| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/02148/И |
| Дугаар | 102/ШШ2020/01934 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2020/01934
2020 06 15 102/ШШ2020/01934
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СХД, 00 дугаар хороо, 0 хороолол, ЦС 0 байр 00 тоотод оршин суух Б овогт О-гийн Л /Регистрийн дугаар: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 00 дугаар хороо, А а ө ч АА/0 тоотод оршин суух “Ф г” ХХК /Регистрийн дугаар: 0000000/,
Түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 616,667 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Л, хариуцагчийн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоолны газрын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 04 дүгээр 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 1 жил түрээслэхээр “Ф г” ХХК-тай бичгээр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу түрээсийн 3 сарын төлбөр болох 1,500,000 төгрөгийг Д.Э-гийн Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлэн өгсөн. Тус компанийн захирал Д.Э нь гэрээ байгуулсны дараа компанийн нэр дээрх худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаа мэдэгдсэн. Намайг дүүргээс тусгай зэвшөөрлөө хөөцөлдөн ав гэсэн. Ингээд би гэрээ хийснээс хойш 8 хоногийн хугацаанд тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр гаргуулахаар хөөцөлдөж холбогдох газарт хандсан боловч хувь хүнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгдөггүй болохыг мэдсэн. Ингээд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Д.Э-тай ярилцаж бид харилцан тохиролцож түрээсийн гэрээг цуцлаад, мөн өдрөө Д.Э нь 883,333 төгрөгийг буцааж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрт урьдчилж төлсөн 1,500,000 төгрөгөөс 616,667 төгрөгийг буцааж төлөөгүй байна. Миний биө гэрээ байгуулснаас хойш түрээсийн байрыг өнөөдрийг хүртэл огт ашиглаагүй. Иймд хариуцагчаас 616,667 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн О.Л нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай Баянгол дүүргийн 7 дугаар хорооны******* тоотын 1 давхарт байрлах хоолны газрын зориулалттай 50 м.кв талбайг түрээсийн гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг сарын 500,000 төгрөгөөр тооцож 1,500,000 төгрөг төлсөн. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Ф г” ХХК нь Иргэн О.Л-д Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Галын дүгнэлт”, Мэргэжлийн хяналтын хэлтсийн “Ажлын байрны дүгнэлт”, “Хог хаягдлын гэрээ”, “Хортон шавьж устгалын гэрээ”, “Түрээсийн гэрээ” тус бүрийг урьдчилан танилцуулаад харилцан тохирч түрээсийн гэрээ байгуулан, байрны түлхүүрийг хүлээлгэж өгсөн.
Иргэн О.Л-ын нэхэмжлэлд дурдсан “тусгай зөвшөөрөл”-ийг “Цайны газар” ажиллуулахад олгодоггүй. Иргэн дээрх бичиг баримтыг иргэний үнэмлэхтэйгээ бүрдүүлж дүүрэгт өгөхөд иргэний нэр дээр цайны газар эрхлэх гэрчилгээ олгодог. Аливаа үйл ажиллагааны зөвшөөрөл хөөцөлдөж бичиг баримт бүрдүүлэхэд эхний ээлжинд зохих шатны Төрийн захиргааны байгууллага дээр очиход үүдэндээ танилцуулга нь бэлэн байдаг, эсхүл хариуцсан мэргэжилтэнтэй уулзаад зөвлөгөө авахад 1-2 цаг зарцуулахад хангалттай мэдээлэл авдаг. Нэхэмжлэлээс харахад иргэн О.Л 8 хоног харъяа дүүргийн засаг захиргаагаар яваагүй гэх үндэслэлтэй байна. Иргэн О.Л 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “өөрөөс нь мөнгө зээлсэн хүн өгч чадахгүй болсон тул өрөндөө тооцож өөр газар ажиллах болчихлоо” гэж утсаар ярьсан. 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 883,333 төгрөгийг түрээслэгчийн дансанд буцааж шилжүүлээд, 616,667 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцсон. О.Л байрны түлхүүр өгөөгүй учраас хэд хэдэн удаа хүн явуулсан. Энэ хооронд 5 дугаар сарын 21-ний өдөр “надтай уулзъя, танайд орж ажиллъя, уучлаарай эргэж буцаад заваан юм боллоо” гэх зэргээр утсаар зурвас бичиж байсан. Өөрөө өгөхгүй болохоор 5 дугаар сарын 23-ны өдөр дахин хүн явуулж түлхүүрээ авсан. О.Л хууль зүйн үндэслэлгүй өөрийн дураар гэрээ цуцалж, илт худал нэхэмжлэл гаргаж, түрээсийн төлбөрийг буцаая гэсэн хууль бус үйлдлийг зөвшөөрөх үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Л нь хариуцагч “Ф г” ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 616,667 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Л нь хариуцагч “Ф г” ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр бичгээр гэрээ байгуулж, “Ф г” ХХК нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол******* үйлчилгээний 50 м.кв талбайтай ажлын байрыг О.Л-ын эзэмшилд 1 жилийн хугацаатай шилжүүлэх, О.Л хариу төлбөрт нь нэг сарын төлбөр 500,000 төгрөгийг 3 сараар тус тус урьдчилан төлөх, барьцаа 300,000 төгрөгийг 4 сард багтааж шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч ”Фиа геид” ХХК 50 м.кв талбай бүхий ажлын байрыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн,
түрээслэгч О.Л нь 3 сарын түрээсийн төлбөр 1,500,000 төгрөгийг урьдчилан төлсөн боловч 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр түрээсийн гэрээг цуцлахыг мэдэгдэж, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажлын байрыг “Ф г” ХХК-нд хүлээлгэн өгсөн, түрээслүүлэгч “Ф г” ХХК 883,333 төгрөгийг О.Л-д буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Харин нэхэмжлэгчээс “тус ажлын байранд худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг зөвшөөрлийг хувь хүний нэр дээр авах боломжгүй шалтгаанаар ажлын байрыг ашиглаагүй” гэх үндэслэлээр гэрээний дагуу шилжүүлсэн 616,667 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт нэгэн адил үйлчлэхийг зохицуулсан бөгөөд түрээсийн гэрээг цуцлах журам тухайн бүлэгт тусгаагүй байна.
Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т “гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно” гэж заасан. Талууд гэрээнд өөрөөр буюу гэрээний 5.1.14-т зааснаар түрээслэгч гэрээ цуцлах мэдэгдлээ 30 хоногийн өмнө мэдэгдэхээр тохиролцсон байх тул энэ журмын дагуу гэрээ цуцлагдана.
Нөгөө талаас, талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд түрээслүүлэгч “Ф г” ХХК-ийн зүгээс хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх гэрчилгээг төрийн эрх бүхий байгууллагаас гаргаж өгөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдохгүй байхаас гадна түрээслэгч О.Л үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах асуудлыг өөрөө хариуцахаар тохиролцсон болох нь түүний “... би гэрээ хийснээс хойш 8 хоногийн хугацаанд тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр гаргуулахаар хөөцөлдөж холбогдох газарт хандсан” гэх тайлбараар тогтоогдож байх ба тэрээр төрийн эрх бүхий байгууллагаас хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг баримтаар нотлоогүй тул хариуцагчийг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээр дурдсанчлан гэрээ цуцлах мэдэгдлийг гэрээ цуцлахаас 30 хоногийн өмнө мэдэгдэхээр тохиролцсон гэрээний дагуу түрээслэгч О.Л-ын мэдэгдэл өгсөн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 30 хоногийн дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ дуусгавар болно. Иймд түрээслэгч О.Л гэрээ дуусгавар болох хүртэл хугацааны түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.
Мөн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан явдалд хариуцагч “Ф г” ХХК-ийн гэм буруутай, үүргээ зөрчсөн үйлдэл нөлөөлсөн буюу түрээсийн байрыг ашиглах боломжгүй болгосон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч О.Л нь гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр төлөхөөс татгалзах боломжгүй байна.
Иймд хариуцагч “Ф г” ХХК-аас нэг сарын түрээсийн төлбөрөөс илүү төлсөн 116,667 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Лд олгож, нэхэмжлэлээс үлдэх нэг сарын түрээсийн төлбөр 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч “Ф г” ХХК-аас 116,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Лд олгож, нэхэмжлэлээс үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,155 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ф г” ХХК-аас 5,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Л-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ