| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2020/00393/и |
| Дугаар | 497 |
| Огноо | 2020-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00393/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, ... овогт Ч-ийн Д-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хэсэг, ... тоотод оршин суух, /утас .../, /...регистрийн дугаартай/, ... овогт Н-ын А,
Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хэсэг, ... тоотод оршин суух, /утас ../, /... регистрийн дугаартай/, ... овогт Я-гийн Г нарт холбогдох
Зээл, хүү нийт 1 898 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагч Н.А, Я.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ч.Д нь Н.А болон Я.Г нартай зээлийн гэрээ бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн анх 3,950,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр тохиролцон 10 хоногийн хугацаатайгаар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл зээлүүлсэн юм. Я.Г нь Төрийн банк дахь Хаан банкнаас тэтгэврийн зээлээ нэмж аваад өгий гэсний улмаас зээлдүүлсэн. Я.Г нь өөрийн дүү гэх Н.А хамтран зээлдэгч нь байсан ба дахин Хаан банкинд хамтран зээлдэгчээр орно гэж бүх бичиг баримтаа үлдээж мөнгө авсан боловч худлаа хэлж банкны зээлээ төлчхөөд буцааж өгөлгүй элдэв шалтаг ярьсаар 3,000,000 төгрөгөө 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн боловч үлдэгдэл 950,000 төгрөгийг хүүгийн хамт төлж, үүргээ биелүүлээгүй хариуцагч Н.А, Я.Г нараас 950,000 төгрөг болон анх зээлсэн 3,950,000 төгрөгийн хүү 948,000 төгрөг, нийт 1,898,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Я.Г болон Н.А нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 950,000 төгрөг, хүү 948,000 төгрөг нийт 1,898,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явцад хариуцагч Н.А-аас татгалзаж, энэ мөнгийг Я.Г-эс гаргуулах шаардлага гаргасан. Я.Г нь 2017 оны 11-р сарын 08-ний өдөр Ч.Д-тай уулзаж Төрийн банкинд 3.950.000 төгрөгийн зээл чөлөөлөөд дахин зээл авах боломжтой. Тэгэхээр зээл чөлөөлж өгөөч гэж хандсан. Тэгээд зээл чөлөөлөхөд мөнгийг олон хоногоор гаргах боломжгүй тийм учраас тантай 10 хоног хугацаатай гэрээ хийе. Ингэж гэрээ хийхдээ 3,950,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, өдрийн 1% хүүтэйгээр гэрээ хийсэн байдаг. Ч.Д энэ мөнгийг Я.Ган-Эрдэнийн Төрийн банк дахь дансанд нь хийж зээлийг хааж өгөөд та дүүгийнхээ гээд байгаа Н.А-ын нийгмийн даатгалын дэвтэр бусад бичиг баримт, өөрийнхөө тэтгэврийн зээлийг аваад өгнө гэж хэлсэн боловч маргаашнаас нь эхлээд утсаа хаагаад олдохоо больж, заримдаа утсаар ярихаар зээл бүтэхгүй байна гэж явсаар сүүлдээ Улаанбаатар явсан сураг гараад хаяг тодорхойгүй болсон. Энэ үед Ч.Д Н.А-ыг Дарханд Эмнэлэгт ажилладаг юм байна гэдгийг нийгмийн даатгалын дэвтрээс нь мэдэж хайж олж уулзахад Н.А би энэ хүнтэй садан төрлийн холбоо байхгүй, энэ хүн манай эмнэлэгт бараа зарж ирдэг, манай ажилчдад бараагаа зээлээр борлуулаад намайг энэ мөнгийг цалингаа буухаар хурааж өгөөрэй гэж гуйдаг ийм л харилцаатай хүн, тэгээд намайг зээл авахад батлан даагч болж өгөөч гэж гуйгаад миний бичиг баримтыг авч явсан би эмнэлгийн ажилтай хүн учраас энэ хүнийг хэнээс мөнгө төгрөг зээлж авсныг мэдэхгүй, зээл авахдаа намайг дуудаарай би гарын үсэг зуръя гэж хэлж бичиг баримтаа өгч явуулсан миний бичиг баримт байхгүй, би ч Я.Г эгчтэй уулзаж чадахгүй байна гэж хэлсэн байдаг. Тэгээд Ч.Д чи Я.Г гэдэг хүнийг олж өг чиний бичиг баримтыг авч явсан учраас энэ хүнээ олж өгөөч гээд А, Г-ийг эмнэлэг дээр утсаар дуудаж хальт уулзахад Я.Г А-ыг чи миний барааны мөнгийг хураасан бол тэр 300,000 төгрөгийг энэ хүнд өгөөрэй би үлдсэн мөнгөө өөрөө төлнө гэж хэлээд явсан гэдэг. Тэгээд мөнгөө өгөхгүй болохоор нь гэрээгээ сунгая гээд гэрээг 2017.12.11-ний өдөр хүртэл 22 хоногоор гэрээг сунгаад энэ хугацаандаа мөнгөө өгөх байх гэж хүлээсэн боловч өгөөгүй, өгөхгүй явсаар 2017.12.13-ны өдөр үндсэн зээлээсээ 3 сая төгрөгийг Д-ын Хаан банкны ... тоот данс руу шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл төлбөр 950,000 төгрөг, хүү 948,000 төгрөг үлдсэн байсан энэ мөнгийг өгөхгүй явсаар 2018.01.13-ны өдөр 300,000 төгрөгийг Н.А, Г-ийн зээл гэж Д-ын дээрх данс руу хийсэн байдаг. Ингээд нийт зээлээс 3,300,000 төгрөг орж ирсэн. Одоо 950,000 төгрөгөөр хүүгийн хамт авъя гэж байгаа, үүнээс Н.А-аас орсон 300,000 төгрөгийг хасахаар 1,598,000 төгрөг болж байгаа, Н.А өөрөө тайлбар бичиж өгөхдөө бэлнээр өгсөн гээд Ч.Д дансны хуулгаа шүүж олсон дансаар өгсөн байсан. Тийм учраас энэ 300,000 төгрөгийг хасаж тооцно гэж байгаа гэв.
Хариуцагч Я.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2017 онд Төрийн банкнаас тэтгэврийн зээл авсан Н.А нь миний батлан даалтаар орж байсан. Тус зээлийн үлдэгдэл нийт 3,900,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Ингээд 2017 оны 11 сард “Дархан зар” сониноос Зээл чөлөөлнө гэсэн зарын дагуу анх Ч.Д-тай холбогдсон. Маргааш нь Ч.Дтай Төрийн банк дээр уулзаж Ч.Д нь 3,900,000 төгрөгийн миний тэтгэврийн зээлийг хааж өгсөн. Би нэмж 50,000 төгрөг зээлж авсан. Зээлээ чөлөөлснөөс хойш 5-6 хоногийн дараа 600,000 төгрөгийг Ч.Д-д өөрт нь бэлнээр тоолж өгсөн. Тухайн үед 10,000 төгрөгийн 60 ширхэг дэвсгэртийг 20-р байрны гадаа Баян-Идэр худалдааны төвийн ойролцоо тоолж өгсөн. Дараа нь 2017 оны 12 дугаар сард 3,000,000 төгрөгийн тэтгэврийн зээлээ аваад Ч.Д-д 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа он гарахын өмнө 12 дугаар сардаа 300,000 төгрөгийг Н.А нь Ч.Д-д өгүүлсэн. Нийт зээлийн эргэн төлөлтөд 3,900,000 төгрөгийг Ч.Д-д өгсөн байна. Одоо сүүлд хот явах гээд унааны зардалгүй болоод авсан 50,000 төгрөгийг л өгөөгүй байгаа, энэ 50,000 төгрөгийг нь өгөөд би иргэний үнэмлэхээ авна гэж бодож яваа. Өөр өр төлбөр байхгүй гэв.
Хариуцагч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Ч.Д гэж хүнээс ямар нэгэн зээлийн гэрээ хийж мөнгө төгрөг зээлж аваагүй. Харин Я.Г гэж хүнийг таньдаг. Тэр хүн тэтгэврийн зээл авах гэсэн чинь батлан даагч хэрэгтэй байна гэж надаас 2 сар шахам гуйгаад байхаар нь би 1 удаа зөвшөөрөөд ажлын цагаар өөрөө гарч явж чадахгүй байсан учраас “та нийгмийн даатгалын дэвтрийн минь бөглүүлчхээд банк орох болохоороо намайг дуудчаарай” гэж түүнд дэвтрээ өгөөд явуулсан. Гэтэл Я.Г алга болоод зээл авах гэсэн чинь бүтээгүй явж байна, дэвтэр нь надад байгаа зоволтгүй шүү гэж хэлээд дахин холбогдохгүй алга болчихсон. Ингээд түүнээс хойш 1 сарын дараа Ч.Д гэж хүн ажил дээр намайг хайгаад ирсэн. Я.Г нь миний нийгмийн даатгалын дэвтрийг зээл чөлөөлдөг Ч.Д гэж хүнд тавиад мөнгө авсныг нь мэдсэн. Тэр үед Ч.Д нь надаас гуйж Я.Г-ийн сургийг нь гаргаж өгөөч уулзвал хэлээрэй гээд байсан учраас нэг удаа Я.Г надтай ажил дээр уулзахаар ирэх гэж байна гэхэд нь Ч.Дд хэлээд дуудчихсан юм. Ингэж би энэ 2 хүнийг уулзуулсан. Я.Г нь манай ажил дээр жижиг сажиг бараа зарж явдаг байсан ба хүмүүст бараагаа зээл өгчхөөд цалингаа буухаар мөнгийг нь хурааж авч өгөөрэй гээд өмнө нь явсан байсан. Тэр мөнгөө авах гэж над дээр ирэхэд нь би Ч.Д-тай уулзуулж байсан юм. Ингээд барааны үнийн мөнгө 300 000 төгрөгийг цуглуулаад Ч.Д-д өгөөрэй, өглөгтэй юм гэж Я.Г надад хэлэхээр нь маргааш нь тэр 300 000 төгрөгийг Олон улсын худалдааны төвийн Хаан банк дотор Ч.Д-д өгсөн. 300 000 төгрөгийг авахдаа миний дэвтрийг өгнө гэж тохиролцсон байснаа мөнгө авахдаа өгөөгүй. Я.Г-ийг өрөө өгч дуусахаар нь дэвтрийг минь өгнө гээд өгөөгүй юм. Ингэж л би энэ 2 хүнтэй холбогдсон. Ямар нэгэн мөнгө төгрөг авсан, гэрээ хийж гарын үсэг зурсан юм байхгүй. Хэрэв авлагатай гэж байгаа бол нэхэмжлэгч нь Я.Г-эс л мөнгөө нэхэх ёстой. Би мөнгө зээл аваагүй учраас үүрэг хүлээх учиргүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нь би зөвшөөрөхгүй байна. Харин Ч.Д-ас нийгмийн даатгалын дэвтрээ авмаар байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Н.А, Я.Г нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 950 000 төгрөг, зээлийн хүү 948 000 төгрөг, нийт 1 898 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд Н.А-ын дансаар шилжүүлсэн 300 000 төгрөгийг хасч, нийт 1 598 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж Я.Гтэй 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулж, Я.Г-ийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 3 950 000 төгрөгийг хааж өгсөн. Ингэхдээ Н.А-ыг Хаан банкинд хамтран зээлдэгчээр орно гэж хэлээд надад бичиг баримтыг нь өгсөн. 10 хоногийн хугацаанд өдрийн 1 хувийн хүүтэй, эргүүлэн төлнө гэсэн боловч төлөөгүй тул зээлийн гэрээг сунгасан. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа 3 сая төгрөг шилжүүлсэн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 950 000 төгрөг, түүний хүү 948 000 төгрөг, нийт 1 898 000 төгрөгөөс Н.А-ын дансаар 300 000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдсон тул хасч 1 598 000 төгрөгийг Я.Г-эс гаргуулж өгнө үү, хариуцагч Н.А-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй тул татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Я.Г нь тэтгэврийн зээлээ чөлөөлүүлэхээр 3 950 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3 сая төгрөг, Н.А 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 300 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, би 20-р байрны гадаа Баян-Идэр худалдааны төвийн ойролцоо 600 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо 50 000 төгрөгийн үлдэгдэл байгаа, би ийм их хүү төлж чадахгүй, гарын үсэг зур гэхээр нь зурсан. Зээлийн хүү хэтэрхий өндөр байна гэж маргаж байгаа болно.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээгээр Ч.Д, Я.Г нар харилцан тохиролцож, 3 950 000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 10 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр гэрээ байгуулсан байна.
Мөн талууд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн гэрээг сунгах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан талаар бичгийн нотлох баримт ирүүлсэн байна.
Хариуцагч Я.Г нь зээлийн төлбөрт 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3 сая төгрөгийг, Н.А-ын дансаар 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 300 000 төгрөг, нийт 3 300 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Ч.Д-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож, талууд энэ талаар маргааүй байна. /хх 31-37, 44 дэх тал/
Хариуцагч Я.Г нь зээл авснаас хойш 5-6 хоногийн дараа нэхэмжлэгч Ч.Д-д 20-р байрны гадаа Баян-Идэр худалдааны төвийн ойролцоо 600 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж маргаж, гэрчээр хамтран амьдрагч Д.А-ыг асуулгасан бөгөөд гэрч нь ... Я.Г хот явж ажил хийгээд 600 000 төгрөгтэй ирсэн. Бид 2 Олон улс дээр явж байсан чинь миний хөл өвдөөд 16 давхрын гадаа сандал дээр би суугаад үлдсэн. Я.Г Номин худалдааны төвийн буланд 600 000 төгрөгийг Д-д өгчхөөд ирье гэж яваад өгчихлөө гэж ирсэн ... гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдаанд оролцсон гэрч О.У-ийн мэдүүлэгт ... он сарыг нь сайн санахгүй байна, би Д-тай хамт эмнэлэг дээр очиход Н.А, Я.Г нартай уулзсан. 950 000 төгрөгөө өг гэж нэхээд энэ гурав нилээн юм болсон. Тэгээд 300 000 төгрөгийг нь Н.А өгөхөөр болоод салсан гэсэн мэдүүлэг, хариуцагч Я.Г-ийн ... тухайн үед 2017 оны 12 сарын орчим байсан. Цасгүй дулаан өвөл байсан, эмнэлэг дээр очиж Н.А-тай бид 3 уулзсан, 950 000 төгрөг нэхээд би Н.Ааас авах бараа заруулсны мөнгө 300 000 төгрөгийг Н.А-ыг өгөөрэй гээд салсан гэсэн мэдүүлэг, хариуцагч Н.А-ын ... 2017 оны 12 сарын дундуур эмнэлэг дээр бид 3 уулзсан, 950 000 төгрөг нэхээд 300 000 төгрөгийг нь намайг төл гэсэн тул би түүний дараа 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 300 000 төгрөгийг шилжүүлсэн, Ч.Г миний нийгмийн даатгалын дэвтэр бичиг баримтыг Д-д өгсөн байсан тул би нэхсэн ... гэсэн мэдүүлэг зэргээр хариуцагч Я.Г-ийн зээл авснаас хойш 5-6 хоногийн дараа 600 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн татгалзал хариуцагчийн өөрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон гэрч О.У, хариуцагч Н.А нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан бөгөөд түүнээс хойш 25 хоногийн дараа 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний хугацаа сунгасан гэсэн баримтад үндсэн төлбөрөөс хассан талаар бичилтгүй, зээл олгосноос хойш 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3 сая төгрөг шилжүүлсэн, түүний дараа эмнэлэгт үлдэгдэл төлбөр 950 000 төгрөгийг шаардаж байсан талаар хэргийн оролцогч нар болон гэрч О.У мэдүүлж байгаа тул зээл авснаас хойш 5-6 хоногийн дараа 600 000 төгрөг өгсөн гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг сунгаж талууд гарын үсэг зурсан, тэр өдрөө нотариатаар орсон гэж нотлох баримт ирүүлснийг хариуцагч үгүйсгэж би зээлийн гэрээг сунгасан баримтад гарын үсэг зураагүй гэж маргаж байгаа бөгөөд нотариатын дардас зээл олгосноос хойш 2 жилийн дараа дарагдсан дардастай, мөн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дууссан байхад сунгах талаар талууд хэлцэл хийгээгүй 15 хоногийн дараа гэрээ сунгасан гэсэн баримт нь талууд тохиролцож зээлийн гэрээ сунгасан гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл гэрээний талууд тохиролцож гэрээний хугацааг сунгах эрхтэй бөгөөд хугацааг сунгахдаа үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө сунгасан байхыг хуулиар зохицуулсан боловч хожим хугацаа сунгасан талаар ирүүлсэн баримт нь эргэлзээтэй, маргаантай байх тул талууд хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч Я.Г нь зээлийн хүү хэтэрхий өндөр байна гэж маргаж байгаа боловч яагаад өндөр гэж үзэх болсон талаар өөрийн татгалзалтай холбоотой баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо, төрөл, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус зааснаар зээлийн үндсэн төлбөр 3 950 000 төгрөг, өдрийн 1% буюу 10 хоногийн хүү 395 000 төгрөг, нийт 4 345 000 төгрөгийн үндсэн үүргээс төлбөрт шилжүүлсэн 3 300 000 төгрөгийг хасч, үлдэх 1 045 000 төгрөгийг хариуцагч Я.Г-эс гаргуулж нэхэмжлэгч Ч.Д-д олгож, хариуцагч Н.А-д холбогдох шаардлага болон 553 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 -д тус тус зааснаар хариуцагч Я.Г-эс 1 045 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Д-д олгож, 553 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.А-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 818 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Г-эс 29 630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Д-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА