| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0075/Э |
| Дугаар | 2020/IШЦТ/91 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2020/IШЦТ/91
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч В.Батдэлгэр
Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, Мөн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х Дгийн Жд холбогдох 1931004190018 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1975 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг, бэлчирийн задгайд оршин суух, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, Х овогт Дгийн Ж, РД:******, Шүүгдэгч: Д.Ж нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн 1 дүгээр хэсэгт байрлах иргэн Н.Бийн гэрт 2019 оны 10 дугаар сарын 28- ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Атай маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Д.Жы мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 12 дугаар сарын 31-нд яллагдагчаар өгсөн: ...Болсон явдлын талаар ярихад 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би хөдөө гэрээсээ Сүхбаатар сумын төвд найз Н.Бийн хамт гэрт нь ирсэн юм. Тэгээд тэдний гэрт бид хоёр миний авч очсон 0,75 гр-ын Хараа нэртэй архи хувааж ууж багаад тухайн үед жаахан маргалдсан хоёр тусдаа Шаамар суманд ээжийндээ түр амьдарч байсан эхнэр Б.Атай утсаар ярьж “би Сэлэнгийн төвд найз Н.Бийнд байна. Хүрээд ирээ” гэж дуудсан. Тэгээд удалгүй орой 19 цагийн үед манай эхнэр А ирсэн. Эхнэрийг ирлээ гээд Н.Б бид хоёр мөнгөө нийлүүлж дахин дэлгүүр явж 0,75 литрийн “Хараа” нэртэй архи авч ирж эхнэр А, Н.Б бид гурав хувааж ууж байхад А миний хажууд тамхи гаргаж татахаар нь би түүн рүү уурлаж, бид хоёр маргалдаж байгаад түүний толгойн үснээс гараараа барьж байгаад нүүр хамарын дунд хэсэгт нь баруун гараараа 2 удаа цохисон. Тэгсэн эхнэр уйлаад Н.Бийн гэрээс гараад явсан бөгөөд удалгүй гаднаас 2 цагдаа дагуулж орж ирээд болсон явдлыг хэлж, тэгээд орж ирсэн 2 цагдаа намайг “эрүүлжүүлнэ” гэж хэлээд аваад явсан юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39-р ху/, 2.Шүүгдэгч Д.Жы шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ярих зүйл байхгүй. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугийн маргаан байхгүй. ...гэх мэдүүлэг 3.Хохирогч Б.Аын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2019 оны 10 дугаар сарын 28ны өдөр Шаамараас хамаатны хүүхэн дуудаад Сүхбаатар суманд ирээд байж байсан чинь манай нөхөр “Хужир нуга гэх газраас Сүхбаатар сумын 1 дүгээр багт найзындаа ирсэн байна. Хоёулаа эвлэрье” гээд дуудаад байсан. Тэгээд хамаатны хүүхэн болох 2 М гээд хүүхнийг дагуулаад Сүхбаатар сумын 1 дүгээр багт нөхөр дээрээ очсон. Бид 4 нийлээд 1 шил Хараа нэртэй 0.75 гр архи хувааж уусан. Тэгээд М гэртээ харилаа гээд такси дуудаад яваад өгсөн. Тэгээд тэр айлын залуу Б бид хоёр жижиг өрөөнд нь ороод юм яриад байж байсан чинь манай нөхөр “унтлаа” гээд нөгөө том өрөө рүү ороод буйдан дээр хэвтээд өгсөн. Би жижиг өрөөнд Бтэй юм яриад сууж байсан чинь манай нөхөр гэнэт нөгөө өрөөнөөс гарч ирээд “Б та хоёр суух гэж байгаа юм уу?” гээд уурлаад толгойтой үснээс гараараа зулгааж миний нүүр лүү нэлээд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд би цагдаа дуудаж өгсөн. Б их согтуу байсан... архи уухаараа ер нь намайг зодох гээд байдаг мөн хэл амаар байнга дарамтлаад байдаг. Гэрт хүн ирээд явахаар дараа нь хардаад зүгээр байлгаж өгөхгүй байдаг. Надад одоогоор өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Би нөхөр Д.Жтай сайн дураараа эвлэрсэн тул надад ямар нэгэн санал хүсэлт, нэмж шалгуулах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р ху/, 4.Гэрч Н.Бийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болсон асуудлын талаар ярихад тухайн өдөр намайг гэртээ байхад 14 цагийн үед Д.Ж манай бид хоёр архи хувааж уугаад сууж байхад Д.Ж нь эхнэр Б.Атай утсаар ярьж дуудаад уулзъя гээд байх шиг байсан. Тэгээд би уусан архиндаа согтсон байсан унтаж байгаад өглөө үүрээр ам хатаад сэртэл гэртээ ганцаараа унтаж байсан. Тэгээд Ж, А нарын утас руу залгаж ярих гэтэл Жы утас холбогдохгүй, Атай ярьтал Жагаа танай гэрт надад агсам тавьж намайг зодохоор нь би цагдаа дуудаж түүнийг эрүүлжүүлэхэд өгсөн гэж ярьсан. Тэгээд би мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-х ху /, 5.Гэрч Б.Отгоны мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: ...Миний мэдэхийн Ж нь эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаж байсан талаар нь мэдсэн зүйл байхгүй, тэр хоёр их л эвтэй юи шиг санагддаг шүү дээ. Байнга л хамт явж байгаа харагддаг. Ж нь хүнд их тусархуу, ажилсаг байнга л малаа хариулж явдаг. Архи дарсыг тэр бүр хэрэглээд байдаггүй, хааяа л баяр ёслолын үеэр хэрэглэсэн байдалтай явж таардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р ху/, 6.Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Насанжаргалын 2019 оны 10 дцгаар сарын 21-ний өдрийн 261 дугаартай шинжээчийн 1.Б.Аын биед тархи доргилт, хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 28-р ху/, 7.Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 34-36-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-22-р ху/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 10-11-р ху/, хохирогчид тусламж үзүүлэх хуудас /хх-н 12-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 24-25-р ху/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 29-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 30-р ху/, яаралтай тусламжийн хуудас /хх-н 26-р ху/, шүүгдэгчид яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 38-39-р ху/, шүүгдэгчийн эрүүлжүүлэгдсэн болон захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 43-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 44-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 47-79-р, 54-р, 56-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 50-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 51-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 53-р ху/, хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. 3 Шүүгдэгч Д.Ж нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн 1 дүгээр хэсэгт байрлах иргэн Н.Бийн гэрт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Атай маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэм хэргээ шудрагаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хууль сануулан авсан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгчийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй Шүүгдэгч Д.Жы гэмт үйлдлийн хохирогч Б.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон болно. Шүүгдэгч Д.Жы гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаа зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Д.Ж нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жг 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна Шүүхээс шүүгдэгч Д.Жг тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овогт Дгийн Жг мөн хуулийн тусгай ангийн 4 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Дгийн Жг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Жы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжээр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Жд мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6.Шүүгдэгч Д.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН