Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/149

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч Д.Нямбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр /цахимаар/  

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,  Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нямбаярт холбогдох 2323000000177 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6 аав, ээж, 2 дүү, эгчийн  хамт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй  Бадарч овогт Доржжүгдэрийн Нямбаяр / РД:ИТ99082412/

Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч Д.Нямбаярт холбогдсон 2323000000177 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Ч.Базарбямбад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч Ч.Базарбямбад шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Д.Нямбаяр нь 2023 оны 01 дүгээр сард Завхан аймгийн Цэцэн-уул сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр “Дугуй цагаан” гэх газар бэлчээрээс  Ч.Базарбямбын  адуун сүргээс ширээтэй чандмань тамгатай, бор зүсмийн нэг тооны нас гүйцсэн гүүг авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

 Дээрх гүүгээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ч.Базарбямбын “...Би 2023 оны 01 дүгээр сарын дундуур би яг хэдний өдрийн сайн санахгүй байна. Манай адуу Цэцэн-Уул сумын багийн нутаг "Дугуй цагаан” гэх газар бэлчээрлэдэг байсан. Адуугаа эргэж тойрч хараагүй 4 хоноод очиход манай адуунаас ширээтэй чандмань тамгатай бор зүсмийн нэг тооны нас гүйцсэн гүү алга болсон байсан...” , “...миний алдсан ширээтэй чандмань тамгатай бор зүсмийн гүүг, манай сумын иргэн Д.Нямбаяр нь хулгайлж аваад Сантмаргаз сумын иргэн Баянбат гэх хүнд өрөндөө аваачиж өгсөн байна. Д.Нямбаяр нь 2022 оны өвөл Баянбат гэх хүний адууг хөлсөөр харж байгаад адуунаас нь дутаасан юм байна лээ тэгээд адууг нь төлж өгнө гэж хоорондоо тохиролцоод тэр өрөндөө миний адууг аваачиж өгсөн байна...” гэсэн мэдүүлгээр,

 Энэ талаар мэдүүлсэн гэрч М.Балсамбуугийн “...2023 оны 01 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Базарбямбынд очиход Базарбямба манай адуунд ганц тарган гүү байсан хулгайд алдсан гэж ярьж байсан. Тэгээд Сантмаргаз сумын цагдаад бүртгүүлнэ гэж байсан бүртгүүлсэн байх, түүнээс хойш өөрөө олон удаа явж эрж хайж явсан. Өөрөө надад хэлж байгаа нь ширээтэй чандмань тамгатай бор зүсмийн гүүгээ алдсан гэж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ю.Отгонбаатарын “...Ч.Базарбямба нь 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр Жаргалант багийн нутаг “Дугуй цагаан” гэх газар байсан адуунаасаа нас гүйцсэн бор зүсмийн гүүгээ, адуу алдсан. Жаргалант багийн иргэн Доржжүгдэрийн Нямбаяр гэх залуу ...Базарбямбын адуунаас тэр бор гүүг нь хулгай хийж аваад Сантмаргаз сумын иргэн Баянбат гэх хүн аваачиж өгсөн байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.Баянбатын “...Д.Нямбаяр  нь 2019 онд Завхан аймгийн Сантмаргаз сумын Баян-Улаан багийн Мийгаатай хамт адуу хариулж байсан юм. 2019 оны хавар 2 сард адуугаа авахад 11 тооны адуу дутсан. ...Надад даага болон гүү огт авчирч өгөөгүй...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Нямбаярын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ч.Базарбямбад 950.000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчний 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дугаартай “ ...1 тооны адууны зах зээлийн үнийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 950.000 /есөн зуун тавин мянган/ төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Шүүгдэгч Д.Нямбаяр нь  хохирогч Ч.Базарбямбын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 1 тооны  бод буюу адуу  хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг  тус тус хангаж байна.

Шүүгдэгч Д.Нямбаяр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Нямбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Д.Нямбаяр нь хохирогч Ч.Базарбямбад 950.000 /есөн зуун тавин мянган/ төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох нь хохирогчийн “хохирол төлбөрөө бүрэн барагдуулж дууссан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.       

                Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Д.Нямбаярт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Нямбаяр нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ шүүх хуралдааны үед ч илэрхийлж байна.

Шүүгдэгч Д.Нямбаярт прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Нямбаярт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу  малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн  хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зорилгод нийцүүлэн Д.Нямбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн  дээрх хугацаанд  түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.\

Шүүгдэгч Д.Нямбаяр тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд     

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бадарч овогт Доржжүгдэрийн Нямбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нямбаярыг 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Нямбаярын дээрх тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Нямбаярт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нямбаярт тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч Д.Нямбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н. ДЭЛГЭРМАА