Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 545

 

                  

 

 

 

     2020            4              30                                      2020/ДШМ/545                                 

Б.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Хурц,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч О.Даваажаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлээр Б.От холбогдох 2010001240079 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.О, 1963 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Электроникийн инженер мэргэжилтэй, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн тээвэр үйлчилгээний албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 10 байрны 36 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нью Гарден 1422 байрны 12 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УС63120414/;

            Б.О нь 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2 дугаар давхрын авто гражид тус байгууллагад жолооч ажилтай Д.Баатартай маргалдсаны улмаас нүүр рүү гараараа цохих, хөл рүү өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “зүүн шагайн үений гадна хавчаар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт”  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.От оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эрүүгийн хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Баатар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Б.От холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2020/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолоор:

"...Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж ...торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж ...” шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг хангаагүй байна.

 Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолд торгох ялыг биелүүлэх хугацааг, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэхийг заагаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Торгуулийг төлж барагдуулна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч О.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.О нь 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2 давхрын авто гражид тус байгууллагад жолооч ажилтай Д.Баатартай маргалдсаны улмаас нүүр рүү гараараа цохих, хөл рүү өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “зүүн шагайн үений гадна хавчаар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Баатарын  “...2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө ээлжтэй байж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өглөө Б.О даргаар шатахуун цохуулж авахаар өрөөнд нь орсон. Тэр үед Б.О дарга “чи илүү шатахуун авсан байна, ахлах инженерээр бодуулаад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь ахлах инженер Д.Поожаахүү дээр очиж бодуулаад түүний хамт Б.О дарга дээр ороод Д.Поожаахүү инженер шатахууны тооцоо таарч байна гэхэд Б.О дарга “ингэж боддоггүй юм, буруу бодож байна” гээд бид хоёрыг загнаж, инженерийг гарч бай гэж хэлээд өрөөнөөс гаргачихаад утсаар ярьж байхдаа миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би “та яаж байгаа юм бэ” гэхэд “чи өөдөөс юундаа муухай хараад байгаа юм” гээд бид хоёр маргалдсан. Энэ үед гаднаас Д.Поожаахүү инженер, жолооч Б.Мөнхбат хоёр орж ирсэн боловч Б.О дарга бүгдийг нь гар гээд бүгд гарцгаасан. Тэгээд намайг “чи ороод ир” гэж хэлээд буцаад орох үед “чи намайг хэл амаар доромжилсон” гээд миний зүүн шанаа руу нэг удаа цохиод, шатахууны картаа аваад ир гэхээр нь шатахууны картаа, түлхүүрийн хамт өрөөнд нь оруулж өгөхөд “гар зайл” гэсэн. Би өөрийн хувийн машин руугаа эд зүйл зөөж байхад Б.О дарга араас гарч ирээд “би чамайг ална” гээд над руу дайрахаар нь айлгах гээд аяны хутга гартаа барьсан чинь харж зогссон Б.Мөнхбат, С.Өнөржаргал хоёр намайг бариад авсан. Тэр үед Б.О дарга “за ахын дүү одоо больё” гэхээр нь хамт өрөө рүү нь орох гээд явж байх үед граж дотор араас боож, хөлийн шагай руу өшиглөсөн. Тухайн үед би одоо арай дэндлээ би цагдаад дуудлага өгнө гээд утсаа гаргахад Б.О дарга миний гар утсыг булааж аваад нүүр рүү цохиж, гэдэс рүү өшиглөсөн. ...” /хх-4-9, 10-12, 13-14/,

гэрч Д.Поожаахүүгийн “...2020 оны 1 дүгээр сарын 2-ны өглөө Д.Баатар жолооч ажилтай хоноод буусан бөгөөд би шатахууныг нь бичиж өгөөд гарсан. Удалгүй Д.Баатар ах буцаж орж ирээд “Жи Пи Эс маршрутаа гаргаад ир” гэж хэлэхээр нь тэрийг нь гаргаж өгөхөд “чамайг бас дуудсан” гээд бид хоёр хамтдаа Б.О даргын өрөөнд орсон чинь Б.О дарга надад “чи буруу бодож байна, нормал цагийг нь бодох ёсгүй” гээд уурлаад Д.Баатар ахыг “шатахууны картаа аваад ир гээд” гаргасан. Д.Баатар ах буцаж орж ирэхдээ гартаа хутга барьчихсан “хоёулаа үзэлцье, чи дандаа яахаараа намайг ингэж байдаг юм бэ, гараад ир” гэхэд Б.О дарга гарах гэхээр нь би хориглосон боловч “чи холдож бай гээд” гарч явсан. Тэр хоёр граж руу орохоор нь би өрөөнд байсан жолооч нарт “Д.Баатар ах Б.О дарга хоёр зодолдох” гэж байна гэж хэлээд гаргасан. Хэсэг хугацааны дараа тэр хоёр буцаж ирэхэд Д.Баатар ахын хөл доголчихсон байсан. Тэр өдөр Отгонбаяр дарга, Д.Баатар ахын нүүр рүү гараараа нэг удаа цохихыг би харсан, өөр цохихыг нь хараагүй. ...” /хх-15-17/,

гэрч Ю.Мөнхбатын “...Д.Баатар, Отгонбаяр дарга хоёр бие биенийгээ заамдчихсан зууралдаад зогсож байсан ба цаанаас инженер бид хоёр тэр хоёрыг салгасан. Отгонбаяр дарга өрөө рүүгээ явсан ба Баатар граж дотор үлдсэн. Тэгээд өрөөндөө ороод байж байхад дахин чимээ гарахаар нь гарч ирэхэд Д.Баатар шалан дээр хэвтэж байсан ба Отгонбаяр дарга зөрөөд өрөө рүүгээ орсон. Би Баатарыг татаж босгосон ба Баатар “зүүн хөл эвгүй болчихлоо, Отгонбаяр дарга хөлийн шагай руу өшиглөсөн” гээд ярьж байсан. ...” /хх-26-28/,

Б.Оын яллагдагчаар өгсөн “...Би Д.Баатарын хөл рүү өшиглөж, цохиогүй. Хөлний гэмтлийг би учруулаагүй, бусад гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би Д.Баатарт эмчилгээний зардал мөнгийг нь гаргаж өгсөн. ...” /хх-64-68/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Баатарын биед зүүн шагайн үений гадна хавчаар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” 1099 дугаартай /хх-35-37/ гэх дүгнэлт,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-46-47/, хохирлын баримтууд /хх-70-76/, хохирол нөхөн төлсөн баримт /хх-56/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Оын хохирогч Д.Баатарын нүүр лүү гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Оыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байна.

Дээд шатны прокурор О.Алтангэрэлийн “...Шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэхийг заагаагүй...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.   

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Отгонбаярыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай. 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах зэрэг чухал ач холбогдолтой.

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Оын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн тэдний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэх юм.

Иймд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ