдвэргүйгээр, тухайн хуулийн этгээдэд огт хамааралгүй этгээдүүдийн үйлдсэн хурлын тэмдэглэл, тогтоолыг үндэслэл болгосон нь илт хууль бус болсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Ө” байгууллагаас “улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 2302 дугаар дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Г.П агсныг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус бүртгэлийг үндэслэн К, П.А, П.Н нарыг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болгохыг тогтоолгох” гэж Төв аймгийн Улсын бүртгэлийн газрын хяналтын улсын байцаагч болон Төв аймгийн Улсын бүртгэлийн” хэлтэст тус тус холбогдуулж нэмэгдүүлэн гаргажээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Улсын байцаагчийн дүгнэлтийн үндэслэл нь “...улсын бүртгэгч Б.Ц нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ....... регистрийн дугаартай “Ө” байгууллагын хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан улсын бүртгэл хөтлөхдөө анхны үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэлд Тэргүүнээр бүртгэлтэй Г.П агсны хууль ёсны өв залгамжлагч нарт мэдэгдээгүй... улсын бүртгэлд бүртгүүлж байгаа эрхийн талаар үнэн зөвийг холбогдох хуулийн этгээдээс тодруулж, тайлбар мэдээлэл аваагүй, өмнө нь хувийн хэрэгт авагдсан бүртгэлийг нягтлан шалгаагүй улсын бүртгэл хөтөлсөн” гэж тайлбарлаж байгаа нь Монгол Улсын холбогдох хуулийн зохицуулалтад нийцээгүй, хууль бус дүгнэлтийг хийсэн. Аливаа хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх, хууль зүйн үндэслэл байдаггүй. Тодруулбал, үүсгэн байгуулагч нь тухайн хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичигт заасан байгууллагыг удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийг сонгох, томилох журмыг холбогдох хууль болон дүрэмд зааснаар тодорхойлдог бөгөөд ямар нэгэн албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон тохиолдолд байгууллагын дүрэмд заасан тэр албан тушаалынхаа бүрэн эрхийн хүрээнд тухайн хуулийн этгээдийг төлөөлдөг. Түүнээс биш үүсгэн байгуулагчийг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд хамааруулж үздэггүй. Мөн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.П агсныг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн байсан бүртгэлтэй холбоотой ямар нэгэн баримт хувийн хэрэгт авагдаагүй. Шашны байгууллагын хувьд эцсийн өмчлөгчийн бүртгэл хийгдэх болон хэн нэгний хувийн өмч байх ямар ч хууль зүйн үндэслэлгүй, удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл байхаар, удирдах зөвлөлийг хэн нэгэн эцсийн өмчлөгч томилох хууль зүйн үндэслэлгүй, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр К, П.А, П.Н нарыг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл аль аль нь хийгдэх ёсгүй байсан болно. Эцсийн өмчлөгчтэй холбоотой бүртгэлийг хууль зөрчиж хийснээс болж манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрлээ...” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан байна.
Маргаан бүхий хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2302 дугаар дүгнэлтийн 2 дахь заалтаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд хувийн хэргийн 1480001006 дугаарт бүртгэлтэй .......... регистрийн дугаартай “Ө” байгууллагын “2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн, Тэргүүнийг томилсон, бүртгэлийн 000329631 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон бүртгэлийг” тус тус хүчингүй болгож шийдвэрлэж,
-2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлээр Г.П-ыг “Ө” шашны байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэж,
-2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлээр К, П.А, П.Н нарыг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр тус тус бүртгэсэн байна.
2.1. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох ““Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн илт хууль бус бүртгэлийг үндэслэн К, П.А, П.Н нарыг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болгохыг тогтоолгох” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай 25 дугаар тогтоолд “...захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянана гэж ойлгоно…” гэж тайлбарласан, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу энэхүү улсын бүртгэлийн маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байхад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дүрмийг үүсгэн байгуулагчдын шийдвэрээр баталсан бөгөөд холбогдох 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд орсон өөрчлөлтөд үүсгэн байгуулагч Г.П гэж нэг иргэн бүртгэгдсэн байхад тухайн дүрмийг шинэчилсэн үүсгэн байгуулагчдын хурлын протоколд Г.П-аас гадна Л.О, Д.Э, Ө.Т, Б.С, Д.Б, Ц.М, С.Л, Б.Ч нар гарын үсэг зурсан энэ тохиолдолд уг хурлын протоколд гарын үсэг зурсан дээрх нэр бүхий этгээдүүд нь тухайн шашны байгууллагын үүсгэн байгуулагч мөн эсэхийг тодруулах, үүнтэй холбоотой баримтуудыг цуглуулж, энэ талаар дүгнэлт өгөх шаардлагатай байх төдийгүй үүнтэй холбоотой “Ө” байгууллагыг төлөөлж Тэргүүн лам Л.О шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг мөн тодруулах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл шашны байгууллагын зорилго, эрх барих дээд байгууллага, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, шийдвэр гаргах, үүсгэн байгуулагч гишүүдийн эрх хэмжээний талаар дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Нөгөөтээгүүр, анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 123/АБ2026/065 дугаар албан бичгээр “Ө” байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Г.П, Д.Э, Л.О, Ө.Т, Б.С, Д.Б нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, “Ө” байгууллагын 2016 оны 1 дүгээр сараас 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын тайлан зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэхийг Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан бөгөөд дээрх албан бичгийн дагуу аливаа баримт хэрэгт авагдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасантай нийцээгүй байна.
2.3. Мөн “Ө” байгууллагын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шинэчилсэн дүрмийн 9.3-т “Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна. Улируулан сунгаж болно” гэж заасан байна.
2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 2018 онд 03 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон, дүрэмд заасан 2 жилийн хугацаа өнгөрсний дараа хэрхэн, ямар нөхцөлөөр Удирдах зөвлөлийг томилох талаар холбогдох зохицуулалтыг дээрх дүрэмд тусгаагүй байх энэ тохиолдолд үүнтэй холбоотой Удирдах зөвлөл шинэчлэн байгуулагдсан эсхүл өмнөх Удирдах зөвлөл улиран сонгогдсон эсэхийг тодруулах шаардлагатай байна.
2.4. Түүнчлэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний 356 дугаар “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамжид “Ө” байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, тэргүүн лам Л.О, иргэн Л.О гэж аль алинаар нь нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шашны байгууллагын хөрөнгийг хэн нэгэн өмчилдөггүй, тухайн байгууллагын өмч байдаг тул өвлөгдөх эд хөрөнгө болон өвлөгдөх эрхэд хамаарахгүй ... эцсийн өмчлөгч гэх хууль зүйн нэр томьёо нь зөвхөн ашгийн төлөөх хуулийн этгээдэд хамаарах бөгөөд шашны байгууллага нь ашгийн төлөө бус байгууллага юм ... эцсийн өмчлөгчтэй холбоотой бүртгэлийг хууль зөрчиж хийснээс болоод манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан ... иргэн Л.О-ын хувьд тухайн шашны байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах эрх зөрчигдөж байна” гэж тайлбарлаж байх энэ тохиолдолд маргаан бүхий бүртгэлүүдийн улмаас иргэн Л.О-ын хувьд эсхүл Удирдах зөвлөлийн дарга, Тэргүүн лам Л.О-ын хувьд ямар эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа, түүнчлэн Л.О- иргэний хувиар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай байна.
2.5. Нэхэмжлэгчээс “Г.П агсныг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцээгүй байна.
Учир нь Г.П агсныг “Ө”байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгож, уг илт хууль бус бүртгэлийг үндэслэн К, П.А, П.Н нарыг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болгохыг тогтоолгохоор маргаж буй энэ тохиолдолд шүүх Г.П агсныг “Ө” байгууллагын эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлтэй холбоотой баримтыг мөн цуглуулах шаардлагатай байна.
Хэдийгээр Төв аймгийн Татварын газрын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/5 дугаар албан бичгээр ...”Ө” байгууллагаас Төв аймгийн Татварын газарт Татвар төлөгчийн бүртгэлийн журмын 3.1.1-д “татвар төлөгчийн хүсэлтээр” гэж заасны дагуу хүсэлт ирүүлээгүй, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эцсийн өмчлөгчийг бүртгээгүй буюу бүртгэлийн өөрчлөлт хийгээгүй” гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн байх боловч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эцсийн өмчлөгчөөр Г.П-ыг бүртгэсэн талаар тусгагдсан байх энэ тохиолдолд энэхүү бүртгэлтэй холбоотой баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлсний үндсэн дээр шаардлагатай гэж үзсэн холбогдох баримтуудыг цуглуулж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэгэнт анхан шатны шүүх холбогдох маргааны үйл баримтад нэг мөр дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлээгүй энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага тус бүрт шүүхийн дүгнээгүй асуудлуудын талаар нөхөн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ