Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 27

 

                   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн нэхэмжлэлтэй ОАХХҮГ-т  холбогдох

“ОАХХҮГ-т Г.Э-д тэжээгчээ алдсаны тэтгэмж болон төрөөс хүүхдэд сар бүр олгодог тэтгэмжийг олгохыг даалгах"-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай” хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Г овогтой Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О миний бие тус шүүхэд хандаж ОАХХҮХ-т хобогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Учир нь хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг өгч эхэлсэн, асран хамгаалагч А нь мөнгийг авч эхэлсэн байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ийн нэхэмжлэлтэй ОАХХҮГ-т холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Э Д.О-т 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлүүдэд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох эрхийг олгосон болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 119/2019/0015/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 ШҮҮГЧ                    Б.БОЛОРМАА