| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0335/З |
| Дугаар | 221/МА2026/0366 |
| Огноо | 2026-05-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0366
2026 05 28 221/МА2026/0366
“Б” ХХК-ийнХ гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Н.Б
Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0133914 тоот шийтгэлийн хуудас, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 370 дугаар шийдвэр
Гомдол гаргагч: “Б” ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Г.Б
Хэргийн индекс: 128/2026/0335/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Б” ХХК нь “Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0133914 тоот шийтгэлийн хуудас, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 370 дугаар шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан гомдол гаргагч “Б” ХХК-иас гаргасан Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0133914 тоот шийтгэлийн хуудас, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, үйл явдалд буруу дүгнэлт хийж, илтэд нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрөн нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
3.1.1. Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0133914 тоот шийтгэлийн хуудас, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавар, төрийн байгууллага аж ахуйн нэгж хоёрын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, хариуцагчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст хүргүүлж буй албан бичгүүд, хэрэгт цугларсан үйл баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
3.1.2. Улсын байцаагчийн зүгээс биднийг Зөрчлийн тухай хуулийн 15.2 зүйлийн 1.2-т заасны дагуу Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх үйл ажиллагаанд саад учруулсан гэсэн үндэслэлээр торгожээ.
3.1.3. Манай компанийн зүгээс ямарваа нэгэн байдлаар төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл эс үйлдэл огт байхгүй бөгөөд тухайн хэлтсээс ирсэн албан бичиг болгонд зохих хариуг хуулийн дагуу албан бичгээр өгч “М” ХК-ийн баталгаат шуудангаар тухайн цагт нь хүргүүлэн өгсөн болно.
3.1.4. Зөрчлийн шийтгэх хуудсанд хавсралтаар дагалдаж ирсэн албан бичиг бүрийн хариуг нь бид буцаан холбогдох баримтын хамтаар илгээсэн бөгөөд ямарваа нэгэн байдлаар хариу огт өгөөгүй, үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл байхгүй болно. Тухай бүрд нь хариуг зохих “М” ХК-ийн шуудангаар илгээж, биечлэн уулзаж учир байдлыг тайлбарлаж байсан болно.
3.1.5. Энэхүү үндэслэлгүй шийдвэр гарган манай компанийг торгох шийтгэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй, түүнд нийцэхгүй байгаа болно.
Учир нь улсын байцаагчийн зүгээс тодорхой хугацаа заан бидэнд даалгавар хүргүүлсэн даалгаврын хугацаа дуусахаас өмнө шийтгэлийн хуудас бичин шийтгэл оногдуулж буй нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл энэ нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэр 2025 оны 1 сараас эхлэн энэ асуудал эхэлсэн. Гэвч тухай бүртээ шалгах ажиллагаа хийгдэж байгаагүй, тухай бүрд нь энэхүү асуудал эхний ээлжид эрүүгийн журмаар, дараа нь иргэний журмаар хянан шийдвэрлэгдэж байсан бөгөөд гомдол гаргагч нь 2025 оны 11 дүгээр сард л гомдол гарган албан ёсны ажиллагаа хийгдэж эхэлсэн болно.
Тухайлан тодруулбал, 2025 оны 01 дүгээр сараас эхлэн бодит хяналт шалгалтын ажиллагаа эхлүүлсэн эсэх, энэ хугацаан дахь эрүүгийн хэргийн маргаан, иргэний хэргийн маргаан хэрхэн яаж дүгнэж байгаа нь, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор хариу ирүүл гэсэн атлаа 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шийтгэлийн хуудсанд хэрхэн эрх зүйн дүгнэлт хийж байгаа зэрэг нь ойлгомжгүй байна. Шүүх нь эдгээр асуудлууд байсаар байтал энэхүү асуудалд огт дүгнэлт хийсэнгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавраар “Б” ХХК-ийг орон тооны бус байнгын комисс томилж, осолдогч Б.Г-ын үйлдвэрлэлийн ослын актыг тогтоож 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж, 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0133914 тоот шийтгэлийн хуудсаар Зөрлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-т “Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:” гээд 1.2-т “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн бол ... хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу “Б” ХХК-д 500,000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.
3. Гомдол гаргагч “Б” ХХК дээрх шийдвэр, албан даалгаврыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “...Манай компанийн зүгээс ямарваа нэгэн байдлаар Төрийн албан тушаалтын шийдвэрийг үл биелүүлэх үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл эс үйлдэл огт байхгүй бөгөөд тухайн хэлтсээс ирсэн албан бичиг болгонд зохих хариуг хуулийн дагуу албан бичгээр өгч М ХХК-ийн баталгаат шуудангаар тухайн цагт нь хүргүүлэн өгсөн болно... үндсэн 2509003060 дугаартай зөрчлийн хэрэг шийдэгдээгүй байхад үр дагавруудтай шийдвэрүүд гараад манай компанийн үйл ажиллагаанд саад учруулаад байгаа” гэсэн үндэслэлээр маргасан, хариуцагч гомдлыг эс зөвшөөрч “... “Б” ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулах үүрэгтэй бөгөөд ажил олгогчийн тушаалаар байгуулагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.1-2.1.6 дахь заалтуудад хамаарах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан ажилтны үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг осолдогч тус бүрээр тогтоож, дүрмийн 3.6 дахь заалтын дагуу судлан бүртгэж, холбогдох бичиг баримтуудыг 4 хувь бүрдүүлэн ажиллах бөгөөд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 3.9 дэх заалтын дагуу судлан бүртгэсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг ажлын 3 өдөрт багтаан харьяа дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэн, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар хянан баталгаажуулдаг... “Б” ХХК нь ажилтан Б.Г-ын зам тээврийн ослыг бүртгэх хугацаа хангалттай байсан гэж үзэж байна” гэж маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэлээ тайлбарлан тус тус маргасан байна.
4. Анхан шатны шүүх “... ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдол бүрд уг ослыг тогтоох, судлан бүртгэх, шалтгаан нөхцөлийг тодруулах, акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулах үүргийг шууд хүлээхээр заасан ... Мөн дүрмийн 3.6-д уг комисс нь осолдогчийг нийгмийн даатгалд хамрагдсан эсэхээс үл хамааран ослыг заавал судлан бүртгэж, батлагдсан маягтын дагуу акт үйлдэх үүрэгтэй байхаар зохицуулсан нь ослыг судлах ажиллагаа нь ямар нэгэн урьдчилсан дүгнэлт, маргаан, эсхүл бусад байгууллагын шийдвэрээс үл хамааран шууд хэрэгжих ёстойг илтгэнэ. Иймд осол үйлдвэрлэлийн осол мөн эсэх нь тогтоогдоогүй гэх нөхцөл байдал нь комисс байгуулах, акт үйлдэх үүргийг хойшлуулах, эсхүл хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй ...” гэж дүгнэн гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг” ойлгоно, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29 дүгээр зүйлийн 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана” гэж, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.6-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэсэн акт, дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.5-д “ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед”, 3.1-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс (цаашид комисс гэх)-ыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулна. Комиссын даргыг ажил олгогч томилно” гэж тус тус заасан.
4.2. “Б” ХХК-ийн ажилтан Б.Г- нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг орчимд гэртээ харих замдаа Энхтайваны гүүрний хойд талын явган хүний гарцан дээр зам тээврийн осолд орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан талуудын тайлбар, баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалт болон хуульд нийцүүлэн гаргасан дүрэмд зааснаар гомдол гаргагч компанийн ажилтан /Б.Г-/ нь ажил үүргийнхээ дагуу ажлын байранд ирж ажиллаад буцаж явах замдаа зам тээврийн осолд орсныг “үйлдвэрлэлийн осол”-д тооцох эсэх талаар уг ослыг ажил олгогчоос бүртгэж, судлах үүргийг ажил олгогчид хуулиар хүлээлгэсэн байна.
4.3. Гэтэл ажил олгогч нь уг ослын талаар осол болсон даруйд мэдсэн атлаа хуульд заасан арга хэмжээг аваагүй буюу ослыг судлан бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч “Б” ХХК-ийг үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй буюу улсын байцаагчийн хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй гэж дүгнэн шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудсанд үйлдсэн зөрчлийн талаар тодорхой тусгаж, хариуцлага ногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ.
4.4. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас ажил олгогчид хууль, дүрмээр харьяалуулсан өөрт нь байсан чиг үүргийг хэрэгжүүлээгүй байх бөгөөд уг ослыг “үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг шалгаж тогтоох үүрэг”-ээ хэрэгжүүлээгүй атлаа “хариуцагч улсын байцаагчийн албан шаардлага бүрт хариу өгч байсан учир хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгсөн, тухайн осол эрүүгийн журмаар хэрхэн шийдвэрлэгдэхийг хүлээж байсан” гэх тайлбар үндэслэлгүй.
5. Иймд “Б” ХХК-ийн ажилтан Б.Г-ийн хувьд ажлаа тараад харьж явахдаа зам тээврийн осолд орсон байхад ажил олгогч “Б” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд тус тус заасан үйлдвэрлэлийн ослыг судлах бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т “хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан нь зөв байна.
6. Түүнчлэн маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавраар 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор орон тооны бус байнгын комисс томилж, үйлдвэрлэлийн ослын актыг тогтоохыг даалгаж, түүнээс нэг хоногийн өмнө буюу 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 500,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байх боловч өнөөдрийг хүртэл гомдол гаргагч “Б” ХХК үйлдвэрлэлийн ослын акт тогтоогоогүй байгаагаас үзэхэд гомдол гаргагчийн “эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар ирүүлсэн атлаа түүнээс өмнө 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шийтгэл ногдуулж байгаа нь ойлгомжгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
6.1. Өөрөөр хэлбэл, нэгэнт гомдол гаргагч “Б” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.6-д заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх, тээврийн хэрэгслийг саатуулах, тусгай талбайд хүргэх зэрэг арга хэмжээ авч болно” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулахаар албан шаардлага хүргүүлэх эрхтэй байх тул зөрчил арилгах тогтоосон хугацаа дуусахаас өмнө шийтгэл ногдуулсан гэж хариуцагчийг буруутгахааргүй байна.
7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ