Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/01676

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           05            27                                                102/ШШ2020/01676

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХУД, 00 дугаар хороо, С о, И М у гудамж 0 дүгээр байрны 0000 тоотод оршин суух Б овогт Н-ын Б /РД:АА00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 0 дугаар хороо, Х хотхоны 00-0 дугаар байр 000 тоотод оршин суух Ц з овогт Д-гийн П /РД:АА00000000/-т холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, орон сууцыг буцаан гаргуулж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.П-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу Баянзүрх дүүргийн******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 40И байр******* тоот*******,******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Тухайн үед яаралтай мөнгөний хэрэг гарсан тул www.unegui.mn цахим хуудсаар зуучлуулан тус орон сууцыг*******,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд тус орон сууцыг хэтэрхий хямд худалдсан, түүний зах зээлийн бодит үнэ хавьгүй өндөр байсныг сүүлд ойлгож, ийнхүү мэдсэн даруй ноцтой төөрөгдсөн болохыг худалдан авагчид мэдэгдэж талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах эсвэл гэрээнээс татгалзахыг мэдэгдсэн.

Улмаар худалдан авагчаас “гэрээнээс татгалзах үндэслэлгүй, харин төөрөгдсөн гэж үзвэл зах зээлийн ханшаар үнийн зөрүүг төлж болно” гэх агуулгатай хариу өгсөн тул гэрээний үнэ дээр 20,000,000 төгрөг нэмж өгөхийг шаардахад цагаан сарын баярын дараа болъё гэсэн нь худалдагчаас тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгох боломжтой бөгөөд хэрэв хэлцэл хүчин төгөлдөр бус болбол орон сууцыг буцаан өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй учраас зах зээлийн ханшийн зөрүүг бодож олгох нь шударга ёсонд нийцнэ гэж худалдан авагчид тайлбарласан.

Гэвч тохирсон хугацаа өнгөрөхөд “дахин 2 сар хүлээчих, тэгээд мөнгө өгч чадахгүй бол орон сууцыг буцааж болох юм” гэсэн агуулгатай хариу өгсөн боловч хэлсэн хугацаа өнгөрөхөд зөрүү мөнгө өгөөгүй бөгөөд энэ тухай дахин асуухад “халдварт өвчин гарч, мөнгөгүй болсон учраас 20,000,000 төгрөг нэмж төлөх боломжгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг*******,000,000 төгрөгөөр худалдах боломжтой эсэхийг тогтоолгохоор үнэлгээ хийлгэнэ” гэж зах зээлийн бодит үнийн зөрүүг төлөхөөс татгалзсан.

Тухайн байршилд ижил төстэй орон сууцыг*******,000,000 төгрөгөөр худалдан авах ямар ч боломжгүй нь илэрхий тодорхой бөгөөд надад яаралтай мөнгөний хэрэгцээ гараагүй бол тухайн орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр худалдахгүй, төөрөгдөхгүй байсан.

Иймд талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, тус гэрээгээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 40И байр******* тоот*******,******* м.кв талбайтай ******* дугаартай орон сууцыг иргэн Д.П-аас буцаан гаргуулж, өмчлөх эрхийг иргэн Н.Б-т шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.П-тай байгуулсан хэлцлийн талаар Н.Б ноцтой төөрөгдсөн болон хүчинд автсан тухай нотлох баримт байхгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг ИХ-ийн 58 болон 60 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй.

Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг нотлох баримт хавтаст хэрэгт цуглараагүй тул талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 -т заасан агуулгын болон 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, 42.7,******* дугаар зүйлийн*******.2.3-т заасан хэлбэрийн шаардлагыг хангах тул талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ нь мөн хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээний шаардлагыг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй тул Н.Б болон Д.П нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохгүй. Д.Пд орон сууц худалдан авах хэрэгцээ шаардлага байсан бөгөөд банкны зээлийн барьцаанд бариулсан орон сууцыг хямд үнээр худалдана гэсэн тул саналыг хүлээн авч, зөвшөөрч, гэрээ байгуулсан. Гэрээний зүйлийн худалдах үнийг******* сая төгрөгөөр тогтоосон нь ямар учир шалтгаантай болохыг худалдан авагч мэдэхгүй бөгөөд гэрээ байгуулахад энэ тухай худалдан авагч заавал мэдсэн байх шаардлагагүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Н.Б-тай гэрээ байгуулах үед Д.П-ын өмчлөлд ямар нэг орон сууц байгаагүй нь түүнд зайлшгүй орон сууц худалдаж авах хэрэгцээ байсан нь илэрхийлж байна. Иймд Н.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Д.П-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дахь заалтад “нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Д.П-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Н.Б Баянзүрх дүүргийн******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 40И байр******* тоот*******,******* м.кв талбайтай орон сууцыг Д.П-ын өмчлөлд шилжүүлэх, Д.П хариу төлбөрт нь*******,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Гэрээнд худалдагч Н.Б нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч Д.П нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Зохигчийн хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн буюу нэхэмжлэгч Н.Б нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Д.П-ын өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч Д.П орон сууцны үнэ*******,000,000 төгрөгийг төлж, орон сууцыг хүлээн авсан байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин шүүхээс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахад худалдах-худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинж буюу орон сууцны ойролцоо газарт олон улсын сургууль, үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг давуу талаа үнэлж чадаагүй төөрөгдсөн тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.3-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, үр дагаварыг арилгуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

            Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т “хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн бол ноцтой төөрөгдсөн гэж үзэж шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж заасан.

           

Хуулийн энэхүү зохицуулалт нь эд хөрөнгийн шинж, чанартай холбоотой буюу эд хөрөнгийн талаар өөр төсөөлөлтэй байснаас төөрөгдөж, энэ нь үнэд нөлөөлсөн гэх агуулгатай бөгөөд нэхэмжлэгчээс өөрийн худалдаж буй орон сууцны байршлын талаар буруу төсөөлөлтэй байснаас төөрөгдсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

            Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн байршил нь үнийг бүрдүүлэхэд ач холбогдолтой, хөрөнгийн шинж тэмдэг болох ч худалдагч Н.Б нь өөрийн худалдаж буй орон сууцны байршлын талаар мэдэлгүй худалдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “тухайн байршилд ижил төстэй орон сууцыг*******,000,000 төгрөгөөр худалдан авах ямар ч боломжгүй нь илэрхий бөгөөд надад яаралтай мөнгөний хэрэгцээ гараагүй бол тухайн орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр худалдахгүй, төөрөгдөхгүй” гэж тайлбарласан нь эд хөрөнгийн шинжийн талаар төөрөгдсөн бус яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан явдал нь тухайн хөрөнгийн үнийг тодорхойлох нөхцөл болсон гэж үзэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Б-ын гаргасан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Баянзүрх дүүргийн******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө /13311/ гудамж 40и байр******* тоот орон сууцыг буцаан гаргуулж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.П-д даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эхийг гаргаж өгсөн хариуцагч Д.П уг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээж буцаан авч болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэнии хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухаи хуулиин 115 дугаар зүилиин 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүилд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т заасныг баримтлан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, Баянзүрх дүүргийн******* дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө /13311/ гудамж 40и байр******* тоот орон сууцыг буцаан гаргуулж, уг орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг Д.П-д даалгах тухай Н.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухаи хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүилиин 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ