Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1416

 

 

 

 

   2023       11         15                                    2023/ШЦТ/1416

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

хохирогчийн өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Долоод овогт Ганбаатарын Гг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 03025 0237 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Гг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ус-15 хорооллын 03 дугаар байрны 01 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Эийг эхнэрээ асууж ирсэн, эхнэр чинь байхгүй гэх шалтгаанаар хувийн маргаан үүсгэж нүүр хэсэгт нь мөргөж, баруун хацрыг нь хутгаар зүсэж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 03025 0237 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Г.Г нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ус-15 хорооллын 03 дугаар байрны 01 тоотод хохирогч Д.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн:

“...уг байрын 1-р орц руу ороод шатаар дээш 1 давхарт гарахад бор улаан өнгийн плита шалтай, ертөнцийн зүгээр урд талд нь байх бор хаалгануудын /хаяг нь тодорхой бус/ урд талын шал дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба хохирогчоор хэрэг болсон /хацраа зүсүүлсэн гэх/ газрыг заалгаж 6 тоогоор тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг орцны 1 давхарт байх 140 тоот хаалга руу орж хоолны шүүгээнд байх хутгануудыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Хоолны шүүгээний нүдэнд бор өнгийн ажлын хэсэгтэй хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн иштэй заазуур 1 ширхэг тус тус байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21/,

 

Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажилгаанд өгсөн:

“...Би Г гэх хүнтэй уулзах гээд 2022 оны 06 дугаар 06-ны өглөө Баянзүрх дүүргийн ус-15 дугаар хороолол 3 дугаар байрны 1 дүгээр орцоны 01 тоотод өглөө 06 цаг өнгөрч байхад очсон. Манай салсан эхнэр Отгонцагааныг байгаа гэж бодоод очсон. Гн гэрийн цонхыг тогшоод Отгонцагааныг асуусан. Тэгэхэд гарч ирээд байхгүй гэж хэлээд намайг мөргөсөн. Надтай маргалдаад гэрээсээ гарч ирэхдээ шар өнгийн иштэй хутга барьсан байсан бөгөөд миний зүүн хацрыг хутгаар Г зүссэн.

Би эмчилгээнд нийт 2-3 сая төгрөг зарцуулсан. Одоо мурийсан хамраа тэгшлүүлэх хагалгаа хийлгэх хэрэгтэй байгаа. Хагалгааны зардал нь 2.100.000-3.800.000 төгрөг хүртэлх зардалтай байна. Хамрын хагалгааны хүндрэлээс шалтгаалаад үнэ хэлбэлздэг юм байна. Би эмчилгээнд гарсан, гарах зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрэлээнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8296 дугаартай:

Д.Эийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал,” гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун хацар, эрүүний шарх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/,

 

- “ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлэг /хх-ийн 45-47/,

- СТ center компьютер томографи дүрс оношлогооны төвийн гавал тархины ктг-тодосгогчгүй оношилгоо /хх-ийн 49-50/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрэлээнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 858 дугаартай:

2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8296 дугаартай дүгнэлтэд дусгагдсан “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд” нь тухай хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/,

 

Шүүгдэгч Г.Гн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 07 цагийн орчим өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 хорооллын 3 дугаар байрны гадна танил Сундуйтай тааралдаж түүнийг “манай гэрт орж виски ууж суух уу” гэж асуусан. Гэтэл Сундуй зөвшөөрөөд түүний найз нь гэх үл таних эмэгтэйн хамт манай гэрт орсон ба бид 3 манай гэрт байсан вискиг задлаад уух гэж байх үед Сундуй гараад явчихсан. Тэгээд би Сундуйгийн найз эмэгтэйтэй юм яриад байж байх үед манай цонхыг миний найз эмэгтэй Отгонцагааны 2 жилийн өмнө салсан нөхөр нь болох Э хаалга нүдээд байхаар нь би түүнд “Отгонцагаан манайд байхгүй чи цаашаа яв” гэж хэлсэн. Гэтэл Э удалгүй манай хаалгыг нүдээд орилоод байхаар нь би хаалгаа онгойлгоод “Отгонцагаан байхгүй байна, би өөр эмэгтэйтэй байна харж байна уу” гэж хэлээд хаалгаа хаах гэтэл миний зүүн шанаа руу алгадаад авсан. Би хариуд нь хутга барьсан байсан зүүн гараараа Эийн баруун шанаанд 1 удаа алгадчихаад хаалгаа хаасан. Үүнээс хойш удалгүй ахиж хаалга тогшиход нь хаалгаа онгойлгоход Э цагдаа нарыг дагуулаад ирчихсэн байсан ба намайг эрүүлжүүлэх байр руу авч явсан. Би 2022 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 3 цаг хүртэл архи уусан байсан болохоор өглөөгүүр миний архи гүйцэт гараагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Гн төрөл садангийн лавлагаа /хх-ийн 58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 64-135/, Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хх-ийн 138-150/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 160-161, 172-176/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Гн хохирогч Д.Эийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүнд шарх гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогчий энэ гэмт хэргийн улмаас үүсэн гарсан хохирлоо нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.  

 

Шүүгдэгч Г.Гн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг хуульд заасан бага хэмжээгээр шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой нутаг дэвсгэрээс заасан хугацаанд гарч явахыг хориглох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Гын Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг 2 сарын хугацаагаар хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчий энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Н.БААСАНБАТ