Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2020/01654

 

 

 

 

 

 

 

 

 

 2020           05            25                                                102/ШШ2020/01654

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж, 

 

Нэхэмжлэгч: БГД, 00 дугаар хороо, 0 хороолол, А гудамж, 00/0 байр, 0 тоотод оршин суух, И т овогтой Б-ийн Э /регистрийн дугаар: АА00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЗД, 00 хороолол, С т хотхон 00 байр, 00 тоотод оршин суух Ч овогтой С-ын А /регистрийн дугаар: АА00000000/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг 5,799,600 төгрөгийг нөхөн гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь С.А-той 2019 онд танилцсан ба 2011 онд дундаасаа хүүхэдтэй болж хүү А.Т ******* оны******* дугаар сарын*******-ны өдөр төрсөн, С.А-той гэрлэлтээ батлуулаагүй, 2014 оноос С.А-той хамт амьдрахаа больж, тусдаа амьдарч эхэлсэн боловч тэрээр гэр бүлийнхэнтэйгээ нийлж намайг дарамталж, хүүг минь өөр дээрээ байлгаж, надтай огт уулзуулдаггүй байсан. Намайг Япон улс руу явсаны дараа 2015 оны 05 дугаар сараас эхлэн хүүг миний төрсөн эцэг, эх өөр дээрээ авч, хамт амьдарч байгаад 2017 оны 11 дүгээр сард намайг Монголд буцаж ирсэнээс хойш би хүүтэйгээ хамт амьдарч байгаа бөгөөд миний бие хүүгээ ганцаар өгсөж байна. Хүү А.Т нь 2018 оноос Баянгол дүүргийн Оюуны Ундраа сургуульд суралцаж байна.

С.А нэг ч удаа хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл, дугуйлангийн төлбөр, хувцасны мөнгө өгч байгаагүй. Б.Э нь одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа бөгөөд дүүгийнхээ гэрт хүүтэйгээ хамт амьдарч байна. С.А нь 2015 оны 5 дугаар сараас хойш хүүтэйгээ огт уулзаагүй, төрсөн өдөрт нь ирдэггүй, хуульд заасны дагуу хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүй, хариуцлагаас зугтаасаар байна. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 41 дүгээр зүйлд заасны дагуу тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр, сар бүр олгуулж өгнө үү.

Түүнчлэн 2015 оны 05 дугаар сараас хойш хуульд заасан хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй өдийг хүрсэн тул дээрх хугацаанаас одоог хүртэлх хугацааны тэтгэлэг нөхөн гаргуулах хүсэлтэй байна. Иймд 2015 оны 5 дугаар сараас хойш уг хэрэг маргаан шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэг болох 5,799,600 төгрөгийг нөхөн гаргуулж, мөн 2020 оны 03 дугаар сараас хойш хугацааны хүүхдийн тэтгэлгийг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Э-тэй 2009 онд танилцаж, 2010 оноос дотно харьцаатай болж хамтран амьдарч байгаад ******* оны 8 дугаар сарын*******-ны өдөр хүү А.Т бидний дундаас төрсөн. Амьдралын эхний жилүүдэд хэвийн харилцаатай байж байгаад бид санхүүгийн асуудлаа сайжруулахаар 2014 оноос Япон улс руу явж, хамтдаа амьдрах болсон. Хамт амьдрахгүй гээд Б.Э явсан. Бид Япон явах үедээ хүү А.Т-г аавынхаа гэрт буюу Ганболд, эмээ Ариунгэрэл нарын асрамжид үлдээгээд явсан. Миний хүү ээж Б.Э-ийгээ 2017 онд ирэх үед нь манай гэр бүлийн асрамжид 5 нас хүртэлээ байсан. Б.Э ирсэнээсээ хойш хүүгээ өөрийнхөө асрамжид байлгаж байгаа. Би 2018 онд Япон улсаас буцаж эх орондоо ирсэн. Монголд ирсэнээсээ хойш хүү А.Т-тэй уулздаг, мөнгөтэй үедээ хамтдаа аль болох цагийг өнгөрүүлэхийг хичээдэг байсан. Б.Э надаас нэхэмжилсэн 2015 оноос хойш хүүхдийн тэтгэмжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Э Японд амьдарч байх хугацаанд хүүдээ 1 удаа л хувцас явуулж байснаас өөрөөр халамжилж байгаагүй. Миний хувьд өөрийнхөө хүүд эцэг хүний хувьд үүргээ биелүүлж шаардлагатай мөнгийг хүүдээ өгдөг, миний эцэг эх халамж хайраар хүүг минь дутаагаагүй гэж би хувьдаа боддог. Б.Э өөрийнхөө хүүг тэжээн тэтгэх боломжгүй байгаа бол би эцэг хүний хувьд өөрийнхөө хүүг өөрийн асрамжид байлгах хүсэлтэй байна. Одоо хүү маань 8 нас хүрсэн. Надтай хамт байх дуртай миний эцэг эхийн асрамжид өссөн учир манай талынхантай их ойр байдаг. Би хүүгээ өөрөө асраад явж чадна. Хэрэв би хүүгээ өөрийнхөө асрамжид байлгавал эх Б.Э-ээс хүүхдэд тэтгэмж гаргуулахгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч С.А-од холбогдуулан хүүхдийн тэтгэлэг 5,799,600 төгрөгийг нөхөн гаргуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа хүү А.Т-г өөрийн асрамжид авах талаар дурдсан боловч тэрээр хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага гаргаагүйгээс гадна шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүй болно.

 

Б.Э, С.А нарын дундаас хүү А.Т ******* оны******* дугаар сарын*******-ны өдөр төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.

 

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Иймд ******* оны******* дугаар сарын*******-ны өдөр төрсөн хүү А.Тг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг С.А-оор тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч 2015 оны 05 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно” гэсэн зохицуулалтын “тэтгэлэг төлөгч” гэдэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тэтгэлэг төлж буй этгээд хамаарахаар заасан байхад шүүх нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацааны тэтгэлэг буюу 5,799,600 төгрөгийг нөхөн гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд цаашид хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацааны тэтгэлэг 5,799,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч хуралдааны товыг мэдсэн /хэргийн 42 дугаар тал/ боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тэрээр өөрийнхөө эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан ******* оны******* дугаар сарын*******-ны өдөр төрсөн хүү А.Т-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний тус бүр 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр сар бүр эцэг С.А-оос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг баримтлан хариуцагч С.А-оос 2015 оны 05 дугаар сараас 2020 оны 05 сар хүртэл хугацааны тэтгэлэг 5,799,600 төгрөг нөхөн гаргуулах тухай Б.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56,787 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ