| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/02028/И |
| Дугаар | 102/ШШ2020/01773 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2020/01773
2020 06 03 102/ШШ2020/01773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ЧД, 0 дугаар хороо, 0 хороолол, И т гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, эрэгтэй, И м овогтой Ч-ын О /регистрийн дугаар: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 00 дүгээр хороо, Х-ын д-0 гудамж, 00 тоот хаягт оршин суух, эмэгтэй, И м овогтой Б-ийн Х /регистрийн дугаар: АА00000000/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.О, хариуцагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Х-той 1999 онд танилцаж 2000 оны намраас хамтран амьдарсан. ******* оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 0041689 дугаартай гэрчилгээ авсан. Бидний хүү О.О 2000 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, охин О.Х ******* оны******* дугаар сарын*******-ны өдөр төрсөн. Ингээд******* онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр тусдаа амьдраад 3-4 болж байна. Тусдаа амьдрах болсон шалтгаан нь үзэл бодол таарахгүй байсан. Ингээд л таарч тохирохгүй хоёр тийшээ болсон. Мөн байнга гэр бүлийн хэрүүл маргаантай байна. Хэрүүл болох шалтгаан нь янз янзын зүйлээс болдог. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин О.Х-д тэтгэлэг өгнө, мөн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын д-3 гудамж,*******8 тоотод байх таван ханатай гэрийг хоёр хүүхэд болон эхэд нь үлдээхийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Бид сүүлийн 3-4 жилийн хугацаанд тусдаа амьдарсан. Хэрвээ эвлэрэх байсан бол энэ хугацаанд эвлэрэх боломжтой байсан. Ер нь хамт амьдрах боломжгүй болсон. Хоорондоо хэрүүл маргаан гарна. Ингэх болгонд өөрсдөд болон хүүхдүүдэд хэцүү байна. Би Солонгос улс руу яваад 1 жил болоод ирсэн. Тэр хооронд хол байгаад юмсыг өөрс өөрсдийнхөөрөө шийдэх гэдэг болсон гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б.Х-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Ч.О, Б.Х нар нь 1998 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болж, ******* оны 09 дүгээр сарын 20-ны иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, 2000 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүү О.О, ******* оны 08 дугаар сарын*******-ны өдөр охин О.Х нарыг төрүүлсэн, хүү О.О нь насанд хүрсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид тусдаа амьдраад 3-4 жил болсон гэрлэлт цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрч байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Хүүхдийн насны онцлог, түүнд тавих анхаарал халамж, ахуйн нөхцөл зэргийг харгалзан хүүхдийн амьдарч буй орчин нөхцлийг өөрчлөх онцгой шалтгаан тогтоогдоогүй тул охин О.Х-г эх Б.Х-гийн асрамжинд үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр нэхэмжлэгч Ч.О-аас тэтгэлэг гаргуулан охин О.Х-г тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар И м овогтой Ч-ын О /регистрийн дугаар: АА00000000/, И м овогтой Б-ийн Х /регистрийн дугаар: АА00000000/ нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар ******* оны 08 дугаар сарын*******-ны өдөр төрсөн охин О.Х-г эх Б.Х-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар ******* оны 08 дугаар сарын*******-ны өдөр төрсөн охин О.Х-г тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Ч.О-аас сар болгон тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Х-гоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-т олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
8. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ