Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2020/IШЦТ/87

 

                            Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч В.Батдэлгэр

Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өовогт Хгийн С холбогдох 2031000130073 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 03-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймаг Цагааннуур сум Хуурч *-р баг *-р хэсэг Жаргалант задгайд оршин суух хаягтай гэх, Цагааннуур сумын “У” ХХК-ны мал малладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Өовогт Хгийн С РД:/******** /, Шүүгдэгч Х.С нь 2020 оны 12-р сарын 01-ний өдөр Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ны малчнаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 1 тооны улаан хүрэн эр бярууг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Х.С нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Манайх 2015 оноос хойш одоог хүртэл иргэн Ж.Аийн малыг маллаж өдийг хүртэл хөдөө мал маллаж амьдардаг. Олон жил мал малласан болохоор малын эзэн А өөрийн малнаасаа 1 тугалтай үнээг бэлгэнд өгсөн. Үүнээс хойш тэр мал өсөж 3 толгой мал болсон. 2019 оны 12-р сарын 09-ний өдөр надад мөнгөний хэрэг болоод А захирлын малнаас улаан зүсмийн 1 тооны бярууг аав ээждээ хэлэлгүйгээр дур мэдэж тус сумын иргэн Л.Гт 400.000 төгрөгөөр зарсан. Гөөс “өвлийн идэш зарна” гэж хэлээд урьдчилаад 2019 оны 07-р сард 400.000 төгрөг авчихсан байсан болохоор 12-р сарын 09-ний өдөр тохирсон ёсоор Гт улаан бярууг өгчихсөн юм. Миний хувьд мөнгө хэрэгтэй байсан болохоор хүний малыг мэдэгдэхгүйгээр зарчихсан юм. А ах 140 гаран үхэртэй, ер нь бол өдөр болгон тоолоод байдаггүй болохоор нь анзаарч мэдэхгүй байх гэж бодоод нууцаар зарчихсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41-р ху/, 2.Шүүгдэгч Х.Сийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би 2019 оны 07 дугаар сард Г багшид “намар идэш өгнө” гэж хэлээд 400,000 төгрөг авчихсан байсан юм. Тэгээд өөрийн хариулж байсан үхрээ өгсөн. Энэ тухай манай захиралд хүн хэлсэн юм шиг байсан. Би энэ хүний малыг маллаад сар бүр тогтмол 400,000 төгрөгийн цалин авдаг. Би тухайн үед пүүз авах гээд мөнгөний хэрэг гарсан болохоор ийм хэрэг хийчихлээ. Хохирогчид үхрийг нь буцаагаад өгсөн. Г багшид 400,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. Цаашид дахиж гэмт хэрэгт холбогдохгүй. ...гэх мэдүүлэг, 3.Хохирогч Ж.Аийн 2020 оны 01-р сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3-р багт эхнэрийн хамт амьдардаг. Одоо тэтгэвэрт суусан. Би өөрийн хэдэн тооны үхрээ Цагааннуур сумын иргэн С.Х гэдэг өөрийн дүүгийн хүүгээр үхрээ 2015 оноос хойш маллуулж байгаа. Тэгээд 2019 оны 12-р сарын 09-ний өдөр манай малчин С.Хгийн хүү С нь 1 тооны улаан хүрэн эр бярууг сургуулийн багш Г гэдэг залууд худалдсан байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Би С үхэр зар гэж хэлээгүй. ...Би өөрийн улаан алаг бярууг хүлээгээд авсан, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, залуу хүүхдийг шоронд явуулаад яах юм бэ гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р ху/, 4.Иргэний нэхэмжлэгч Л.Гийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Өнгөрсөн жил буюу 2019 оны 08-р сарын эхээр миний шавь байсан С нь надад хэлэхдээ “та намар надаас идэшний үхэр авч идээрэй, харин надад 200.000 төгрөг өгчих” гэж хэлэхээр нь би бэлэн 200.000 төгрөг өгсөн. 200.000 төгрөгийн үнэ бүхий жүдогийн хос кимоно хувцас өгсөн. Ингээд би намар 2019 оны 12-р сарын эхээр намайг “идэшний бяруугаа ав” гэхээр нь би идэшний үхрээ автал уг үхэр нь асуудалтай байж таарсан. Ингээд би Саас өгсөн мөнгө төгрөгөө нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р ху/, 5.Гэрч С.Хгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өөрийн нэр дээр малын А дансгүй. Манай хүүд мөн адил малын А данс байхгүй. “У” ХХК-ний 152 тооны үхэр маллаж байна. Манай хүү С 4 тооны шүдлэн гунж, бяруу, тугалтай үнээ байгаа өөр мал байхгүй. Манай хүү С 2019 оны 12-р сарын 09-ний орой 18 цагийн үед Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш Г гэдэг залууд 1 тооны халзан бяруу зарсан. Уг бяруу Сийн өөрийн бяруу байгаа юм. Манай хүү 1 тооны халзан улаан бярууг хэдэн төгрөгөөр худалдсаныг би мэдэхгүй. С өөрөө мэдэж байгаа. Мөнгө төгрөгөө өөрөө аваагүй гэж ярьж байсан. Би гэрээ хийгээгүй надад сард 350.000 төгрөг өгч байгаа. Намайг А захирал ”үхэр маллаж бай” л гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/, 6.Гэрч Л.Гийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Саас 400.00 төгрөг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р ху/, 7.Гэрч С.Хгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай хүү ямар нэгэн хорт муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Ээж аавдаа туслаад үхэр малаа хариулаад их тус болдог. Заримдаа түргэн ааш гаргаж уурладаг. Тэрнээс биш хүмүүстэй нийтэч, яриа хөөрөөтэй хүүхэд байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р ху/, 8.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл,, /хх-ийн 02-р ху/, мал хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 03-р ху/, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 04-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 28-р ху/, шинжээчийн дүгнэлт/ ххийн 29-31-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /ххийн 32-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /ххийн 332-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /ххийн 50 –р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 59-р ху/, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 61-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Х.С нь 2020 оны 12-р сарын 01-ний өдөр Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ны малчнаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 1 тооны улаан хүрэн эр бярууг завшсан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.Сийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Х.Сийн гэмт үйлдлийн улмаас Ж.Аэд 400.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч Х.С нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй гэж мэдүүлж байгаа мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх нь зүйтэй. Шүүгдэгч Х.С нь бусдад төлөх төлбөргүй,энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Өовогт Хгийн Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Өовогт Хгийн Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч Х.С нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.

4.Шүүгдэгч Х.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН